Утааны хорm мананд умбасан
    Улаанбаатар нийслэл хот маань
    Үүрийн сүүмгэр гэгээн доор
    Шөнийн нойрноосоо сэрж байна
        Дутуу бариад царцаасан
        Үлэг гүрвэлийн араг яс гэлтэй
        Өндөр барилгуудын бараа
        Зэвхий даан харагдаж байна


Шүлгийг найз Х.Хангайсайхан бичжээ. Тэрээр цөхрөхдөө тэгж бичсэн. Утаанд бууж өгөөд ямар ч авралгүй боллоо гэдгээ зарлаж бичсэн хэрэг. Утаа ийм болох нээ, иймдээ тулах нээ гэдгийг олон жилийн тэртээ нийтлэлдээ бичиж байсан хүний нэг нь би бас байна.

Ардчилал ялахад л утаа аль хэдийнээ Улаанбаатарыг маань олзлоод авсан юм. Хаана оршин суух газраа чөлөөтэй сонгох сонголт л Улаанбаатарыг маань алах юм байна даа хэмээн шинэ Үндсэн хууль баталж байх үест миний санаанд буусан, тэр бодолтойгоо явсаар өнөөг хүрч байна.

Утааны эсрэг эцэг, эхчүүдийн жагсаал, “Боож үхлээ” жагсаал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Утааны эсрэг урлагийнхан, бусад ТББ-ууд, нийслэл рүү шилжихийг нэг жил хориглох гэх мэт нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Эзэн холбогдогчгүй тэнгэрт суунаглах утаат агаартай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Тэр бол буруутан нь биш. Эзэн холбогдогч нь хүн, тодорхой хэлбэл гэр хорооллын монголчууд. Хэрэв эзэн холбогдогчтой нь тэмцэхгүй бол энэ янзаараа дээр доргүй санаа зовинон, элдэв шийдэл хайсаар байтал 20-30 жил Улаанбаатарын хорт манан хэзээ ч арилахгүй, энэ бол миний үзэл бодол.

Монгол Улс дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө өнгөн дээр хүрч байж утааны аюулыг мэдэрсэнд нэг талаас хорин хэдэн жилээ тооцоод харамсмаар, харин тийм иргэний зориг гарган томоос  том хүчтэй дуугарсан Ц.Элбэгдоржид бол талархмаар. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо хэмээн тэрээр 2009 онд анх удаа хэлж байжээ. Гэтэл энэ 8 жилд УИХ, Засгийн газар нь дэмжих нь яав?

Одооноос ийм хороо ажиллах болжээ. Том дэвшил мөн. “Ерөнхий сайд толгойсон гамшгийн үеийн онцгой байдлын хороо”– Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараахи Зөвлөлт улс нүднээ буух шиг. Өтгөн хорт утаанд умбасан өнөөгийн Улаанбаатар чинь жижигрүүлсэн Чернобыль болчихоод байгаа бус уу?

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт үгүй боллоо гэдгийг Төрийн тэргүүн 2017 он гараад бүр ч зоригтой хүлээн зөвшөөрлөө. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн гамшиг хэмээн шууд нэрлэлээ.

Нэрлэхийн сацуу гэм буруутныг шууд зааж өглөө. Миний олон жил хүсээд байснаар гэм бурууран нь монголчууд гээд нэрлэчихлээ.  Утаа гаргаж байгаа зуухны ард монгол хүн сууж байдаг, утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол гэлээ.

Энэ их гамшгийг төр, засаг ийнхүү саяхнаас ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон нь том дэвшил юм. Тэгэхдээ нэгдсэн шийдэлд хүртлээ ихээхэн зүрх зориг шаардсан ажил өрнүүлэх ёстой. “Ихээхэн зүрх зориг” гэж юуг хэлэв? Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас монгол хүнийхээ эсрэг, монголчуудынхаа эсрэг, тодорхой хэлбэл хорт утааны 80 хувийг хувийн зуухнаасаа үйлдвэрлэж суудаг гэр хорооллын борчуудын эсрэг ажиллах зүрх зориг гаргана, тэдэнд өршөөлгүй хандана гэсэн үг шүү дээ.



Монгол гэр, шавар амбаарт суугчдыг өрөвдөх хэрэггүй, тэднийг ичээ, илчил гэж Төрийн тэргүүн хэллээ. Ичтэл нь илчлээд өгөхөөр утаа гаргадаг үйлдлээ зогсооно гэлээ. Улаанбаатар хот руу шилжин ирэлтийг хоригло гэж бараг хэллээ.

-    Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна.

Ардчилал хамаагүй, түүнд бүү найд гэсэн санаа энд явж байна. “Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй” – ямар гайхамшигтай эшлэл вэ?

Улаанбаатар руу уриалан дуудахаа боль хэмээн хойш хойшдын улс төрчдөд Төрийн тэргүүн маань анхааруулж сэрэмжлүүлжээ. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэе гэдгээр нийслэлийн даац хэтэрснийг багасгая зогсооё гэсэн санаа цухалзжээ.

Нэг сая гурван зуун мянган давсан нийслэлийн хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе хэмээн Төрийн тэргүүн тун зоригтой уриалжээ.

Гэхдээ түүний хэлээгүйг би нэмээд хэлчихмээр, шийдвэр гаргагчдад санаа сэдэл өгчихмөөр санал бас байна. “Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” хэмээн ноён Ц.Элбэгдорж хэлсэн нь хэнэггүй монголчуудад нөлөөлөхгүй байж магад хэмээн би тун эмзэглэж байна. Яриад өнгөрдөг, хэрэгждэггүй монгол зан үлдчих вий! “Монголын хууль гурав хоног” гэдэг дээ!

Орон нутгийн удирдлага гэдэг нь аймaг, сумдынхаа уугуулуудыг Улаанбаатараас татаад авчихдаг ид шидтэн биш, харин эдэнд албадлагын хүч нэмэх хэрэгтэй. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү буцах хүн нэг бүрт, айл өрх нэг бүрт хуваарилаад хөдөө аймаг руугаа нүүх хөшүүрэг болгон, нүүгсдийг “худалдан авах” хэрэгтэй. Эргэж Улаанбаатарт нүүж ирэхээргүйгээр хуулийн зохицуулалт хийж өгнө гэсэн үг. Хэрэв төрөөс мөнгө авч нүүчихээд тэр мөнгөө идэж ууж, үрчихээд эргээд нүүж ирнэ гэвэл ёстой гонж гэтэл нь хуульчилж өгөгтүн. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төсөл хэрэгжүүл хэмээн Төрийн тэргүүн хэллээ. Үүрэг болголоо. Энэ рүүгээ ч яаралтай орогтун, Засгийн газар аа, УИХ-ын гишүүд ээ!

Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах мэргэн арга бол нийслэлийн газрыг үнэ хаялцуулан худалдаалах явдал байж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийн  өртгийг өсгөөд өг. Хэн ч авч чадахааргүйгээр үнэ хүргэ. Энэ бол хялбар биш. Утаа үйлдвэрлэгчдийг нүүж дүрвэтэл нь газраар нь хавчаад өг. Хотжихгүй, соёлжихгүй байвал өршөөлгүй гэдгийг нь мэдрүүлээд өг.

Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах бас нэг мэргэн арга бол өндөр торгууль. Хорт утаа ялгаруулах гал түлбэл торгууль ногдуул. Түлэхгүй болтол нь, эсвэл Улаанбаатараас дүрвэж гартал нь торгоод өг. Олон удаа торгуулиад ирэхээр нийслэлээс явахын түүс болно.

Улаанбаатар ирээдүйгүй хот боллоо гэдгийг ноён Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрснөөрөө маш том  иргэний зориг гаргалаа. “Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан”– энэ ч бас анх удаа хэлэгдлээ. 

-    Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй.

Ийнхүү утаан дотроо угаартан хахаж цацан, өвчлөн суухын оронд нийслэл хотоо Хархорин руу шилжүүлэх тухай Ц.Элбэгдоржийн 12-13 жилийн өмнөх санаачилгыг хүлээн авах минь яав даа гэх харуусал манайханд цухалзсангүй юү, эсвэл тэгснийг нь хэвлэлүүд мэдээлсэнгүй юү? Энэ талаар бичсэн, ярьсан, хэлэлцсэн нь алга. 1997 онд бидний хэсэг анд нар “Эртний Хархорум” төсөл санаачлан, хожмын шинэ нийслэлийн суурь болох “Түмэн амгалангийн ордон”-ы шав тавих ёслол 1998 онд “Их хурд” наадмын үеэр зохион байгуулж, тэр үеийн УИХ-ын дарга, гишүүдийн урьж залан хөөрцөглөж байснаа эргэж сануулъя.

Хасаг ах дүүсээсээ нэрэлхэлгүй суралцмаар туршлага байна санж. Гуравхан жилийн дотор нийслэлээ бүсийн жижиг төв байсан Астана руу бүрмөсөн шилжүүлж тэд чадсан шүү дээ. Астанад тэр үед 300 мянган хүн амьдарч байсан бол одоо нэг саяас илүү хүн амьдарч байна. Астана нь ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай, экологийн цэвэр хот. Дөрвөн уулын дунд утааны хорт угаарт хахаж цацан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчуудад Назарбаевын энэ туршлага хэрэг болох нь гарцаагүй мэт.

Хархорин Астана болчихмоор санаанд буухгүй бол эхлээд Улаабаатарын том том захууд, хувийн ба төрийн мэдлийн ихэнхи их дээд сургуулийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Ер нь Улаанбаатараасаа хагас сая хүн амыг яаралтай шилжүүлэх хэрэгтэй. Хөдөө орон нутаг, аж үйлдвэрийн парк хот, уул уурхайн хотууд ажиллах хүчнээр дутна. Тэнд жинхэнэ аз жаргал угтана хэмээн сурталдая, албадая, урамшуулъя.

Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас тэдний эсрэг, гэр хорооллын борчуудын эсрэг ажиллах зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!

Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй ээ!