XXI зууны Палмерстон - Трамп
Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улс төрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар ч өнцгөөс, хэзээ ч, хаана ч ухаж бодсон яалт ч үгүй үнэн, зөв үг.
- Аль нэг улс орныг Английн хувиршгүй холбоотон, эсвэл мөнхийн дайсан хэмээн үзэх нь харалган бодлого хэмээн би үздэг. Бидэнд хувиршгүй холбоотон байхгүй, мөнхийн дайсан ч байхгүй. Бидэнд зөвхөн хувиршгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Түүнийг мөрдөх нь манай үүрэг мөн.
Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улс төрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар ч өнцгөөс, хэзээ ч, хаана ч ухаж бодсон яалт ч үгүй үнэн, зөв үг.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох эрхэм маань энэ үгийг уншсан, мэддэг, санадаг, ухаардаг болов уу гэх бодол сонгуулийн кампанийнх нь явцад надад ажиглагдсан. Тэгэхдээ гарчигт өгүүлсэн шиг “XXI зууны Палмерстон” гэж хэн ч, хаана ч нэрлээгүй, харин би тэгээд нэрлэчихье.
Дональд Трампын гадаад бодлогын номлол гэдгийг би томъёолох гэж хичээж байна. Түүний номлол гэж үзэxээр цогц бодлого 2016.04.28-нд Никсоны төвд (“Үндэсний эрх ашиг” төв) түүний тавьсан илтгэлд туссан гэж үзэх үндэстэй. Түүнээс хойш тэрээр олонтаа мэдэгдэл хийж, байр сууриа тодруулсаар байгаа, тангараг өргөтөлөө байнга тэгэх ч биз. Трампын тэр төвд ярьсан болон бусад мэдэгдлээс нь үзвэл АНУ-ын гадаад бодлого дараахи байдлаар буухаар байна. Ойлгомжтой, шууд тусах үүднээс би хүснэгтэнд буулгачихлаа.
Хүснэгтээс үзвэл яалт ч үгүй үндэсний эрх ашгаа туг болгосон реалист бодлоготон АНУ-ын төрийн толгойд гарч ирэх гэж байгаа мэт. Үндэсний эрх ашиг гэдэг дээрээ “чухал” гэх тодотгол нэмчихлээ. Чухал эрх ашиг гэж тусдаа онцгой эрх ашиг гаргаж ирэн мөрдөх болж байх шиг. АНУ ямагт нэгдүгээрт, тэргүүн ээлжинд байх ёстой гэдэг нь ч шинэ маягийн “палмерстонч”-ийн (марксч, ленинч, маоист гэдэг шиг) байр суурь гэлтэй. Хүний эрх, ардчилал, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, даяаршил, либерал-интервенционизм, либерал хүмүүнлэгийн үнэт зүйлс – энэ бүгд Дональд Трамп гэх XXI зууны палмерстончийн зорилго, хүсэл тэмүүлэл биш болж таарлаа.
Өрнийнхний нийгэм-улс төрийн байгууллын загвар, ардчиллын загвар, институцийг бүх дэлхийд түгээн хэрэгжүүлэхээс тэрээр татгалзана гэдгээ зарлалаа. Хэрэв тэгвэл АНУ-ын гадаад бодлого, глобал бодлого үлэмж хэмжээгээр өөрчлөгдөх магадлалтай. Ерөөсөө АНУ ардчиллын тугч байх эрх, үүргээсээ татгалзах болох нь.
Тэрээр холбоотон, холбоотны харилцаа гэдгээ цоо шинэ өнцгөөс харна, томъёолно гэлээ. Нэгэнтээ НАТО-гийн 28 гишүүн орнуудаас ихэнхи нь төлбөр бага төлдөг, НАТО-гийн төсвийн 73 хувь нь АНУ-д ногдож байдагт сэтгэл дундуур, бүр уур хилэнтэй хандаж байгаа бол “Европын нэгдсэн арми” – Европын батлан хамгаалалтаа Өрнөд Европын улс орнууд түргэхэн эмхлэн байгуулсан нь дээр юм байна.
Америк-Хятадын харилцаанд ойлгомжгүй байдал үүсч магадгүй гэмээр зүйл Трамп олонтаа давтан ярилаа. “ТРР” гэх олон талт хэлэлцээрээс гарна, 20 гаруй жил мөрдсөн Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг мөрдөхөө зогсооно гэсэн нь бас л ойлгомжгүй байдал үүсгэнэ.
Гэх мэт тоочоод байвал ерөөсөө АНУ маань Ялта-Потсдамын олон улсын дэгээс татгалзах, эсвэл өөр шинэ дэг олж тогтоохын эхлэлийг тавих уу гэсэн асуулт аяндаа урган гарч ирнэ. Европын олон улсын харилцааны өнгө аяс, чиг хандлагад огцом гэмээр өөрчлөлт орвол хэрхэх вэ гэдэг дээр европчууд тархиа гашилгаж байх шиг.
Трампыг өөрийн хүн гэж итгэчихсэн хөөрцөглөж байгаа Европын хэт барууны, популист, үндсэрхэг, цагаачлалыг эсэргүүцэгч нам, хөдөлгөөн, улс төрчид (Норберт Хофер, Марин Ле Пен, Герт Вилдерс гэх мэт) баяр бахдалаа цээжидээ барьж ядан, 2017 оны сонгуулиудыг (Австри, Итали, Нидерланд, Франц, Герман) тэсэн ядан хүлээнэ.
Энэ бүхэн маань АНУ-ыг ганцаардуулах, АНУ дэлхийн бодлогоос холдох, АНУ уламжлалт түүхэн холбоотнуудаасаа хөндийрөх, эсвэл Трамп өөрөө АНУ-даа ад болохын эхлэлийг тавьчих юм биш байгаа гэх айдас, сэрэмжлүүлэг АНУ-д давхар өрнөж байгааг анхаарах хэрэгтэй.
News.mn / 2016.11.28