Ипотекийг дамлан худалдах бизнесийг япончуудын судалгаа илрүүлжээ
“Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголыг урилаа. Урилгадаа зөвлөмж “хавчуулжээ”. Тэр “хавчуурга”-аас юу олдсон гээч. Мэдээж олон “асуудал” олдсон. Ялангуяа барилга, дэд бүтцийн талаар, тэр тусмаа ипотекийн зээлтэй холбоотой маш ноцтой судалгааг зөвлөмждөө дурджээ.
“Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголыг урилаа. Урилгадаа зөвлөмж “хавчуулжээ”. Тэр “хавчуурга”-аас юу олдсон гээч. Мэдээж олон “асуудал” олдсон. Ялангуяа барилга, дэд бүтцийн талаар, тэр тусмаа ипотекийн зээлтэй холбоотой маш ноцтой судалгааг зөвлөмждөө дурджээ.
Үүнд, юуны өмнө ипотекийн зээлийн шаардагдах нөхцлийг хөнгөлбөл зээлдэгчийн тоо огцом өсч зээлийн эргэн төлөгдөх явцыг эрсэлд учруулах учраас манайхныг ажлын үр дүнгийн шоу болголгүй “зөөлөн газардах”-ыг сануулсан байна.
Маш ноцтой нь “Ипотекийн зээлийг дамлан худалдах бизнес байгаа”-г дурдсан бөгөөд үүнийг багасгахын тулд уг хөтөлбөрийн хэрэгжилт дээрх засаглалыг сайжруулах нь чухал болохыг зөвлөжээ. Зөвлөмжид “Энэхүү хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Ипотекийн зээлийг ашиглаж арилжааны зориулалттай байр авсан хүний тоо олон байгаа нь бидний судалгаагаар илрээд байна” гэсэн байх юм.
Уг зөвлөмжийг өгч буй “Фронтиер ҮЦК” ХХК, цаашилбал энэ талаар судалж буй Японы судалгааны багийнхан, ирэх сарын эхээр “Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай ярих нь. Өөрөөр хэлбэл бидэнд мэдрэгдээд байгаа хэрнээ харагдахгүй, мэдэж буй хэн нэгний ярихгүй байсан зүйлийг дэлхийд зарлах гэж байна. Энэ бол ипотекийн зээлийг дугаар хорооны иргэн авахад хэчнээн хэцүү байгаа, арилжааны банктай байнгын харилцаатай, тэр суваг, шугамыг нээчихсэн улс төрийн болон хуулийн хамгаалалттай этгээдэд ямар амархан болохыг судалж үзээд “Засаглалаа засах аргаар “Алдаагаа зас”, тэгвэл ипотекийн зээл чинь зөв гольдролдоо орно. Энэ зээлийг авахад хэнд хэцүү, хэнд амархан байгааг эхлээд хар гэдгийг анхааруулан зөвлөж байна.
Тэгэхээр бодлогын талаасаа Барилга, хот байгуулалтын яам гол институци мөн боловч зээл олгох тал дээр банкнаас бусад нь ямар ч эрх мэдэлгүй, “Эрхэм хүндэт Арилжааны банк”-ны өмнө сөхөрч байгааг бүгд мэдэж байгаа. Хаана ч тийм л байдаг. Тэгэхээр дээрх судалгааны гол “судлагдахуун”, зөвлөмжийн гол баатар болох “Ипотекийн зээлийн дамлан худалдах бизнес”-ийн эздийг банкны салбараас хайх нь зөв биз дээ. Үүнийг биднээс түрүүлээд Япон хэлж өгсөнд талархууштай. Тэдэнд үүгээр улс төр хийх ашиггүй. Зөвхөн хийх гэж буй хөрөнгө оруулалтаа найдвартай, үр дүнтэй байлгахын тулд эрсдлээс хамгаалж байгаа хэрэг. Эм гашуун боловч эмнэдгийг санаж дээрх вакциныг хийрхэлгүй хүлээж аваад “засаглалаа засах”, цаашилбал “Ипотекийн зээлийн дамлан худалдах бизнес”-ийн эздийг олж хариуцлага тооцохгүйгээр энэ хөтөлбөрийг “гоё болгох” тухай яриад хэрэггүй болов уу.