Гуравдагч хүчний орон зай
Нийгмийн тогтолцоог өөрчилснөөс хойшх хорин жилд болсон чөлөөт ардчилсан сонгуулиудын дүнгээс харахад
Өөрөөр хэлбэл, МАХН ба АН-аас бусад улс төрийн хүчин рүү шилжиж буй саналын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр улс төр дэх гуравдагч хүчний орон зайн багтаамжийг тэлсээр иржээ. Тэгэхээр “гуравдагч хүчин” гэдэг ойлголт хэн нэг улс төрд дуртай этгээдийг мөрөөдөл, амбицаараа буй болгоод буй эзэлхүүн төдий бус, харин нийгмийн гишүүдийн захиалгаар тэлж байгаа орон зай аж.
Гэхдээ ийм бодит хөрс, хоосон агаар нь оршин байхын хэрээр “гуравдагч орон зай”-д хувийн тоглолт хийж, хонжоо ологчид Монголын улс төрд байсаар ирэв. Тэдний зарим нь АН, МАХН хэмээх том намуудыг бутаргах, хүчийг нь сулруулах, сонгуулийн үеэр саналыг нь хуваах, эсвэл аль нэгийг нь дэмжих далд зорилго өвөрлөж байсан бол заримыг нь нэг хүний, нэг компанийн, эсвэл жагсаал хийгчдийн эрх ашгийг улс төрд шургуулах зорилготой байсан гээд тодорхойлчиход болно. Эдгээр эрх ашиг нь тодорхой хэмжээнд амжилтад хүрч, Засгийн газарт сайдын суудал хүртэл эзэлж байсан жишээ бий.
Өнөөдөр ч гэсэн өнгөрснөөс дутахааргүй давчуу эрх ашигтай бүлэглэлүүд улс төрийн гуравдагчийн орон зайнд тонгочиж, улс төрийн шийдвэр гаргах төвшин рүү давшилж байна гэх хардлага олон хүнд төрөх боллоо.
Тэд хэдэн жилийн өмнөх аль нэг компани, бизнес бүлэглэлийн эрх ашиг бүхий “гуравдагчдаас” илүү явцуу, илүү аюултай “улс төрийн” сонирхол бүхий “гуравдагчид” аж. Өнөөдөр тэдний нэг хэсэг нь төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлж буй намууд, эсвэл томоохон эрх ашиг бүхий этгээдүүдийг улс төрийн тодорхой асуудлаар шантаажлан авилга авч амьдарч буй бол нэг хэсэг нь өрсөлдөгч намуудын аль нэг талд үйлчилж хонжоо олох жишээтэй. Сонгууль боллоо гэхэд аль нэг талтай нь тохиролцоо хийж, нөгөө талын саналыг хуваах, нэр дэвшигчийг нь унагаах үүрэг гүйцэтгэн шангаа хүртэх, гадныхны гар хөл болохоос эхлээд улам бүр нарийн, боловсронгуй аргаар ажиллах болжээ.
Уг нь бид хэрхэн ямар аргаар амь зуух, ямар үзэл бодолтой байх, түүнийгээ яаж илэрхийлэх нь (хэрэв хуулийн хүрээнд бол шүү дээ) бусдаар чичлүүлэх шалтгаан болох ёсгүй ардчилсан нийгэмд бид амьдарч буй. Гэвч төрийн эрх мэдлийг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлдэг Монголд нийгмийн олонхийн эрх ашгийг гэхээс илүү нэг хэсгийн эрх ашгийг тээсэн явцуу бүлэглэлүүд улс төрийн “гуравдагч” орон зайг дөрөөлөн дээш өндийж, ардчиллын үнэт зүйлсээс хумсалж, хулгайлж, урваж байх ёсгүй билээ.
Өнгөрсний сургамжаас харахад өөрийн бизнесээ хамгаалах, амьдрах, баяжиж хөлжих аргаа болгон улс төрд шургалсан, өнөөдөр “улс төрийн чихмэл” болчихсон олон нөхөд ихэнхдээ л гуравдагч хүчний орон зайгаар дамжин дээш өндийсөн байх аж. Тэгвэл өнөөдөр алив шийдвэрийг гацаах араа, шүд болж шантаажаар хөлжих аргатай авлигачид, магадгүй урвагчид төрд шургалаад эхэлбэл юу болох бол?…Мөн энэ байдлыг хаах боломж бий юү гэсэн асуулт урган гарна.
Хүссэн ч, эс хүссэн ч Монголын сүүлийн хорин жилийн улс төр, нийгмийн алдаа, онооны төлөө гай, гавьяаг зүй ёсоор хүлээх улс төрийн голлох хүчин нь МАХН ба АН. Энэ хоёр нам ийн “томорч”, дорвитой, хүчтэй “гуравдагч хүчин” төлөвшиж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь өнөөгийн сонгуулийн тогтолцоо, хэт мөнгөний хүчин зүйл дээр тогтсон улс төрийн өрсөлдөөн. Гэхдээ ийм нөхцөл байдал дунд харьцангуй тууштай байр суурь баримталж яваа гуравдагч улс төрийн хүчний төлөөлөл бол Иргэний зориг нам гэхэд болно. Тус нам Монголын улс төрийн амьдралын сүүлийн 10 жилийн үйл явдал, өрнөлтэй тодорхой хэмжээгээр холбоотой, оролцоотой явж иржээ. Мөн ийм хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан өөр гуравдагч нам бараг үгүй. Тэгэхээр улс төрийн “гуравдагч хүчин” гэх тодотголд эрүүл утгаар дүйх хүчин нь зөвхөн Иргэний зориг нам байж болох юм.
Тэгвэл тус намын хувьд гуравдагч хүчинд үзүүлэх дэмжлэг нь сонгуулиас сонгуулийн хугацаанд өсч байгаа сонгогчдын захиалгаар ажиллаж, тэдний итгэлийг хүлээх гэдэг утгаар нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь тодорхойлогдож болохоос гадна тэрхүү орон зайг дөрөөлөн хожих гэсэн явцуу эрх ашиг, сонирхол бүхий талуудын боломжийг зохих хэмжээнд хааж байгаа нь бас нэг хариуцлага нь байж болох.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон гарсан тойрогт нөхөн сонгуулийн бэлтгэл өрнөж байна. Тус тойрогт МАХН болон АН нэр дэвшигч гарган өрсөлдөх нь тун ойлгомжтой бол парламентад суудалтай ИЗН, Ногоон намууд өрсөлдөх эсэх байр сууриа хараахан илэрхийлээгүй буй. Харин гуравдагч хүчний орон зайд ирэх дэмжлэгийн төлөө жижиг намууд болох ҮШН, МУНН, БНН эвсэл болон өрсөлдөхөө шийдвэрээр баталгаажуулаагүй ч мэдэгдсээр байгаа. Тэдний нөхөн сонгуулиар баримтлах гол тактик нь засгийн эрхийг барьж байгаа хоёр намаас “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувийг” нэхэж, шаардах явдал. Мөн тэдэнтэй зэрэгцэн иргэний зарим хөдөлгөөнүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эсрэг тэмцлээр нөхөн сонгуульд оролцож мэдэхээр байгаа. Тэгэхээр улс төрийн үзэл баримтлалаар гэхээс илүү цаг үеийн хурц сэдвээр бамбайлж, эсрэг, тэсрэг шаардлагаар эрх баригчдыг сандаргах “жижигчүүд” мөнөөх гуравдагч хүчний орон зайд энэ удаад “тоглохоор” зэхэж байна.