ТҮЛХҮҮРТЭЙ ХҮН
Ерөнхийлөгчийн сонгууль ба ХҮН нам
Өнөөдөр юу болов?
Охин ч гэнүү, халаасны ч гэнүү. Ямартай ч хүн бүрийн, ялангуяа “том том намуудын” аманд яригддаг болно гэдэг бол “өчигдрийн” жижиг намуудын өнөө хэр нь мөрөөдөж байгаа амжилт юм. Парламентад суудалтай боллоо. Нийслэлийн болон Дүүргийн иргэдийн хуралд ч төлөөлөлтэй болсон. Үндсэндээ дөрвөн жил л улстөр хийсэн гэхэд жигдхэн амжилттай, дотроо эв нэгдэлтэй, элдэв асуудалд хутгалдаагүй, хэнтэй ч нийлж хор хийж байгаагүй энэ нам өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд орохоор бэлдэж байна. Ардчилсан намын тодорхой зарим нөхөд л ХҮН-ийг будилаантай мэт харагдуулах зорилгоор нөгөө л алин хэзээний арилсан сүнс шиг улсууд гаргаж хурал мурал хийлгээд байдаг юмаа бол хийцэн байгаа. Өөрснөө л шинэ хүүхэд төрөнгүүт жийгдэж байгаа айлын муужгайн гаргадаг зангаар ХҮН-ийг элдвээр хэлээд байгаа болохоос цаадах нь өөрийн замаараа л урагшилж буй, хэн болохоо харуулахаар зорьж буй л "хүн". Иймхэн юмыг ойлгочихын тулд нэг их ухаан зарах хэрэггүй.
МАН тарах болзлоо биелүүлсэн гэнэ. Гэтэл зэрэгцээд нэг АН-ынх нь шинэхэн дарга О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй ноцтой гэрээ гараад ирлээ. Монголын улстөр халж байна даа. Удахгүй улайсна. Зуухаа л хайлуулчихгүй бол.
За энэ ч яахав. МАН-аас У.Хүрэлсүх ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой гэж нийгэм харж байгаа. Өнөөх нь ч морь малын захад ур чадварын хувьд бол эгнэшгүй бүтээл болохоор фото авахуулаад явна. Дэмждэг хэсэгтээ ч баастай бурхан харагдаж байгаа байх. Дэмждэггүй хэсэг нь “мал дээрээ үлд ээ хө” гэж байна.
АН-аас лав Х.Баттулга дахин нэр дэвшихийг зорьж байгаа нь сүүлийн үед болоод байгаа явдлуудаас илт. ҮХЦ-ийн дунд хурал дээр бол уначихсан. Одоо хамаа замбараагүй юм хольсон мэдэгдлүүд хийсээр буй. Мань хүнд харуусч явдаг нэг зүйл надад бий нь, Монголын улстөрд байгаагүй зоримог, эрс үйлдлийг халдан хийдэг явдал юм. Бичлэг гэх мэт. Өнөөдөр тэр генералыг улстөрд хутгалдуулж орхилоо.
Ерөнхийлөгчийн сонгууль
Парламентад суудалтай дөрвөн нам хүн дэвшүүлнэ. С.Ганбаатар гуай шөнөдөө хуйнаасаа суга суга үсрэн хонож байгаа биз. Тэгээд нэг нь мал дээрээсээ ирээд, нөгөө нь хэрүүл уруулаа зохицуулж чадвал ХҮН-ийнхтэй нийлээд газар тэнгэрийн дөрвөн хүчтэн гэлээ гэгчээр юм болно.
ХҮН-ий хувьд Ерөнхийлөгчөө захиалая аяныг зарлаад, явуулаад дууссан. Үр дүнг нь зарлах боломжгүй, хуулиар хязгаарлагдсан. Өнөө хэр нь нам дотроо ч хэн нэгний нэрийг хэлэхгүй байгаа. Хүссэн хүсээгүй 5-р сарын 1-нд хуулийн дагуу бүгд нэрээ зарлана.
С.Ганбаатар нь өөрийн сонгогчидтой боловч санал хуваагч биш болохыг бид өмнөх сонгуулиар харсан. Учир нь тэр цэнхэр хивсээр ч биш, улаан хивсээр ч биш, Сүхбаатарын талбайн цементэн дээгүүр л алхаж ирсэн хүн. Тэгвэл Хөдөлмөрийн Үндэсний Намын нэр дэвшигч санал хуваах уу?
ХҮН намын нийгэмд танигдсан гишүүд, лидерүүдээс тавин нас хүрсэн хүн байхгүй. Тэглээ гээд нэр дэвшүүлэх эрхээ “үхүүлнэ” гэж ч байхгүй. Тиймээс үзэл бодол, зорилго ойролцоо хэн нэгэн бие хүнтэй “хамтран ажиллаж” таарна. Тэгвэл жишээ нь (жишээ нь шүү) МАН суурьтай хүн, тухайлбал Н.Энхбаяр гуайтай хамтарвал МАН-ын саналыг будаа болгоно. Харин АН-ын угшилтай, бие даагч гишүүн Н.Алтанхуягтай “нийлбэл” Ардчилсан намынхаа нэр дэвшигчид лай удна. Мөн С.Ганбаатарын хэзээ ч хүсэхгүй өрсөлдөгч нь Ж.Батзандан байх нь дамжиггүй гэх мэт. Аа бас хүн бүрийн хүсэмжит нэгэн эрхэм гараад ирвэл бүгдийг нь “идэн” бариад орох ч магадтай.
Ингээд бодоод байх тусам Ерөнхийлөгчийн сонгуулийн түлхүүр энэ "хүн"-ий хармаанд бий. Ямартай энэ намаас хэн нэр дэвших вэ гэдэг асуулт хүн бүрийн толгойд хөлбөмбөгийн тэнцээний дараа пенальт цохих тамирчдын нэр шиг хүлээлттэй, догдлуулалттайгаар хургах нь ээ. Ерөнхийлөгчөө захиалая аянд ирсэн хэдэн мянган саналын дотор хэн хэний нэр байсныг хожим бид нар мэдэх болно.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батый
Зочин
Зочин
Дамба
guest
цолмон
зочин
Зочин
Зочин
Зочин
bai