/Нэг/

Тэрний ах нь мэдрэлийн хомсдолтой... гэж манай байрныхан ярьдаг байв. Хэн нь ч билээ дүүтэй нь тоглох гэж гэрт нь ороод тааралдсан гэх. Тэр гэрээсээ ер цухуйдаггүй, цухуйлгадаг ч үгүй байв. Олон хүүхэд түүний байдгийг ч мэдээгүй. Мөнөөх анх ярьсан хүүхдийн дүрслэн ярьсныг гучин жилийн дараа, өнөөдөр бодоход тэр дауны хам шинжтэй байж. Бас энд тэнд явахад аутизмтай хүүхдүүд ч мэр сэр тааралддаг байсныг өдгөө “нэхэн ойлгож” байна.

ТАНИЛЦАВ
 
Жил хагасын өмнө анх удаа Дауны ба Аутизмын холбоодын шинэ жилд оролцсон билээ. Харваас л ялгаатай тэднийг эхлээд харахад тааламжтай биш. Тэд ч гэсэн биднийг таалахгүй. Учир нь над шиг л юу ч мэдэхгүй хүмүүс тэднийг харах бүртээ гадуурхаж, шоглож байдаг тул айдаг юм. Цэрвэсэн хоёр ертөнц шүү дээ.
Дараа нь 55-р сургуульд Австралийн Элчин сайдын яамнаас тохижуулсан кабинетийг хүлээж авах үеэр багш нартай ярилцаж үзсэн. Сэтгэл тэвчээр хоёрыг нь мань мэттэй харьцуулахад бахадмаар юм билээ. Буян үйлдэгчид гэдэг бол тэд ээ.

Энэ мэтчилэн тэдэнд бага багаар ойртож, олон ч эцэг эхтэй танил болов. Хүүхдүүдтэй эргэж уулзах бүрийд нүдэнд торохоо болилоо. Дасах төдийгүй татах шинжтэй болов. Учир нь өөрийг нь шоглохгүй байгаа хүмүүст тэд сайн хандаж эхэлдэг. Маш их зүйлийг ярилцмаар байгаа нь ч илт. Нүд рүү харж байгаад инээмсэглэнэ. Тэвэрнэ. Ийнхүү бага багаар ойртоод л байлаа.

Ингэсээр одоогоос сар шахамын өмнө манай “Гампаньян” аяллын баг буюу одоо энэ baabar.mn дээр байдаг Гамп бид хоёр дэлхийн Тусгай олимпод оролцох Монголын багийн хэвлэл мэдээллийн хэсэгт багтаж явахаар болсон юм. Багийн бүрэлдэхүүнд VTV телевизийн залуус Изүми, Төрөө хоёр нэгдлээ. Ингээд хоёр долоо хоногийн турш  хүүхдүүдтэйгээ хамтдаа...

АЯНД ГАРЧ ЧАДЛАА

Монголын тусгай олимпын хороо тамирчдаа шалгаруулж багаа бүрдүүлсний дараа бадар барих ажлаа эхэлдэг нь жам. Тамирчид болон дасгалжуулагчдын хувцас, хэрэглэл, улсаа илэрхийлэх тэмдэг, туг, далбаанаас эхлээд замын зардал, эм хэрэгсэл гээд зардлууд мундахгүй. Сайн санаатнууд үүнд гараа сунгана. Төр засгаас ч тусалсан.


Багийнхны үдэн гаргалт хэдэн өдөр хөл хөсөөнтэй болсон.
Туслая гэсэн ах эгч нар нь бүгдээрээ урьж, ёс төртэйгээр үдэн гаргасан билээ.


Түүнчлэн Спорт хариуцсан яам болон Биеийн тамирын газраас дэмжлэг
үзүүлж тэр нээх өндөр дарга нь хүүхдүүдийг хүлээж авч нэг өдөр
халуун дотно хэлэлцүүлэг өрнүүлэв.


Энэ үйл явдлын оргил нь агуу Насантогтох багш багийн ахлагчид
төрийнхөө далбааг гардуулж өгсөн нь байлаа.


Тусгай олимп бол дэлхийн бүх хүнд ижил тэгш хандах хүнлэг үзэл санааны оргил арга хэмжээ юм. 2017 оны өвлийн Тусгай Олимп Австрийн Грац, Шладминг болон Рамзау хотод зохион байгуулагдлаа. Энэ удаа 107 орны 2700 гаруй тамирчин, 1100 дасгалжуулагч, 5000 гаруй гэр бүлийн төлөөлөл, 3500 сайн дурын ажилтнууд  ирсэн юм. Монголын баг 14 тамирчин, 3 дасгалжуулагч, албаны хоёр хүн, хэвлэл мэдээллийн таван хүн нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тамирчдын хувьд  Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас, мөн Завхан аймгаас ирсан байна. Хамгийн залуу нь 14 настай, ахмад нь 25 настай байв.



Таван хүний бүрэлдэхүүнтэй манай мэдээллийн баг ч бүх зардлаа өөрсдөө бадар гуйж босгож авсан юм. Буянтай энэ газрууд байгаагүй бол Тусгай олимпийн тухай Монголын олон нийтийн сүлжээнд тавигдаж байсан мэдээнүүд үгүй болж, өнөөдөр хийгдэж буй видео болон зурган контентууд гарахгүй, энэ тэмдэглэл ч бичигдэхгүй билээ. Тиймээс бидэнтэй яг адил эрхтэй төрсөн ч эрхээ мэдэхгүй, мэдсэн ч тэрнийхээ төлөө тэмцэх чадамжгүйнхээ төлөө үргэлж гадуурхагддаг хөөрхийлөлтэй энэ бүлэг хүмүүсийнхээ өмнөөс тусалсан газрууддаа дахин дахин талархал илэрхийлэх ёстой юм. Жижиг гарчигны учир одоо тайлагдсан болов уу, аянд гарч дөнгөхүү үгүй юу гэдэг нь өөрөө хамгийн том асуудал юм байна. Халуун гараа сунгасан та нартаа баярлалаа. Жинхэнэ тус гэж юуг хэлэх вэ гэвэл би үүнийг л хамгийн түрүүнд гаргаж тавина.


Юуны түрүүнд Тэсо групп. Биднийг хамгийн түрүүнд хүлээж авч халуунаар дэмжсэн газар. Гар барид бугуй барина гэгчээр бид бүтээгдэхүүнээс нь ч чамгүй ихийг аваад явсан. Тамирчин хүүхдүүдэд маань хамгийн хэрэгтэй ундаа тэр байв. Компаниуд  нийгмийн хариуцлага ингэж ухамсарладаг байгаасай гэж бодогдов.


Үүний дараагийн халуун сэтгэлтнүүд бол Голомт банк. Сайн сайхныг санхүүжүүлнэ гэдэг уриагаа хэрэгжүүлсэн.


Бас Түркиш Эйрлайнз. Бидний саналыг тун ч найрсагаар хүлээн авч нийт багийнхны замын зардал дээр тусалсан билээ.


Манай улсын ууган үйлдвэр “Сүү хувьцаат компани”. Тэд маань тусламжийн гараа сунгаад зогсохгүй нисэх буудлаас сүү амсуулж, цацал өргөн үдсэн билээ.

ЗОЧЛОМТГОЙ ХОТ

Австрийн нийслэл Венад буусан эхний өдөр бол Зочин хотын хөтөлбөр байлаа. Тусгай олимпын зохион байгуулах хорооныхон оролцогч 107 орны багийнхныг хотууддаа хувааж аваад аялуулав. Хорооныхон Нийслэл хотдоо ирсэн бүх багийнхныг хотын захиргаан дээрээ урьж, дарга нар нь хүлээж авсан. Бөөн л бүжиг наадам, дуу хөгжим болсон өдөрлөг. Австрийн үндэсний хоолууд. Ааш гэж нуур нугас болсон сайн дурын ажилчид. Монголчууд бусад багийнхантай танилцаж, зураг хөрөг татуулж, тэмдгээ солилцов. Инээд, баяр цалгиж байлаа.

Монгол улсын хувьд Өмнөд Солонгосын Пёнчанг хотод 2013 онд болсон өвлийн Тусгай Олимпод анх удаа урилгаар оролцжээ. Тэрнээс дөрвөн жилийн дараа ийнхүү бүтэн баг бүрдүүлээд албан ёсоор оролцлоо.


Дараа нь биднийг Австрийн хамгийн том хэвлэл мэдээллийн газар болох Die Presse сониныхон урьсан. Зуу гаран хүн ажилладаг том редакцийн хамгийн лут нийтлэгчийн нэг Марку Датлер монголчуудтай нухацтайхан ярилцсан нь маргаашийнхаа дугаар дээр гарах нийтлэлээ бэлдсэн хэрэг байв.


Дараа нь хүн бүрийн үзэхийг хүсдэг алдарт Musicverein театрт зочилсон. Энд Москвагийн Большой театр, Нью-Йоркийн Carnegie hall-той эн зэрэгцэн яригддаг алдарт тайзууд байдаг билээ. Театрын барилга гаднаа ч дотроо ч тэр чигээрээ музей тул алдарт шинэ, хуучин заалуудаар нь бараг цаг шахам аялсан.


Энд болсон гайхамшиг нь театрын хийлийн дөрвөл гарч ирээд монголчуудад зориулан 20 минутын турш Моцарт, Штраус хоёрыг тоглож үзүүлсэн нь байлаа. Барагтай зүйлд анхаарлаа төвлөрүүлдэггүй, сахилгагүйхэн хүүхдүүд маань энд өөрийн эрхгүй амьсгаа даран тайз руу ширтэж суусан. Шилдэг тайз гэдэг тийм л увдистай юм байлгүй, хүүхдүүд гэлтгүй бүгдээрээ л огшиж тэр хөгжмийг хэдэн цагаар ч сонсоход бэлэн автаж орхино лээ.


Гэх мэтээр өдөржин аялсан хүүхдүүд орой нь орон орны тамирчидтай нийлж партидсан. Маргааш өглөө эрт олимпын хотхон руугаа явах хуваартай. Уралдаанууд Грац, Шладминг гэх хоёр хотод болох бөгөөд мэдээллийн баг эхлээд Шладминг буюу Альп руу явсан юм.


НАРЛАГ, ДУЛААХАН ОЛИМПИЙН ХОТ

Альпийн сүрлэг уулсын хормойд цаг агаар нь ч нарлаг, дулаахан байв. Өвлийн ид хүйтэн өнгөрсөн, угаасаа ч Монголын тал нутаг шиг тачигнасан өвөл болдоггүй тул бараг футболкатай явахад ч болмоор.

Олимпийн хотхоны уур амьсгал нь гарчигт хэлсэнтэй адил. Инээмсэглэсэн хүмүүс, эсвэл доргиж уухайлсан аль нэг багийнхан, бас танд хэзээ ч, юугаар ч туслахад бэлэн сайн дурын ажилтан залуус  дэргэдүүр зөрнө. Камер үүрч мик барьсан мань мэтийн хэвлэл мэдээллийнхэн л хурдан хурдан зөрөлдөж гүйхээс бусад нь тайван агаад тааваараа. Хүний нягтрал нь манай наадмын Хүйдолоо шиг. Багууд хамгийн ганган дээрээ тавиад ирсэн тул өнгийн хэмнэл тун чиг нүд булаам.

Дэлхий заримдаа давчуу, төрсөндөө ч харамсам байдаг ч сайн сайхан хүмүүс эргэн тойрон амьдардаг хийгээд чухам тэд л энэ уулын бэлд зөвхөн өгөх ба хайрлах гэж  цугласан гэж бодоход цаашаа амьдармаар санагдана.



Мэдээллийн багийн бид ёолкны мод шиг л энд тэндээсээ элдэв аппарат хэрэгсэл зүүж, өдөр бүр ирэх очихын 500 км зам туулан мэдээллээ базааж байлаа.



Mongolia гэсэн бичигтэй, хэдэн борог хүүхдүүдийн маань уралдах гэж ирсэн зорилго одоо л нэг биелж,  хийморь нь бадрахыг үзээд олон зүйлд талархах бодлууд хөвөрч байлаа. Дэлхийн нэг мухарт, хоцрогдолдоо дургүй ч үнэхээр хоцрогдон оршдог бид нэгнээ энэрэх үзэл санааны дор хүнээс дутахгүй нэрээ дуудуулан алхаж явахдаа “амжилт гаргаад ирээрэй” гээд гар бариад үдсэн өнөөх л хэдэн ивээн тэтгэгчээ бодож суув. Тэд үгүйсэн бол Mongolia гэдэг бичиг хэрхэн энд байх учиртай билээ дээ.


СИЛИБРЭЙШНИЙ ЯЛГАА

Албан ёсны уралдаанууд эхлэхээс өмнө тамирчдыг биеийн чадавхиар нь гараануудад хуваарилдаг. Басхүү хөл хөсөөнтэй үйл явдал. Чанга яригч дээр чадварлаг эм си тасралтгүй ярьж, гараан дээр дохионы буу панхийнэ. Үзэгчид шаагилдана. Тамирчнаа дэмжинэ, барианд ороход нь уул доргитол уухайлна.

Эндээс нэг зүйлийг ажиглав. Хаанаас ч ирсэн ялгаагүй бүх тамирчид л оюуны хоцрогдолтой, биднээс ялгаатай мэдрэмжтэй. Гэхдээ мөр зэрэгцэн гараанаас гарч, бариа руу уралдан тэмүүлэх тамирчны зөн нь ижил. Гараан дээрээ дүүхэлзэн сугсайж, дохиогоо яаж хүлээж байна гээч. Ингээд тэд гарна. Бүх хүчээ дайчилна. Олны түрлэг, үзэгчийн нүргээн дунд бариа руу орж ирнэ. Түрүүлж орж ирэгсдийн зарим нь гараа өргөн уухайлж, хоолойн чадлаараа хашгирч байна. Харин зарим нь тийм ч их сэтгэл хөдлөлгүй, гараа унжууулсан хэвээрээ. Ажигласан зүйл гэдэг маань энэ. Хөгжсөн орнуудын тамирчид илүү чөлөөтэй, айдасгүй, дарамтгүй байж сурсан байна. Харин манайх, манайхтай ойролцоо эгнээний орнуудын тамирчид силибрэйшн хийх зориг мохоо аж. Тэд оюуны бэрхшээлтэй иргэдийнхээ тухайд “оюуны хөгжлийн ялгаа” гэдгийг томьёолж нийгмийнхээ бүрэн эрхт бүрэлдэхүүн болгож чаджээ. Харин бид нууж хаасан, гадуурхаж нүд үзүүрлэсэн хэвээр.

Олимпийн дүрмээр энэхүү түвшин тогтоолт дээр өөрийн чадвараа бүрэн гаргах ёстой. Хэрэв нуун дарагдуулж доогуур түвшинд орсон нь илэрвэл уралдаанаас хасдаг журам байна. Үүнийг тооцоолдог тусгай  товьёог ч бодож олжээ.

Цувралын дараагийн тэмдэглэлд, Тусгай олимпийн нээлт, монголчууддаа элэгтэй, байнга бидний дэргэд ирээд зогсчихдог өвөрмонгол тамирчны тухай, сайн дурын ажилтнууд болон медалийн төлөөх тэмцээнүүд гэх мэт мэдээллийг сонирхолтой зургуудын хамт хүргэх болно.