ОХУ энэ оны 5 дугаар сард Аугаа Эх орны Дайны Ялалтын 70 жилийн ойг өргөн тэмдэглэх гэж байна. Асар их үнээр ялалт байгуулсан энэ дайны үед тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад түүний холбоотнууд, юуны өмнө АНУ, Их Британийн зүгээс үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсан юм. Харамсалтай нь социализмын үед зөвлөлтийн хэвлэлүүдэд энэ талаар бараг бичдэггүй байсан ба хэрэв бичвэл тусламжийн хэмжээг хэт багасгаж бичдэг байв. Тухайлбал, СССР-ийн Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан Н.А.Вознесенский “Эх орны дайны үеийн СССР-ийн цэргийн эдийн засаг” номондоо холбоотнуудын зүгээс үзүүлсэн тусламж зөвлөлтийн нийт үйлдвэрлэлийн ердөө 4 хувьтай тэнцэх хэмжээний байсан хэмээн тэмдэглэснийг их иш татдаг бөгөөд тэрээр чухам юуг үндэслэж ингэж бичсэн нь тодорхойгүй байдаг.


АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт ленд-лизийн тухай хуульд гарын үсэг зурж байгаа нь.


“-1941 оны намар бид бүгдийг алдсан. Хэрэв ленд-лизээр нийлүүлж байсан зэвсэг, хүнс, дулаан хувцас болоод бусад хангамж байгаагүй бол яах байсныг хэлэхэд хэцүү” гэж дайны жилүүдэд Улаан Армийн хангалтыг хариуцаж байсан зөвлөлт төрийн нэрт зүтгэлтэн А.И.Микоян хожим ярьсан байдаг.

АНУ дайны жилүүдэд ЗХУ-д ленд-лиз (англи хэлний lend-зээл өгөх, lease-түрээслүүлэх) гэсэн нэртэй тусгай хөтөлбөрийн дагуу тусламж үзүүлж байв. 1941 онд АНУ-ын Конгрессоор хуульчлан батлагдсан энэ хөтөлбөрт дараах нөхцөлийг тусгасан байжээ:

    -дайны үед устгагдсан, алдагдсан, ашиглагдсан материал (машин, механизм, төрөл бүрийн цэргийн техник, зэвсэг, түүхий эд, бусад эд зүйлс)     буцаан төлөгдөхгүй;

    -ленд-лизийн хүрээнд шилжүүлэн өгсөн бөгөөд дайны дараа үлдсэн иргэний зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийг АНУ-ын засгийн газраас олгосон удаан хугацааны зээлийн үндсэн дээр бүрэн болон бүрэн бус хэмжээгээр буцааж төлөх;

    -хэрэв АНУ-ын талаас шаардах юм бол эвдрээгүй болоод алдагдаагүй техник, тоног төхөөрөмжүүдийг дайны дараа буцааж өгөх.

Дэлхийн II дайны үед АНУ ленд-лиз хөтөлбөрөөр өөрийн холбоотнууддаа нийт 50.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байдаг (үүнийг нь 2008 оны үнээр тооцвол 610 тэрбум ам доллар болох юм байна). Үүнээс:

Тусламж хүлээн авагч орон

1941-1945 оны үнээр (ам.доллар)

2008 оны үнээр (ам.доллар)

Их Британи

31,4 тэрбум

382 тэрбум

СССР

11,3 тэрбум

138 тэрбум

Франц

3,2 тэрбум

40 тэрбум

Хятад

1,6 тэрбум

20 тэрбум

 

Түүнчлэн Их Британи 1.693 тэрбум ам.долларын, Канад 200 сая ам.долларын үнэ бүхий тусламжийг ЗХУ-д нийлүүлжээ.

Ингээд дайны жилүүдэд ЗХУ-д холбоотнуудын зүгээс нийлүүлсэн зарим машин, зэвсэг, тоног төхөөрөмж, бусад барааны жагсаалтыг гаргавал ийм байна.

АНУ-аас:

-        байлдааны нисэх онгоц-14795 ш.
-        ачааны автомашин-375883 ш.
-        жип машин- 51503 ш.
-        трактор-8701 ш.
-        мотоцикл-35170 ш.
-        зенитийн их буу-8213 ш.
-        тэсрэх бодис-345735 тонн
-        ачааны вагон-11155 ш.
-        галт тэрэгний зүтгүүр-1981 ш.
-        радио станц-38051 ш.
-        хээрийн телефон утасны аппарат-400711 ш.
-        телефон утасны кабель-2 сая км
-        радио локатор-445 ш.
-        цэргийн гутал-15,417 сая хос
-        автомашины дугуй (покрышка)-3,8 сая ш.
-        байлдааны усан онгоц-552 ш.
-        мөс зүсэгч усан онгоц-3ш.
-        металл боловсруулах суурь машин-38,1 мянган ш.

Их Британиас:

-        байлдааны нисэх онгоц-7411 ш.
-        танк эсэргүүцэх их буу-548 ш.
-        зенитийн их буу-385 ш.
-        радио станц-7041 ш.
-        радио локатор-1648 ш.
-        байлдааны усан онгоц-21 ш-ийг нийлүүлжээ.

Мөн холбоотнууд дайны жилүүдэд 10 сая хүнийг 1600 хоног хооллох хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн байна (гэтэл Аугаа Эх орны Дайн 1418 хоног үргэлжилсэн).

ЗХУ эдийн засгаа дайны байдалд шилжүүлж ”Бүхнийг фронтын төлөө!”, “Бүхнийг ялалтын төлөө!” уриан дор хамаг хүчээ шавхан дайчилж ачааны хүндийг өөрөө үүрч гарсныг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй. Дайны жилүүдэд зөвлөлтийн аж үйлдвэр 103 мянган танк, 112100 байлдааны онгоц үйлдвэрлэсэн байдаг. Ленд-лизийн шугамаар авсан танк, онгоцнуудыг эдгээр тоотой харьцуулах юм бол үйлдвэрлэсэн танкны 10 гаруй хувь, байлдааны нисэх онгоцны 16 хувьтай тэнцэж байна.

Холбоотнууд зэр зэвсгээр тусалж байснаас гадна Зөвлөлтийн аж үйлдвэр, тээврийн салбарыг дэмжиж асар их тусламж үзүүлсэн байдаг. Зэвсэг, техник үйлдвэрлэхэд нэн шаардлагатай 64.6 мянган ш. металл боловсруулах нарийн ажиллагаатай суурь машин, олон мянган тонн ган, өнгөт металл, химийн бодисоос гадна бүхэл бүтэн үйлдвэрүүд нийлүүлж байжээ. Жишээ нь, Куйбышев, Гурьев, Орск, Красноводск зэрэг хотод нефть боловсруулах үйлдвэрүүд, Москвад автомашины дугуйны томоохон үйлдвэр нийлүүлсэн байна. Мөн 10 гаруй махкомбинат нийлүүлснээс 3 нь Монголын хил орчим байгуулагдсан бөгөөд манайхаас нийлүүлдэг мал, махыг боловсруулдаг байсан юм билээ.


Ленд-лизийн шугамаар ЗХУ-д нийлүүлэх ачааны автомашинууд усан онгоцонд ачигдахын өмнө.

Тээврийн салбарыг авч үзэх юм бол ЗХУ дайны жилүүдэд 205 мянган автомашин үйлдвэрлэсэн бол ленд-лиз хөтөлбөрөөр 2.3 дахин илүү машин нийлүүлсэн байна. Зөвлөлтийн үйлдвэрлэсэн нийт машины 55 хувь нь ГАЗ-АА буюу манайхны хэлдгээр “полу” (өөрөөр хэлбэл 1.5 тонны, одоогоор бол манайд өргөн хэрэглэгдэж байгаа солонгосын “Портер”-ын хэмжээний даацтай гэсэн үг)  байсан бол холбоотнуудын нийлүүлдэг машинууд нь голдуу туулах чадвар сайтай хүнд даацын ачааны болон жип машинууд байжээ. Холбоотнуудын нийлүүлсэн автомашинуудын ачаар Улаан Армийн маневрлах чадвар эрс нэмэгдсэн гэдэг. Төмөр замын тээврийн хувьд гэвэл ленд-лизээр зөвлөлтийн үйлдвэрлэсэн зүтгүүрээс 2.4 дахин, ачааны вагоноос 10 гаруй дахин ихийг нийлүүлжээ. Чухамхүү эдгээр зүтгүүр, вагоны ачаар л зөвлөлтийн төмөр зам дайны жилүүдэд ачаа тээвэрлэлтийн үүргээ амжилттай биелүүлсэн юм билээ.  Гэхдээ дайны хоёрдугаар хагасаас олзолсон автомашин, вагонуудыг өргөнөөр хэрэглэх болсныг энд бас тэмдэглэх хэрэгтэй.

Дайны үед холбоо ямар чухал үүрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймд энэ талаар хэдэн тоо дурьдах нь зүйтэй байх. Холбоотнууд зөвхөн 1944-1945 онд 360 дивизийн хэрэгцээг хангах радио станц, 511 дивизийн хэрэгцээг хангах телефон утасны аппарат нийлүүлсэн байна. Мөн тэр үед ЗХУ-д бараг үйлдвэрлэдэггүй байсан радиолокатор 2 мянга гаруйг нийлүүлжээ.


Монгол морьд Аугаа Эх орны Дайны фронтод.

Хэрэв дайны үед холбоотнууд ленд-лиз хөтөлбөрөөр тусламж үзүүлээгүй бол дайн дор хаяж 1-1.5 жил илүү үргэлжлэх байсан гэж А.И.Микоян бас хэлсэн байдаг. Дайн сунжрахын хирээр хичнээн сая хүний амь нэмж үрэгдэх байсныг бол хэлэхийн арга байхгүй.

Улаан Арми 1945 оны 8-9 дүгээр сард милитарист Японы эсрэг байлдахдаа холбоотнуудын автомашин, танкийг өргөн хэрэглэсэн байдаг. Аугаа Эх орны Дайн дууссаны дараа ердөө 2-3 сарын дотор Европоос Алс Дорнод руу болоод Монгол руу бараг 10-аад мянган километр зам туулж олон зуун мянган цэргийн зэрэгцээ их хэмжээний танк, автомашин, бусад техникийг төмөр замаар тээвэрлэх бололцоогүй учраас тэдгээрийг АНУ-аас шууд ЗХУ-ын Алс Дорнод дахь Владивостокоор дамжуулан нийлүүлсэн юм билээ.

Аугаа Эх орны Дайны үеэр Бүгд Найрамдах Монгол Ард Улс стратегийн ач холбогдолтой зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, бусад тусламжийг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ тэргүүтэй холбоотнуудаас дутахааргүй хэмжээгээр нийлүүлж байсныг энд бас онцлон тэмдэглэмээр байна. Оросын нэгэн нийтлэлч үүнийг “Монголын ленд-лиз” гэж бичсэнийг уншаад үнэхээрийн оноож нэр өгсөн байна гэж бодогдсон шүү. Жишээлэхэд, манай улс дайны хүнд бэрх жилүүдэд ЗХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсний ач холбогдлыг үнэлэхэд хэцүү. Яагаад гэвэл агт морьд нь автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун шаарддаггүй тээврийн хэрэгсэл юм. Ер нь тэр үед ийм олон тооны агт морьд нийлүүлж чадах орон манайхаас өөр бараг байгаагүй гэдгийг ч бас тэмдэглэх хэрэгтэй.

Дайны жилүүдэд АНУ 665 мянган тонн консерв нийлүүлсэн нь Улаан Армийн болон ар талын хүнсний хангамжинд чухал үүрэг гүйцэтгэсэн тухай их бичдэг. Гэтэл энэ хугацаанд манайх бараг 500 мянган тонн мах нийлүүлсэн байна (манай нийлүүлдэг мал, махыг АНУ-аас ленд-лизийн шугамаар нийлүүлсэн 3 махкомбинат боловсруулдаг байсан тухай дээр дурдсан).

54 мянган тонн ноос нийлүүлсэн бол манайх 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд ЗХУ-д үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монголын ноосоор хийсэн байна. Мөн үлэмж хэмжээний савхин болон нэхий эдлэл нийлүүлсэн байдаг.

Түүнчлэн манай иргэд сайн дурын үндсэн дээр  53 танкаас бүрдсэн танкийн цуваа, 12 сөнөөгч онгоцноос бүрдсэн нисэх эскадриль байгуулах хөрөнгийг гаргаж Улаан Армид бэлэглэснийг бид сайн мэднэ. Эдгээр танк, онгоц тооны хувьд зөвлөлтөд үйлдвэрлэсэн болон холбоотнуудын нийлүүлж байсан танк, онгоцны дэргэд өчүүхэн хэдий ч хамгийн гол нь цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэл шингэсэн бэлэг байсан гэдгээрээ онцлогтой.

Дайны жилүүдэд манайхаас ЗХУ-д нийлүүлсэн зүйлс, бэлэг хоёрыг ялгах хэрэгтэй байх л даа. Бэлгийн хөрөнгийг хүмүүс сайн дураараа хувиасаа өгч байсан бол нийлүүлдэг зүйлсийг улсаараа хөдлөн бэлтгэж байв. Харин Зөвлөлт оронтой яаж тооцоо хийж байсныг мэдэхгүй. Хэрэв төлбөр авсан бол үлэмж хөнгөлөлт үзүүлсэн байж таарна. Энэ утгаар нь авч үзэх юм бол холбоотнуудын ленд-лизийн хөтөлбөрөөр үзүүлж байсан тусламжаас ялгагдах зүйлгүй гэж хэлж болох талтай.

Эцэст нь хэлэхэд манайхаас үзүүлж байсан тусламжийн талаар оросын нэртэй сэтгүүлчээр баримтат кино хийлгэж Аугаа Эх орны Дайны Ялалтын 70 жилийн ойн баярын үеэр оросын телевизүүдээр гаргавал зүгээр байхсан гэж бодогдож байна.

 
 2015.04.01