С.Оюун: Ерөнхийлөгчийг намуудаас дээд төвшинд байж чадах том хүч болоосой гэж хүсч байна
Ерөнхийлөгч бол намаас татгалзаж, улсын эв нэгдлийг илэрхийлж байгаагийн хувьд намуудаас дээд төвшинд байж чадах ёстой.
УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцлаа.
-Улстөрчтэй улс төрийн сэдвээр яриагаа эхлэх нь зөв болов уу. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байгаа болохоор өнгөрсөн сонгуулиар талаар юуны өмнө асуумаар байна. Урьд өмнөх сонгуулиудаар хамтарч байгаагүй Иргэний зориг нам (ИЗН), Ногоон нам энэ удаад АН-тай хамтарсан нь үр дүнд хүрлээ.
-Урьд нь дандаа тусдаа оролцож байгаагүй л дээ. Бид хамтран ажиллаж байсан туршлага бий. 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслийг Ардчилсан намтай хамтран байгуулж оролцож байсан. “Эх орон-Ардчилсан” эвслийн дотор АН-тай байгуулсан гэрээндээ хамгийн тууштай байсан нь манай нам шүү дээ.
Тухайн үедээ жижиг гэгддэг намуудаас ИЗН Засгийн газарт орохгүй гэдэг байр суурь баримтлан гэрээндээ үнэнч үлдэж байсан. Тэгээд 2004 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газарт манай хамтран ажиллаж, Ц.Ганхуяг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж, би өөрөө “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байсан.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар ч хамтран ажиллах асуудлыг бид ярилцаагүй биш ярилцсан. Харин ИЗН цаашид АН-тай нэгдэнэ гэдэг гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд сонгуульд хамтран оролцоно гэсэн хатуу нөхцөлийг нөгөө талаас тавьж байсан учраас бид хамтарч чадаагүй.
Энэ удаад бол ялангуяа Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн дэвшүүлсэн Монголд хамгийн тулгамдаад байгаа хууль, шударга ёсыг тогтоох, хуулийн хүрээнд иргэн бүр эрх тэгш байх асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байна гэдэг эрмэлзлийг нь дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох нь зүйтэй гэж үзсэн. Амжилт гаргасанд нь үнэхээр баяртай байгаа. Харин одоо тэр бүхнийг хэрэгжүүлэх, маш сайн ажиллах л хамгийн чухал байна. Ард түмний хүлээлт ч их байна.
-“Ялангуяа Ц.Элбэгдорж” гэдэгтээ ч биш АН-аас хэн ч нэр дэвшсэн дэмжих байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Ардчилсан нам. Ардчилсан намтай л хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тус намын дэвшүүлсэн уриа, байр суурийг дэмжиж...
-Ардчилсан хүчнээс нэр дэвшигч ялалт байгуулна гэдэг итгэл сонгуулийн дүн гарахаас өмнө танд байсан уу?
-Ер нь сонгуулийн хугацаанд хоёр нэр дэвшигч их ойрхон явж байсан. Миний мэдрэмжээр бол шүү дээ. Өрсөлдөөн нэлээн ширүүн. Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялах магадлалтай, их ойрхон явж байсан.
Ер нь олон түмэн, сонгогчид өөрчлөлтийг хүсч байсан юм байна аа гэдэг нь энэ сонголтоор харагдлаа. Өөрчлөлт гэдэг нь олон жил хамгийн тулгамдсан асуудлууд болох ажилгүйдэл, ядуурал, авлигал, байгаль орчны доройтол зэрэг асуудлууд шийдэгдэхийг хүсч байсан гэсэн үг. Олон жил хуримтлагдсан хамгийн гол асуудал ажилгүйдэл, ядуурал л байгаа шүү дээ.
-Ардчилсан намаас нэлээн хэдэн лидер нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдсөн. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж гээд. Тэдний хэн нь С.Зориг ахтай тань хамт нэг үйлсийн төлөө явж байсан үеийнхэн. Хэн нь ч байлаа гэсэн танд ах шиг тань санагддаг байх?
-Тэгэлгүй яах вэ. 1990 онд анх ардчилсан өөрчлөлт, хувьсгалыг эхлүүлж байсан хүмүүс. Тэр үед үнэхээр залуухан, манай Зориг ах л гэхэд 27-той, Ц.Элбэгдорж тэгэхээр 25, 26-тай байсан байж таарах нь. Бат-Үүл, Дорлигжав нар арай хэд ах. Тийм атлаа нийгмийг системээр нь өөрчлөх, шинэчлэх нь чухал байна гэдгийг тийм залуу байж ойлгож ухамсарлаад, ойлгож мэдрээд ч зогсохгүй тэр зорилгынхоо төлөө асар их зориг гаргаж, тухайн үеийн хөдөлшгүй айхтар том системийн эсрэг улс орныхоо төлөө тэмцэл эхлүүлсэнд нь үнэхээр бахархдаг. Одоо эргээд харахад хорин хэдтэй залуус гэдэг чинь балчир шүү дээ. Нэгдүгээрт, үүнд нь хүндлэл төрдөг, хоёрдугаарт, аливаа зүйлийн төлөө удаан хугацаанд тууштай явна гэдэг тун үнэлмээр чанар. Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржоос эхлүүлээд тэр үеийн лидерүүд өнөөдрийг хүртэл хорин жил тууштай нэг зорилгын төлөө явж байгааг нь би хүндэтгэдэг. Бид ардчилал, зах зээл гээд тодорхой амжилтад хүрсэн ч гэлээ хүрч чадаагүй зорилгууд маш олон байна. Тэр бүхний төлөө үнэхээрийн хичээж ажиллахгүй бол ардчилал, шинэчлэлийн үр шимийг олон хүн одоо хүртэл хүртэж чадахгүй байна. Хэдийгээр улс төрийн, нийгмийн эрх, эрх чөлөөгөө эдэлж чадаж байгаа ч эдийн засгийн эрх буюу орлоготой, амьдрах баталгаатай байх эрхээр хангагдаагүй тохиолдолд хүний амьдрал сайхан байж чадахгүй шүү дээ. Одоо эдийн засгийн шинэчлэл, улс орноо хөгжүүлэх тал дээр зоригтойхон шийдвэрүүд гаргахгүй бол болохгүй байна.
Миний бодлоор бол улс төр нь Монгол Улсын хөгжлийг урагш нь татах ёстой байтал сүүлийн хэдэн жил хойш нь татаад байна. Яагаад хойш татаад байна гэж хэлж байна гэхээр ажлын байр, орлого бий болгох улс төрийн шийдвэрүүдээ, ялангуяа ашигт малтмалын салбарын шийдвэрүүдээ ерөөсөө гаргаж чадахгүй байна. Зөвхөн Оюутолгойн гэрээ гэхэд л 2004 оны сонгуулийн өмнө өргөн баригдаж байсан, одоо таван жил болчихлоо.
-Тантай уулзах бүрт тойрч гардаггүй нэг сэдэв бол яах аргагүй уул уурхай байх юм. Үнэхээр ашигт малтмалын салбарт шинэ Ерөнхийлөгч ч найдвар тавьж байгаа. Эсвэл уул уурхайнхан шинэ Ерөнхийлөгчид найдвар тавьж байгаа гэх нь ч зөв юм уу. Ер нь байдал ийм л байгаа.
-Хэдийгээр нухацтай ярилцаж, тэнцвэртэй шийдвэр гаргах ёстой асуудал мөн ч гэлээ Монгол Улс дэлхий дээр цоо шинэ юм бүтээгээд гаргах гээгүй шүү дээ. Маш олон оронд уул уурхай нь хөгжиж байна. Маш олон оронд хөрөнгө оруулалт орж байна. Маш олон оронд ижил төстэй гэрээнүүд байгуулагдаад, эдийн засаг нь урагшлаад явж байна. Зүгээр л дэлхийн жишиг ямар байдаг, түүгээр л гэрээгээ байгуулаад явах ёстой байтал...Нэг хэсэг барууны бодлого гээд л туйлширсан. Сүүлийн хэдэн жил намууд хэн илүү зүүний бодлого баримтлах вэ гэдэг дээр өрсөлдөөн явуулж байна шүү дээ. Бүх юмыг улсдаа авчих юм бол их сайхан болчих юм шиг бодогдоод байдаг. Гэтэл аль болохоор хувийн хэвшлээ, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын, дотоодын хөрөнгө оруулагчаа дэмжиж, тэд нь өндөр техник технологи нэвтрүүлж, ажлын байр орлого бий болгож байвал тэр нь хамгийн чухал. Одоо энэ сая, сая таван зуун мянган төгрөг өгнө, өгөхгүй гэдэг дээр баахан маргаад л...
Төр нь Оюутолгойн ч байна уу, бусад ордууд дээр ч байна уу 34, түүнээс ч өндөр хувийг эзэмшчих юм бол нэг өдөр төсөв нь учиргүй баяжаад хүмүүстээ сая, сая таван зуугаар мөнгө тараах тухай яриад л энэ дээрээ эргэлдээд байх юм. Хэзээ тэгэх бол гэдэгт л санаа нь зовоод, нийгмээрээ хэлэлцээд байх юм. Миний бодлоор улс нь хэзээ баяжаад, төсөв нь хэзээ иргэддээ хэдэн төгрөг тараахаас илүү чухал зүйл бол өнөөдөр иргэн Дорж, Дулмаа нар гадаадын ч байна уу, дотоодын ч байна уу хэвийн хэвшилд ажиллаад сар бүр сая төгрөгийн цалин авч байх нь хавьгүй чухал юм.
Тэгэхийн тулд хувийн хэвшлээ дэмжиж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь бүрдүүлэх, яригдаад байгаа гэрээнүүдийг урагшлуулах хэрэгтэй. Гэхдээ аль болох зөв зохистой, улс орондоо ашигтай, хөрөнгө оруулагчдаа ч эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр байгуулах хэрэгтэй л дээ. Хөрөнгө оруулагчдаа эдийн засгийн үр ашиггүй бол бас явахгүй шүү дээ. Тэгээд хурдхан иргэддээ орлого, ажлын байрыг нь бий болгох л хамгийн чухал. Тэрийгээ шийдэж чадахгүй удаашраад байгаад би харамсдаг.
Улс нь баян бол иргэн баян гэж ярьдаг. Бид төр нь баян болчих юм бол иргэн нь баян болчих юм шиг санаад төр л бүх ачааг нуруун дээрээ үүрэх гээд ядаад байх юм. Хувийн хэвшилд боломжийг нь олгоод төр тэндээс нь татвараар орлогоо авдаг, иргэд нь ажилтай, орлоготой байхад л болоо
шүү дээ.
"МАХН, АН доторх элитүүд буруу тогтолцоо, буруу прагтикийг зөв хэм хэмжээ, шинэ шат руу гаргах хэрэгтэй"
-Шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос та тухайлбал юу хүсч, хүлээж байгаа вэ?
-Түүний тавьсан гол зорилго бол хуулийг дээдлэх, эрх зүйт төрийг бий болгох. Шударга ёсыг тогтооно гэдэг бол хуулийн хүрээнд амьдрахыг л хэлж байгаа хэрэг. Тэгэхээр үүнд үнэхээр улс төрийн хүсэл, зориг гаргаж ажиллах чухал байна. Бас Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нийлдэг. Ерөнхийлөгч бол намаас татгалзаж, улсын эв нэгдлийг илэрхийлж байгаагийн хувьд намуудаас дээд төвшинд байж чадах ёстой. Намуудыг хооронд нь болон нам, нам бус нийгмийг хооронд нь ойлголцуулдаг тийм том хүч болоосой хүсч байна. Олон асуудлууд байгаа, байр суурь нэгдэхгүй байж болно. Нөгөө талын байр суурийг сонсч ойлгохыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл, Монголын улс төр хэт их мөнгөн дээр тогтсон тогтолцоог хумихад хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна. Сонгуулиар асар их мөнгө зарцуулж, шууд болон шууд бусаар иргэдийг худалдаж авдаг жишиг сүүлийн хэдэн сонгуулиар тогтоод байна. Тэгээд аль нэг нь ялдаг юм шиг. Өнгөцхөн харахад ардчилсан, олон намын тогтолцоотой сонгуулиар засгийн эрхээ олж авдаг юм шиг боловч яг тэр тогоо руу нь шагайхад шударга, тэнцвэртэй өрсөлдөөн ерөөсөө байж чадахгүй байгаа. Хэн мөнгөтэй нь иргэд сонгогчид дунд сүлжээ байгуулаад организм дундуур цус гүйлгэж байгаа юм шиг сүлжээгээ мөнгөөр хөдөлгөдөг байх юм бол энэ нь жинхэнэ ёсны ардчилал биш. Өнгөц харахад ардчилсан юм шиг боловч дотор нь хувийн, маш явцуу эрх ашигт хөтлөгдсөн тогтолцоог өөрчлөх л маш чухал байна. Мэдээж үүнийг иргэний нийгэм, иргэдийн хөдөлгөөн, сөрөг хүчний намууд шахаж шаардана. Шахаж, шаардсаар ч ирсэн. Гэхдээ гол шийдвэр гаргаж, асуудлуудад хамгийн гол нөлөөлж байгаа улс төрийн хоёр хүчин болох МАХН, АН гэдэг хоёр нам доторх элитүүд буюу дэвшилтэт бодол санаатай хүмүүс энэ буруу тогтолцоо, буруу прагтиктай зүйлүүдийг ялгаж, салгаж, шинэ хэм хэмжээ, шинэ шат руу гаргах хэрэгтэй. Энэ үйл явцад шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш идэвхтэй оролцоосой гэж бодож байна.
-Шинэ Ерөнхийлөгч төрөөс тэрбумтнууд төрдөгтэй тэмцэх асуудлыг дэвшүүлж гарч ирсэн. Ийм зүйлийг улстөрд Н.Энхбаяр нэвтрүүлсэн гэж олон хүн буруутгалаа. Та энэ талаар юу хэлэх вэ.
-Албан тушаалаа урвуулан ашиглах, мэдээ мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж баяждаг механизм улс төрд бий болсон нь нууц биш л дээ...
Мөнгө улс төрд амжилт гаргах маш өндөр хүчин зүйл болчихоод байна. Үүнийг л багасгах, хязгаар тавих, ил тод болгох асуудал зөвхөн Монголд биш, маш олон оронд чухалд тооцогддог л доо. Ардчилал төлөвшсөн орнуудад энэ асуудлыг нэлээн өргөн хүрээнд хуулиараа бөгөөд хэрэгжилтээрээ шийдээд ирсэн. Манайх шиг шилжилтийн орнуудад эхний алхмаа л хийх гэж байна л даа.
-Экс Ерөнхийлөгчийн алдаа, онооны талаар сөрөг хүчний удирдлагууд бүгд л байр сууриа сонгуулийн үеэр илэрхийлсэн. Харин та л ямар нэг дүгнэлт хэлээгүй байх. Н.Энхбаяр олон нийтээс дэмжлэг аваагүйн шалтгаан юу байсан бэ. Түүнээс уйдсандаа сонгоогүй төдий биш байх л даа. Түүний гол алдаа гэвэл таныхаар юу вэ?
-Нэгэнт ажлаа өгсөн Ерөнхийлөгчийн талаар ярих хэрэг байна уу...
-За тэгвэл хариултыг алгасья. Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хувь хүн талаас хэр мэдэх бэ. Түүнийг ямар чанарыг илүү үнэлдэг вэ?
-Яг хувь хүн талаас нь гэвэл сайн мэдэхгүй л дээ. Үнэлдэг чанар гэвэл тууштай байдал. Ерэн онд л тодорхой зорилго тавиад гарсан. Түүнийхээ төлөө өнөөг хүртэл тууштай, зоригтой явж байгаа хүн.
-Та тэр үеэс л мэднэ биз?
-Үгүй ээ. Би тэр үед Зориг ахынхаа хоол ундыг хийхээс эхлээд ар гэрийнх нь ажлыг л амжуулдаг байсан. Ах маань залуухан, эхнэргүй байсан. Хоолыг нь хийж, хувцас хунарыг нь угаахаас эхлээд хааяа нэг англиас юм орчуулах зэргээр тусалдаг байсан. Тухайн үед манайхаар Ардчилсан холбооны олон л хүн орж гардаг, би бол мэдээж тэр лидерүүдийг хараад таньдаг л байсан. Харин тэд намайг тухайн үедээ мэддэггүй байсан байх. Дүү нь л гээд гэрт нь байж байдаг байсан юм чинь.
-Сонгууль болгоноор С.Зориг агсны ам насыг хөнөөсөн хэрэг улс төрийн шалтгаанаар сөхөгддөг. Сая ч бас нэг сөхөгдөөд амжсан...
-Тийм, сонгуулийн өмнөхөн. Бат-Үүлтэй холбоод.
-С.Зориг агсан Ц.Элбэгдоржийн танхимын сайд байсан. Энэ хугацаанд тэр аймшигтай явдал болсон. Тэгэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор энэ хэргийн илрүүлэлтэд ахиц, өөрчлөлт гарах болов уу?
-Ямар ч байсан энэ хэрэг дээр олон жил олон улсын шинжээч авах шаардлагагүй гэж өмнөх Засгийн газрууд, эрх баригчид үзэж ирсэн бол Ц.Элбэгдорж хоёр дахиа Ерөнхий сайд байх үедээ энэ хандлагыг өөрчилсөн юм. Тэрбээр олон улсын шинжээч, тусламж авья гэдэг захидлуудыг гадагш нь явуулж байсан. Хэргийн илрүүлэлт олигтой урагшилж чадахгүй байгаа боловч Германаас шинжээчидтэй хамтарч ажилласан. Японууд ч хамтран ажиллах талаар судалж үзэж байгаа юм байна. Шинэ Ерөнхийлөгч илүү их анхаарна гэж бодож байгаа. Өмнө нь Ерөнхий сайд байхдаа ч тэр, тодорхой санал, санаачилга гаргаж байсанд нь талархдаг.
“Нөхөн сонгуульд болж өгвөл нэг нэр дэвшигч гаргахын төлөө гурван нам ярилцах ёстой”
-Шинэ Ерөнхийлөгч багаа, Тамгийн газраа бүрдүүлж байна. Сонгуульд хамтран оролцсон, дэмжсэн хоёр нам ч бас албан тушаалын томилгоонд оролцох нь гарцаагүй байгаа.
-Бид ийм зарчим өмнө нь тохирсон л доо. Хамтран ажиллана, хийх шаардлагатай ажлуудын саналыг аль аль намаас явуулна гэж. Бид эхний саналуудаа өгсөн. Ер нь ИЗН цаашдаа ч гэсэн бодлогын шинжтэй саналуудаа хүргүүлж байна. Ерөнхийлөгчийн багт ч бас тодорхой нэрс санал болгосон. Өнөөдөр (өчигдөр) ер нь шийдэгдчихэж буй болов уу.
-ИЗН-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөтгөх саналыг өчигдөр хүргүүлсэн. Энэ бол бодлогын шинжтэй саналууд гэдгийн нэг болов уу?
-Бид Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад ҮАБЗ-ийг өргөтгөж, парламентад суудалтай намуудын дарга нар оролцдог, санал, байр сууриа солилцдог байя гэдэг саналыг хүргүүлж байсан. Н.Энхбаяр Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд саналыг дэмжиж, 2005 оны нэгдүгээр сараас эхлээд жилд хэд хэдэн удаа улс төрийн намуудын дарга нарыг оролцуулан ҮАБЗ-ийн албан бус уулзалтуудыг тодорхой асуудлуудаар зохион байгуулж ирсэн. Тэр их зөв механизм юм билээ. Бид нэг л Монгол Улстай, энэ улсаа л хөгжүүлэх гэж яваа. Хэдийгээр олонх, цөөнх, эрх баригч, сөрөг хүчин гэж хуваагддаг ч нэг нэгнийхээ байр суурийг ойлгож, шийдлийн тодорхой нэг цэгт ойртох нь чухал шүү дээ. Бидний даваа гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан санал бол албан бус уулзалтуудаар хязгаарлах биш ҮАБЗ-ийг парламентад суудалтай намуудын төлөөллөөр өргөтгөх нь зүйтэй гэдэг санал юм.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгчийн аппарат болтлоо явцуурсан. Түүний эрх ашигт, шийдвэрт үйлчлэх болсон гэдэг шүүмжлэл гарах болсон нь танай намын дэвшүүлсэн саналыг бас нэг үндэслэл болов уу?
-Бага ч байсан, их ч байсан олон түмнээс саналыг нь авч УИХ-д төлөөлөл нь болно гэдэг тухайн намуудын бодлогыг дэмжигч хэсэг нийгэмд байна гэсэн үг. Тэгэхээр ҮАБЗ-д асуудлыг хэлэлцэхдээ нийгмийн тэр нэг хэсгийн төлөөллийг оролцуулах нь зүйтэй. Олонх ч бай, цөөнх ч бай тэр хэсгийн төлөөллийн саналыг сонсч байх нь чухал юм. Нэг тал нь хүчээр шийдвэр гаргачихлаа гэж бодоход нөгөө талын саналыг сонсоогүй, эсвэл нөгөө тал нь олонх яагаад тийм шийдвэр гаргасныг ойлгоогүй байж байгаад үл ойлголцох, үүнээсээ болоод цаг алдах асуудал гарч болно. Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг шиг механизмыг ҮАБЗ-д чухал юм уу гэж үзсэн.
-Нөхөн сонгууль болох нь тодорхой байна. Энэ сонгуульд ИЗН хэрхэн оролцох вэ?
-Яг тэр тойрогт 2008 оны сонгуулиар манай намын дэд дарга, туршлагатай улстөрч Ц.Ганхуяг нэр дэвшсэн. Сонгогдож чадаагүй ч олон хүний санал авч, амжилттай оролцсон. Одоогоор бид нам дээрээ хэлэлцэж, шийдвэр гаргасан зүйл алга. Яагаад гэвэл сонгууль хараахан зарлаагүй байна. Би намын даргын хувьд нөхөн сонгуульд Ц.Ганхуяг нэр дэвшиж өрсөлдөх нь зүйтэй гэдэг бодолтой байгаа. УИХ-ын гишүүн байсан, төрийн сайдын албыг ч хашиж байсан туршлагатай улстөрч. Ямар ч байсан өрсөлдөх нь зүйтэй. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажилласан гурван нам нөхөн сонгуульд ч хамтран ажиллах боломжийг хайх ёстой. Болж өгвөл нэг нэр дэвшигчийг дэвшүүлэхийн төлөө бас ярилцах шаардлагатай гэж би бодож байгаа.
-Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Оюун нэр дэвшсэн бол дэмжих байлаа" гэсэн санал бодол олонтаа сонсогдож байлаа. Танд өөр ажил гараагүй бол та нэр дэвших байсан уу?
-Нэгэнт бие давхар, шинэ иргэнтэй болно гэдгээ мэдэж байсан учир дэвших, үгүй гэдгийг ч бодоогүй. Дэвшинэ гэж бодоогүй. Цаашдаа...
-Гэхдээ нэг, хоёр жилийн өмнө өөр бодол байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд энэ улс төрийн, сонгуулийн систем өөрчлөгдөөд тэнцвэртэй өрсөлдөөний боломж гараагүй тохиолдолд гуравдагч, дөрөвдөгч хүчний нэр дэвшигчид ялах магадлал маш бага. Түрүүчийн сонгуулиудаар ч харагдсан.
-Зуны дэлгэр цаг ч юм, та нялх биетэй ч юм. Одоохондоо ажил хэрэгч бус, амралтын маягтай л байгаа юм аа даа?
-Ямар ч байсан ажилдаа хагас дутуу орчихоод л байна. Энэ долоо хоногоос чуулганы хуралдаанууддаа сууя гэж бодож байгаа. Гэхдээ хөхүүл эхчүүдэд бага цагаар ажиллах боломж хуулиар олддог юм байна.
-Шинэ хүнтэй болсонд тань уншигчдынхаа өмнөөс хожуу ч гэсэн баяр хүргэх нь зөв байх. Энэ үйл явдлын дараа таны бодол санаанд ямар өөрчлөлт гарсан бэ. Магадгүй улс төрөөс залхмаар санагдах ч юм уу?
-Энхээ бид хоёр гурван хөөрхөн хүүхэдтэй. Би улс төрд арваад жилийн өмнө орсон. Том хүү маань одоо зургаан настай, охин маань гуравтай, бага охин маань гурван сартай. Тэгэхээр ээжийн ажилд илүү их анхаарал хандуулах нь чухал байна л даа. Хүүхдүүд бага учраас. Тэгэхдээ улс төрөөс гарна гэж юу байх вэ. Улс төрийн ажлаа хийдгээрээ хийгээд явна. Мэдээж хүүхэдгүй байсан үеийнх шигээ өдөр шөнөгүй ч гэдэг юм уу, улс төрийн ажилд анхаарлаа хандуулаад байж чадахгүй. Аль, алийг нь зохицуулаад л явна даа.
-Гурван жаахан хүүхэдтэй айлын ээж гэдэг шаггүй ажилд дарагдана биз.
-Тэгэлгүй яах вэ. Нэлээн ярвигтай ажилтай. Гэхдээ сайхан л байна, гоё байна.
-Танд хэн тусалж байна вэ. Хүмүүс таныг том улстөрч, тусгай хүн л гэж харж байж болох юм. Олон хүнээр туслуулаад, гэрийн ажлаа хийлгэдэг ч гэдэг юм уу. Гэтэл хэрэг дээрээ эмэгтэй хүний ажил үүрэг аль ч гэр бүлд адилхан байх л даа. Ядрах, цухалдах үе ч гардаг л биз.
-Тэгэлгүй яах вэ, яг адилхан.
-Тэгээд гэр орон, хоол унд, хүүхэд шуухад гээд ажлаа яаж амжуулж байна?
-Зохицуулж чадахыг нь чадаад чадахгүйг нь хаяад л явж байна. Хүүхэд нялх байгаа учраас одоохондоо нөхөр, дүү нар гээд бусдаар туслуулж байгаа. Гэхдээ та их чухал асуудал хөндлөө. Эмэгтэйчүүдийн хувьд цагийн хомсдол гэдгийг хэн ч үнэлдэггүй, орхигдуулдаг. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд гэр орны ажил, дэлгүүр хоршоо, хүүхэд шуухад гээд илүү их цаг зарцуулдаг. Үүнийг нь эрчүүд бөгөөд нийгэм үнэлэх хэрэгтэй. Их сайн үнэлж байх ёстой. Дарга ч бай, цэрэг ч бай эмэгтэй хүн тэр бүх ачааг нуруун дээрээ үүрээд явдаг. Эрчүүд түүнийг нь нэгдүгээрт үнэлэх, бас аль болох туслах ёстой.
-Нөхрийн чинь хувьд тэгж чаддаг уу?
-Манай нөхөр ажлаас эрт ирээд хүүхдүүдээ асарч тойлохоос эхлээд их сайхан түшиг болдог. Энхбаяр миний хувьд хар багын л танил, гэр бүлийн найз байсан. Ойр дотно, гэр бүл болоод арваад жил боллоо. Гурван сайхан хүүхэдтэй боллоо.
-Арван жилийн амьдрал, үр хүүхэд, зовлон жаргал гээд багагүй зүйлийг хамт туулна гэдэг бас тодорхой хэмжээний шалгуур давсан хэрэг байх. Гэтэл та нөхрийнхөө тухай бага ярих юм.
-Улстөрчид олон нийтийн өмнө нээлттэй байдаг болохоор гэр бүлийн амьдралаа заавал дэлгээд байх хэрэг юу билээ гэж боддог. Манай гэр бүлийн хүн ярилцлага өгөөд амьдралаа дэлгээд байх шаардлагагүй гэж боддог л доо. Гэхдээ би ханьтайгаа олон жил хамт амьдарлаа, багаасаа таньж мэддэг, сайн хүн байдаг гэдгийг нь хэлж байхад буруудахгүй гэж бодох болсон шүү.
-Бага охиндоо та хоёрын хэн нь нэр өгсөн бэ?
-Бид Дашчойлин хийдийн Ч.Дамбажав хамбаас нэр хайрлаач гэж гуйсан. Тэгээд Нарангоо гэдэг сайхан нэр өгсөн дөө. Үнэхээрийн энэ нэр шиг амьдрал маань гэгээтэй, сайхан байна.