АСЕМ-ын зочдыг Увсад урья!
Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд сумдаар зуд болж буйг өчигдөр МҮОНТ-ийн 2-р сувгаар харлаа.
Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд сумдаар зуд болж буйг өчигдөр МҮОНТ-ийн 2-р сувгаар харлаа. Би мах иддэг үү, малчин уу гэдгээс эс хамааран би монгол хүн. Монгол хүн хавар өөрийгөө биш малаа боддог. Тиймээс “Сүүлчийн өвс тэжээлээ шавхчихлаа” гэж ярьж суугаа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Малчин, Наранбулаг сумын Засаг дарга нарын яриаг ч, малчдыг ч, малыг ч өрөвдөж байна.
Тэгсэн хэрнээ мах идсэн хэвээрээ байгаа биз дээ. Өнөөдрийн байдлаар 125 мянган толгой мал хорогдсон гэсэн мэдээтэй байгаа. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын статистикаар мах, махан бүтээгдэхүүний үнэ 8.3 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар өсч, нийтдээ хүнсний барааны бүлгийн үнэ 2.7 хувиар өссөн дүн харагдлаа. Үүнд мал хамаагүй юу. Тиймээс Монголыг байгаагаар нь харуулъя гэвэл Улаанбаатарт биш, Увсад, Завханд АСЕМ-ын зочдыг уривал ямар вэ. Сэтгэл хөдлөлөөр гаднынхантай харьцаж болохгүйг сануулж байгаа юм. Зочид маань цасан дээр газардаж, дэлхийн дулаарал гэдэг гол сэдвийнх нь цаад талд ямар нөхцөл буйг харж болно. Ямар бид Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барьж байгаа дуусаагүй гэлтэй биш.
Энэ нь “Яавал Монголыг муухай харагдуулах вэ” гэсэн санаа биш ээ. Мэдээж хэрэг хадлан, тэжээлээ бэлтгэж амжаагүй, зунжин, намаржин наадамлаж, даншигдсан монгол малчин дээр л бүх бурууг тохох байх. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ыг Монголд зохион байгуулах “эрх”-ийг гэж Италийн Милан хотоос 2014 оны аравдугаар сарын 17-нд олж ирсэн. Энэ гоё шийдвэрт хамгийн түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян, Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар баяр хүргэж амжилт хүсч байв. Одоо Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар тэр эрхмүүд хамгийн сайн мэдэж байгаа.
Түүнээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Бэлтгэл ажлаа хангахад цаг давчуу байлаа гэх тайлбар сонсож болох ч 55 сая малдаа эсэн мэнд онд оруулахад малчид л өөрсдөө анхаарах ёстой гэж одоо хэлэх байх. Хотоо харлуулсан малчин нүүр дүүрэн инээд алдаж чадах уу. Тэр тусмаа өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн өсөлтийн жин дарах байдлаар хөдөө аж ахуйн салбар хамгийн боломжийн дүн мэдээг үзүүлсэн шүү дээ. Гэтэл дэмжих “завгүй” байв.
За, мал ярихаа больё. Банкны салбар мөн л энэ оны нэгдүгээр сарын байдлаар ойрд үзэгдээгүй алдагдалтай байгаа гэнэ. Малчдын авч буй зээлийн хүүг бууруулна гэдэг үндэслэлгүй популизм, орон сууцны зээл тавхан хувь болтлоо буурах нь гэсэн хүлээлт энэ бүхэн банкны салбарт “дайсагнаад” эхэлчихэж.
Төр ерөөсөө л 53 оны зочид төлөөлөгч ирэхэд буух онгоцны зурвас, амрах зочид буудал, хөлөглөх автомашинд л тэрбум, тэрбумаар хөрөнгө зарлаа. Бас Улаанбаатараа “гоёх” талаар санаа тавьсан.
Бид хангалттай урбанжсан байж болно. Улаанбаатар тэгтлээ хөгжсөн юм бол яагаад өнөөдөр Эрүүл мэндийн тухай хуульд нь нус, цэрээ гудамжинд ил хаявал 5000 төгрөгөөр торгоно гэсэн заалт явж байдаг юм бэ. Монгол төрийн хууль нус, цэрийг таван талхны үнээс дээгүүр үнэлж байгаа юм уу. Энэ хуулиа баталчихаад, “муухай царайтай” хүмүүсээ “цөлчихөөд” дэлхийн нэр хүндтэй зочдыг урих юм байх аа. Дэргэд нь шахам нус, цэр хаясан “хуучин” монголоо торгоод хотоо, улсаа гоё харагдуулна гэнэ.
Хамгийн санаа зовж байгаа асуудал гэвэл АСЕМ-ын маргаашаас манай эдийн засаг яах вэ. Тэр үед УИХ-ын сонгууль болоод өнгөрчихсөн, Засгийн газар нь өөр, шийдвэрүүдийн бүх буруу, муухайг өмнөх Засгийн газар руу чихэж таарах байх. Харин монголчууд мах л иднэ. АСЕМ-ын чуулга уулзалтын нэр хүнд, хийгээд түүний зочдыг “идэхгүй” нь лав.
Нэг жишээ дурьдахад 2004 оны Афины олимпт Грекийн эрх баригчид нийт арван гурван тэрбум ам.доллар зарцуулаад хоёр тэрбум ам.доллар хүрэхгүй орлого олсон байна. Шинжээчдийн тооцоолсноор Афины олимпийн зардал Грекийн ДНБ-ий таван хувьтай дүйжээ. Тус улсын Засгийн газрынх нь өр эрс нэмэгдэж, еврогийн бүс дэх эдийн засгийн хямрал эхлэх гол угтвар шалтгаануудын нэг болж, Афины олимпийн объектуудаас одоо тэн хагас нь огт ашиглалтгүй байгаагаас тэдгээрийг хамгаалах, засвар үйлчилгээ хийх зардал тус хотын төсөвт нэрмээс болж байна гэж мэдээлж байв.
Харин “АСЕМ Вилла” цогцолборыг арай ийм эмгэнэлт түүхийн гэрч болгохгүйгээр эргэлтэд оруулах ямар гарц байгаа бол. Одоо өширч, загнаж, эх оронч биш гэж хөөгдөж ч мэдэх нэг саналыг хэлье. Хэрэв өнгөрсөн долоо хоногт манай Засгийн газар зудад нэрвэгдсэн малчдаа дэмжихээр тусламж хандив гуйсан нь үнэн бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг энэ “том” шалтгаанаараас АСЕМ-ийг зохион байгуулах ажлаасаа “чөлөө” авчихаж болохгүй юм уу. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн дагуу Хөгжлийн банкнаас их хэмжээний хөрөнгө зарцуулж Монгол Улс нэр хүндээ дээшлүүлэхээр энэ ажлыг зохион байгуулахаар зориглосон байж болно. Бас түргэдсэн шийдвэр биш гэж үү. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийг уг мэдэгдлээ хийчихээд ирсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар дааж давшгүй хүнд ачаа үүрч эхэлсэн. Төсөв, хөрөнгө ч ачаагаа даахад хэцүү болж байна. Улс орны эдийн засаг, их өр, зээлийн дараах өдрүүд аймшигтайгаар төсөөлөгдөх боллоо. Ийм өндөр үнэтэйгээр Монгол Улс нэр хүндээ “өргөх” хэрэг байсан юм уу. Байгаагаараа л байсан бол юугаар дутах гээд байсан юм бол.
Ийм хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахын өмнө ирэх зочдоосоо гуйлга гуйсан орон хэд байдаг, үүний дараа нэр хүнд нь яаж өссөн талаар тодорхой жишээ байна уу. Азиас олимпийг зохион байгуулах эрх авсан орнууд Япон, Солонгос, Хятад гэхэд л үсрэнгүй хөгжлийнхөө үед энэ эрхийг авсан байдаг. Хэдийгээр олимптой харьцуулах боломжгүй боловч улс төрийн нэр хүндээрээ дорд тооцогдохгүй АСЕМ-ыг Монгол Улс 17.3 хувийн өсөлттэй байхдаа ч зориглоогүй нь цаанаа учиртай болов уу. Тэр үед “АСЕМ”-ын том ачааг үүрч буй хувийн хэвшлийн нэг болох MCS лав улстөрд хангалттай дэмжлэгтэй байсан. Гэхдээ л зохион байгуулъя гээгүй. Тиймээс ч Ерөнхийлөгчийг 2014 оны аравдугаар сард дээрх шийдвэрийг гаргасан шалтгааныг “сэтгэл хөдлөлийн улмаас” гэдэг таамаг ортой байж мэдэх юм. Үүний цаана “НҮБ-д ажиллах маргаашаа бодож байна” гэсэн хардлага дагадаг. Түүнд боломж бий. Гэхдээ энүүхний төлөө улсынхаа эдийн засгийг гүн хямралд хаяж өгөхгүй л баймаар. Тэгэхээр одоо цорын ганц аврал нь Ерөнхийлөгч биш юм аа гэхэд ҮАБЗ хэлэлцэж байгаад “Байгалийн гамшигт нэрвэгдлээ” гэдэг шалтгаанаар АСЕМ-ыг зохион байгуулах эрхээ “түр” буцааж өгөх, эсвэл хэчнээн хүнд нөхцөлтэй тэмцэлдэж байгаагаа газар дээрээс нь үзүүлж ядуугаа гайхуулах хоёрхон боломж л үлдээд байна даа.