“АРДЫН ҮГ” ба АРДЫН УУР
Ард түмний тодорхой хэсэг үргэлж ууртай байдаг. Жишээлэхэд, “авилгатай тэмцэхгүй байна” хэмээн шударга ёс хүссэн хэсэг уурлана. Тэмцээд эхлэхээр авилгачид болоод тэдэнтэй нэг тогооноос хооллож ирсэн хамууд, цаашдаа авилгаар хооллон үлдэх боломжгүй болсноо харсан хэсэг нь уурлана.
Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-II
Нэг. Ардын уур
Ард түмний тодорхой хэсэг үргэлж ууртай байдаг. Жишээлэхэд, “авилгатай тэмцэхгүй байна” хэмээн шударга ёс хүссэн хэсэг уурлана. Тэмцээд эхлэхээр авилгачид болоод тэдэнтэй нэг тогооноос хооллож ирсэн хамууд, цаашдаа авилгаар хооллон үлдэх боломжгүй болсноо харсан хэсэг нь уурлана. Хулгайн хэргийг шударга шүүвэл хариуцагч уурлана, ял завшуулбал хохирогч уурлана...ард түмэн үргэлж уурлана.
Ялангуяа хямрал нүүрлэж аягатай хоол нь өдөр өдрөөр дундарч байгаа цагт бүр ч их уурлана...Тэр уурыг хэн нэгэнд гаргахгүй бол өөрөө дэлбэрнэ, бидний сайн мэдэх жишээгээр бол хийг нь гаргаагүй хорхог шиг буудна. Сонирхолтой нь хорхогийг дэлбэлж байгаа хүчин зүйлийг ч бас “уур” гэдэг. Ийм учраас сэтгэл, санааныхаа эрүүл мэндийг хамгаалах нэгэн аргатай төрсөн нь хорхог шиг уураа гаргах юм. Уур бол галзуурахаас сэргийлдэг дархлаа бас мөн.
Зарим хүн ажил бүтэхгүй болохоор хамаг уураа гэр бүлдээ гаргаж хүүхдээ зодож, эхнэрээ дарамтална. Зарим нь бусдын ууран дээр уур нэмэн нийгэмд даралт үүсгэж, ёс суртахууны дэлбэлэлт үүсгэн бах таваа хангана. Мянга мянган хүнийг уурлуулан цуглуулж, өөрийн уурыг нэмэн нэмэн буйлуулна. Тэгээд өөрийнх нь уур үржин өсч байгааг харж сая амсхийнэ. Зарим хүн өөрийн сэтгэлийг зовлонгүй болгож байж санаа амардаг бол нөгөө хэсэг нь бусдыг яг өөр шигээ зовлонтой болгож санаа амардаг гэсэн үг.
Зовлонг арилгаж биш, харин ч түгээж, үржүүлж, өөр шигээ зовлонтон шинээр бий болгож баймаажин тайтгарах арга нь нэн эртээс үүсэлтэй. Чухам эндээс “нүдийг нь чинь ухвал нүдийг нь ух, хамрынхаа оронд хамрыг нь ав” гэдэг мөрдөлгөө гарчээ.
Гэвч цус нөж, нус нулимс араасаа дагуулсан тайтгарлын философи маань он жилийн уртад өөрчлөгдөв. Тэнд нэг дүрэм байгааг харжээ. Тэр нь энгийн. Чиний уураа гаргаж сэтгэлийн даралтаа хэвийн болгох процесс өөр хэн нэгний даралтыг ихэсгэх ёсгүй. Өөрөөр хэлбэл халдвар тараах замаар өвчнөө дарахыг хориглодог гэсэн үг. Энэ дүрэмд хүрэх гэж үнэхээр их юм үзсэн дээ.
Бид энэ дүрмээс жаахан хол өссөн. Юуны өмнө малчин нүүдэлчдийн амьдрал стресс багатай байсан. Энэ нь төрийн болон нийгмийн дарамтаас хол амьдардаг, аж төрөл нь мөн л нийгэм төрийн хүчин зүйлээс хамаарал багатай байсантай холбоотой байх. (Мал сүрэг өсч үржих эсэх нь байгалиас хамаатай. Байгалийн энэ хамаарлыг хүн өөрчлөх боломж байхгүй шахам учраас тэрэнд санаа зовдоггүй байжээ.)
Яаж ийж чардайж байгаад, чоно нохойнд ч юмуу уурлаад ч стресс, депресст орж чадлаа гэж бодъё. Ганц гэрээрээ, сайндаа хот айлаараа нутаглах тул уураа гаргах олон түмэн, стрессээ халдаан үржүүлэх масс ойр хавьд байхгүй. Хөрш айлаа стресстүүлээд байвал салаад нүүнэ. Авгай хүүхэддээ түүнээ гаргах ч амаргүй. Монгол эхнэр омголон агаад чөлөөтэй, хэдэн хүүхдээ чирээд аав, ээж рүүгээ явчихаас сийхгүй. Гэтэл арай гэж олж авсан стрессээ хаячихад хайран байдаг. Саахалт руу очиж уураа юүлэх гээд мордож болно. Гэвч явах замдаа байгалийн сайханд стресс нь тайлагдана. Нэг мэдсэн чинь шувуудын жиргээ чагнан, жамъянмядаг дэлгэрснийг ажсаар сэтгэл хөнгөрөх төдийгүй, сэргээд дуу аялаад авсан ч байж мэднэ.
Сэрэмж алдах шахснаа анзаарсан уурлагч “Цусаар урс гэж, гэнэдээд тайтгарчих шахлаа. Ингээд байвал гол зорилгоосоо хазайх нь байна. Ингэхэд би чинь юунд уурлаж яваа билээ... Ээ нөжөөр тээглэ... мартцан байна ш дээ....Аа тийн, Чононоос болж стресстсэн ш дээ.Бурхан минь, сануулсанд баярлалаа...Энэ жаахан стрессээ олдсон дээр нь сайн ариглаж байгаад депресс болгох юм хуна” гэж үглэсээр морио давирах буйзаа. Очсон айл нь хүний мөрөөс, мэдээллийн өлсгөлөн болчихсон байх тул юун уур цухал хүлээн авч дэврээх вэ, харин ч сонин юм дуулж таашаал авна...одоо уураа тарваганы нүхэнд л хаядаг байхдаа.
Хоёр. Хориотой уур.
Тэгвэл “бидний стресс социализмд яасан байхнуу” гэсэн асуулт гарна. Тэнд бид анх удаа бөөгнөрсөн, суурьшсан. Уураа бие биендээ наах боломж гарсан. Нийгмийн психологийн нэгэн сонирхолтой үзэгдэл энд ажиглагддаг. Хүн уур цухлаа гаргах нь хориотой дэглэмд орсноо ухамсарлахын хэрээр стресст орох нь багасдаг бололтой. Магадгүй, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах байгалийн нэгэн зөн байх. Малчин нүүдэлчин хүн ган зудыг өөрчлөх чадамжгүй болохоо ухамсарлахын хэрээр хувь заяандаа найдаж эхэлдэг. Тэр хэрээрээ өөртөө найдахаа больдог. Нэгэнт өөртөө найдах хэрэггүй учраас стрестэж өөрийгээ зовоохгүй, харин түүний оронд хүнд хэцүү тавилангаа туулан гарах сэтгэл зүйн бэлтгэлээ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хувь заяа өөрөөс нь хамаарахгүй, тэгж оролдох нь осолтой үед өөрийгээ хамгаалах үүднээс сэтгэлийн уур хилин өдөөгдөх нь багасдаг, эсвэл нууц байдалд орж эзнээ зовоохоо байдаг байж болох талтай.
Эцсийн дүндээ стресс уур уцаар нь түүнийгээ тайлах боломжийг дагаж үүсдэг. Хэдийгээр хэлэхэд муухай боловч “чөлөөт нийгэм нь стресс, нийгмийн уур хилинг ил болгодог. Тайлах боломж байхын хэрээр хувь хүмүүсийн болон нийгмийн стресс ил харагддаг” бололтой.
Социалист дэглэмийн үед “нийгмийн эрх чөлөөний таглаа”-г гурван удаа сөхөж олон нийтийг сэтгэл зүйн даралтыг хөнгөлж үзсэн. Эхний хоёрыг эргүүлэн илүү чанга тагласан байдаг. Энэ нь “Их хэлмэгдүүлэлт”-ээр эргүүлж дарсан “Шинэ эргэлтийн бодлого”, мөн “Сэхээтний төөрөгдөл” хэмээх операциар буцааж тагласан “Хрушевийн дулаарал” юм.
Хамгийн сүүлд, социалист дэглэмийн нуугдмал уур “Горбачевийн өөрчлөн байгуулалт”-аар дэлбэрэн гараад эргэж таглагдаагүй.
Гэхдээ өнөө болтол тэр “хориотой уур” дэлбэрэн гарсаар байгаа нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, бараг бүтэн зууныг турш хуримтлагдсан уур удаан гардаг тал бий байх, хоёрдугаарт “ард түмний уур” гэдэг нь улс төр- бизнес, бизнес-улс төрийн ертөнцийн өрсөлдөөний шалгарсан арга, менежмэнт болж хувирсанд ч байгаа байх.
гурав.Ардын уйдаа
Ерөнхийлөгч тайлангаа тавьж байна. Түүнийгээ “Ардын үг” гэж нэрийджээ. Зөв зүйтэй гэж үзснүүд нь тэрүүгээр яриад л байна. Бас “Ардын үг”-нд уурсан өөрийн үгээ хэлж буй “ард” ч харагдана. Мэдээж ард түмний тодорхой хэсэг үргэлж уурладаг, баярлаж байгаа хүн анзаарагдахгүй өнгөрдөг ч уурлаж байгаа болгон харагддаг болохоор тод ч байна. Хийгээгүй юмаа ярилаа гэхгүй, хүний хийснийг өөртөө наалаа гэхгүй ч ууртай хүн нэлээд байна.
Үгээ хэлэх “ард”-тай зэрэгцэн уураа гаргах “ард” гарч ирсэн нь ч учиртай. Хамаг шалтгаан ерөнхийлөгчийн суудалд “найман жил тасралтгүй суусан”-д байгаа. Угаасаа ч өвөг дээдэс “морь удах тусам ижилсэж, хүн удам тусам толхилцоно” гэж зүгээр нэг хэлээгүй. Одоогийн ерөнхийлөгчийн сууринд Бурхан багш Шагжаамунь байсан ч гэсэн ялгаагүй , олон түмний тодорхой хэсэг “Иусус Христос гэж их боломжийн хүн дуулдах юм” гэж шивэгнэлдээд эхэлцэн байх нигууртай, өнөөдөр.
Угаасаа ч дахин сонгогдох боломжтой ерөнхийлөгч л тайлан тавьдагаас биш улирсан нь ажил төрлөө ярьдаггүй байв. Суудлаасаа буухдаа“Замд гарах, салж нүүхдээ айлын хүүхдэд баахан чихэр жимс тараадаг” нүүдэлчний зангаараа одон тэмдэг, гавъяат цацаад явдаг байж. Тэрийг нь манайхан таалдаг. Ёстой нүнжигтэй ерөнхийлөгч “сайхан тараагаад явлаа” гэж магтдаг байжээ.
Харин тайлан тавих санаа аль ч ерөнхийлөгчийн санаанд орсонгүй. Магадгүй олон түмэн найман жил харж уйдаад явуулахын мөн болсон үед ажил яривал хүний өөрийн улс амьтан дургүйцнэ гэдгийг бодсон байх. За даа, заримд нь нэг их тайлагнаад байхаар юм байсан ч юмуу, үгүй ч юмуу, бүү мэд. Та нар минь нүдээ аньж байгаад “тэрний үед тэгсэн”, “энэний үед ингэсэн” гээд нэг бодох гээд үздээ... Ерөөсөө “нөхөөр, тайлангаа харуул, амласнаа хэрхснийг ярь” гэж нэхэх санаа “ард түмэн”-ий толгойд ч орж байсангүй.
Гэтэл Ц.Элбэгдорж дахин сонгогдохгүй гэдгээ мэдсээр байж тайлан тавьж эхлэв. Олон түмэнд “Нээрээ энэ нөхөр юу хийлээ” гэж сонирхохын оронд “дахин өрсөлдөх гэж байгаа ч юм шиг” сонин сэтгэгдэл төрж эхэллээ. Ерөөсөө ч манайд дарга болох гэж байгаа хүн л хийх юмаа ярьдагаас биш даргаа болих гэж байгаа хүн ажлаа ярьдаг практик байхгүй. Иймээс дадаагүй юмаа харсан үзэгчид сонирхох, сонжихоосоо илүү гайхаж хардлаа. Үнэ худал нь хамаагүй, “Яагаад хийснээ яриад байна, яагаад вэ, яагаад вэ...” нэг л учир байгаа...
Хариуг нь олохгүй байхын хэрээр унтуу хөдөлнө.Шинэ, шинэ хар төрсөөр...
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайлангаа хэлэлцүүлэх “Ардын үг” цаг үеийн хувьд үнэхээр онцлогтой. Магадгүй тэр өөрийн хөтөлбөр, зарчимдаа үнэнч байсан байлаа ч ард түмний сонирхолд шилжилт гарсан. Өчигдрийн “бузар булай” ба “үнэт зүйл”-үүдийн байр цагийн эрхээр солигдсон. Солигдохоо байг гэхэд байрлал нь хөдөлсөн. Цагийн богино зүү нь шөнө дунд тэнгэрийг зааж байсан бол өглөө газар луу чиглэсэн байдаг шиг.
Шударга ёс тогтооё л гэвэл “ Н.Энхбаярын бариад л аль” гээд улсаараа хашгирч, нам нь хүртэл даргаасаа уйдаж явсан үеийн цагийн зүү өнөөдөр өөр тийшээ заасан. Ард түмний сэтгэгдлийн цагийн зүү “Зохиогч Шаравдорж(бурхан өршөөг!). Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос:Намбарын Энхбаяр” гэсэн ном нээлтээ хийсэн өдрийг зааж байна.
Өнөө “Ус авахаар очиход минь уулзаж байснаа санаачээ...” гэж дуунд гардаг шиг “шинэхэн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бээр АТГ-ын хуучин даргыг камерийн өмнө чичрүүлчихсэн “Авилгын загалмайлсан эцгийг барина гэсэн, хаа байна” гээд гөлөгнүүлэхэд авч байсан кайфээ санаачээ” гээд ч нэмэргүй. “Авилгатай хэн анх тэмцлээ, шилэн данс хэн санаачилж төрийн мөнгийг ил болголоо, хэн анх..хэн анх” гэхчлэн асуухад, “Тэгээд яачихаав, санаачлаа л биз, хийгээ л биз, одоо ямар хамаатай юм бэ...” гэж түвэгшээхээр байна.
Магадгүй ард түмэн удирдагчийнхаа гавъяаг мартаж чаддаг байж гэмээнэ шударга ёс тогтдог байхаа. Солонгос энэ тэрийг харахад ч тэр. Тэгэхгүй бол нэг удаа аминд орсон нөхрийг толгой дээрээ насаараа залахад хүрэх биз. Найман жил гэдэг бол ард түмэн уйдахад хангалттай хугацаа . Аан, “Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд 40 жил байхад яагаад удаагүй юм бэ” гэж үү. Тэр үед уйдахыг хориглодог байсан юм. Та нарын олонхи нь “уйдах эрхгүй амьдрах” гэж юу болохыг биеэр мэдрээгүй болохоор юу ч гэхэв дээ. Нийтийн дуунд гардаг “уйдах эрхгүй хайр” энэ тэрээс шал өөр юм шүү гэсгээд орхие.
Цаг элэхийн хэрээр ард түмэн олон юмнаас, тэрч байтугаа мөрөөдлөөсөө ч залхдаг. Өнөөдөр “офшоорчдийн хөрөнгө хураах” гээд л сүйд болоод байна. Яг хураагаад эхлэхээр нь манай ард түмэн өмөөрөөд давхина. Харж байгаарай “Хөөрхийсийг хэлмэгдүүллээ” “гучин долоон оны хэлмэгдүүлэлт сэргэлээ” “Хөрөнгө хураагчид амиллаа” гээд “ард түмэн” өөрснөө жагсана. Энэ С.Баярцогт энэ тэрд үнэхээр офшоор данс манс, нуусан хаасан юм байдаг бол сайн дураараа хураалгаад нийгэмчлүүлчихээсэй. Тэгвэл жилийн дараа ард түмний өмнөөс хохирогч гэгээнтэн, хүн төрөлхний өмнөөс нажидаа эдлэгч Иусус болон хайрлагдана. Ийм л байсан, ийм л байна. Харин цаашдаа ийм байх эсэхийг бүү мэд.
Тэгвэл Ц.Элбэгдорж тэнэгтээ “Ардын үг” хэлэлцүүлээд байна уу. Зүгээр л одон медалийн “боорцог” цацчихаад явчихад юу нь болохгүй байна. Хэн түүнээс тайлан нэхээ вэ? Магадгүй энэ нь илүү хойтыг харсан санаа байх. Энэ бол ард түмэн уураа гарсан хойно, уйдаагаа дууссан хойно, эргэн санахад зориулсэн эд байхаа.
Нэгдүгээрт, түүнд “хэн ч худлаа гэхийн аргагүй” олон тайлан байгаа. Буруу зөрүү болсонд нь биш, зүгээр цаг хугацааны уртад уйдсандаа тоохгүй байгаа тийм үнэнүүд тэнд байгаа. Санах нэг нь санах байх, санаагүй нэг нь санах цагаа болохоор санах байх. Энийг урьдаас харж бардамнаж байгаа бол уу.
Удахгүй бид шинэ ерөнхийлөгчтэй болно. Нэг хэсэг угаалга, найр үргэлжилсний дараа өнөөхөөсөө уйдах шинж орно. Уйдахаа байг гэхэд урдынх шигээ баярлуулахаа болино, цаадах нь. Тэр цагт өнөө тайлансаг нөхөр чинь юу юу гээд байлаа гэлцэх тэр өдөр “ардын үг” санагдах учиртай байх...Би хийсэн шүү дээ, би хэлсэн, би санаачилсан, би батлуулчихаад явсан...харин тийн. Одоо байгаа нь энэ...гэх мэт, гэх мэт.
Хоёрдугаарт, мань хүнд нэг аархал байна. Дургүй байсан ч гэсэн худлаа гэхийн аргагүй үнэнийг зориуд босгож “дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн” гэдгээ тунхаглах өөр санаа ч явж байгаа юм билүү?
Юм өнөөдрөөр дуусахгүй, хийснээ хэлэхгүй явж болохгүй....ерийн малчнаас ерөнхийлөгч хүртэл замыг туулсан тэр “ардын үг”-ийн учир энэ л болуу. Би та нарын дундаас гарсан, бараг цаад захын хязгаар нутгаас гарсан ардын хүү шүү. Тайлан үгээ “Ардын үг” гэсний нэг учир ч энэ болов уу.
Ямар ч байсан манайд “Ажил авах хүн биш” харин “ажлаа өгөх хүн” тайлан тавьж тооцоогоо бодуулдаг улс төрийн практик бий болж байна. Муу юм яав ч биш.
Дөрөв. Тэгээд яах гээд байгаа юм?
Уураа зэхэж, цоо шинэ уур цогцлоон түгээж “ард түмний уур” болгоход бэлдэн бэлдэн уншиж дуусав уу? Бензинд чүдэнз зураад шидэх чинээний уур бэлэглэх юм бодтол тэгсэнгүй юу? Нэг хэсэг нь “энэ муу лүд, Элбэгээг яг өмөөрсөн байгаа. Чамайг ёстой шүлс, нусаараа будна даа” гээд бэлдсэн үү? Эсвэл “ард түмнийхээ уурыг сайхан дүрэлзүүлээд өгөх нийтлэл бололтой” гэж хуурай түлээ бэлдэн хүлээтэл, тэгсэнгүй юү?
Тиймээ, болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс нь харахыг хичээсэн учраас тэгж байгаа юм. Энд “Элбэгдорж их юм хийлээ” ч гэсэнгүй, бас “юу ч хийсэнгүй явлаа” ч гэсэнгүй. Түүнчлэн “Элбэгдорж л анх авилгатай тэмцсэн, шилэн данс санаачилсан энээ тэрээ” гэсэнгүй, улмаар “Тэр авилгатай огт тэмцээгүй, харин авилгын загалмайлсан эцэг өөрөө өөрийгээ гавлаад оймсоо гозогнуулсан, бас төрийн шилэн санхүүг юмаар бүтээж харанхуйлсан” ч гээгүй.
Зүгээр л, яагаад өмнөх ерөнхийлөгч нар нь тайлан тавилгүй явдаг байтал энэ нөхөр хийсэн ажлаа хэлэлцүүлж байгаа юм бол? Хүмүүс яагаад “Ийм юм хий” гэж сонгосон хүнээ “ийм юмыг чинь ингэлээ” гээд тайлагнахаар унтуутай байдаг юм бол? Яагаад тэгдэг юм бол, яагаад ингэдэг юм бол? Энэ тухай л хөндлөнгөөс нь ярилаа.
Та юмыг дотроос нь биш хөндлөнгөөс нь харах гээд үз дээ. Уур хүрэхээ бараг больчихдог юм. Цаагуур чинь, гарын дорхи багаж болгоод ашиглачихмаар бэлэн зэлэн ууртай хүн хайсан улстөрчид дүүрэн байна. Хүнд туслах сайхан ч хүнд ашиглуулах муухай, ялангуяа ашиглуулж байгаагаа мэдэхгүй ашиглуулах нь эмгэнэлтэй...