Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын өрөөгөө Иргэний танхим болгохоос ажлаа эхэлсэн. Энэ танхимд зөвхөн “Төрийн ордныхон” ордог ч юм биш. Улс төрөөс ангид ажил эрхэлдэг байгууллага, иргэд хэлэлцүүлж буй сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэхээр очдог болов. Иргэдээ оролцуулж, сонсож асуудлыг шийдвэрлэх соёл бүрэлдсэний эхлэл энэ байлаа. Та бүхэн санаж байгаа бол Иргэний танхимыг 2009 оны 12 дугаар сарын 15-нд нээж байсан бөгөөд хамгийн анх хэлэлцсэн асуудал нь 2010 оны 1 дүгээр сарын 12-нд хэлэлцсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл байсан. Үүнээс хойш аймаг, дүүргүүдэд Иргэний танхим байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.

Иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах, шууд ардчиллын сургагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж тусгай хөтөлбөр батлуулан ажиллах боллоо. Ингэснээр дарга шийддэг, иргэд сонсдог байсан байдал өөрчлөгдөж иргэд хянадаг, оролцдог, дарга хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг дүр зураг руу аажмаар шилжсээр байгааг олон нийт дүгнэн  хэлж байна.

Төрийн албан хаагчид хуулиар ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болов. Энэ хуулийг санаачилж 2012 оны 5 дугаар сарын 1-нээс мөрдөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Монгол Улсыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зарлиг гаргасан. Мөн Шилэн дансны хууль санаачилж Их Хурлаар батлуулан хэрэгжилтийг нь дэмжин ажиллаж байна. Монголын энэ санаачилга олон улсаас өндөр үнэлгээ авч байгаа юм. Энэ хууль зөвхөн манай ард иргэдээс төдийгүй олон улсаас дэмжлэг авч байгаа. Иргэд татварт төлсөн мөнгийг минь төр хаанаа, хэрхэн зарцуулж байна гэдгийг харах сонирхолтой, наанадаж татвар төлөхдөө урам авдаг учраас “Шилэн данс”-ны вэб сайтыг туйлын хянуур үздэг юм билээ.  Гаднынхан ч Монголд Шилэн дансны тухай хууль гаргасныг сонсоод  ирж туршлага судлаад, энэхүү хуулийг өөрийн улсад нэвтрүүлэхээр хэд хэдэн улс орны төлөөлөл ажиллаж байгаа. Тиймээс энэхүү хууль нь манай улсын нэрийг дэлхийд сайнаар гаргаж байгаа ажил болсон.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаа, төсөв, хөгжлийн сангийн зарцуулалт, албан тушаалтны томилгооноос гадна байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн хяналт, оролцоог хангах зорилгоор Нийтийн сонсголын тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээ иргэдэд ээлтэй, хөнгөн шуурхай, авлига, хүнд сурталгүй хүрэх ёстой гэдгийг төрийн захиргааны байгууллагуудад байнга сануулж дэмжсээр ирлээ. Хүнд сурталтай тэмцэх Ц.Элбэгдоржийн хийсэн ажил ихээхэн хүчтэй дорвитой болж өрнөсөн. Ерөнхий сайд байхдаа тэр төрийн байгууллагуудаас иргэдэд үйлчлэхдээ шаарддаг цаасыг урж “популизм хийлээ” гэж шүүмжлүүлж байсан бол эдүгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлига, хүнд сурталтай хийсэн тэмцэл хэчнээн ухаалаг, үр дүнтэй, цэгцтэй болсныг та бүхэн харж байна.Улаанбаатар хотод л гэхэл төрийн үйлчилгээг нэг цэгийн хэлбэрт оруулж худалдааны төвүүдийг түшиглэн газар дээр нь үйлчлүүлж болдог боллоо.

Түүнчлэн  Монгол Улсын төрийн захиргааны харилцаа бие даасан хуультай болсон. Захиргааны дагнасан шүүхийн тогтолцоо бий болж бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Үүнд, Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг стандартжуулах, Төрийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, Хууль тогтоомжийн хоорондын уялдааг сайжруулах, зөрчил, зөрүүг арилгах, хууль тогтоомжийг системчлэх зэрэг давуу талууд бий болов. Олон жил ярьж ирсэн тулгамдсан олон асуудлаар улсын зөвлөлгөөн санаачлан хийв. “Шууд ардчилал – Иргэний оролцоо”, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Орон нутгийн эрх мэдлийг бэхжүүлэх нь”, “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх мэт санаачилгыг гаргаж ярилцлаа. Асуудлыг олуулаа шийдэх тусмаа зөв шийдэл гардгийг ярих биш мэдрэх боллоо.
 
Тэр албан тушаалгүй жирийн нэгэн гишүүн байснаасаа эхлэн Төрийн өндөр албуудыг хашиж Төрийн тэргүүнээр дараалан сонгогдсон ч авлигатай тэмцсэн хэвээрээ байлаа. “Авилгын эсрэг-хуулийн засаглал” санаачилгыг өрнүүллээ. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй, өөгшүүлэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Монгол Улсын авилгын индекс сүүлийн 6 жилд 120-иос 72 болж буурлаа. Намын нөхөр, найз нөхрийн харилцаа энд огт хамаагүйг сануулж хуулийн байгууллагын дуудсан цагт “зангиагаа засаад очих зоригтой, тийм нүүртэй”  байхыг сануулж хэн нэгэн албан тушаалтан холбогдох хэрэг ч бусад хэргийн адил шүүх хурал нь нээлттэй байх ёстой гэдгийг хатуу сануулсан юм.

Төрийн албаны, иргэний харьяатын, улс төрийн намын албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, төвийг сахих, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх зэрэг хуулийн төслүүдийг  санаачлан батлуулахаар ажиллаж байна. Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар бүрэн эрхийнхээ хүрээнд одоогоор 30 хууль санаачлан УИХ-аар батлуулаад байна, мөн18 хууль хэлэлцэгдэх шатандаа явж байгаа юм билээ.

Энэ бүх ажлын дүнд Монгол Улс хийсэн бүтээснээ НҮБ-ын индрээс тайлагнаж, үр дүнд нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж “Ардчиллын боловсрол” тогтоол батлуулан, “Ардчиллын сүлжээг бүс нутагтаа байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулж чаджээ” хэмээн үнэлэгдсэн юм.

Энэ бүхнээс харахад Монголын ардчилал “үхээгүй”, “оршуулагдахдаа тулаагүй”. Харин ардчилалд санаа зовинох хүмүүсийн тоо цөөрч хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, эрх барьсан дөрвөн жилд хүртэл эрх мэдлийн төлөөх тэмцэлд сохорч дүлийрч байх хооронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л ардчиллыг аварч, Төрийн тэргүүнээр ажиллах хоног цөөрөх тусам төр шиг төртэй үлдээх түүхэн мөрөө үлдээхээр яаравчилж, иргэдийнхээ оролцоотойгоор зүтгэж буй нь харагдаж байна.