Психоанализ ба буддизм
Буддизм ба психоанализийн ухагдахуунуудын адил болон ялгаатай тал буддизм нь бодгаль дотоод төгөлдөржилт буюу Нирваанд хүрснээр Орчлонг гэтлэн зовлонгоос хагацаж, амгаланг олно хэмээн номолдог.
МУИС-ийн Буддын Соёл Судлалын Төв
Шилдэг илтгэл уралдаан 2005 он
УДИРТГАЛ
Буддизм болон психоанализ нь хүний амгалан жаргалангийн тусын тулд сэтгэлийн дотоод мөн чанарыг судлан практик ажиллагаанд хөтөлдөг хоёр тусдаа систем билээ. Уг хоёр систем нь тухай бүрдээ Дорнын болон Өрнийн сэтгэлгээний шинж төрхийг агуулдаг. Буддизм эхэн үедээ номлолын систем нь задгай, хатуу догмагүй байсан тул хөгжлийнхөө явцад улс үндэстэн (Азийн) бүрийн реалистик сэтгэлгээний хэв маягийг Энэтхэгийн рациональ болон абстракт сэтгэлгээтэй сүлэлдүүлэн өнөөгийн төрхөө олжээ. Харин психоанализ нь Өрнийн хүмүүнлиг рационализмийн үр хөврөл, гэхдээ XIX зууны үеийн рационализмын хараанд өртөөгүй байсан хар хүчний эрэл юм. Уг сурвалжийг нь хайвал Эртний Герегийн цэцэн ухаан, жүүдийн ёс зүйд тулж очно. Психоанализ болон буддизмийн хүний сэтгэлийн мөн чанарыг судлан түүнийг хэр буртагаас нь салгах гэсэн практик ажиллагааны адил талыг эс тооцвол хоорондоо асар их ялгаатай. Психоанализ бол шинжлэх ухааны арга барилыг удирдлага болгодог шашнаас ангид зүйл. Харин буддизм нь шинжлэх ухааны “арга хэрэгсэл”-ээр нотлогдошгүй мистик зүйлийг эрхэмлэн “гэгээрэл”-д хүрэх арга зам буюу туршлагыг гол үйл хэргээ болгогч Дорнын нэгэн шашин юм. Шашин, шинжлэх ухааны энэ хоёр төрөл зүйлд адил төсөөтэй тал байна уу, байж болох уу? Энэ ажлаараа дээрх асуултад хариулахыг хичээнэ.
Шинжлэх ухаан, шашин хоёр хүний үйл ажиллагааны хэзээ ч эвлэршгүй салбарууд мэт санагддаг. Сүм хийдэд сүсэгтэн үнэн магадтай нь эргэлзээгүй ариун дээд бурханд мөргөж залбирдаг бол эрдэм шинжилгээний лабораторид аливаа санаа сэдлэгийн үнэн эсэхийг магадлахын тулд туршилт, судалгаа явуулдаг. Гэвч ямар нэг метафизик санаагүйгээр шинжлэх ухааны аливаа нээлт хийгдэж байгаагүй билээ. Тэгээд ч “шинжлэх ухааныг рационализм ба оюунжилтаас ангижруулах нь тэнгэрлиг бүхэнтэй нэгэн амьдралтай байхын гол урьдчилсан нөхцөл юм”1. Хэдийгээр ертөнцөд хандах аргын хувьд огт адилгүй боловч тэдний эцсийн зорилго нь оршихуйн мөн чанарыг нээж амьдралын утга учрыг харуулахад оршдог.
Академик шинжлэх ухаан психоанализийг шинжлэх ухаанч бус хэмээн сэжиглэдэг. Зарим талаар К.Попперийн фрейдизмийг шүүмжилсэн санаа зөв билээ. Психоанализийн таамаглаж буй туршлага нь онолоосоо хамаарахгүйгээр түүний алдаа оноог шүүж болох гипотик-дедуктив аргад өртдөггүй юм. Психоанализийн эмпирик өгөгдлүүдийг хянах механизмгүй учир туршилтын буюу “нүдэнд үзэгдэж, гарт баригдах” шинжлэх ухаан болж чаддаггүй. Энэ талаас нь шүүмжлэхэд хэврэг мэт боловч ямар нэгэн далд чандад итгэх онгодгүйгээр шинжлэх ухаан цаашид хөгжих аргагүй. “Шинжлэх ухааны ямар ч таамаглал нь бидний хүслээр бус өөрийн зоргоор гарч ирдэг. Дан хэрсүү тооцоогоор юу ч олохгүй”2. Олж үзсэн ер бусын зүйлдээ ихэд сэтгэл татагдан түүнийхээ хар барааныг зарим талаар хэтрүүлэн үнэлсэн З.Фрейдийн алдааг нь уучилж, ололтыг нь шалган магадлах нь зөв биз ээ. Тэрээр тухайн үедээ “психоанализ нь хэсэгхэн хугацаанд л анагаах ухаан, философи хоёрын дундын байдалтай байгаа юм” хэмээн бичиж байв. Мөн үүний сацуу байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшил нь психоанализд шинжлэх ухаанч, баттай үндэслэл бий болгоно хэмээн найдаж байсан юм.
Буддизм ба психоанализийн ухагдахуунуудын адил болон ялгаатай тал буддизм нь бодгаль дотоод төгөлдөржилт буюу Нирваанд хүрснээр Орчлонг гэтлэн зовлонгоос хагацаж, амгаланг олно хэмээн номолдог. Харин тэрхүү зовлонт “Орчлон бүтэхийн шалтгаан нь үйл, нисванис хоёр бөгөөд нисванис гол хүчин зүйл нь юм. Нисванис үгүй бөгөөс урьд хийсэн үйл хичнээн олон байлаа ч чийг, шороо зэрэг үгүй бол ногоо ургахгүйтэй адил үйл нь нөхцөлдүүлэх шалтгаангүй тул зовлонгийн ногоо дахин ургахгүй”3. Зовлонгийн шалтгаан болсон нисванис нь хүний сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмж, мэдлэгээр дамжин гадаад ертөнцөд илрэхдээ ёс суртахууны үнэлэмжээр сайн, муу үйлийг хийж байдаг. Сайн муу үйл нь бие, хэл, сэтгэлээр үйлдэгдэх ба тэдгээрийг тоймлон 10 хар нүгэл, 10 цагаан буян хэмээн ангилдаг. Хүний аливаа үйл хөдлөлийн цаад шалтгаан болдог ч ухамсарт өртдөггүй, гэхдээ гадаад илэрлээрээ өөрийнхөө оршин буйг хангалттай нотолдог сэтгэцийн далд үүтгэлийг буддизм “Нисванис” хэмээн оноон нэрлэжээ.
Хүн өөрөө ухамсарлахгүй байгаа сэтгэцийн энэ агуулгыг З.Фрейд анх анагаах ухаанд оруулсан юм. Ингэснээрээ хүний сэтгэл зүйн үйл явцыг дан ганц тархи буюу материаллаг зүйлтэй холбон тайлбарлах гэж хичээж байсан шинжлэх ухаанд томоохон дэвшил болсон билээ. Буддизм нь сэтгэлийн гурван гол шинж чанарын нэгийг “хэлбэр дүрсгүй” хэмээн тодорхойлдог бөгөөд З.Фрейд ч үүнтэй санал нийлсэн юм. З.Фрейд сэтгэцийн тэрхүү ухамсаргүй хэсгийг хүний сэтгэлийн бие даасан, ухамсараас хараат бус, эзэн биегүй байгалийн үүтгэл хэмээн тодорхойлсон байна. Энэхүү ухамсаргүй нь хүний амьдралд маш идэвхтэй оролцдог, чухамдаа бол хүний аливаа үйл хөдлөлийг захирч байдаг хэмээн үзжээ. Хүний амьдралыг “далдаас” удирдан жолоодож байдаг сэтгэцийн ухамсарлагдаагүй агуулгыг хэдийгээр өөр өөрийнхөөрөө нэрлэсэн ч тийм хар хүч байгааг буддизм болон психоанализ нь дуу нэгтэйгээр зөвшөөрдөг. Харин буддист нь ухамсарт хялбар өртөхгүй байгаа боловч гай балгаараа оршин буйгаа нотлогч хар толбыг бүрэн цэвэрлэн, арилгаж болно гэдэгт Ялж төгс нөгчсөн Буддагийн номлолд дулдуйдан итгэж байдаг бол З.Фрейдийн хийсэн гаргалгааг гутранги гэж үнэлж болно.
З.Фрейд өөрийн ажиглалтаараа хүний сэтгэлийн гүнд эцэс төгсгөлгүй сөргөлдөөн болж, харилцан буулт хийх зэрэг хөл толгойгүй үйл явцыг олж харжээ. Нэг зөн совин нөгөөтэйгээ зөрчилдөж, биологийн сэрлийг социал хорио цээр боомилон, илрэн гарсан арга хэлбэрүүд нь бие биедээ харшилах аж. Тэрээр энэ бүх эмх цэгцгүй байдлыг хүний сэтгэлийн үндсэн бүтэц болгон эрэмбэлж тэдгээрийг Ид, Эго, Суперэго гэж нэрлэжээ.
Ид ба Нисванис
Өөрт нь урам зориг нэмсэн ч гэлээ басхүү итгэл найдварыг нь мохоосон тэрхүү байгалийн хар хүчийг З.Фрейд “Ид” гэж нэрэлжээ. Ид нь “хүнд аяндаа үүсэн бий болж хэлбэршдэг зөн билгээс ангид, сэтгэцийн анхдагч тодорхой бус хэлбэр бөгөөд биднийг төрөхөд л аяндаа өвлөгдөн ирдэг”4 байна. Хутагт Шивалхагийн онож хэлснээр “миний дайсан Нисванис нь магад эхлэл төгсгөлгүй”5 тэргүүлшгүйгээс хүнтэй хамт төрж зовлонгийн шалтгаан болдог. Энэ нь дан ганц байгалийн гаралтай, түүнд хүний бүх анхдагч дур хүсэл хуралдсан байдаг аж. Эндээс л хүний сэтгэцийн бусад хэлбэрүүд (Эго, Суперэго) урган гардаг боловч өөрөө хэлбэр дүрсгүй, эмх цэгцгүй ажээ. З.Фрейдийн Ид нь нэгдүгээрт бэлгийн дур хүсэл, хоёрдугаарт үхэх хүсэл бөгөөд үхэх хүсэл нь гадагш хандахаараа эвдэн сүйтгэх дур хүсэл болдог гэнэ.
Харин буддизм Нисванисийг Мунхаг, Урин, Тачаангуй тэргүүтэй 84 000 зүйл хэмээн тооцдог. Дээрх гурван нь гол Нисванисууд бөгөөд тэд бүгд Мунхагаас төрж зовлонгийн хүрдийг эргүүлдэг хэмээн Ялж нөгчсөн айлдсан билээ. Зонхов “Бодь мөрийн зэрэг”-тээ Тачаангуйг: гадаад ба дотоод орны сэтгэлд таатай (зүйл)-д зоригдон даган тачаана, үлгэрлэвээс даавуунд шингэсэн тосыг арилгах бэрх шиг өөрийн зоригдолдоо шунсан мэдрэмж (ханамж)-ийг зорилгоос нь холдуулах хэцүү6 хэмээн тодорхойлжээ. Үүнийг дан ганц бэлгийн дур хүсэл гэж ойлгоход учир дутагдалтай боловч аливааг эзэмдэж, хүслээ хангах гэсэн зорилго нь Идтэй агуулгын хувьд давхцуулж байгаа юм. Идийн хоёрдогч шинж чанар буюу үхэх хүслийг Уринтай жишиж үзэхийн тулд дахин “Бодь мөрийн зэрэг”-ээс эшлэл авъя. Урин нь: амьтныг зовоох ба мэс, өргөс зэрэг зовлон учруулах оронд зоригдож бүх сэтгэл нь эзлэгдээд догшин сэтгэлээр орнуудад хор үйлдэхийг санах7 гэжээ. Энэ тодорхойлолтыг тэр чигээр нь үхэх дур хүсэл гэж ойлгоход хангалтгүй. Харин Нисванисын эрхээр “зарим нэг нь өөрийгөө егүүтгэн халил газраас харайж, хор мэтийн зохисгүйг идэж, өөрийгөө хорлох нь ч буй. Нэгэн цагт Нисванисийн эрхэнд орж өөрийгөө зовоон сүйтгэгчид бусдын биеийг хорлохгүй байна гэж хаана байх вэ”8 гэсэн хутагт Шивалхагийн үг Урингийн агуулгыг илүү тодорхой болгож байна.
З.Фрейд Идийг хэт биологчилон үзэж дан ганц байгалийн феномен, секс-биологийн дур хүсэлд хамааруулсан нь өрөөсгөл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Ингэснээрээ хүний сэтгэцийн нэг тал болох ухамсаргүйн үүтгэлд хамаг эрх мэдлийг атгуулан бодгалийн рациональ чадавх, “чөлөө учрал” буюу эрх чөлөөний үнэ цэнийг бууруулсан юм. Харин буддизм нь хүний зовлонгийн шалтгааныг зөвхөн секс-биологийн ухамсаргүй хүчнээс бус рациональ хүрээнээс ч илрүүлжээ. Ингэснээрээ буддизм нь психоанализийн үүднээс бол Идийг арай өөр өнцгөөс харах боломж олгож байгаа юм. “Ялгуулсан бээр Тачаангуй зэрэг бусад Нисванисын ерөндгийг номлосон нь (нисванис) тус бүрийн ерөндөг бөгөөд Мунхагийн ерөндгийг номлосон нь бүхний ерөндөг болох тул Мунхаг нь хамаг гэмийн үндэс юм”9. Мунхаг нь юмс үзэгдлийг царцанги байдлаар мөнх, тасархайн үзлээр харах явдал өөрөөр хэлбэл ертөнцийг субстанцит оршихуй мэтээр тусгах ухаарал бөгөөд “ухагдахууныг эзэнд баримтлагч болон бодгалийг эзэнд баримтлагч нь хоёулаа Мунхаг болой”10. “Мунхаг нь бодгальд өөрийнхөө болоод юмс үзэгдлийн мөн чанарыг таньж, ухаарах боломж олгодоггүй. Тиймээс мөн чанарын хувьд хоосон ертөнцөд хэний төлөө, юутай хөөцөлдөөд байна вэ? гэдэг асуултыг өөртөө тавих ч сөхөөгүй байдаг. Хэрвээ Мунхаг ийм асуулттай таарвал амьд үлдэхийн төлөө энэ бүхнийг хийдэг гэж хариулна”11. Ийнхүү хэзээ ч баригдашгүй зэрэглээний хойноос хөөцөлдөн зовлонт орчлонгийн хүрдийг эргүүлсээр байх болно.
А.Лоренцер ортодокс психоанализийн гол бэлгэ тэмдэг Ид нь сүүлийн арван жилд лингвистик, сэтгэц судлал, философийн хүрсэн хөгжлийн түвшингөөс хол хаягдан12 бэлгэ тэмдэг байх чадвараа гээсэн гэж үзжээ. Ортодокс психоанализийн хүрээнээс хальсан орчин үеийн онол нь Идийг ухамсарт хэсэгт байр сууриа алдан хоёрдогч болсныг маш тодорхой харуулж байна гэж тэрээр батлаад ухамсаргүйн үүтгэл нь тодорхой нөхцөлд л чөлөөлөгдөн гарч ирдэг өдөөгч хэмээн үзэж байна. Гайхалтай нь А.Лоренцер эрэмбэ буурч хоёрдугаар зэрэгт очсон хуучны гол хүчин зүйл Идийг мөн л ”нисванис” хэмээн нэрлэж, бэлгэ тэмдэгтэй генетик холбоотой, динамик-эрчимлэг шинж чанартай тул бэлгэ тэмдэг болох бололцоотой бөгөөд ухамсартай хожуу сүлэлдсэн гэжээ. Чухам энэ санаа нь буддизм Нисванисын гол хүчин зүйлийг рациональ хүрээнээс хайж, түүнийг тодорхойлсонтой таарч байгаа юм. А.Лоренцерийн “нисванис нь обьект ба агуулгыг ялгаж чаддаггүй, нөхцөл байдалд түлхэц маягийн автомат сөрөг үйлдлийг үзүүлдэг. Мөн стереотип төрхтэй ба янз бүрийн зүүд, хийсвэрлэл, үйл хөдлөлөөр өөрийгөө илэрхийлж байдаг. Түүний үл өөрчлөгдөх шинж чанар болон нөхцөлд байдалд зохицон илрэх чадвар нь амьтны зөн совинг санагдуулна. Гэхдээ энэ нь хүний үйл ажиллагаанд л хамаатай юм”13 байна. Түүнийхээр бол ухамсаргүй Ид нь хэнд ч дийлдэшгүй зоргоороо авирлагч бус Эгогийн үйл хөдлөлтэй синтез маягаар илэрдэг. “Ай халаг, муу нисванис! Ухааны нүдэнд л баригдана, миний сэтгэлээс хаашаа холдох вэ?”14.
Хамгийн хүнд нүгэл, бүхний суурь болсон нисванис Мунхаг нь хүний өөрийн ухасмар буюу амьтны өөрийгөө хамгаалах зөн совин бөгөөд хүний хувьд зөвхөн өөрийгөө хамгаалах зөн болдог. Энэ нисванис нь бодгалийн “Би” хэмээх ухамсараас урган гардаг. Субьект бий болох агшнаа хүсэл тачаал, бодгалийн “Би” буюу өөрийгөө гэх ухамсар үүсдэг. Бүхний үндэс болсон хамгийн хүнд энэ нисванис нь Орчлонд хамгийн анх төрдөг ба нирвааны босгыг алхан ороход л хамгийн сүүлд унтардаг.
Эго ба Бодгаль
З.Фрейдийн Эго бол гадаад бодит ертөнцтэй харилцаанд ордог сэтгэцийн хэлбэр юм. Эго нь модны хальс мэт Идийг хамгаалж хариуд нь түүнээс эрчим хүч авч байдаг. “Гадаад харьцаанаас үүсэх мэдрэхүй, хүртэхүй ба булчингийн үйлдлийг ая зөнгөөрөө бий болдог хөдөлгөөнөөр удирдаж байдаг. Түүний үүрэг бол өөрийгөө хамгаалах. Гадаад үйл явцтай харьцахдаа түүний өдөөлтийг ухамсарлан (ой ухаанд) туршлага хуримтлуулж, хэрээс хэтэрсэн өдөөлтөөс ая зүйдээ таарсан руу нь зугатан, гадаад ертөнцийг өөртөө ашигтайгаар өөрчилж байдаг”15 ажээ. Эго бодит байдлын зарчмыг удирдлага болгон амьдралын обьектив нөхцөлд зохицохыг эрмэлздэг ч Ид нь хүслээ гүйцээж ханамж авах зарчмыг мөрдлөгө болгоно. Үүнээс үүдэн Эго, Ид хоёрын хооронд заавал тэмцэл үүсдэг. З.Фрейд үүнийг “Идтэй харьцуулахад Эго бол унасан мориныхоо ааглуу амыг аргалан тогтоох гэсэн морьтон лугаа адил. Хүн мориноосоо салж хагацахыг эс хүсвэл унааныхаа аясаар явах нь олонтаа. Үүнтэй адил Эго нь аанай л Идийн хүсэл шуналыг өөрийн зорилго мэт биелүүлж байдаг амой”16 хэмээн зүйрлэжээ. “Бодгаль гэдэг нь тэнгэр тэргүүтэн зургаан зүйлийн бодгаль хийгээд тус тусын төрөлхтөн, хутагтан бодгаль тэргүүтэн мөн. Тэр (бодгаль) нь хар, цагаан үйлийг хураагч, түүний үрийг амсагч ба орчлонд орчигч хийгээд гэтлэхийн төлөө мөр (бурханы шашин)-ийг бясалгагч, нирвааныг ологч тэргүүтэн болой17 хэмээх Зонховын тодорхойлолт З.Фрейдийн Эготой агуулгаараа дүйж байна.
Эго нь Идийг хэр хэмжээгээр эрхэндээ оруулснаас шалтгаалан үйл нь хар ба цагаан болж түүнийхээ үрийг амсдаг. “Бодгаль нь өөрийгөө бие даасан субьект хэмээн ухамсарладаг бөгөөд өөрийн ухамсараар хүрээлэн буй гадаад ертөнцөөс өөрийгөө салган үзэж, түүнд бодгаль “Би”-г эсрэгцүүлэн тавьдаг. Өөрийгөө хамгаалахыг маш сайн ухамсарлахын хэрээр зөвхөн өөрийгөө хамгаалах үргэлж өсч дэвжихийн зэрэгцээ бус таашаал авах, бусдад өөрийн эрхшээлийг тогтоох байдлаар хөгждөг”18 нь чухамдаа Эгогийн мөн чанар юм. “Орчлонд орчигч” гэдэг нь ертөнцийн амьдралыг сэрж мэдэрч, түүнтэй харьцахын хэрээр туршлага хуримтлуулан, бодит байдлаас тулган хүлээлгэж буй бүхэнд өөрийнхөө ая зөнгөөр хариу үйлдэл үзүүлэгч. Иймээс орчлонд орчигч бүхэн нь З.Фрейдийн агсам морины амыг залж ядан байдаг Эго болно. Маш сонин тохиолдлоор “үргэлж хичээнгүйлэн сэтгэлийн морины амыг залахад бэрх тул (сэтгэлд) таарч зохицох зуун хадааст хазаар нь орчлонгоос гэтэлгэгч”19 юм хэмээн Зонхов мөн л агсам мориор жишээ татан өгүүлсэн байдаг нь агуулгын хувьд Эго, Ид хоёрын харьцааг тодорхойлсон хэрэг.
Олоход бэрх энэ насны амьдралдаа хэрхэн хандаж, зорилгоо яаж тодорхойлж буй байдлаар нь бодгалийг Бага, Дунд, Их төрөлтөн хэмээн ангилдаг. Гэхдээ “орчлонгийн амгалан төдийхнийг эрхэмлэгч Бага төрөлтөн ба орчлонгоос гэтлэх төдийг л өөрийнхөө тусын тулд эрхэмлэгч Дунд төрөлтний мөрд хөтлөх бус, тэр хоёртой хамт бусад нийтийн мөрүүдийг Их хөлгөний мөрд хөтлөхийн бэлтгэл болгосноор Их төрөлхтний мөрийн гишүүн болгодог”20. Энд бодгалиуд янз бүрээр амьдралд хандаж, өөрийнхөөрөө зорилгоо тодорхойлдог болохыг Зонхов илэрхийлсэн гэж үзэж болно. Харин бодгаль бүрийг Их хөлгөний мөрд шат дараатай оруулах нь Зонховын хийсэн шашны шинэтгэлийн гол санаа билээ.
Суперэго ба Нирваан
З.Фрейдийн тодорхойлсон сэтгэцийн гуравдагч хүчин зүйл нь Идээс бус Эгогоос үүсдэг ажээ. Энэ бол Суперэго юм. Тэрээр Эгогийн үйл хөдлөл болоод санаа сэдлэгт хянагч буюу шүүгчийн үүрэгтэй. Суперэго нь ёс суртахууны ойлголт буюу хүний бий болгосон хорио цээр маягтай гэнэ. З.Фрейд Суперэгогийн үүргийг ёс журам дагах, өөрийгөө хянах болон эрхэм зорилгоо бий болгох гэж үзсэн байна. Шашин нь “түнэр харанхуй шөнө үүлэн завсраас түргэн зуур цахилгаан гялбахтай адил Бурханы хүчээр л хааяа нэг тив ертөнцөд төрдөг буян”21-д итгэх явдал. Ингэхдээ үнэт зүйлсийн шатлалыг тогтоож, халдашгүй ариун, ямар ч эргэлзээгүй чанарыг бататгаж өгдөг бөгөөд тэр зүйл нь буддизмын хувьд Нирваан юм. Нирваан гэдэг нь Нагаржунагийн тодорхойлсноор “Шүтэн барилдсан, эвдрэхгүй мөн төрөхгүй, тасархай биш мөнх ч бус, ирэхгүй басхүү одохгүй, ангид утгагүй нэг утгатай биш, туурвил бүр амирласан бодгаль”22 гэдэг маш өвөрмөц ухагдахуун билээ. (Нирвааныг Их, Бага хөлгөний болон үлдэгдэлтэй ба үлдэгдэлгүй гэх мэтээр ангилах нь байдаг боловч энд зөвхөн идеаль гэдэг ерөнхий утгаар нь авч үзнэ) Гэхдээ Нирваан нь бусад шашны бүтээгч Эзний адил субстанц биш, “өөрийн мөн чанараар төрөхгүй бөгөөд эвдрэхгүй тэр нь нирваан”23 болно. Хэрвээ эвдэрвэл нирваан нь тасархай болчихно, төрвөл мөнх болчихно, иймд ингэж өрөөсгөлдүүлэн үзэж болохгүй юм. Энэхүү эсрэг хоёр талыг шүтэлцүүлэх үндсэн дээр зөрчлийг шийдвэрлэж, дээд үнэн чанарт хүрсэн буюу Хоосон чанартай дүйж очсон түүнийг үнэхээр ухаарсан нь Нирваан болно гэсэн билээ.
Нирваан гэдэг нь Хоосон чанартай нэгэн утгатай бөгөөд “Мунхгаар энэлэгсдийн тусын тулд тачаангуйн аюулаас гэтлэн, ертөнцөд оршихуйн үрийг бүтээгч Хоосон чанарын үр болой”24. Тиймээс ч буддизмын хувьд Ид буюу Нисванис нь байгалийн хар хүч гэхээсээ илүүтэй ертөнцийн мөн чанарыг таниагүй Мунхаг оюун билээ. Харин психоанализийн ойлголтоор бол Эгогийн ухамсарт үйлдлээр Идийн бүх эрч хүчийг Суперэго болгон хувиргасан сэтгэцийн өвөрмөц төлөв юм. Буддизм нь бүтээгч эзэн тэнгэрээс аврал эрэх бус энэ ертөнцийн мөн чанарыг учир шалтгааны үүднээс танин мэдэхийг гол зорилгоо болгодог. Харин Хоосон чанар бол ертөнцийн бүх юмс үзэгдлийн дотоод гол чанар, тэдгээрийн орших байдлыг илэрхийлсэн категори билээ. “Төрөх, эвдрэх, орших ба буй үгүй ба, доорт сацуу ба ялангуяатыг Будда ертөнцийн томъёоны эрхээр номлосон”25 учир Суперэго ч Хоосон гэсэн үг.
Сублимаци ба Барамид
Психоанализийн үүднээс бол оюун санаа нь Идийг өөрийн хүсэл зорилгын эрхшээлд оруулахын хэрээр хүн амар тайван амьдрах учиртай. Социал чанар Идийг халз тулаанд ялахгүй нь мэдээж, учир нь Идэд хүний сэтгэхүйн бүх эрчим хуралдсан байдаг. Иймээс социал хүчин зүйлс Идийн бүдүүлэг дур хүсэлтэй үл нийцэх өөрийн зорилгыг хэрэгжүүлэх аргыг З.Фрейд “Сублимаци” гэж нэрлэжээ. Сублимаци гэдэг нь Идэд бургилан буй секс-биологийн эрчмийг анхны зориулалтаар нь бус харин оюуны зорилгод ашиглах явдал. Гэхдээ Идийн эрчим хүчийг бага ч болов ашиглахын тулд ухамсаргүйн хүрээнд зайлшгүй нэвтрэн орох шаардлагатай. Ингэж чадаж гэмээ нь Идийн бүдүүлэг дур хүслийг танин мэдэхүй, урлаг зэрэг эрхэм дээдэд тэмүүлэх хэрэгсэл болгон хувиргана. “Эдгээр хамаг гишүүн бүхнийг эрхэм билгийн тухайд Будда номлосон. Иймд энэлэл зовлонгоо амирлуулахыг хүсвээс билиг(барамид)-ийг үүсгэсүгэй”26 гэж хутагт Шивалха Сублимацийг тодорхойлжээ. Буддизм Сублимацийг зургаан Барамидаар дамжуулан томъёолдог ба тэдгээр нь Өглөг, Шагшаабад, Хүлцэнгүй, Хичээнгүй, Дияан, Билэг билгүүн болно.
Билиг барамидийг судалж, Тарнийн хөлгөнийг төгсгөсөн бодисад эглийн үзэгдлээс ангижран энэ хорвоогийн зүүд зэрэглээнээс сэрж, амгаланг олдог. Энэ нь зөвхөн Их хөлгөнд хамаарах бөгөөд орчлонгийн сүүлчийн хумх Нирвааныг олтол энэ орчлонг орхихгүй байх Бодисадын явдал мөр юм.
Дүгнэлт
Психоанализийн үндсэн ухагдахуунууд нь буддизмд хэрэглэгддэг ойлголтуудтай яв цав тохирохгүй байгаа ч ерөнхий агуулгаараа адил гэж үзэж байна. Мөн хүний сэтгэцийн бүтэц болон тэдгээрийн үүрэг функцуудыг тодорхойлсон нь дүйж байна. Иймээс орчин үеийн хамгийн шилдэг сэтгэл заслын арга психоанализийн үүднээс бол буддизм нь амар амгаланг олох шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд хамгийн төгс сургаал мөн. Төгс хэмээхийн учир нь З.Фрейд ухамсаргүй Идийн эрхэнд автаж, хэрээс нь хэтэрсэн зүйл тулган хүлээлгэх Суперэго хоёрын дунд тэлчилэх Эгог амьдралын сайхныг амсах хувьгүй хэмээн гутрангиар дүгнэсэн бөгөөд хүн төрөлхтөн аз жаргалгүй тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй хэмээн үзсэн. Харин Их хөлгөний мөрөөр замнагч нь судар, тарни хоёрын энгийн мөрүүдийг судлаад тарнид орсноор Идэд хуралдан байгаа секс-биологийн бүх эрчим хүчийг Суперэгод урвуулснаар Эго нь амьдрахуйн цог жавхланг эдэлдэг. Харин аль ч шинжлэх ухаантан мистик уг сурвалжаас сэжиглэн цэрэвдэг учир надтай санал нийлэхгүй нь мэдээж. Гэхдээ “мистик чанар гэдэг нь ертөнц хэрхэн оршин буй нь бус, харин оршин буй нь юм” гэж Людвиг Витгенштейний хэлсэнд дулдуйдаж байгаагаа хэлэх нь зүй биз ээ. З.Фрейд “Психоанализийн удиртгал лекц”-дээ хүний сэтгэхүйг эрүүл болгохын тулд ямар нэг мистик хэрэгсэл ашиглах нь зайлшгүй тухай дурьдсан байдаг. “Психоанализийн сэтгэл заслын нөлөө мистик алхамд ойр байдагтай нь холбоотой. Үүний зорилго бол Эгог Суперэгогоос хамааралгүй болгохын төлөө хүчжүүлэн, Идийн шинэ талбарыг ашиглахын тулд түүний харах талбайг нь тэлэх явдал. Идийн байсан газарт Эго байх ёстой” гэж дурьдсан байдаг. Энэ нь чухамдаа бол Тарнийн хөлгөнөөр дамжин психоанализийн эцсийн зорилго хэрэгжинэ гэсэнтэй санаа нэг байна гэж үзлээ.
Ашигласан номын жагсаалт:
1.М.Вебер. Улс төр бол мэргэшил мөн. Шинжлэх ухаан бол мэргэшил мөн. УБ. 2000. 89-р тал.
2.М.Вебер. Улс төр бол мэргэшил мөн. Шинжлэх ухаан бол мэргэшил мөн. УБ. 2000. 99-р тал.
3.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 299 тал
4.Райгородский.Д.Я Психология личности. Самара 1999. “Бахрах” 80-р тал.
5.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 54-р тал 32-р шүлэг.
6.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002.300-р тал.
7.мөн тэнд. 300-р тал.
8.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 78-р тал. 36, 37-р шүлэг.
9.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 490-р тал.
10.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 491-р тал.
11.Дандарон.Б.Д Мысли буддиста. “Восток россии” 24-р тал.
12.Лоренцер.А Археология психоанализа. Москва “Прогресс-Академия” 1996. 277-р тал
13.Лоренцер.А Археология психоанализа. Москва “Прогресс-Академия” 1996. 278-р тал
14.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 56-р тал. 46-р шүлэг.
15.Райгородский.Д.Я Психология личности. Самара 1999. “Бахрах” 81-р тал
16. Райгородский.Д.Я Психология личности. Самара 1999. “Бахрах” 103-р тал
17.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 507-р тал.
18.Дандарон.Б.Д Мысли буддиста. “Восток россии” 38-р тал.
19.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 144-р тал.
20.Зонхов. Бодь мөрийн зэрэг. Солонгос 2002. 184-р тал.
21.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 30-р тал. 5-р шүлэг
22.Нагаржуна.
23.Лувсанцэрэн.Г Нагаржунагийн философийн үзэл. УБ ШУАХ. 1981.77-р тал
24.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 139-р тал. 52-р шүлэг
25.Лувсанцэрэн.Г Нагаржунагийн философийн үзэл. УБ ШУАХ. 1981.85-р тал
26.Шантидэва. Бодисадын явдалд орохуй. УБ 1998. 1-р тал. 5-р шүлэг
зочин
зочин
Ухамсар
Зочин
ИЧИГ, ИЧИГ
Ариун
Vic
Билгээ
Билгээ
Йыбө-д хариулах н
Батаа
Зочин
onom
йыбө
йыбө
Зочин
ккк