Б.Баярмагнай: Би зарчим гэсэн ганц цүнхтэй л алхах гэж үзээд байгаа
Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярмагнайтай ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярмагнайтай ярилцлаа.
...Өнөөгийн нийгмийн хүндрэлтэй байдлыг засахын тулд ирэх сонгуульд залуусын бодит оролцоо зайлшгүй чухал юм. Энэ нь өнөөгийн зарим улстөрчдөд олон нийт итгэл алдарсантай холбоотой. Итгэл хүндлэл сэтгэл алдрахын цагт нийгэм өөрөө эмх замбараагүй байдал руу орох аюултай. Үүнийг бүхий л түвшиндээ ойлгож, бодит үр дүнтэй алхмуудыг хийж хэрэгжүүлэхгүй бол ирээдүйд гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг мөддөө олж харахгүй нь... гэж тэрээр ярих. Миний зүгээс сэтгүүлч хүний хувьд харахад “Ах нар чинь мөддөө улс төрөөс буухгүй юм биш үү, 2024 он хавьцаа л та нарт зай гарах бол уу даа”, “Улс орон ирээдүйд хөгжилд хүрнэ гэдэгт олонхи нь итгэл алдарсан үед заавал цаг хугацааг хүлээн чимээгүй суух нь гэмт хэрэг үйлдэж буй хүнийг харсан ч дуугүй өнгөрөхтэй адил зүйл юм”... гэхчилэн бидний хоорондын яриа эхэлсэн юм.
-2020 он хүртэл мөн ч ухаалаг байхыг залуусаас шаардах байх даа. Одоогийн байдлаас гаръя гэвэл улс төр дэх бүхэл бүтэн үе солигдохоос наашгүй юм биш үү?
-Ерөнхиийдөө бол цаг хугацааны мөчлөгөөрөө үе солигдох процесс нийгэмд зайлшгүй явагддаг. Харин тухайн үеийн хийж хэрэгжүүлсэн бодит ажлын үр нөлөөгөөр урт эсвэл богино хугацаанд солигдох нь нийгмийн захиалгаар шийдэгддэг. Өнөөдөр бид үе гэж ярихаасаа илүү “Тогтмол ус удахаараа үнэр ордогтой адил” аливаа үйл явц хөгжил хөдөлгөөн байнга сэлбэгдэж сэргээгдэж байх ёстой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлж ирсэн өнөөгийн томоохон улс төрийн хүчнүүдийг удирдаж буй бүлэглэлүүд ирэх сонгуулиар олон түмнээр дүнгээ тавиулах цаг ойртож байна.
Ардчилал гэж байнга ярьсан хүмүүс. Ардчилал гэсэн үгээрээ хичнээн жил занималдах юм мэдэхгүй. Одоо бол нийгэм рүүгээ суурьтай эргэж харах, үр хүүхдийнхээ хойч ирээдүйн сайн сайхныг бодох, ядаж л ямар улс орныг үр хүүхэд, ач зээ нартаа үлдээх вэ гэдгээ бодоцгоох цаг нь болсон баймаар юм. Зөвхөн өнөөдрийнхөө явцуу эрх ашгаар ажиллаж амьдармааргүй байна шүү дээ. Үр хүүхдэдээ ирээдүйд сайн сайхан амьдрах эх орныг бэлдэж өгөх замдаа ормоор байна. Өөрсдийнх нь ярьдгаар жинхэнэ утгаараа эрх ашгийнх нь эрэмбэ дараалал нь алдагдаад болохоо байчихаад байна л даа.
-Өнөөдөр хүн бүр л шүүмжлэгчид болчихож?
-Шүүмжлэхгүй гээд яахав. Залуу үеийнхэн чинь тэвчээр алдарна гэдэг рүүгээ л орж эхэлж байна даа. Өнгөрсөн 25 жилийн хугацаа бол тэвчээр, итгэл алдрах хангалттай бодит жишээ болж өглөө.
-Залуучуудын тэвчээр алдарна гэхээрээ яах уу?
-Ер нь залуучууд бид аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой. Ах нар маань өнөөгийн нээлттэй эрх чөлөөт нийгмийг бий болгоход өөрсдийн зохих хувь нэмрийг оруулсан. Түүнийхээ үр шимийг ч хаа хаанаа “хангалттай” хүртсэн байх гэж бодож байна. Гэхдээ цаашид хэдхэн ах маань гавьяагаараа амьдраад улс орныг уруудан доройтуулах зам руу чиглүүлж болохгүй. Нэгэнт тогтсон олон улсын хөгжлийн чиг хандлагыг өөрийн улсын онцлогт тохируулан тооцоо судалгаатай, төлөвлөгөөтэй удирдан чиглүүлэхгүй бол бид өнөөдрийн хүндрэлтэй байдлаас гарч чадахгүй. Хөгийн улс оронд ажиллаж амьдармааргүй байна шүү дээ. Сайхан амьдрах эх орныг ирээдүйдээ үлдээмээр байна. Тийм улс орныг бий болгож өгөөд үр хойчдоо хүндлэгдэн амьдралыг дуусгах нь улс төрд яваа хүмүүсийн эрхэм зорилго гэж хувьдаа боддог. Тэгэхлээр урт хугацаанд, олон удаа сайн сайхан болгох тухай ярьсан зүйл биеллээ олохгүй байх нь залуучууд гэлтгүй олон түмний тэвчээрийг барна шүү дээ.
-Ахмад үе нь хүндлэл дор амьдардаг Америк оронд та сурч байгаа байх аа?
-Ерөнхийдөө аливаа хөгжилтэй улс орнуудыг өнөөгийн түвшинд хүргэсэн, түүнд бодит хувь нэмрээ оруулсан ахмад үеэ хүндлэн дээдлэх, тэдэнд зориулсан нийгмийн бүхий л дэмжлэгийг хууль эрхзүйн орчноороо дамжуулан хэрэгжүүлдэг. Нөгөө талаар улс орноо уруудан доройтоход хүргэсэн нөхдүүдэд зохих хариуцлагыг нь оногдуулдаг, тэднийг таагүй хувь заяа хүлээж байдаг жишээ ч бас бий. Америк орны хувьд бол өнөөгийн ахмад үе нь нийгмээс хүртэх ёстой бүхий л анхаарал халамжийг авч чадаж байна.
-Өнөөдөр олон хүний амнаас “Одоо яах вэ” гэсэн үг их гарч байна. Танд энэ үг бас их ойрхон байна уу?
-Өнөөгийн байгаа нөхцөл байдал хүн бүрийн оролцоо, идэвхтэй байдлыг шаардаж байна. Магадгүй шинэ өнгө төрх арга барилыг нийгэм хүсч байж болно. Тэр хүлээлт нь залуучуудад итгэл тавьж байгаа байх. Гэхдээ хэт туйлширсэн хандлага биднийг сайн зүйлд хүргэхгүй. Тиймээс хаа хаанаа аливаа асуудалд бодитоор хандаж, ярьж хэлсэн зүйлээ ажил хэрэг болгодог, дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн байх нь хөгжилд хүрэхийн үндэс.
-Наад үг чинь их л ерөнхий сонсогддог. Тодорхой хэлбэл таныхаар яг яахыг хэлж байгаа юм бэ?
Залуучуудын хувьд салбар салбарын олон зөв залуу бие биенээ хүлээн зөвшөөрч, хамтаар бодлогоо тодорхойлж, түүндээ нэгдсэн зохион байгуулалтаар хүрэхийн төлөө ажиллах ёстой. Үүнийг өнөөдөр ямар нэр томъёогоор хэлээд байна гэхээр “Оролцоо” гэж байгаа юм. Манай улс орны өнөөдрийн хөгжиж байгаа замналд залуусын оролцоо маш чухал байр суурьтай болчихоод байна. Тодруулбал залуу хүн бүр өөрийн амь амьдралаа тов хийтэл авч явах. Энэ оролцоо бол энэ улс орны хөгжилд цаагуураа маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Өнөөдөр тухайн салбартаа амжилттай яваа залуус тэрүүхэн тэндээ л “Энэ улс орон нэг л болохгүй байна” гэхээс цаашгүй сууцгааж байна. Тэрхүү болохгүй байгааг хэрхэн засч залруулах талаар төдийлөн санаачилга гаргахгүй байна. Зарим тохиолдолд бүх зүйлийг төр рүү чихээд, бүх зүйлд хөндлөнгийн байр сууринаас хандаад байх сэтгэлгээ хүчтэй нэмэгдэж байна. Зарим нөхөд маань хүртэл “Та нар минь л жаахан үзэж тарцгаа, үзэж тарсаар байгаад гоё болгохын цагт чинь би оролцъё” гэж байгаа юм. Энэ нь нэг талаасаа их аминчхан үзэл. Нөгөө талаас оролцоо өндөр байх эрмэлзэлтэй зарим залуусыг нийгмийн зарим хэсэг буруугаар харж байгаа. Амбицтай, дарга болохын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй гэхчилэн бүр дооглох маягтай хандах болсон. Ялангуяа өөрсдөө оролцохгүй байж залуучууд нь залуучуудаа шоолох байр суурьтай байна. Улс төрийг заваан, бохир гэж ярьдаг. Тэгвэл тэр заваан бохирыг чинь тэгээд хэн цэвэрлэж янзлах юм бэ. Бүгдээрээ муухайг нь дуудаад суугаад байх юм уу. Заваан бохирыг янзлахын тулд оролцъё гэдэг маань өөрөө сонголт шүү дээ. Эцсийн дүндээ хөөрхий гэж, шүүмжилж ярьсан хэвээр эмгэнэлт нийгэмтэйгээ цуг доошилж, эмгэнэлт жүжгийнхээ нэг оролцогч нь болсоор дуусч байна. Үнэндээ хохирогч нь болчихсон яваа байхгүй юу. Тэгэхээр амьдралынхаа идэвхтэй насыг улс орныхоо хөгжилд зарцуулна гэдэг бол эргээд өөртөө болон өөрийнхөө гэр бүл, үр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхөө сайн сайхны төлөө хийж буй ажил. Улс орны үйл хэрэгт оролцохын ач тус нь эргээд өөрт чинь л сайнаар тусна. Үүнийг өөрчлөхийн төлөө хүн бүрийн оролцоо чухал, тэр дундаа залуучуудын үүрэг оролцоо маш чухал.
-Оролцоо бий болох тодорхой орчин нөхцөл бүрдсэн байх ёстой гэж боддог юм?
-Мэдээж оролцоог хангахын тулд сайн зохион байгуулалттай залуучуудын нэгдлүүд чухал. Нэгдэх процессыг дагаад хагалан бутаргах ажиллагаанууд бас чамгүй явна. Өнгө мөнгө, эрх мэдэл, явцуу эрх ашиг сонирхол дээр нийлсэн нэгдэл ер нь хурдан задарчихаад байдаг. Минийхээр бол зорилго нь зөв зүйлд чиглэсэн тохиолдолд аливаа нэгдэл бат бөх, урт хугацаанд оршин тогтнодог гэж боддог. Үүнийгээ ч үйл хэргээрээ нотлохыг зорьдог нь миний амьдралдаа баримталдаг зарчмуудын нэг юм. Зорилго нь их зөв, түүнээсээ итгэл үнэмшлээ зөв авсан цагт өнөөдрийн хэцүү бэрх гэж байгаа бүхэн тийм ч бэрхшээлтэй бус л даа.
-Та яасан их юм үзэж туулсан хүний өнгөөр ярьж байх юм бэ. Та ч бас залуу хүн шүү дээ?
-Тодорхой хугацаанд нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө гар бие оролцож явсан хүний хувьд хэлэхэд арга барилаа, сэтгэлгээгээ, аливаа зүйлд хандаж байгаа хандлагаа өөрчлөөд, зөв үйл бүтээхийн төлөө хамт олноо манлайлан урагшлахад Монгол Улсын хувьд хөгжилд хүрэх зам ойрхон болохыг мэдэрсэн хэрэг. Ийм их баялагтай, дээр нь юмыг аль болох зөв талаас нь маш хурдан ойлгодог, зүтгэсэн зүйлийнхээ үр дүнг үзэхийг хүлээдэг уламжлалт сэтгэлгээтэй ард түмний хувьд хөгжил хол харагдахгүй байгаа. Аль аль талдаа хүн бүр ярьсан хэлснээ биелүүлдэг, хийдэг байх л хэрэгтэй. Залуучуудыг зөв зохион байгуулах, удирдан залах, тэдний мэдлэг боловсролыг ашиглах нь өнөөдрийн улстөрчдийн хийх нэг том ажил, ер нь бол гол бодлого нь гэж ч болно. Улстөрч бүхэн заавал мал аж ахуйг мэдэх албагүй, эдийн засгийн өндөр мэдлэгтэй байх албагүй, хамгийн гол нь улстөрчдийн чадамж юу байх вэ гэвэл салбар бүрийн потенциалуудыг өөрсдийнхөө дор удирдан зохион байгуулж улс орны хөгжлийн төлөө ашиглах явдал юм. Тэднийг зөв зүйл рүү нь чиглүүлж, манлайлж явдаг чадвартай хүмүүс л улс төрд байх ёстой.
Энэ асуудал Монголын нийгэм, өнөөгийн улс төрд дутмаг байна. Зөвхөн хэн нэгэн эрх мэдэл бүхий этгээдийг дагасан ашиг сонирхлын бүлэглэлүүд энэ тэндгүй бий болоод байна. Иймэрхүү бүлэглэлүүд бол зөвхөн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө л ажилласаар байна. Үүнийгээ улс төрийн намууд албан болон албан бус байдлаар фракц гэсэн нэр томъёогоор халхавчилж байгаа. Гэтэл олон улсын практикт фракц нь улс орны хөгжлийн төлөөх тодорхой бодлого зорилгын нэгдэл байдаг. Зарим нь түр хугацаанд бий болоод зорилгодоо хүрсний дараа үйл ажиллагаагаа зогсоодог.
-Залуучуудын улс орны төлөө хөгжил цэцэглэлтийн төлөөх оролцоо, нэгдэл гэдэг эцэстээ улс төрийн нам дээр л очно шүү дээ?
-Улс төрийн нам гэдэг өөрөө үзэл бодол, улс орны цаашдын хөгжлийн бодлого дээр суурилсан олонлог байдаг. Бид дэлхийн нийтлэг чиг хандлагаас хазайх боломж тун хомс. Тиймээс улсын хөгжлийг намууд тодорхойлохоос өөр гарцгүй. Тэгэхээр улс төрийн намуудад үүсч буй буруу жишгүүдийг тухай бүрт нь цэгцэлж явах нь төрийн үйл хэрэг сайжрахын үндэс юм.
Залуучууд аль нэг улс төрийн намын эд эс болж дотор нь ороод, өөрийн мэдлэг боловсрол туршлагыг харамгүй зориулаад явах нь хөгжлийн төлөөх оролцооны чухал хэлбэр. Тийм л учраас би улс төрийн идэвхтэй байгаач ээ гэдэг үгийг дахин дахин залуусдаа хандан хэлээд байгаа юм.
Улс төрийн намыг сайнгүй харагдуулж, ийм ойлголт нийтэд түгээж буй цөөн хэсэг бүлэг байгаагаас улбаалаад намын үндсэн зорилго үзэл санаа үнэт зүйлийг бүрхэгдүүлж, олон түмэнд таагүй сэтгэгдлийг улам бүр төрүүлж байна. Үүнийг засахын тулд залуус гар бие оролцох нь өнөөдрийн бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг.
Манай намын үйл хэрэгт залуучуудын нээлттэй оролцоог хангахыг эрмэлзсэн бүтэц байгаад миний хувьд талархалтай ханддаг. Цаашид энэхүү бүтцийг үйл ажиллагааны хувьд улам боловсронгуй болгох, тодорхой болгох чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Та зөвхөн намын залуу гишүүдийн хүрээнд асуудлыг ярьж байгаа биш байлгүй дээ?
-Нам дотроо шийдвэр гаргах түвшинд өсч өндийж байж цаашдаа улс орны хөгжлийн бодлогыг зөв чиглүүлэх, болж бүтэхгүй байгааг нь бодитойгоор засч залруулах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байна. Та бид хоёрын түрүүнд ярьсан “Одоо яах вэ” гэдгийн чинь эхний хариулт энэ.
-Ер нь улс төрийн намууд доторх болж бүтэхгүй байгааг засч залруулах гарцуудын талаар таны бодол?
-Улс төрийн намд мөнгөний нөлөөлөл асар хүчтэй болчихож. Мөнгөний нөлөөллөөс харьцангуй хамаарал багатайгаар цаашид оршин тогтнох асуудал хурцаар тавигдаж байна. Ер нь хэт мөнгөнөөс хамааралтай улс төр, улс орны хөгжилд хортой нөлөөллийг авчирдаг. Гэхдээ энэ нь ганц Монгол Улсад байгаа асуудал ч биш, нам дахь мөнгөний нөлөөлөл нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч толгойны өвчин хэвээр байгаа юм билээ. Энэ асуудлаар олон орны туршлагыг өөрийн хэмжээнд харж, уншиж судалж байгаа. Тэр дотроос өнөөдөртөө зөв харагдаж байгаа хоёр гурван орны жишээ байгаа нь улс төрийн намын санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс хариуцах, хандивлагчдын хандивын босгыг хуулиар тогтоож өгөх, бүр томоохон хандивлагчдын хандив өгөхийг хориглох, аль болох томоохон үндэстэн дамнасан корпорациуд, компаниудаас санхүүгийн дэмжлэг авахыг хуулиараа хориглох, түлхүү олон нийт, иргэдээс улс төрийн аливаа санхүүжилтийг цуглуулдаг байх зэрэг янз бүрийн туршлагууд байна.
Энэхүү асуудал тийм амар хялбар шийдэлд хүрдэггүй гэдгийг зарим улсын жишээ харуулдаг. Тухайлбал 1900 оны эхээр гэхэд Америк улс, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа баталсан хэдий ч тэр хууль нь бодит утгаараа саяхан буюу 1980-аад оны үеэс хэрэгжиж эхэлсэн байх жишээтэй. Тэгэхээр Монгол Улсын хувьд бодит утгаар нь хэрэгжүүлэхэд цаг хугацаа зарцуулах, амаргүй замуудыг туулах нь гарцаагүй.
Бидний хувьд монголчлох сэтгэлгээ гэж байдаг. Нэг юмыг хийхдээ төгс биш, дутуу дулимаг, нэг харахад шийдчихсэн ч юм шиг, нөгөө харахад шийдээгүй ч юм шиг хийдэг. Ийм байдал нь эргээд Монгол Улсын хөгжилд саад тотгор болдог. Жишээ нь сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг хуулиар зохицуулах гэж оролдсон. Гэтэл сонгуулийн бус үеийн дөрвөн жилийн мөчлөгийг зохицуулаагүй хаячихсан. Бодитойгоор сонгогч олон түмэн, иргэдээс 1000, 10 000 төгрөгийн хандив авч санхүүжилтээ босгоод явдаг улстөрч, улс төрийн нам өнөөдөртөө манайд алга. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс төрийн намууд цөөн хэдэн томоохон хандивлагч, компаниас хамааралтай болчихоод байна. Энэ нь тухайн нам олонхи болж төрийн үйл хэргийг чиглүүлэхийн цагт улс төрийн авлигад автсан хэрэг болж байгаа юм. Өнөөдөр бол манайд авлигын хэрэг гэхээр хоёр хүний хоорондын авч өгсөн тухай асуудал байгаа. Энэ бол нийгэмд асар хортой юу гэвэл хортой. Хариуцлага хүлээх субьектууд нь ч тодорхой. Гэтэл улс төрийн намын авсан авлига маш хүнд. Нам нь өөрөө хамтын шийдвэр гаргадаг, хамтаараа оролцдог. Тийм болохоор хэн нэгэнд оноож хариуцлага тооцоход маш хүндрэлтэй. Тэгэхээр нам томоохон хандивлагчдаас хамааралтай болсон тохиолдолд эргээд тэднийхээ эрх ашигт нийцсэн шийдвэрийг нэн тэргүүнд гаргахыг эрмэлздэг. Үүн дээр бүгдээрээ тогтож анзаарч, харж ярих цаг болсон. Дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн этгээдээс санхүүжилт аваад үйл ажиллагаагаа явуулчихсан улс төрийн нам тэднээсээ нүүр буруулна гэдэг хүнд асуудал.
-Өнөөдөр мөнгөний нөлөөлөл Монголын улс төрд давамгайлчихсан, тогтож төлөвшчихсөн шахуу асуудал. Ер нь бол энэ бүгдийг эрүүл саруулаар, зөв байдлаар зохицуулъя гэж хүчлэх ч үгүй байгаа байх аа?
-Өнөөдөр бүгдийг харлуулж болохгүй. Тухайлбал Улс төрийн намын санхүүжилтийг хэрхэх, хуульд яаж тусгах, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх, цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх саналд авууштай олон зөв санаачилга явж байгаа юм билээ. Тэгэхээр зөв зүйтэй дээрх санал санаачилгыг бодитоор хууль эрхзүйн орчинд тусгахын төлөө ажиллах ёстой.
-Бүгд болж бүтэхгүй байгааг ярьж байна. Таны ярианд нэлээдгүй яригдлаа. Энэ бүх болж бүтэхгүйг зөв болгох хүмүүс улс төрд орж ирэх цаг нь болжээ гэсэн эцсийн гаргалгаа л үлдээд байх шиг байна?
-Улс төр дэх үе солигдох процесс гээд түрүүнд ярьсан руу л эргээд оръё. Энд ахмад, дунд үеэ үгүйсгэж залуучууд гарч ирснээр сайхан болно гэж хэт туйлширч болохгүй. Хийхгүй байгаа ажлыг хэн нэгэн рүү чиглүүлээд байдаг хандлага ч буруу. Бид бүгдэд маань алдаа байгаа. Энэ 76-г солиод, залгуулаад хэн нь бүү мэд нөхдүүд гарч ирлээ гэхэд өнөөгийн байгаа нөхцөлийг дээрдүүлнэ гэдэгт хэдэн хувь нь итгэх бол. Тэгэхээр тан тунг нь тааруулна гэдэг шиг ярьснаа амьдрал дээр хийж хэрэгжүүлээд явж байгаа хүмүүсийг өнгөрсөн цаг хугацаанаас дүгнэж цэгнээд түлхүү сонгоосой л гэж боддог. Миний амьдралдаа барьдаг зарчим бол сайн муу нийлж сав дүүрдэг, сайн нь дийлэнх хувьтай байхад л аливаа зүйл зөв балансаа барина. Энэхүү балансыг хадгалахад нийгэм өөрөө зөв зам руугаа явдаг юм болов уу гэж хардаг.
-Та өнөөдөр ямар оролцоотой байна. Та бол МАН-аас нийслэлийн ИТХ-д сууж буй төлөөлөгч. Одоо шинэ он гарлаа, шинэ онд ийм ийм зүйлийг хийх зорилготой байгаа, ингэж оролцоотой байна гэдгээ ярьж болох уу?
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд би НАМЗХ-ын удирдах бүрэлдэхүүнд тасралтгүй ажиллаж ирсэн. Сайн зүйл дээр нь дэм болох, саар зүйлийг бага хийлгэх зарчим барьсан. Нэгэнт л улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд ирэх сонгуульд намаа амжилтанд хүргэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг. Энэхүү ажилд залуучуудынхаа бодит оролцоог хангаж манлайлан оролцох зорилго тавин ажиллаж байна.
-НАМЗХ-ы залуучуудыг хэн нэг том хүний цүнх барьсан залуус байдаг гэж зарим нь ярьдаг. Жишээ нь та намынхаа хэн гэж том хүний цүнхийг барьж ирэв дээ?
-Би болж өгвөл зарчим гэсэн ганц цүнх барьчих гээд л яваад байгаа хүн шүү дээ. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тэрнээсээ айхтар хазайгаад байхгүй, аливаа бусармаг зүйлтэй эвлэрээд явахыг хүсдэггүй. Над шиг бодолтой олон залуу манай намд байгаад би баярладаг.
-Тан шиг ийм бодолтой залуусаа буланд шахдаг юм биш үү?
-Үгүй ээ, одоо буланд шахна гэнэ үү, юу гэж томъёолох нь таны хэрэг. Амьдрал өөрөө тэмцэл, өрсөлдөөний талбар. Аливаа бэрхшээл дундаас гарч чадах эсэх нь өөрийн л асуудал. Гарахын төлөө оролдлого заавал хийж байх ёстой. Би нэг юманд тууштай итгэдэг. Олуулаа байгаа тохиолдолд тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад хүндрэл бага. Харин таны хэлдгээр ганцхан Баярмагнайг бол буланд шахах шиг амархан юм байхгүй л дээ.
-Тантай үзэл бодол нийлдэг залуу үе бол ямар нэгэн цүнх баригчид биш өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшилтэй залуучууд юм байна гэж ойлгож болох уу?
-Би түрүүн хэлсэн дээ “Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо” гэж. Бусад залуусаа би дүгнэх нь зохимжгүй. Хүн бүрт өөрийн гэсэн дүгнэлт бий. Миний хувьд намынхаа бүхий л шатаар дамжин үйл хэрэгт нь оролцож ирсэн. Улс төрийн ажилтан, сурталчилгааны материал тараахаас эхлээд бүхий л жаргал зовлонтой нь хамт байж ирлээ. Энэ замнал нь хүнийг хөгжүүлдэг, хэрсүүжүүлдэг, өөрийн оюун ухааны цараар юмыг хардаг болгодог, мөн түүнчлэн залуу хүний өсч өндийж туршлагажих боломжийг олгодог. Энэхүү процесс бол манай намын олон арван жилийн тогтсон уламжлал юм. Таны хэлдгээр цүнх баригч нэр зүүгээд байгаа залуу ч гэсэн ямар ч байсан бичиг соёлын өндөр чадварт суралцаж байгаа гэдгийг би итгэлтэйгээр хэлнэ. Хаана ч төрийн ажил хийсэн түүртэхээргүй болж төлөвшиж байгаа. Гэхдээ юмыг хэлж, засч сайжруулж байхгүй бол бодит утгаараа цүнх барьж явсаар амар хялбар замаар албан тушаалд очих, хувийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг бодохоос өөрийг мэддэггүй залуучууд гарч ирэх вий гэдгээс болгоомжлох ёстой.
-Сүүлийн үед иргэдийн дунд шинэ уур амьсгал аяндаа бүрэлдээд байх шиг байна. Тэр намаас тэр нэг залуу байна, энэ намаас энэ нэг залуу гарч ирвэл зүгээр байна гэхчилэн ярьцгаах болсон. Тэдний дунд таны нэр яваа харагддаг?
-Миний нэрийг дурдсан танд баярлалаа. Нэг ийм л юм байгаа. Өнөөдөр ямар ч байгууллага, тэр дундаа улс төрийн нам дотоод дэг жаяг, тоглоомын дүрэмтэй. Бидний өнөөдрийг хүртэл баримталж ирсэн зарчим бол дотооддоо асуудлаа ярьдаг. Нам гэдэг бол хамтын удирдлагын байгууллага. Тиймээс намын шийдвэр гаргах түвшний байгууллагууд маань хэрхэн үзэх вэ. Тэр шийдвэр их чухал. Тэр шийдвэр зөв, буруу яаж ч гарч болно.
-Намын бүх шат дамжлагаараа таныг сонгуульд өрсөлд гэсэн шийдвэрт хүрвэл та яах вэ?
-Үгүй гэх эрх байхгүй. Цаанаа итгэл, хариуцлагын асуудал учраас ачааг үүрч гарах нь үүрэг юм. Миний хувьд нийслэлийн ИТХ-д хоёр удаа сонгогдохдоо бас л олны итгэлийг аваад л гарч ирсэн. Тэгэхээр тэр үүргээ биелүүлэхийн төлөө анд нөхөдтэйгөө нийлээд үзэж тарах байхдаа. Залуу нас өөрөө алдаа онооны дэнсэн дээр явдаг нас.
-МАН-ын аймаар том алдаа бол ерэн онд юугаа ч мэдэхгүй баахан залуучуудад энэ улс орны хувь заяаг даатгаж хаячихаад бүгдээрээ гэртээ очоод хэвтэцгээчихсэн явдал. Энэ бол байж боломгүй том алдаа болсон гэж боддог?
-Наад асуудал дээр чинь тантай санал нэг байна. Гэхдээ аливаад шинэ уур амьсгал орж ирэх нь алсдаа муу зүйл биш. Гэнэт сонгууль дөхөхөөр л энэ бүгдийг яриад унадаг асуудал ч биш л дээ. Улс орны өнөөдрийн байдлыг том зургаар нь харвал бид хөдөлж л байх хэрэгтэй. Монгол Улсын хөгжил хөдөлгөөн зогсчихоогүй байна. Бидний өмнө асар их боломж байсаар байна. Санхүүгийн сахилга батыг сайн сахих, ямар ч тохиолдолд хазайдаггүй хөгжлийн үндсэн бодлого дээрээ намууд тохирч чадах. Эдийн засгийн хувьд яах юм, гадаад бодлогын хувьд яах юм, хүн амын эрүүл мэндийн асуудал дээр ямар бодлого барих юм гээд үндсэн хэдэн зарчмаа тогтоод, түүнийгээ цаасан дээр буулгаад, ягштал тохироод явах. Уг нь бол аль ч нам нь Монголоо хөгжүүлье гэдэг дээр сэтгэл нийлээд байгаа юм. Тэр дунд нь жижигхэн, амин хувийн, ганц өөрийгөө бодсон эрх ашгууд ч байгаа. Гэхдээ олонхи нь Монгол Улсын хөгжлийн төлөө байгаа гэдэгт итгэдэг. Монгол Улсын хөгжлийг нэгэн том уул гэж харах юм бол яг л тэр уулынхаа орой руу бүгд харцаа чиглүүлэн алхмаар байгаа юм. Тэгэхгүйгээр бүгд л дор бүрдээ энд тэнд том жижиг хөгжлийн уул олоод харчихсан тэр зүг бүртээ алхах гэж үзэж тарцгаах нь энэ улсыг тамирдуулж байна. Асуудал үүндээ л байгаа. Дээр нь төрийн залгамж чанар, хөгжлийн урт хугацааны бодлоготой явж чадахгүй байгаа нь өөрөө ардчилсан нийгмийн нэг сул тал юм шиг байна. Монголын түүхийн бараан үе бол хоорондоо ойлголцохгүй байснаас бусдын өгөөш болж байсан түүх олон бий. Монгол Улс бол нэгдмэл улс. Саяхан нийслэлийн ИТХ дээр нийслэлийн Засаг дарга маань ярьж байна лээ, “Бид бол өөрсдийн төсөвтэй, төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй байтал Сангийн яам бидний төсвийг хянаж, танаж, хасдаг...” гэхчилэн ярьж байна лээ. Монгол Улсыг нэгдмэл байлгах гол хөшүүргүүдийн нэг бол төсвийн нэгдсэн зохион байгуулалт. Санхүүгийн хувьд бүгдээрээ бие даагаад ирвэл Монгол Улсын дотор Монгол Улс бий болно. Улаанбаатар хот санхүүгийн хувьд бие даах чадвартай байж болно. Гэхдээ Монгол Улс нэгдмэл улс гэдгийг л ойлгох хэрэгтэй. Иймэрхүү эрх мэдлийн хуваарилалтын тодорхойгүй байдал өнөөдрийн Монголыг сул харагдуулахад бас нөлөөлж байгаа. Бидний өвөг дээдэс түүхийн хугацаанд хоёр том хөршийнхөө дунд улс төрийн ямар уран, ухаалаг, зальжин, цог золбоотой тоглолт хийж өнөөдрийн бидэнд бүтэн сайхан улс орныг авчирч өгөв. Үр хойч бид нар нь тийм л ухаалаг байдлаар улс орноо удирдан залж, өнөөдрийн дэлхийн ертөнцтэй хөл нийлэн алхах ёстой.