Сүүлийн үед “Зүүн аймгийн нутгуудыг харийнханд өгөх гэж байгаа гэнэ, Халх голын сав газрыг гадаадуудад худалджээ. Монгол минь хаа байна, эх орончид хаана байна. Гадаадын гар хөл дэндлээ” гэж халагласан, улигласан ишлэлүүд энд тэндгүй харагдаж, сонстох болов. Нийгмээ түүчээлэн авч явах ёстой хэвлэл мэдээллийнхэн ч тэр, өөрсдийгөө гол мэдээлэгчид хэмээн тодотгодог сошиал медиагийнхан ч тэр.

Тэр бүгдийг харахаар зүүн аймгуудыг тэр чигт нь ухаад аваад явчих гэж ч байгаа юм шиг, бүх газрын баялаг, тарьсан тариаг цааш нь зөөчих гээд ч байх шиг ер нь улаан шороогоо тэврээд хоосон хоцрох гэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Эх орончид гэж өөрсдийгөө боддог хүмүүс энэ тухай бодохоос л өр нь өвдөж, үсээ үгтээмээр байгаа бололтой. Эх орноо худалдсан гээд Р.Бурмаа сайдыг шонд дүүжилж, шоронд хатаана гэсэн хүмүүс ч олон байна. Өнөө Р.Бурмаа сайд нь “Тэндхийн нэг сөөм ч газар солонгосчуудад байхгүй. Хятадууд, япончуудад ч тэр. Солонгосчууд манай яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээ татваргүйгээр аваад гарна гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал. Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна” гэж хариулсан байна лээ.

Хэн нэгний санаатай явуулга ч бай, өөр бусад зорилготой ч бай хамаагүй, манайхны энэ асуудалд хандаж байгаа хандлага нь нэг л биш юм аа. Монгол гэдэг чинь хууль цаазгүй орон уу, энд үйлчлэх дүрэм журам гэж байхгүй гүрэн үү. Хэн нэгэн гадаад ороод ирэхээр цөлмөх гэж байна, луйвардах гэж байна гэж харддаг маань хэрээс хэтрэх юм аа. Монголчууд 1,5 сая кв/км газар нутагтайгаараа дэлхийн гурван зуугаад улсаас 19 дүгээрт орж байна. Харин нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ айргийн тав руу ороод ирдэг. Нэг монгол хүн 0.6 км2 газарт ганцаараа байхад болохуйц өргөн уудам газар нутагтай.

Монгол нутгаараа хөндлөн гулд явж байхад дэндүү уудам, дэндүү уужим газар нутагтай гэдгээ манайхан мэдэрдэг биз ээ. Хэдэн бээрийг туулсан ч ган хийх хүн таарахгүй, хаа нэг хаягдсан мэт харагдах гэрүүд ч үзэгдэхгүй байх нь элбэг билээ. Цахилгаанаас алслагдсан, зам харгуйгаас хаягдсан хөдөөгийн тийм айлуудаар ороход цөөхөн маань буруутай ч юм шиг, том газар нутагтай нь түвэгтэй ч юм шиг санагдах нь бий. Гэтэл дэлхийн ихэнх улс орнуудад хүний гар хүрсэн нь шууд харагдах тариалангийн талбай, усан үзмийн бутнууд амьдрал тэнд л байгааг батлаад байдаг. Бас хэн нэгний хатаагаад орхисон хувцастай хэц, айлын хүүгийн унаж байгаад хаясан дугуй хүртэл үүнийг гэрчилдэг. Харин манайд зах хязгааргүй үргэлжлэх их тал, хаяа нь үл харагдах өндөр уулсын бараа баяр баяслыг төрүүлэвч тэнд амьдрал байгаа гэдгийг баталж чаддаггүй. Магадгүй тэнд хүн харагдаж, хүний гараар бүтээсэн амьдрал харагдаж байж илүү төгс төгөлдөр болдог байх.

Газрыг гадныханд өгөх гэлээ гээд шуугиад л байна. Үнэндээ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж үнэ цэн нь ирдэг болохоос өөрсдөө ч хаа нэг үзэгддэг эзэнгүй ээрэм талд ямар ч үнэ цэн байдаггүй юм. Өөрсдөө үзэгдэж нэг, ашиглаж нэг үнэ цэнийг нь гаргая гэвч дэндүү цөөхөн хүн амтай, бид. Эдийн засгийн хөгжлөөрөө, олон улсад хаалттай байдлаараа Солонгостой адил болъё гээгүй л юм бол бид газраа эргэлтэд оруулж, хэрэгцээтэй гэвэл түрээсэлж ашиглаж, орлого олох ёстой юм. Мэдээж, ийм шийдвэрийг гаргахад амаргүй. Сүргийн ойлголтыг давж шийдвэр гаргахад улс төрийн эр зориг хэрэгтэй байж таарна. Хуучны айл өрхүүдэд орон сууцыг нь хувьчилж, малыг малчдад нь өгч, өмч хувьчлалыг эхлүүлж байсан зоримог шийдвэрүүдээс ч амаргүй байж таарна. Гэхдээ хоосон хамгаалж үлдсэнээр эх оронч болчихдоггүй болохоор эх орноо хайрлах, хамгаалах гэж юуг хэлээд байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Магадгүй, газраа гадныханд өгөх нь гэж харамсаад хайрлаад байгаа тэр “эх орончид” дөрвөн уулынхаа дундаас холдож үзээгүй л байгаа. Хэрэв үзсэн бол Монгол гэж ямар уудам бас ямар эзгүйг мэднэ. Бас ямар их боломж ч бидэнд байгааг ойлгох байсан биз. Нэлээд юм үзэж, элдвийг тунгаасан ахмадын хэлснээр “Тэд энэ улс орноо улсын дайтай авч явахын тулд юу хийх хэрэгтэй талаар толгой гашилгаж ч үзээгүй, нийгмийн амьдралд ямар ч хамааралгүй явж ирсэн, боловсролын дипломтой ч хүн болохын боловсролд шамдаагүй хүмүүс байгаа даа. Учир начрыг ухаж, өөрийн гэсэн төлөвшил суусан хүмүүс үүнийг арай өөрөөр харна” гэсэн нь үнэний хувьтай биз ээ. Монголчуудын тоо гурван сая. Гурван зуун жилийн дараа өсөөд өсөөд эзгүй нутагтаа амьдарсан энэ хэвээр л байна. Гэтэл бид эзгүй уудам энэ нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ядуу зүдүүхэн амьдарч байгаа иргэдээ хүний дайтай амьдруулах бүрэн боломжтой орон. Газар түрээслэх тухай ярихаар хэн нэгэн хужаа хүрз барьж орж ирээд төмс тариад сууна гэвэл дэндүү өрөвдмөөр бодол.

Харин бид гадныханд ашиглуулж, монголчууддаа хэрэгтэй гэрээ хийвэл эзгүй газар хот тосгон босно, шинэ технологи үйлдвэрлэл нэвтэрнэ. Арга туршлага орж ирнэ. Салхинаас өөр хүрэх зүйлгүй байсан газарт амьдрал бужигнана. Энэ нь өөрөө хөгжил. Тэр газар нутаг Монголынх л байна. Монгол орон л байна. Түүнээс Япон, Солонгосынх болчихгүй. Заримдаа манайхан хуульгүй оронд амьдарч байгаа юм шиг бодох юм. Үнэндээ авлига, эрх мэдлийн далайд живчихсэн улстөрчид нь иргэдээ тэгж цөхрөхөд хүргэсэн байх ч талтай. Гэхдээ Монгол Улс өөрийн төртэй, өөрийн хуультай, өөрийн ард түмэнтэй орон болохоос живж хоцорсон эзэнгүй усан онгоц биш.

Тиймээс бид эдийн засгийн ашиг бүхий л боломжийг алдахгүй байх нь зөв юм. Мэдээж, газар нутгаа түрээслүүлж ашиглуулах гэж байгаа бол олон улсад жишиг болсон эрсдэлийн үнэлгээг маш сайн гаргах хэрэгтэй. Улс орноо эдийн засгийн ашиг орлого олохоор түрээсэлсэн орнууд байж л байдаг. Сингапур гэхэд л Английн цэргийн баазад газар нутгаа түрээслүүлээд ДНБ-ийхээ 20 хувийг олж л байсан. Гэтэл үнэндээ Сингапурт газар гэх юу байгаа билээ дээ. Өөрсдөө хуурай газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр гадаадаас элс, шороо импортолж авдаг улс. Улсынхаа зүүнээс баруун руу 50 км, урдаас хойшоо ердөө 26 км газар нутагтай. Нэг захаас нөгөө рүү нь хэдхэн минутад л оччихно. Гэтэл бид баруун аймгууд руу очих гэж 1500 км-ээс хол замыг туулж, хонон өнжин, өнжин үдлэн эзгүй талаар давхидаг шүү дээ. Банк, санхүүгийн төвийг босгож чадсан сингапурчууд тооцоо, эрсдэлийг хийж л түрээсэлсэн байж таарна аа даа. Сингапур далайд хуурай газар бий болгож газар нутгаа нэмэгдүүлэхийн тулд Индонезиэс элс, шороо худалдан авдаг. Газар шороогоо ухаад, харьд худалдлаа гээд манайхан шиг уурлах юм бол Индонезийн 250 сая хүн ам зүүн өмнөд Азийг нураачих биз ээ. Гэтэл өч төчнөөн эзэнгүй арал байгаа хойно ингэж л мөнгө олно шүү дээ гэж тэд тайлбарладаг. Олон сая амаа хоолтой байлгах гэж, мөр бүтэн явуулах гэж хийж байгаа алхам болохоос эх орондоо хайргүйдээ тэр биш байх аа. Бид өнөөдөр таван малчны өвөлжөөний газрыг хамгаалж үлдэнэ гээд тэмцээд байхаас тавиулаа, таван мянгуулаа, тавин мянгуулаа, таван саяулаа хэрхэн сайхан амьдрах талаар бодох цаг иржээ. Самрын ясаа хаа сайгүй тарааж хаячихаад миний газар, миний нутаг гэж цээжээ дэлдэх нэг хэрэг. Харин тэр сайхан нутгаа эзэнтэй, ээлтэй авч явж, хүмүүсээ жаргалтай, хүүхдүүдээ инээд хөөртэй амьдруулах нь өөр хэрэг. Монголын газар нутгийг зарах тухай, хэн нэгэн нь тэр дундаа аль нэг дарга илүү ашиг олж жаргаж суух тухай энд яриагүй байна. Бидэнд байгаа газар нутгаа ухаантайхан эдэлж, монгол хүн өлсөхгүй, зовохгүй эрүүл зөв амьдрах тухай хөндөж байна. Эргэлтэд оруулсан газар бүхэн ашиг авчирдаг гэдгийг бид түүхээс харсан. Хонконгийг хар л даа. Хэдийгээр хятадууд ашиг олохоор Сянган буюу Хонконгоо Англид өгөөгүй ч үр ашиг нь тэдэнд ирчихсэн л байдаг шүү дээ. Хятадын бараа эргэлт, том зах зээлийг өөрийн болгож авах гэж англичууд дараа нь Англи-Францын холбоотнууд Хар тамхины дайныг өдөөсөн байдаг. Сүүлдээ Манж Чин улсыг шахаанд оруулж, Нанжингийн гэрээнд зуруулснаар Сянган 100 жилээр Английн мэдэлд ирсэн. Гэхдээ гэрээ бол гэрээ гэдгээр 1997 онд Хонконг Хятадад буцаж ирэхэд англичууд соёлоо авч явж чадаагүй, санхүү эдийн засгийн гол төвийг үүрч дүүрээд явж чадаагүй. Технологи, хөгжил, иргэншил бүхий л зүйл тэнд, хятадуудад хоцорсон билээ. Макао ч адил. Тэгэхээр хүсээгүй тэд хүртэл ашгийг нь хүртсэн байхад эдийн засгийн эрсдэлээ тооцож, хууль хяналтаа бүр чангатгаж, нарийн тооцоо гаргаж чадвал бидэнд юу байна, газар л байна шүү дээ. Энэ бол хөгжлөө түргэтгэж, хоцрогдлоо арилгах боломж. Дахин хэлэхэд эх оронч гэхээр газраа хамгаалж байна гэж хоосон цэцэрхэгчдийг биш эх орноо хөгжүүлдэг, иргэнээ хайрладаг хүнийг хэлэх юм шүү.