Хямралаас гаргах 1.5 их наяд төгрөг “үлгэр” болжээ
Монгол Улсын жилийн төсөвтэй жин тэнцэхүйц мөнгө болох 1.5 их наядыг босгох боломж хязгаарлагджээ.
ОУВС-тай тохирсон мөнгө одоохондоо 224 сая ам.доллар. Санхүү, эдийн засгийн хямралын үед хэрэг болоод буй 1.5 их наядыг босгох гэж буй Засгийн газарт бол энэ нь шал хийх, шагайгаар татах л хэмжээний мөнгө. Гэвч үүнийг санхүү, эдийн засгийн хямралыг туулахад шаардлагатай байгаа 1.5 их наяд төгрөгөөр төлөвлөсөн арга хэмжээнд ч зарцуулахгүй бололтой. Учир нь өнөөдөр төсөвт 205 сая ам.доллар орчим төгрөгийн асуудал тулгамдаад байгаа гэж хандивлагчдын чуулга уулзалтын дараа Сангийн сайд С.Баярцогт мэдээлжээ. Төсвийн тогоо төрийн нэгдсэн данс улайх шахаж буй мэдээлэл нэлээн эртнээс сонсогдож, цалин, тэтгэвэр тэтгэмжээс бусад зарлагыг тодорхой хугацаанд хаах тухай шийдвэрийг Сангийн сайд гаргаж байсан. Тэгэхээр ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 224 сая ам.долларын 205 саяыг төсөвт тулгамдсан асуудлыг шийдэхэд зориулах тухай хэлсэн нь анхаарлын гадна орхиж болохгүй мэдээлэл юм.
Энэ хэрээр санхүү, эдийн засгийн хүндрэлийг гэтлэх 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй төлөвлөгөө хэзээ хэрэгжих нь улам бүр тодорхойгүй болж байна.
ОУВС-гийн нээсэн зээлийн сувгаар дамжин орж ирэх 224 сая ам.долларыг төсвийн тогоо руу хийх гэж буй юм бол өнөөх 1.5 их наядыг өөр шугамаар босгох ёстой болно. Тэгвэл гаднаас арилжааны зээл буюу өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авах боломж хязгаарлагдаж, бонд гаргах нөхцөлгүй болсон юм бол яаж тэрхүү 1.5 их наядыг босгох вэ? Хэрэв тэрхүү 1.5 их наяд төгрөг бүтэхгүй бол хямралаас гарч чадахгүй юу гэсэн асуулт урган гарч ирлээ.
Засгийн газар Сангийн сайдад өгсөн даалгавар бол эхлээд ОУВС-тай санхүүгийн хөтөлбөр тохирох, энэ хүрээнд өгөх зээлийг дээд хэмжээнд нь тулгах, бүр бүтэхгүй бол арилжааны зээл, бонд зэргийг хөөцөлдөх явдал байлаа. С.Баярцогт сайдын хувьд эхний хувилбарыг эцэст нь тулгажээ. Ингээд арилжааны зээл, бонд энээ, тэрээ хувилбар бүтэшгүй мөрөөдөл болсон нь энэ аж.
Хямралаас гарах 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй төлөвлөгөөгөө Засгийн газар УИХ-д оруулж ирэхдээ “Мөнгө олдоно, заавал олно” гэж ам алдаж байсан. Энэ хэмжээний зээлийг авлаа гэхэд Монгол Улсын нийт зээлийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтрэхгүй хэмээн Сангийн сайд гишүүдийг тайвшруулж байсан. Мөн ОУВС-тай хөтөлбөр тохирсноор арилжааны зээл авах эрхээ алдсан уу гэсэн асуултад Засгийн газрын зарим гишүүн “Үгүй” гэсэн хариултыг өгч байгаа. Монголын Засгийн газарт ОУВС 200 сая төгрөг хүртэлх арилжааны зээл авах эрх өгсөн гэж мэдэгдээд буй.
Тэглээ гэхэд 1.5 их наяд төгрөгийг босгоход хаана нь ч хүрэхгүй мөнгө.
Асуулт, айдас бүрийг Засгийн газар үгүйсгэж, гагцхүү болох, бүтэх тухай л ярьж байгаа. Гэвч бодит байдал арай өөр юм биш үү гэх эргэлзээг бүрэн тайлж чадахгүй байх аж.
ОУВС тохиролцсон 200 гаруй ам.доллараас гадна нийт 600 гаруй сая ам.долларын зээл олгох болсон гэж Тэргүүн шадар мэдэгдсэн ч нөгөө талаас албан ёсны байр суурь одоохондоо алга. Өнгөрсөн бямба гаригт болсон хандивлагчдын чуулга уулзалтын үеэр эхний удаад Япон улс 50 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 50 сая ам.доллар, Дэлхийн банк 60 сая ам.доллар олгох боломжтойгоо илэрхийллээ. Гэхдээ энэ нь ердөө ОУВС-тай тохирсон 224 сая ам.долларыг “босгох” мөнгө юм байна.
2009.03.17