Зүрхэнд шивсэн зүү
Дорнодын хил дээр очиж зүрхэндээ зүүгээр шивүүлчихээд ирлээ. Уучлаарай, хил тайван, хилчид сайн манаж байгааг яаран дуулгах нь зүйтэй байх.
Дорнодын хил дээр очиж зүрхэндээ зүүгээр шивүүлчихээд ирлээ. Уучлаарай, хил тайван, хилчид сайн манаж байгааг яаран дуулгах нь зүйтэй байх. Харин Монгол төрийн харалган бодлого ч гэх үү, хэнэггүй байдлаас болж “ямх ямхаар ахих” бодлогоор хэдэн зуун жил гэтэж ирсэн Хятадын талаас хөрөнгө оруулалт гуйж барилгын өргөтгөл хийлгэнэ гэж ярьж буй, мөн Хятадаас эрчим хүчээ гуйж авдаг гэх Хавирга-Ар Хашаатын боомтын талаар сонсоод “дагаж” явсан Хууль зүйн сайдаасаа дутахгүй бухимдлаа.
Өдөрт тасралтгүй ажиллалаа гэхэд 450-480 иргэнд штамп дарж нэвтрүүлэхээр байгаа. Одоогоор ачаалал ихтэй үед нэг талдаа 600-800 штамп дарах болсон. Уртасгасан цагаар ажиллаж байгаа ч он гарснаас хойш илүү цагийн мөнгө өгөхөө больсон гэж гомдоллож байна. Тэгсэн хэрнээ шаардлагатай тохиолдолд Хятадын талаас өөрсдөө штампаа даруулаад ирсэн бол бичиг баримтыг нь шалгаад ярилцлага хийгээд нэвтрүүлчихдэг гэх юм. Манай консул Хайлаарт байдаг. Өдөрт орох, гарах хоёр урсгалд нийт 120-150 машин нэвтэрч байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс байнгын ажиллагаатай боомт болсноос хойш хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэж Гаалийн улсын ахлах байцаагч Л.Хишигдорж ярилаа.
Боомтын захиргаа байгуулагдсанаар хил, гааль, гадаадын иргэн харьяатын алба байгууллагынхны нэгдэл чухал болж, одоохондоо “хөл, гар, тархи, сэтгэлээ” нийлүүлэх гэж их л тэвдэж буй бололтой. Хавиргын боомт гэдэг энэ газар цагаан сараар ид ачаалалтай ажилласан. Нийтдээ 30 орчим хүн ажилладаг. Хавиргын боомтод л гэхэд гаалийн улсын байцаагч зургаан ажилтан ажиллаж байгаа аж. Энд гэр бүлээрээ ажиллаж амьдрахад хэцүү дээ, наанадаж илүү цагийн хөлсийг өгүүлэх боломж байна уу гэлцэн ярьж байна. Гэхдээ тэдэнд гуйх “зориг” байснаас хийх зүтгэл харагдсангүй нь харамсалтай.
Тус боомтын хуучин барилга нь 20 жилийн өмнө баригдсан, их засвар хийгдээгүй байсан. Тэгэхээр нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар хийж байгаа гэж ярьж суух юм. Гэхдээ ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг нь бид мэдэхгүй гэнэ. Хөрөнгө төсвийнх нь хэмжээг мэдэхгүй. Зураг төсөл нь алга. Яах гэж ттэр барилгыг өргөтгөх гээд байгаа юм бэ гэхээр хоёр автобус зорчигч хил нэвтрэхээр боомтод ирлээ гэхэд л ачааллаа дийлэхээ больчихдог учраас өргөтгөл хийхээс өөр аргагүй гэнээ.
Эрчим хүчний хэрэглээгээ бас л Хятадаас гуйна. Яг хэд вэ гээд асуухаар өмнө нь Гаалийн ерөнхий газар шууд гэрээ хийчихдэг байсан. Одоо Дорнод аймгийн цахилгаан түгээх сүлжээний газар гэрээ хийх ёстой болсон. Сард гаалийн байгууллага л гэхэд 15-18 киловатт, боомтын хэмжээнд 100 киловатт эрчим хүч хэрэглэдэг гэх юм. Нэг киловаттыг нэг юаниар тооцож төлдөг, тооцооны хувьд бас бүрэн төлөөгүй, өр зээлтэй байгаа бололтой. Гэхдээ боомтынх нь асуудлыг ярихаар “Манай гааль бол...” гэж яриад эхэлдэг. Өр зээлийг нь тооцох гэхээр мөн л гаалиа тусад нь яриад байх юм. Тиймээс Хууль зүйн сайд хил, гааль, иргэний харьяатын албаа зангидаж боомтын захиргаа гэдэг нэг айл болгож авч явахыг шинэхэн даргад нь захилаа.
Ерөөсөө боомтод эзэн алга. Байсан бол эхлээд эх орныхоо төр засгаас нэхээд байшин засуулчихаж болох л байсан байх. Тиймээс ч Хууль зүйн сайд ихэд бухимдаж ямар зургаар ямар байр барих гээд байгаа, хэдэн төгрөг хэрэгтэйг ч мэдэхгүй зөвхөн зовлон тоочихоо боль. Холбогдох дарга нартаа хэл, тэднээр дамжуулж төрөөс хөрөнгө зарцуулж хилийн боомтын барилгын өргөтгөлөө хийе, эрчим хүчээр дотоодоосоо хангаж чаддаггүй юмаа гэхэд Хятадын талаас үнэ тарифынх нь дагуу нүүр бардам төлж байя. Юу хийвэл ямар амжилтад хүрэхээр байгаагаа тодорхой болгоод шаардлагатай төсөв хөрөнгөө асуудал болгож тавибал зорилгодоо хүрнэ. Гол нь өмнөх ажлаа тодорхой болго, асуудлаа маш сайн мэдэж, зохих байгууллагыг мэдээллээр хангаж байхыг боомтын ажилтнуудад даалгалаа.
Өмнө нь Хилийн тухай хуулийн дагуу боомтын шинэхэн даргад тулгамдаад байгаа бүх л асуудлыг Хил хамгаалахынхан хариуцаад болоод байдаг байсан гэнэ.Гэтэл Боомтын захиргаа гэгч байгуулагдсанаар Л.Гүндалай ч даргалах юм шиг, тэгснээ бүр огт эзэнгүй ч юм шиг болж, Гаалийнхан ч хэрхэн оролцож боомт гэдэг “айл”-ыг авч явахаа мэдэхгүй байгаа аж. Энэ бүхэн ЗГХЭГ-т хамаатай. Тэд Боомтын захиргааг байгуулж, Хил хамгаалах газраас өрх тусгаарлах шийдвэрийг гаргасан болохоор хэдхэн метрийн цаана харагдах Хятадын талын боомтоос тэнгэр газар шиг ялгаатай харагддаг байдлыг өөрчлөх, өөрийн гэсэн өрх гэртэй, ядаж л төлбөрийг нь төлсөн эрчим хүчтэй байлгах ёстой. Эс тэгвээс, С.Баярцогт сайд аа, Монголын хилийг Хятадын хилийн боомтоос зааглах гэж монгол ажилтнууд хятад байшинд, хятададад өртэй тог цахилгаантайгаар штамп дараад зогсож байна. Тэгэхдээ цалин бага байна, илүү цагийн хөлс өгөөч ээ гэж нэхээд шүү. Хятадууд эрчим хүчний үнээ төлсөнгүй гээд тог тасалбал лаа асаагаад штамп дарна. Барилгынх нь өргөтгөлийн хөрөнгө оруулалтыг зогсоохгүйн тулд өөр ямар ч барьцаанд орж болохыг таашгүй. Илүү цагийнх нь хөлсийг хэд дахин нугалсан хээл хахууль өгвөл яах вэ. Өнөөдөр хэний ч шийдвэр гараагүй байхад нарийвчилсан болон гүнзгийрүүлсэн шалгалтыг хийхээ больчихоод байгаагийн учир юунд байна. Яагаад Хятадын талаас орж ирж байгаа автомашины хаалганы дотор, суудлын дорх зай, шалавч зэргийг хуу татаж шалгах ч хүсэлгүй болчихов.
Уг нь Боомтын захиргаа гэдэг байгууллага бий болсноор гаалийнхан ч, хилийнхэн ч, иргэн харьяатынхан ч тус бүр өөрсдийн хариуцсан чиглэлээр үзлэг шалгалтаа хийчихдэг байх учиртай байв. Гэтэл одоо эрчим хүчнээс эхлээд бүх зардлыг гаалийнхан төлж байгаа гээд илт монополь шинжийг агуулсаар байна. Энэ бүхнийг анзаарч ЗГХЭГ болон бусад холбогдох албаныхан хилийн боомтоо эзэнтэй байгаа эзэхийг шалгах цаг болжээ. Эзэнд эрх чөлөө байх ёстой. Хамгийн түрүүнд “эдийн засгийн” эрх чөлөө. Гэтэл Хятадаас гуйчихаад хятадаас хамгаалдаг тусгаар тогтнол, хариуцлага, хамгаалалт гэдгийг үнэхээр олж харах аргагүй аж. Энэ бүхнийг нүдээр үзэж чихээр сонссон маань зүрхэнд зүү шивэхээс ч хэцүү хөндүүрлүүлж байв.
Боомтын нэгдсэн захиргаа байгуулах тухай Засгийн газрын 45 дугаар тогтоол 2014 оны хоёрдугаар сарын 21-нд батлагдсан байдаг. Үүнд, “Хилийн боомтын тухай хуулийн 16.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газраас тогтоох нь” гээд нэгдүгээрт нь “Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах” гэж үүргийг нь тодорхойлоод ЗГХЭГ-ын дэргэд байгуулсугай гэсэн байдаг юм. Гэтэл энэ үүрэг бараг хангагдахгүй байгааг дээрх боомтын жишээ нотолж байна. Урьд нь нэгдсэн удирдлагатай, хариуцах эзэнтэй байсныг нь талын нэг тараачихаад баахан зовлон тоочсон гунигтай хүмүүс хилийн боомт дээр урам зориггүй ажиллаж байгааг харлаа. Хараад ҮАБЗ-ийн даргын нэгэнтээ хэлсэнчлэн игзаар хөдлөөд ирэв. Яах аргагүй яаралтай, албан томилолтоор ажиллах газар чинь тэнд байна, Ерөнхий сайд аа!