“Сааль”, “сав” хоёрыг холбох нь олборлохоосоо дутуугүй чухал
Ердөө гуравхан сарын дотор ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга нь шил дараалан Монголд айлчлав
Үнэхээр ч ойрын ирээдүйд Оюутолгой, Тавантолгой, улмаар Нарийн сухайт, Овоот толгой, Баруун Наран, Цагаантолгой, Шивээ-Овоо зэрэг ордыг ашиглахаар Монголын Засгийн газар төлөвлөж буй. Стратегийн түншлэгчээ олсноор эдгээр ордоос Монгол Улс жилд 5.2 тэрбум ам.долларын орлого олох боломжтойг Дэлхийн банкныхан тооцоолсон. Мөн үүнтэй зэрэгцэн зөвхөн өмнөд бүс нутгаас жилд 45 сая тонн нүүрсийг тээвэрлэх шаардлагатай. Үүнийг тээвэрлэхэд байгаль орчин, орон нутгийн хүн ам, малд сөрөг нөлөө хамгийн багатай, тээвэрлэх багтаамж, даац, хурдаараа өндөр ашигтай нь манай нөхцөлд зөвхөн төмөр зам юм. Засгийн газраас өмнөд бүсэд төмөр зам тавих тусгай зөвшөөрөл авсан хоёр компани байгаа бөгөөд нэг компани нь Монгол алт корпорац юм. Тэднийх Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлд төмөр зам барих юм. Монгол алт корпорац төмөр зам барих ажлын зураг төслөө хийж дуусч байгаа мэдээлэл бий. Ингэхдээ 47.4 км төмөр замын 3 өртөө, хилийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж барихаар төлөвлөжээ. Төмөр замаа мухарлахгүй, үргэлжлүүлэх бололцоотой барина гэж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл хомс байна.
Дэлхийн банкныхан дэлхийн нүүрсний гол зах зээл болох БНХАУ-д болон далайн боомтод хамгийн хямд зардлаар гаргах боломжтой гэж судалж тогтоосон Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд Энержи Ресурс компани төмөр зам тавих эрхээ Засгийн газраас мөн аваад байгаа юм. Энэ чиглэлийн 260 км төмөр замаар Монголын нүүрсийг хоёр зах зээлд зэрэг гаргах боломжтой юм. Нэг нь жилдээ 20 саяас дээш тонн коксжсон нүүрс импортолж авдаг Хятад, нөгөө нь далайн боомтоор дамжаад гуравдагч зах зээл буюу Япон, Өмнөд Солонгос зэрэг оронд экспортлох бололцоотой. Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэл нь зах зээлд олон гарцтайгаас гадна, тэдгээртээ хамгийн ойр дөт учир шинээр төмөр зам барихад хамгийн бага зардал, хамгийн бага цаг хугацаа шаардагдана, дээр нь Тавантолгой, Оюутолгой хоёрыг дайрч байгаа онцлогтой хувилбар. Тийм ч учраас энэ чиглэлд барих төмөр замд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхлоо олон улсын санхүүгийн байгууллагууд ээлж дараалан мэдэгдэж байна. Хамгийн түрүүнд Дэлхийн банкныхан өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэн Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтанд сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч Энержи Ресурс компанийн нэг хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ юм. Зүүн Европ, Төв Азийн 30 гаруй оронд хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг ЕСБХБ-ийг дэлхийн 61 улсын болон Засгийн газар хоорондын байгууллага эзэмшдэг бөгөөд энэхүү нэр хүнд, итгэл найдвар нь дэлхийн санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг Монголын хувийн хэвшил рүү татахад томоохон түлхэц, дэмжлэг болж байгаа бололтой. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд энэ сарын эхээр Монголд айлчилсан Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч ч Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд буцлаа. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа, “Азийн хөгжлийн банк уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Тавантолгойг БНХАУ-тай холбосон төмөр замын төсөл дээр хувийн секторуудтай хамтарч ажиллахад бэлэн байна. Одоогоор том оврын машинуудаар зөөвөрлөлт хийж байгаа нь байгаль орчин, хүн малд маш их сөрөг нөлөөтэй. Төмөр зам яаралтай барих нь чухал. Энэ чиглэлд манай банкны зүгээс хувийн секторт зээл олгоход бэлэн байна. Үүний тулд эхлээд Монголын Засгийн газартай гэрээ байгуулах шаардлагатай” гэж хэлжээ.
Байгалийн баялагаас мөнгө босгохын тулд олборлохоос гадна зайлшгүй тээвэрлэлт хийж дэлхийн зах зээлд гаргана. Тэгэхээр тээвэрлэх нь олборлохоосоо дутуугүй чухал юм. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Одоо бол “сааль” нь Монголын хөрсөн дор, түүнийг шингээх “сав” нь Монголын өмнөд хилийн цаана бий. Харин “сааль”, “сав” хоёрыг холбох тээвэр одоогоор алга.
Санхүүгийн хямралын үед хүчирхэг гүрэн ч, дэлхийд нэртэй санхүүгийн байгууллагууд ч хийх ажил хайж байна. Гадаадын улс гүрнүүд “ажил–мөнгө” гэсэн схемээр хямралыг давна гэж байгаа бол манай төр засаг “мөнгө-ажил” гэсэн дарааллаар хямралтай тэмцэж байна. Түүхээс харахад америкууд 1929 оны их хямралаа ажлаар л давжээ. Дайны хөлд нэрвэгдсэн Герман, Солонгосыг ч их ажлаар босгож ирсэн тухай эдийн засгийн сурах бичгүүдэд бий. Өмнө болж байсан, өнөө үргэлжилж буй санхүүгийн хямралыг давахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг түүх нотолж байна. Төмөр зам бол ажлын фронт олноор нээдэг бүтээн байгуулалт. Гэхдээ өртөг, зардал өндөртэй. Дэлхийн стандартад нийцсэн төмөр тавихад км тутамд нь 1.8 сая ам.доллар зарцуулдаг байна. Жишээ нь, Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замыг барихад 85.5 сая ам доллар шаардлагатай. Өнөөдрийн боломжуудаас тээвэрлэлтийн зардал хамгийн хямдтай, ашигтай, хөдлөхөд бэлэн болсон гэж байгаа Ухаа худаг-Гашуун сухайтын 260 км төмөр замыг барихад түүнээс бүр их буюу нийтдээ 500 гаруй сая ам доллар хэрэгтэй. Гэхдээ л Ухаа худаг –Гашуун сухайт чиглэлийн төсөл хамгийн ирээдүйтэй гэдэгт Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гээд олон улсын банк санхүүгийн байгууллагууд итгэж хамтрахаа илэрхийлж байна. Харин Монголын төр засаг төмөр зам тавих зөвшөөрөл олгосон үндэсний хөрөнгө оруулагчддаа яаж дэмжиж байна вэ.
Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар саяхан төрийн гурван өндөрлөгт захидлаар ханджээ. Захидалд дурдсанаар бол өмнөд бүсэд төмөр зам барих ажил зогсонги байдалд орж зарим албан тушаалтны зүгээс дарамт үзүүлэх болжээ. Эрхэм гишүүд том оврын автомашины дугуйнд эвдэгдэн сүйдэж буй газрын хөрс, түүнээс дайжсан хүн, мал, амьтан, тоосжилтоос зугтан эзэнгүйрч буй орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ийнхүү захидал бичсэн хэрэг. Байгалийн бус, хүний үйл ажиллагаанаас болж буй энэхүү цөлжилтөөс өмнөд бүсийг хамгаалах ганц гарц нь төмөр замын тээвэртэй болох явдал. Төмөр замтай болох нь Өмнөговь аймгийг хүн амьдрах суурьшмал бүс хэвээр хадгалж, байгаль орчинд хор нөлөө багатай, хямд тээвэр ашиглан байгалийн баялагаараа мөнгө босгох, хямралыг даван туулах, ажлын шинэ фронт нээх, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах цөөхөн боломжуудын нэг юм.
Эцсийн бүлэгтээ төмөр зам тавих компани нь хувийн хэвшил ч, тавьсан төмөр зам нь Монголын далайн гарцыг нэмж зах зээлийг өргөтгөнө. Төслийг “Энержи ресурс”, “МАК” компаниуд хэрэгжүүлж үр дүнг нь монголчууд нийтээрээ хүртэнэ. Олборлолт үйлдвэрлэл явуулж байгаа олон компани хүртэнэ. Компани болгон өнөөгийн хот төлөвлөлт шиг өмнө зүгт өөр өөрсдийн төмөр замыг тавихгүй шүү дээ. Жишээ нь, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас зохион байгуулсан уулзалт дээр “Оюутолгой” төслийн гүйцэтгэх захирал Кийт Маршалл:
- Оюутолгой төслийн эрчим хүч, усан хангамж зэрэг хашаан доторхи асуудлаа хөрөнгө оруулагчид бид өөрсдөө шийднэ. Харин хашааны гаднахь дэд бүтэц, төмөр зам, авто зам, усан хангамжаа Монголын төрийн бодлогын хүрээнд Тавантолгойтой хамтарч шийднэ. Одоо бидэнд энэ талаар тодорхой удирдамж хэрэгтэй байна. Дээр хашааны гадна гэдэг нь агуулгаараа бол төмөр зам барих ажлыг Тавантолгойн орд дээр түшиглэх нь илүү боломжит хувилбар гэж байгаа юм. Ярихаа болиод яаралтай хиймээр байна “ гэж хэлсэн. Энэ нь төмөр замын шинэ төслүүдийн хэрэгжилтийг монголчууд төдийгүй гадаадын томоохон хөрөнгө оруулагчид ч хүлээж байгааг харуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, “хямрал нэг шөнө л гэнэт болоогүй шиг, нэг өдөр л арилчихгүй” гэж хэлсэн. Түүн шиг нэг л өдөр гаднаас баахан мөнгө орж ирнэ гэж хүлээж суух нь хямралын давах биш, харин ч гүнзгийрүүлэх талтай. Хувийн хэвшлийнхэн гаднаас мөнгө босгож улс орны хөгжилд хэрэгтэй, хямралыг давахад тустай бүтээн байгуулалт эхлүүлэхээр зүтгэж байна. Харин төр, засаг олигтойхон дэмжээд өгөөсэй.