Манай уншигчдийн хамгийн сайн танил уран бүтээлчийн “Б.Цэнддоо. Иргэншлийн зам. Монголын соёлын альманах” бүтээл хэвлэгдээд удаагүй байна. Номын зохиолчтой хийсэн ярилцлагыг танд толилуулж байна.

-Сайн байна уу. Таныг хэн гэж бичих вэ?

-Цэнддоо л гэж бичих байлгүй дээ.

-Үгүй ээ. албан тушаал, алдар цол гэдэг утгаар асуусан юм?
-Миний нэр бол наддаа л цол, наддаа л албан тушаал.

-Бас  сэтгүүл зүйн ертөнцийн брэнд?
-Асуултыг алгасая

-Яагаад?
-Тийм гэхээр онгирсон болох, үгүй гэхээр өөрийгээ үгүйсгэсэн болох...

-За тэгвэл цаашаа явъя?
-Эндээ суугаад ярьсан нь дээр биш үү?

-За за, ярилцлагаа цааш  явуулъя. Та  улс үндэстнийхээ зан араншингийн тухай их бичих болж?
-Үндэстний араншин улс төр дээр их илэрдэг. Дээр нь хамгийн их улс төржсөн үндэстэн гэвэл монголчууд бид. Энэ утгаараа монголчууд шиг араншингаа тод харуулж байгаа хүмүүс ховор.  Гэтэл тодорч байгаа мэт санагдах тэр зан, авир, сонирхол хуурмаг бөгөөд жинхэнэ эрмэлзэл  хүсэл цаанаа машид далдлагддаг онцлогтой. Заримдаа гадныхан бүү хэл, өөрсдөө өөрсдийгээ ойлгоход ч хэцүү болчихдог.

-Бидний онцлог юун дээр онцгойрч байна?

-Монголчууд их сонин үндэстэн. Өөрөөсөө хол юмыг маш сайн мэддэг. Мэдлэг  нь хувь хүний амьдралаас алс, хамаарал бага байхын хэрээр их болдог. Жишээлэхэд, марс дээрээс усны ул мөр олдсон, тэр нь ямар учиртай болохыг ихэнх нь мэдэж байгаа. Сирийн босогчид, лалын улс энээ тэрээгийн талаар ч чамгүй ойлголтой байгаа. Монгол орны эдийн засгийн бодит чадавхийн тухай бодит мэдээлэл руу орохоор бүр багасна. Хямралын үеийн хувийн менежмэнт, зохистой хэрэглээний талаархи мэдлэг туршлага яривал “нойль” руугаа бууна. Амьдралын зөв хэвшил, эрүүл  хооллолт энээ тэрээг бол ярих хэрэг юун.

-Их шүүмжлэлтэй хандаж байна.

-Үгүй. Харин  эсрэгээрээ. Яагаад, юунаас болоод ийм байгаагийн учрыг хайж, нийгэмдээ бухимдлын оронд тайтгарал, мухардлын оронд итгэл найдвар өгөх гэж их боддог

-Та “Иргэншлийн замд: Монголын соёлын альманах” номынхоо гол санааг ярьж байна, тийм үү?
-Яг тийм, чи асуугаасай гэсэн юмыг маань асууж байна.

-Баярлалаа. Одоо тэгэхээр миний хариулаасай гэсэн хариултыг өгөх нь таны үүрэг, тийм үү?  
-Хичээгээд үзье.  Өнөөдөр нийгэм даяараа урам хугарсан, итгэл алдсан шинжтэй байна. Зөвхөн эрх баригч намд итгэл алдаад, улс төрчдөд сэтгэл дундуур болоод байгаа юм биш. Үндэстэн өөртөө сэтгэл дундуур болоод ирж байгаа юм. Дэлхий дахины хөгжил дэвшил, нийтлэг сонирхлоо хамгаалан урагшилж яваа улс үндэстнүүдийг бид өдөр тутам харж байна. Гэтэл өөрснийгээ жишээд хар л даа.

 ...Энэ бүхнийг иргэншил суурьшилд хэт оройтон шилжиж байгаа, нүүдэлчний сэтгэхүйгээсээ салж ядан буйн жишээ юм болов уу, гэж боддог. Суурин амьдралын тулгамдсан асуудал, бэрхшээлийг нүүдэлчний туршлага, уламжлалаар шийдэх боломжгүйгээс үүдсэн хямрал ч юм уу?

- Урам өгье гэх мөртлөө хямрал яриад эхэллээ дээ, та.

-Урам өгнө, өгнө. Гэхдээ хугарсан урмын тухай эхлээд ярихгүй бол болохгүй.

Нүүдэлчинд тулгардаг бэрхшээл буюу ган, зудийг эсэргүүцэх боломж муу, угаасаа бүрэн арилгах аргагүй учраас түрхэн зуур тэсээд гарах арга хайсаар ирсэн зэргээс улбаатай байж магад.  Ийм учраас нүүдэлчний шийдлүүд нь түр зуурын, богино хугацаанд үр дүнгээ өгөөд хэрэггүй болдог онцлогтой. Өвөл гэрээ дулаалан, хаяагаа манан байж хүйтнийг аргацаан даваад хавар, зунд нь давхрагаа хуулан хаяж, хаяаны манаасаа зайлуулах хэрэгтэй болдог шиг.

Суурин иргэншил нь бэрхшээлийг чадахаасаа чадахгүйгээ хүртэл  ялаад шийдээд ирсэн. Энгүүн жишээ ярихад, хүн хоёр хөлтэй учраас хурдан явж чаддаггүй байснаа морь гэршүүлээд  “хөл дутуу” асуудлаа үүрд шийдсэн. Гэтэл адуу маллах нь түүнийгээ тэжээх, чоно нохойноос хамгаалах гээд түмэн ажилтай, байнгын арчилгаа нэхдэг зүйл. Машин хэмээх илүү хурдан, хэрэглээгүй үедээ “авдрандаа хийчихдэг” төмөр морь бүтээн мал тэжээх арчлах бэрхшээлийг шийдэж. Далавчгүй учраас нисдэггүй байж, гэтэл онгоц бүтээгээд “ургаагүй жигүүр”-ээ шийдсэн. За тэгээд  мухар олгойгоо үрэвсэхээр үхдэг байснаа  мэс заслаар авдаг болж, цагаан бурханаар хиардаг байснаа  анагаах ухааны хүчээр үүрд ялсан хэмээн зарлаж. Хатгаагаар үхдэг байснаа болиод пенициллинээр эдгээж сурч. Ердөө саяхан элэгний “С” вирусийг анагаах гайхамшигт эм бүтээгдснийг манайд хэрэглэж  байна. Удахгүй ДОХ-ыг ялснаа зарлах нь магад.

Суурьшин хөгжсөн хүн төрөлхтэн улам иргэншээд л, улам улам ялаад л явсан. Харин нүүдэлчид “дөрвөн хөлтэй” болоод л, тэгс гээд зогссон. Монголчууд бид арабын бидиунууд шиг тэгж бэлчээрт хаягдаагүй ч сэтгэлгээ нь бэлчээртээ идээшсэн хэвээрээ.

Ямар нэгэн асуудлыг мөнхөд шийдсэн, үүрд ялсан нүүдэлчид байдаггүй. Байдаггүй ч юу байх вэ нэг арга бий  л дээ. Энэ бол мөнх бусыг бясалгах замаар бол “би” гэх үзлийг үүрд дарах тухай Буддын номыг дагах. Тэгээд ч  Бурханы шашин дэлгэрсэн байх. Чадахгүйдээ гутарсан мухардсан нүүдэлчдэд хэрэгтэй урам зоригийг ч өгсөн байх.

-ХХ зуунд монголчууд суурьшиж, нийгэм журам байгуулан, нүүдэлчний амиа аргацаасан аж төрлийг ялсан гэдэг. Хэдийгээр энэ нь хувьсгалжсан түүхийн хэллэг боловч үнэн болсон явдал. Соёлын довтолгооны үрээр иргэншин суусныг та бахдан бахдан бичсэн байдагсан.

-Ер нь хувьсгалт хүчирхийллийг зөвтгөж байгаа юм биш, гэхдээ л иргэншлийн утгаар нь харвал, социализм байгуулсан нь  нүүдэлчний амьдралыг урагш нь гуд татсан процесс  юм. Социализм хүртэл дэвшил болсон газарт ардчилал, зах зээлийг хишиг буяныг ярих юун.

Гэтэл өнгөн талын дэвшил дэвшил, зөвхөн ахуйд гарсан хувьсгалд нэгэн онцлог харагдаж байгаа.  Түрүүн ярьсан түр зуурын шийдэл, богино хугацаад үр дүнгээ өгдөг аргачлал, дадал нь арилж өгөхгүй байна. Бид гончоомтой, зангиатай, жиптэй, эплтэй, твиттертэй, орон сууцтай, хаустай 21 зууныхан болсон хэрнээ сэтгэлгээ оюунаараа нүүдэлчин хэвээр.

-Хөгжсөн гадартай, хоцорсон дотортой хүний тухай яриа болоод явчихлаа.
-Нүүдэлчид морь унахаас цаашид олон асуудлыг шийдээгүй орхисон бөгөөд тулгардаг бэрхшээл нь хүний идэвхи санаачилгаас хамаарах нь бага. Харин байгалийн араншингаас хамаардаг учраас тэгдэг байх гэж дээр ярьсан.  Ийм тохиолдолд  тулгамдсан асуудлын сэдэв хүнээсээ холдож одно. Яриад шийдэхгүй, шийдье гэвч боломжгүй асуудлыг мартсан нь дээр биздээ, угаасаа.
Яг л тийм учраас өөрийн амьдралаа өөд татах тухай ярихаасаа өмнө, улс орны геополитикийн ирээдүйд санаа зовж, хашаандаа ганц мод ургуулж сурахын оронд Халхын голд тариа тарихын төлөө ба эсрэг үзэж тарж байгаа юм. Нэгэн үе Анжела Девис хэмээх хар арьстан эмэгтэйг л америкийн шронгоос суллуулчихвал хэрэг бүтэх гээд явсан үеэ бодоход асуудал наашилж л байна.

-Тэгэхээр бид жаахан асуудалтай үндэстэн гэсэн үг үү?

- Үгүй. Ер нь бол муу үндэстэн гэж байдаггүй. Харин янз бүрийн араншинтай, тодорхой асуудлаа шийдэх туршлага суугаагүй үндэстэн бол байна. Бидний энэ бэрхшээл юунд байна гэхээр  иргэншин суурьших явц, хотшил, социализм байгуулалт,улмаар ардчилал зах зээл нь  үндэстнийхээ хөгжлийн явцаас урган гараагүйгээс болж байна. Өөрөөр хэлбэл том гүрнүүд нөлөөний бүсээ шинэчлэн хуваасан байдал , дэлхийн дайнуудын дүнд шинэчлэгдсэн улс төрийн газрын зураг,  социалист системийн задрал зэрэг үйл явц  манай нийгмийн тогтоцод шийдвэрлэх нөлөөтэй байсантай холбогдоно.

Мэдээж энд уламжлалт төрийн зүтгэлтнүүд,  язгууртнууд, үндэсний сэхээтнүүдийн сортоо, самбаа, зүтгэл байлгүй л яах вэ. Гэхдээ л Чин гүрний задрал, Зөвлөлт улс бий болсон, даян дэлхийд коммунизм байгуулах үзэл санаа хүчээ авсан,  дэлхийн II дайнд Зөвлөлт ялагчдын нэг нь болсон, социалист систем бүрэлдэж капитализмтай дайсагнахын хажуугаар боломжоороо уралдсан зэрэг нь Монголын хувь заяаг голлон шийдэж ирсэн.

Хүүхдээр бол, мөлхөж эхлэхээс нь өмнө хөлд оруулаад,  хэлд орж гүйцээгүй явахад нь үсэг заагаад л, үсгээ нүдэлж дуусаагүй үед нь томъёо цээжлүүлэх маягтай огцом дэвшил, гэнэтийн хувьсгал болсон байна. Нийгмийн хөгжлийн эрэмбүүдэд албадан оруулсан гэсэн үг. ХХ зуунд монголчууд боолын нийгмийг болон капитализмыг алгассан гээд их бахархдаг байв даа. Боол моол нь ч хаашаа юм гэхэд хөгжлийн эрэмбэ алгассан нь үнэн юм.

-Нэг л тиймэрхүү, ухарвал л дээр  гэсэн аятай, арагш чангаасан санаа биш үү?
-Түүхийн хүрд арагшаа эргэнэ гэж байх биш.  Урагшаа л явж байна. Урагшлах замдаа  алгасснаа болгоноо арай  өөр маягаар туулаад явах шиг. Товчлоод л, сургамж аваад л явж байгаа гэсэн үг.  Аз болоход, нүүдэлчин удамт монголчууд шинэ юм үзэгдлийг хүлээж авах чадвар гойд сайн, юм юмыг өөриймшүүлэмтгэй үндэстэн аж. Тийм учраас дорхноо хувьсгальч, сүм хийд нураагчаас таван жилийг гавшгайч, тоосго өрөх төлөвлөгөөгөө давуулагч,  социализм байгуулагч, тэгснээ  социализмыг нураагч, ардчилагч болоод явчихаж байгаа. Улмаар уул уурхай, гадны хөрөнгө оруулалтыг нураах, засаг төрөө гацаах болохоор сүм хийд түйвээж явсан улаан хувьсгалч араншин нь сэргээд ирэх жишээний.

-Шинэчлэхдээ амархан, шинээсээ хагацаад хуучнаа сэргээхдээ ч амархан  байх нь?

-Тийм. Иргэншин хөгжихтэй зэрэгцэн төлөвших нигууртай ёс суртахууны үнэт зүйлс, эрх ашгийн нийтлэгийг тодорхойлох чадвар үгүйлэгдэж байна.

Малчин хүн мал нь өсөхийн хэрээр бусдаасаа холдох хэрэгтэй. Энэ нь баяжиж хөлжөөд ирэхээрээ зан нь хувиран бусдыгаа тоохоо больж буй хэрэг биш. Бэлчээр хүрэлцэхгүй болоод  айлаасаа салж нүүхдээ тулж байгаа юм. Харин хот суурин газрын хүний бизнес цэцэглэхийн хэрээр улам олон хамтрагч, илүү олон үйлчлүүлэгчтэй болохыг хүсч масс руу татагдана. Тал нутагт хүчирхэгжихийн хэрээр бусдаас хамааралгүй болж толгой даана. Харин иргэншсэн, эрүүл ертөнцөд хүчирхэгжихийн хэрээр  хувь заяа нь олон түмнээс, массаас хамааралтай болоод ирнэ.

Эсрэг чиглэл байгаа биз. Нэг нь дэвжихийн хэрээр хүнээс зугтааж, нөгөөх нь хүн рүү улам бүр татагдаж, айн.  Бидний аж амьдралд энэ хоёр чиглэл  л зөрчилдөөд байгаа юм.

-Бидний энэ араншинг гадныхан мэдэхгүй учраас харилцаанд бэрхшээл гарч байна эсэн үг үү?
-Гадныхан цөмөөрөө ч мэдэхгүй гэж болохгүй. Хоёр хөрш сайн мэднэ. Тэд өөр өөрийн аргаар хандана. Хятадууд болохоор аяыг нь дагуулж бэлэг сэлтээр аргалж ирж. Гэвч  бидэнд авсан бэлэг сэлтээ үржүүлэх олон болгох боломж менежмэнт байсангүй. Торгоо өмсөөд,  чихэр еэвэнгээ идээд дуусахаар мөр нүцгэн гэдэс хоосон болно. Энэ нь бэлгээр тохирлцсон зөвшилцөөгөө идээд дууслаа гэсэн үг. Дахиад нэхэж, айлгаж эхэлнэ. Энх-Амгалан хаан өөрийн гол холбоотон халхуудаа тодорхойлохдоо “ Ханахыг мэддэггүй, ямарч юм өглөө гэхэд сэтгэл ханахгүй” хэмээн тодотгохдоо тулсны учир энэ. Хятад арга тодорхой утгаар үр дүнтэй ч алдагдалтай.

Харин оросууд бол айлгаж ирсэн. Ер нь их аймхай, нэг айчихвал тэгээд бөмбөрөөд өгдөг улс, нүүдэлчид. Айлгачихаар жигтэйхэн үнэнч  царайлна. Гэхдээ үнэнч царай нь ч худлаа.  Орос арга ч бас төгс биш.  Айсан, хулчийсан, эхийгээ ч бариад очихоос буцахгүй үнэнч дүр үзүүлэвч цаг нь ирэхээр  өөр хүнтэй нийлээд мурьж хаях эгзэгтэй мөчийг хүлээгээстэй.
 
Аливаа санал, нөхцөл байдлыг бүхлээр нь биш ч тодорхой  хэмжээнд эсэргүүцэх, эсвэл  тодорхой хэсэг дээр таагүй байгаагаа ойлгуулах замаар зөвшилцөх, харилцаагаа бүрмөсөн нураачихалгүй зохих түвшинд байлгах зэрэг нь иргэншсэн, суурьшсан ертөнцийн харилцааны дүрэм болохоос нүүдэлчдийнх биш.

Харин  бидний энэ араншинг барууны хөрөнгө оруулагчид мэдэхгүй. Мэдэхгүй учраас  ойлголцож чаддаггүй. Яагаад, дэмжээд байгаа юмаа эсэргүүцээд явдаг. Эсэргүүцээд байна уу гэхээр бас тийм биш байгаагийн нууцыг харахгүй байгаа юм.

-Тэгэхээр монгол хүнийг таниулах, ойлгуулах гэж бичсэн байх нь.
-Тийм,  монгол хүн юманд учир холбогдол өгдөг дарааллыг ойлгохоос эхлэх ёстой. Дэлхийн дулаарал чухал уу гэвэл чухал аа. Түүнээс чухал юм байгаа нь улсаараа малын хорогдол  багатай онд тарган орох асуудал байна. Мал тарган орохоос ч чухал асуудал байгаа нь гэр орноо дулаан өвөлжүүлэх, хүүхэд шуухдаа осгоочихгүйн төлөөх ажил байна. Гэр орноо дулаан байлгахаас ч амин чухал хэрэг байгаа нь өөрөө хөл гараа хөлдөөчихгүй, ханиад шуухинаагаар мажийчихгүй  тэсч гараад “хойтон жилийн наадам” үзэх хэрэгцээ байна.  Тулгамдсан асуудлын  бодит дараалал ийм.

Гэтэл эхний асуудал шийдэгдэх найдвар багасахын хэрээр хоёр дахь гурав дахь проблемийг шүүрч авдаг нь бидний зан юм уу даа. Ингээд эхнэртээ уурлахаараа Засгийн газрыг огцруулах ажилд зүтгээд, гэрийн бүрээсээ давхарлаж хүчрэхгүй болохын хэрээр хүн төрөлхтнийг нөмөрч болох цөмийн гамшгийг цээжээрээ хаахаар зориглон босох жишээний.

Ийм учраас монгол хүний шийдэх гээд байгаа “проблем”, тулгамдсан асуудал, зовлон нь маш далд, нууцлаг байдаг. Эрхбиш хэн хэнээ мэддэгийн хувьд, өөрөө бухимдлаа яаж тайлдагаа анзаардагийн хувьд л бид биенийхээ дотоод зовлонг гадарлах төдий. Гадаадынханд бол бүр ч хэцүү.

Барууныхан биднийг  “ураан, цөмийн хаягдлыг эсэргүүцээд байна” гэж бодоод сэнхрүүлэхийг оролдож, технологи тайлбарлах гээд байдаг. Гэтэл цаад хүн нь зүгээр л оюутан хүүхдийнхээ төлбөрийг бүрдүүлж чадаагүй нэгэн байх жишээний. Яалт ч үгүй унаган байгалийн төлөө амиа өргөх зүтгэлтэн үү гээд л хүндлээд учирлаад, нөхөн сэргээлт, орчинд халгүй технологийн нууцыг мэдээгүйдээ ингэж байна гэж харна. Гэтэл юун байгаль, юун нөхөн сэргээлт, зүгээр л бусадтайгаа адилхан хуучин япон жийп авч унахыг хүссэн эгэл хүмүүн байх жишээний.

Миний сүүлийн бүтээл бол НЭПКО хэвлэлийн газраас National geographic хамтран хийсэн “Баабар. Монголын түүхийн альманах”, “Монголын эдийн засгийн альманах” цувралын гурав дахь нь юм. Үндэстний зан төрхийн зураглал, дэлхийг донсолгосон баатарлаг дайчин, нүүдэлчний удам судар болох  социализм байгуулж, улмаар ардчилалд хүрэхдээ хэрхэн хувьсч байгаа зураглал гэж хэлж болно.

Үндэстнийхээ мөн чанар, зан араншингийн учир шалтгааныг олж харснаар урагшлах хүч нэмнэ. Биднийг гадаад ертөнцийнхэн ч зөвөөр ойлгоно. Монголчууд муу үндэстэн биш, төрөлхийн худалч хуурамч амьтад ч бас биш. Харин олон зууны амьдралын дадал,  хүнд бэрхийг туулан амь гарч, биеэ авч явсан дадал нь арилж дуусаагүй, түүнээсээ салахыг эрмэлзэж яваа бадрангуй үндэстэн гэдгийг ойлгох учиртай.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Ярилцлага  авсандаа баярлаж байгаад тань баярлалаа.

"ӨДРИЙН СОНИН" №37 2016.08.18