Дахин хүчирхэгжүүлье!
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Жон Трамп энэ нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орcoн. Тэрээр дуулиантайгаар ялалт байгуулж, АНУ-ын улс төрийн түүхнээ цоо шинэ жишиг, имиж бүрдүүлж чадлаа.
Зэрэмдэглүүлсэн Америк эх орноо сэргээн босгох арга зам
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Жон Трамп энэ нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орcoн. Тэрээр дуулиантайгаар ялалт байгуулж, АНУ-ын улс төрийн түүхнээ цоо шинэ жишиг, имиж бүрдүүлж чадлаа. Трамп нь тэрбумтан бизнесч төдийгүй, улс төрд эрс хүчтэй цөмрөлт хийсэн XXI зууны шинэхэн улс төрч, басхүү АНУ даяар бестселлер болж уншигчдад хүрсэн 15 номын зохиогч хүн юм. Номынх нь гарчгаар энд авсан “Дахин хүчирхэгжүүлье!” номыг нь Бизнесийн удирдлага & Төрийн удирдлагын “Гүрэн” дээд сургуульд хөрвүүлж, миний бие редакторлосны хувьд цагаачлалтай холбогдох эмзэг сэдвээр түүний бичсэнийг бүрэн эхээр нь дор толилуулъя.
БҮЛЭГ 3
Цагаачид: Бат бөх ханалбидний
хөршүүдийг сайн хүмүүс болгоно
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа зарлахдаа бараг бүтэн нэг цагийн туршид манай улсад тулгараад байгаа ямар ямар асуудал байгаа талаар би ярьсан даа. Тэр дундаас миний баримтлах цагаачлалын бодлого хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Манай одоогийн бодлого ямар ч уялдаа холбоогүй, сул болохыг онцлон тайлбарласан. Хууль бус цагаачдын тухайд би үнэхээр хатуу байр суурьтай. Ихэнхи хүмүүс тэдэнд дургүй. “Улс орнууд хамгийн муу хүмүүсээ манайх руу чихэх гэж оролдож байгаа бол бид үүнийг зогсоох ёстой” гэж би хэлсэн. Хилээ хамгаалдаггүй улс орон устаж үгүй болдог. Тэр тусмаа өнөөгийн цөвүүн цаг үед.
Би үнэнийг л хэлсэн. Би хилийн албаны нөхөдтэй уулзсан. Чухам ямар хүмүүс манай хилээр орж ирдэг тухай тэд ярьж байна билээ. Манай өмнөд хөршүүд хэзээ ч шилдэг хүмүүсээ бидэн рүү явуулахгүй. Хамгийн бүтэлгүй нөхдийг л илгээх болно. Зөвхөн Мексикээс төдийгүй хаа газрын гадуурхагдсан хүмүүс манайд орогнохоор ирж байна. Тэд Төв болон Өмнөд Америкаас, мөн Ойрхи Дорнодоос ирдэг. Нэмж хэлэхэд: арван мянган Сирийн дүрвэгчдийг өөрийн нутагтаа оруулснаар түг түмэн асуудлын үндсийг тавина. Дээр нь манайх хамгаалалт сул, чадваргүй тул хор хөнөөл нь бүр ч дор байх болно. Яг чухамдаа юу болоод байгааг хүмүүс мэдээгүй байгаа шүү. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Бүр үтэр түргэн зогсоох шаардлагатай.
Төгсгөлд нь би ингэж хэлсэн юм: “Би маш том хана барих болно. Хана барихдаа би хэнийг ч дагуулахааргүй. Надад итгэ, маш бага зардлаар өмнөд хил дээр үлэмж том хана босгох болно. Тэгээд зардлыг нь Мексикийн талаас гаргуулна. Миний үгийг санаж байгаарай” гэж хэлээд би илтгэлээ дуусгасан. Тэр өдрийн миний илтгэл үнэхээр ач холбогдолтой байлаа. Улс орныхоо тулгамдсан асуудлуудыг бүгдийг хамруулан ярьсан. Гэтэл хэвлэлийнхэн миний илтгэлийн талаар бичихдээ юу гэсэн гээч. “Трамп бол цагаачлалыг эсэргүүцэгч. Тэр цагаачдыг хүрчирхийлэгчид гэж дуудлаа. Трамп Мексиктэй дайн зарлав” гэх мэтээр мушгин гуйвуулсан байгаа юм. Бид яагаад асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгааг та мэдэх үү? Ямар ч ахиц дэвшил харагдахгүй байгаа нь ямар шалтгаатай вэ? Учир нь бид асуудалтай нүүр тулан, яг шийддэггүй.
Манай улс руу цутгаж буй цагаачдын урсгал бол хамгийн том асуудлын нэг мөн. Биднийг энэ л асуудал үгүй хийж байна. Гэтэл үнэнийг хэлэхэд, надаас өмнө өөр хэн ч энэ талаар яриагүй юм. “Трампын зөв. Хэрэв бид яг одоо цагаачдын асуудлыг шийдэхгүй юм бол улс орон маань мөхөх нь” гэхийн оронд тэд “Трамп аюултай зүйл ярьж байна. Өмнөд хил дээр амьдардаг сайн хөршүүд маань гомдоогүй байгаа даа. Трамп тэднээс уучлал хүсэх ёстой” гэж ярих хүмүүс олон байна. Тэдний шалтгааныг би ойлгож байна. Намайг шүүмжлэн, тэнэгтэх нь цагаачлалын асуудлыг өмнөө тавиад, шийдвэрлэх арга зам хайхаас хавьгүй амархан.
Би бүр тодорхой хэлмээр байна: Би цагаачлалын эсрэг үзэлтэн биш.Миний эх 1878 онд Шотландаас цагаачилж ирээд хожим эцэгтэй минь гэрлэсэн. Эцгийн маань гэр бүл 1885 онд Германаас нүүж, Америкт суурьшсан юм. Эцэг эх маань миний мэдэх хамгийн сайхан хүмүүс. Энэ улсын хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан өөр олон ийм хүмүүсийг би мэднэ.
Би цагаачдад хайртай.Тэд манай улсад ирж, шаргуу хөдөлмөрлөн амжилтад хүрч, үр хүүхдээ өсгөн, Америк мөрөөдлийг хуваалцагчид болдог. Үнэхээр гайхалтай түүх биш гэж үү? Садангийн минь хүмүүс Нью-Йоркын Эрх чөлөөний хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө өөрсдийн шинэ амьдралаа хэрхэн төсөөлж, догдолж байсныг таамаглаж байна. Тэдний гарзадсан золиос, хүлээсэн эрсдэл нь хожим үр дүнд хүргэнэ гэдэгт тэд маань итгэлтэй байсан биз! Гэр бүлээ орхиод энд ирсэн хүмүүсийн зүрх зоригийг үнэлэхгүй байж болно гэж үү?
Би энд зөвхөн хууль бус цагаачдын тухай ярьж байна. Яагаад ч үүнийг зөвшөөрөх ёсгүй. Манай улсад хууль ёсоор оршин суухын тулд олон жилийн турш урт дараалал хүлээж буй хүмүүст дэндүү шударга бус хандсан болохгүй гэж үү?
Тэд хууль бус цагаачид төдийгүй бөөн хэрэг төвөг таригчид юм. Бид улсынхаа хилийг хамгаалалтгүй орхижээ. Хэн түүгээр орж ирж байгааг ч мэдэхгүй байна. Ирсэн бол буцах ёстой гэдгийг тэдэнд ойлгуулах цаг иржээ. Гэтэл Засгийн газар ямар ч тустай зүйл хийсэнгүй. Америк улсад ойролцоогоор 11 сая хууль бус цагаачид байна гэсэн тооцоо бий. Яг бодит тоо хэд байгааг хэн ч мэдэхгүй. Бид тийм хүмүүсийг чирж явах ямар ч үүрэг хүлээгээгүй.
Хамгийн аймшигтай гэмт хэрэг хэн үйлддэг вэ? Тийм гэмт хэрэг хууль бус цагаачдаас л гардаг. 2011 онд Засгийн газрын Хариуцлагын тайлангийн албанаас хэрцгий гэмт хэрэг үйлдэж, цаазын ял сонссон гурван сая ялтан байна хэмээн мэдээлжээ. Өнөөдөр манай шоронгуудад сая саяхууль бус цагаач ял эдэлж байна. Үүнд хууль бусаар хил давсан гэмт хэргийг тооцоогүй шүү. Гэтэл тэднийг шоронд тэжээхийн тулд бид жилд хэдэн тэрбум ам доллар төлж байна.
Мэдээж аж амьдарлаа өөдөн татах гэсэн, үнэнч шударга, хөдөлмөрч хүмүүс цагаачдын дийлэнх хувийг эзэлдэг гэдгийг би мэднэ. Америк орон маш олон сайхан боломж олгодог. Тиймээс энд ирж, үр хүүхдийнхээ ирээдүйн баталгааг хангахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч хууль бус цагаачдын асуудлыг Америкийн Засгийн газар төдийгүй цагаачдыг илгээж буй цаад улсын Засгийн газраас онцгойлон авч үзэх шаардлагатай. Зарим цагаачдын хувьд тийм хүнд газар иргэн болж төрсөн нь үнэхээр харамсалтай. Тэдэнд эх орондоо амьдрах ямар ч боломж алга.
Гэсэн ч энэ нь хууль бус цагаачдыг өөгшүүлэх шалтаг болох ёсгүй. Хилээ хамгаалж чаддаггүй улс орон баялаг бүхнээ алдах болно. Америк улс бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьдаг хуультай цорын ганц орон болоод байна.
Ийм зүйл хийдэг хүмүүсийг тодорхойлох ганц л үг бий: Тэнэгүүд.Мексик хүмүүсийг хүндэлдэг гэдгээ дахин хэлмээр байна. Тэд бол гайхалтай сайхан сэтгэлтэй хүмүүс. Би Мексикийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг. Юу үнэн гэвэл, Мексикийн Засгийн газар тийм хүмүүсээ хэзээ ч бидэн рүү явуулахгүй. “Марьел” усан онгоцны түүхийг санах хүн бараг үгүй болжээ. 1980 онд Фидель Кастро хэн хүссэн нь Куба улсаас гарах зөвшөөрөл олгоход, Ерөнхийлөгч Картер Кубаас очсон хүн бүрт хилээ нээх болно хэмээн Кубын ард түмэнд хандан зарласан юм. Фидель Ерөнхийлөгч Картераас хавьгүй ухаантай байж л дээ. Тэрээр бүх шоронгуудаа хоосолж, галзуучуудаасаа салсан. Хамаг асуудлаа манайх руу илгээсэн. Ингээд125000 куба иргэн Америкт хөл тавьж, тэдний дундаас аугаа их хэргийг гүйцэлдүүлсэн нь цөөнгүй боловч гэмт хэрэгтнүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс ч мөн тооны орж ирсэн. Одоо 30 жилийн дараа ч бид тэдний үлдэгдэл бүтэхгүй нөхөдтэй зууралдсаар байна.
Мексикийн Засгийн газар болон Төв/Өмнөд Америкийн удирдагчид энэ явдлаас санаа авахгүй гэж үү? Мексикийн төр баригчид хэрхэн АНУ руу хууль бусаар цагаачлах тухай ном, товхимол, гарын авлага хүртэл хэвлэн тараадаг. Би үүнийг л яриад байгаа юм. Энэ бол амьдарлаа сайжруулах гэсэн чин хүсэлтэй цөөн хэдхэн хүмүүсийн асуудал биш. Харин гадны Засгийн газрууд үнэхээр зохисгүй авирлаж байхад манай “албан тушаалын хэнээтэн” улс төрчид гараа хумхин суугаа тухай асуудал юм.
Энэ явдалд бид гадны Засгийн газрыг шүүмжлэх үү? Тэд ямар ч зардал, төлбөр гаргалгүйгээр, асуудал таригчдыг нутгаасаа гарган, улс орноо цэвэрлэх хамгийн шилдэг аргыг хэрэгжүүлэхгүй гэж үү? Гэмт хэрэгтнүүдийг өөрсдийн шоронд хорьж, зардал гаргахын оронд манайх руу гаргах нь тэдний хувьд туйлын зөв байх. Тэдний муу залуус манай улсыг хар тамхины наймаа болон бусад бүх төрлийн гэмт хэргээрээ бузарлалаа. Зарим нь хүчирхийлэл үйлдэж байна. Үнэнийг хэлэхэд Сан-Францискогийн хэргээс бидний харж байгаачлан тэдний дунд алуурчид олон байна. Үзэсгэлэнтэй залуу эмэгтэйг буудан хороосон эр 5 удаа Мексикээс оргон зайлж байжээ. Уг нь тэндээ шоронд суух ёстой атал мексикчүүд түүнийг манай хилээр гаргасан байна.
Хууль бус цагаачдад зарцуулж буй мөнгөний хэмжээ хэрээс хэтэрсэн. Одоо үүнийг зогсоох ёстой.Бидний нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол өмнөд хилээ чангатгах явдал юм. Яг одоо. Үерийн ус мэт нүүгэлтэх цагаачдыг зогсоох цаг нь болжээ. Бид хана барьсанаар л тэднийг зогсоож чадна. Энэ бол хамгийн үр дүнтэй арга гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс намайг чадахгүй хэмээн басдаг. “Та яаж бүхэл бүтэн хилийг тойрсон хана босгох юм бэ?” гэцгээж байна.
Надад итгэ. Энэ боломжтой.Хана хэрэм барих тал дээр намайг гүйцэх хэн ч байхгүй. Би өмнөд хил дээр үлэмж хана босгох болно. Хилийг бүхэлд нь тойрсон байх шаардлагагүй. Зарим хэсгүүдийг хаалтуудаар хэдийнэ тусгаарласан. Тийм газраар хил давж орж ирэхэд хэцүү. Тэгэхээр бид ердөө л 1000 бээр орчим урттай хана барихад хангалттай.
Гэтэл 1000 бээр урттай хана барих ямар ч боломжгүй гэж эргэлзэгчид байна. Хоёр мянган жилийн өмнө Хятад улс 13 000 бээр орчим урттай Цагаан хэрэм барьсан бөгөөд тэртээд барьсан хэрэм өнөөг хүртэл сүндэрлэж байна. Хятадын Цагаан хэрэм олон том хана, давж гатлашгүй хавтангуудаас бүрдсэн бөгөөд түүнийг хэрмийн 25000 харуулын цамхаг холбодог. Надад итгээрэй, манай хана барих технологи 2000 жилийн өмнөхөөс хол сайжирсан шүү. Хятадуудаас ялгаатай нь бидэнд энэ ажлыг эхлүүлэх зүрх зориг алга. Тэд хилээ хамгаалалтгүй орхихын аюул эрсдэлийг ойлгоод арга хэмжээ авсан байна шүү дээ. Харин бидэнд чалчихаас өөр хийсэн зүйл алга.
Тийм хана босгох нь үнэхээр үр дүнгээ өгнө. Израиль Улс алан хядагчдыг газар нутагтаа хөл тавиулахгүйн тулд хана барьж, километр тутамд 2 сая ам доллар зарцуулжээ. Тэр хана зорилгоо гүйцэлдүүлсэн. Инээдтэй юм, Америкийн улсын хил дээр хана барих санааг улдан эсэргүүцэгч хэсэг нөхөд Израилийн тэр хана ямар амжилт дагуулсан талаар эш татан ярьж байна лээ. Мэдээж Израиль Улс бол алан хядагчдын хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн ойрын бай нь учраас манайхтай харьцуулахад байнгын дайралтад өртөж байдаг нь үнэн. Тиймээс израильчууд хана барих төсөлд гар татаагүй байх.
Олон хүмүүс үүнийг мэддэггүй ч Мексик хүртэл хууль бус цагаачдаас улс орноо хамгаалах хана босгосон ард түмэн шүү дээ. Тэгэхээр хана барих бүрэн боломжтой. Бидэнд угаасаа олон загвар бий шүү дээ: Юума, Аризона гэх мэтчилэн. Бид 75 ярд газраар тусгаарлагдсан гурван том хана босгосон бөгөөд зөвхөн хилийн эргүүлүүд шалгалт хийх зорилгоор түүгээр явдаг. Тэнд хяналтын камер, радио станц, радар болон гэрэлтүүлгийн систем суурьлуулсан байгаа. Хана баригдсаны дараа 120 бээр урттай Юумагийн даланг барьж, манай улсад хууль бусаар нэвтрэх оролдлого хийгчдийн тоог 72 хувиар бууруулж чадсан. Миний босгох хана илүү давуу байх болно.
Хана барих угсралтын ажлыг аль болох яаран эхлүүлэх хэрэгтэй. Зардлыг нь Мексикийн тал гаргах болно. Би дахин хэлэе: Мексик төлбөрийг хийнэ.Яаж? Бид хилийн хураамжаа нэмэгдүүлэх болно. Түр оршин суух визийн хураамжаа өсгөнө. Тэгээд зогсохгүй бид банкны гуйвуулгын мэдээллийг ашиглан хууль бус цагаачдын цалинг гацаана. Гадаадын Засгийн газрууд бидэнтэй үл ойлголцохгүйн тулд Элчин сайдын яамнаасаа тусламж хүсэх нь тодорхой.
Шаардлагатай бол бид гадаад худалдааны тариф болон Мексикт үзүүлдэг гадаадын тусламжийг зогсоосон ч болно. Эсвэл хана босгох төлбөрийг төлөх нь АНУ-тай маш ашигтай харилцаагаа хадгалах боломж гэдгийг Мексикийн Засгийн газарт тодорхой ойлгуулж болно.
Ямартай ч зардлыг тэд гаргах ёстой. Босгосон хана хэрэмнийхээ хаа нэгтэй маш том, үзэсгэлэнт дааман хаалга гаргаж болно шүү дээ. Түүгээр хууль ёсны цагаачид, хүмүүс орж, гарч байг. Хана барих нь дөнгөж эхлэл юм. Цаашаа хийх зүйл илүү олон байна. Хана барихгүй л юм бол бусад шийдлүүд нь цэцэрхэх дуртай улс төрчдийн амны зугаа болно.
Бид энэ асуудлыг хяналтандаа авах гэж лав сүүлийн 75 жил тасгалтгүй оролдлого хийж иржээ. Янз бүрийн шийдлүүдийг туршиж үзсэн ч эцэст нь хууль бус цагаачдын тоо замбараагаа алдсан байна. Ерөнхийлөгч Эйзенхауэр манай өмнөд хилийн хууль бус цагаачидтай тохиролцоо хийх гэж оролдсоныг түүхнээ “гутамшигт ажиллагаа” хэмээн нэрлэсэн аж. Хэдийгээр эвгүй нэртэй ч сайн хөтөлбөр байсан. Зорилго нь Цагаачлалын алба болон Мексикийн Засгийн газар хамтран хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэх явдал байлаа. Үйл явцыг түргэвчлүүлэхийн тулд Цагаачлалын албаны тусгай баг байгуулагдаж, хууль бус цагаачдыг баривчлан, нутаг руу нь буцааж байв. Энэ төлөвлөгөө бүтэлтэй болсон шалтгаан нь баривчлагдсан хууль бус цагаачдыг Мексикийн Засгийн газарт хүргүүлж, тэднийг Мексикийн төв рүү нүүлгэн, ажлын байраар хангасан байгаа юм. Эхний жилдээ л нэг сая цагаачдыг нутаг буцаасан юм билээ.
Бидэнд нягт уялдаа холбоо бүхий хөтөлбөр хэрэгтэй. Тэгсэн цагт цагаачлалын асуудал бидний хяналтад байх болно. Ямартай ч эхний алхам бол хуулиа сахин, биелүүлэх. Манай улсад цагаачлалын хууль байдаг эсэх нь ч ойлгомжгүй. Сахиж мөрдөхгүй юм бол яах гэж хууль тогтоодог болж байна вэ? Гэмт хэрэгтнүүдийг оруулахгүй байх нь нэг хэрэг. Саар хүмүүсээс газар нутгаа хамгаалахын зэрэгцээ гэмт хэрэгтнүүдийг хөөж гаргавал зохино. Та хууль зөрчсөн бол манай улсаас гарах ёстой. Ийм энгийн. Бид гадны гэмт хэрэгтнүүдийг өөрийн шоронд суулгаж, нэмэлт зардал гаргах ямар шаардлагатай юм бэ? Тэд эх орондоо очиж, асуудлаа шийдүүлэх хэрэгтэй шүү дээ. Хэрэв эх орон нь хүлээн авахаас татгалзвал хууль бус зочид манай улсыг бузарлахаас урьдчилан сэргийлэхийн тулд тэр улсын иргэдэд виз олгохоо зогсоож болно.
Мөн хана барьж дуусах хүртэл хилийн хяналтын албан хаагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн хилийн албан хаагчдад шаардлагатай бүхнийг хангасан ч энэ хүнд хүчир ажлыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа нь мэдээж. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар цагаачлалын хууль сахиулагч 5000 орчим албан хаагч 11 сая хууль бус цагаачдыг асуудлыг шийдвэрлэх гэж ажиллаж байна. Гэтэл Лос-Анжелесын цагдаагийн хэлтэс 10000 албан хаагчтай. Нью-Йоркийнх бүр 35000. Есдүгээр сарын 11-ний явдлаас болж хилийн албан хаагчдын тоог гурав дахин нэмэгдүүлсэнд Цагаачлалын албыг түүндээ тооцоогүй юм.
Албан тушаалын шатаар өгсөгч манай улс төрчид үндэсний хэмжээний “Е-баталгаажуулалтын систем” гэж ярих дуртай. Уг системийн тусламжтайгаар ажил олгогчид хууль бус цагаачдыг таньж, ажил олгохгүй байх боломжтой гэнэ. Нэг талаараа энэ шийдэл америкчуудад ажлын байр бий болгосон. Гэвч өөрсөддөө шударга байцгаая л даа. Манай “удирдагчид” хууль бус цагаачлалыг зогсоохын тулд гадны Засгийн газруудтай хамтран ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг бизнес эрхлэгчдэд даатгачихаад, ганц цахим системээр улсын хэмжээний цагаачлалын асуудал шийдвэрлэх мэт ярьж суух нь зохисгүй хэрэг.
Орогнол хүсэгчдийг хүлээн авах хотуудад холбооны тэтгэмж өгдөгийг бид зогсоох ёстой. Тэд бол холбооны хуулийг дагаж мөрдөхөөс татгалзсан, үнэн хэрэгтээ бол гэмт хэрэгтнийг өөгшүүлэгчид. Бид үүнийг зогсоох ёстой. Би дахин асуумаар байна. Манай улсад хууль журам гэж байна уу?
Мөн визийн журмыг даган мөрдүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна. Виз олгогдсоноор тухайн гадаадын иргэн манай улсад оршин суух хууль ёсны эрхтэй болдог ч визийн хугацаа нь дуусмагц хууль бус оршин суугч болно. Гэтэл тэд баривчлагдсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Энэ завхралыг зогсоох хэрэгтэй. Бид визийн хугацаа хэтрүүлсэн хууль бус оршин суугчдад шийтгэл ногдуулах ёстой. Би ярихаас өөр ид шидгүй улс төрчдөөс залхаж байна. Ерөнхийлөгч Обама болон түүний хүмүүс захидал илгээж, мэдээ нийтлэхдээ туйлын сайн. Гэтэл тэднийг үл ойшоогчдод ямар ч муу зүйл тохиолддоггүй.
Үүнээс долоон дор нэг асуудал байна. Америкт төрсөн хүүхдэд иргэншил өгөх асуудлыг зогсоох хэрэгтэй. Америкийн иргэн болно гэдэг том хувь тохиол, завшаан билээ. Үнэлж баршгүй их аз. Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтөөр АНУ-д төрсөн хүүхэд шууд АНУ-ын иргэн болно гэж заажээ. Ингэснээр тухайн хүүхдийг дагаж гэр бүл нь Америкт үлдэх болдог. Энэ бол хууль бус цагаачдыг татах аварга том соронз л гэсэн үг.
Уг нь 14 дэх тэрхүү нэмэлт өөрчлөлтийг баталсан анхдагч зорилго нь өөр байсан юм. 1868 онд Иргэний дайны дараахан уг нэмэлт өөрчлөлтийг баталсан нь боолын нийгмийг халахын тулд АНУ-д төрсөн боолын хүүхдүүдийг шууд манай улсын иргэн болгохоор Үндсэн Хуулиар эрхийг нь баталгаажуулахыг зорьсон байжээ.
1898 он хүртэл Дээд Шүүх уг нэмэлт өөрчлөлтийг баримтлаагүй юм. Арван дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийн заалт нь АНУ-д хууль ёсоор оршин суугчдын АНУ-ын нутагт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох тухай байсан ба олон шалтгааны улмаас америкчууд энэ бодлогыг өөрчлөхийг хүсч байлаа. Ардчилсан үзэлтэн Харри Рэйд хүртэл “Ямар ч эрүүл ухаантай улс орон хууль бус цагаачдын хүүхдэд иргэншил өгөхгүй байсан” гэсэн байдаг. Тэгвэл жилд 300 000 орчим ийм хүүхэд төрж байна. Эх нь “өмнөд”-өөс ердөө ганц хоногийн өмнө манай хилийг хууль бусаар давж орж ирсэн байхад бид хүүхдэд нь Америкийн иргэн гэгдэх хүндэт эрхийг олгодог. Зарим нь бүр хуурамч баримт бичиг бүрдүүлээд л манайд ороод ирдэг. Хууль бус цагаачдыг оруулдаг бүхэл бүтэн бизнесийн сүлжээ байна. Үүнийгээ “шинээр мэндлэгсдийн аялал” гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд манай улсад хүүхдээ төрүүлэх гэж аялдаг. Учир нь хүүхэд нь төрмөгцөө манай улсын иргэн болно. Иргэншил гэдэг энэ мэтчилсэн цацаж байдаг бэлгийн карт биш. Би энэ бодлогыг зогсоох хуулийн арга замыг олох болно. Арван дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийн зорилго нь хэн хүнгүй иргэншил олгоход оршдоггүй гэдгийг манай ухаалаг иргэд, тэр тусмаа хуульчид сайн мэднэ. Бид энэ хуулийг ахин дахин нягтлана, судлах ч болно. Тэгээд шүүх болоод Конгрессыг унагана гэдэгт итгэлтэй байна.
Надад хууль ёсны цагаачдыг хориглох ашиг сонирхол байхгүй. Харин ч бүр зарим нэг онцгой зорилгын улмаас цагаачлалын бодлогыг шинэчилж, хууль ёсны цагаачдын тоог нэмэгдүүлмээр байна. Манай одоогийн цагаачлалын хууль урвуу үйлчлэлтэй гэхэд хилстэхгүй. Хэрэгтэй хүмүүст хатуурхдаг атлаа хэрэггүй хүмүүсийг уриалгахнаар оруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрт амьдрагч сод ухаантай, хөдөлмөрч хүмүүст манай улс соронз л гэсэн үг. Тийм байтал Америкт хууль ёсоор суурьших үйл явц тун төвөгтэй. Энд ирж магистрын зэрэг эзэмшчихээд, ур чадвараа хөгжүүлэн, эргээд манай улсад хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүс олон жилийн урт дараалал хүлээх хэрэгтэй болдог нь үнэхээр харамсалтай. Үнэнийг хэлэхэд тэдний олонхийн хувьд дараалал нь хэзээ ч ирэхгүй. Сийрэг толгойтой залуу хүмүүс манай коллежуудад суралцахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирж, шилдэг боловсрол эзмшдэг. Тэгээд нэг гартаа дипломоо, нөгөө гартаа нислэгийн тийзээ бариад буцах хэрэгтэй болно. Тэд хууль журмыг сахидаг шударга хүмүүс болохоор тэр. Тэд үлдэхийг хүсдэг ч бид зөвшөөрдөггүй учраас нутагтаа буцаж очоод манайд сурсан мэдлэгээ бидэнтэй өрсөлдөхөд ашигладаг.
Гэтэл гэмт хэрэгтнүүд, хоосон толгойтнууд болон ялтнууд л манай улсын хаа нэгтэй шингэж, ямар нэг байдлаар нийгмийн халамж, тэтгэмж хүртээд, хэзээ ч явахгүйгээр шигддэг. Цагаачлалын оновчтой бус ийм бодлогыг халах нь туйлаас шаардлагатай бөгөөд зөв зүйтэй юм. Манай цагаачлалыг бодлого АНУ-ыг дахин хүчирхэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой.
Цагаачлалын асуудлаар миний баримтлах бодлого үнэндээ маш энгийн юм. Хуулийн заалтуудыг өөрчилж, бидэнд тус нэмэр болох, хэрэгцээтэй хүмүүст боломж олгохын зэрэгцээ хууль бус цагаачид, гэмт хэрэгтнүүдийн бүх боломжийг хаана. Би дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг хүмүүс манай улсад цуглан, хууль ёсоор оршин суугаасай гэж хүсч байна. Бид АНУ-д цагаачлах үйл явцыг хялбарчилж, цагаачдын амжилтыг урамшуулан дэмжих болно. Хамгийн гол нь хуулийг сахин биелүүлэх нь чухал. Харин манай системийн сул талыг ашиглан, хууль бусаар оршин суугч цагаачдын хувьд ямар ч ашиг тус, халамж, тэтгэмж байх ёсгүй. Тиймээс би бичиг баримтгүй ажилтнууд болон хууль бус цагаачдад иргэшил өгөх асуудлыг огтоос хүлээн зөвшөөрдөггүй.
Тэд гэртээ хариад, дарааллаа хүлээх нь зүйтэй. Энэ асуудлаар хэн надтай санаа нийлдэг гэж санана? Мексикчүүд ба хятадууд. Мөн дэлхий дахинд визийн дарааллаа хүлээж суугаа, Америкт амьдрах хүсэл эрмэлзэлтэй боловч тогтоосон квотод багтаж чадаагүйн дээр сая саяараа манай улсад хууль бусаар орогногчдыг харж буй тэдгээр хүмүүс. Бид өөрсдийн ашиг сонирхлыг хэрхэн уландаа гишгэж байгааг харах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг. Хэрэв та хуулиа сахидаггүй бол хуульгүйтэй адил. Энэ нь ёс бус байдалд хөтөлдөг.
Бид өгөөмөр байж, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө явж болно. Гэвч Америкийн ард түмний аюулгүй байдал ба хөгжил цэцэглэлтийг тэргүүнд тавих нь зүйтэй. Бид улс орон, ард иргэд, хууль журмаа дээдлэх ёстой.
Номыг хөрвүүлж хэвлэсэн бизнесийн удирдлага & төрийн удирдлагын “Гүрэн” дээд сургууль
Монгол хэлнээ хөрвүүлсэн Сувын Мандухай
Хянаж ариусгасан проф.Дашдоржийн Баярхүү
Монгол хэлнээ хөрвүүлсэн Сувын Мандухай
Хянаж ариусгасан проф.Дашдоржийн Баярхүү
Улаанбаатар хот, 2017.01.15