Монголын жиргээчид шинэ жилээ
тэмдэглэлээ. Монгол жиргээчдийн бусдаасаа ялгарах онцлог нь энэ.
Социалист бүтээн байгуулалтад хэн хэн, ямар хувь нэмэр оруулсныг оны
эцсээр тодруулж, алдаршуулах зорилгоор байгууллага, хамт олон бүхэнд
зохиодог байсан үзэл суртлын үзүүлэх тоглолт бидэнд уламжлагдан үлджээ.
Монголын жиргээчид монгол хүмүүс учраас уламжлалаасаа гажсангүй. Гэхдээ
тэдний шинэ жил ямар нэг улс төрийн зорилгогүй гэж зохион байгуулагчид
нь тайлбарлаж байна. Твийтэрт бүртгэлтэй нэг зуун мянга орчим монгол
аккаунт байдаг ч шинэ жилд 150 хүн оролцжээ. Завтай, мөнгөтэй бас хүсэл
сонирхолтой хэсэг гэж ойлгож болно. Ерөөс энэ жилийг бүхэлд нь харвал
Монголын жиргээчид бүгдээрээ баяр тэмдэглэсэн ч болохоор “үр бүтээлтэй”
нэгэн оныг үдэж байна. Аль ч нийгэмд идэвхтэй хэсэг бий, манай
идэвхтнүүдийн олонх нь Твийтэрт бүр идэвхтэй байгаа харагддаг. Тиймээс
монгол жиргээчдийн санал, санаачилга нийгэмд тодорхой жин дардаг болжээ.
ХАНДИВ
Твийтэр,
ялангуяа Фэйсбүүкээр ядарсан, зовсон хүнд туслах уриалга тасардаггүй.
Эдний дундаас “Монгол мөрөөдөл” клубын жиргээч Ө.Мөнхбатын санаачилсан
А.Цэрэнтогтоход туслах аян далайц болоод үр дүнгээрээ бусдаасаа эрс
ялгарлаа. Гэрт нь гарсан түймрээс найман сартай дүүгээ аварсан ч,
биеийнх нь 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтохын эмчилгээнд зориулан хандив
цуглуулах аяны жиргээ дуу дуугаа аван давалгаалсаар дэлхийн өнцөг булан
бүрт суугаа монгол хүн бүхний чихэнд хүрсэн юм. “Монгол мөрөөдөл” клубын
уриалгаар хоёр өдрийн дотор 30 орчим сая төгрөг цугларч, цааш
нэмэгдсээр 72 сая хүрчээ. Энэ буухиаг МЗХ залгамжлан авч,
үргэлжлүүлснээр 200 сая орчим төгрөг цугласан байна. Дан ганц мөнгө ч
биш эм тан, тос түрхлэг зэрэг биет тусламж ч чамгүй ирсэн аж. Түүгээр
зогсохгүй ард түмнээ сонсдогоо нотлохын тулд Ерөнхийлөгчийн тамгын
газраас санаачлан А.Цэрэнтогтоход хашааны газар, түүн дотроо барих гэр
хүртэл өгсөн юм. Өөр олон хандивын аяныг жиргээчид санаачилсан, гэхдээ
үүн шиг олныг хамарсан нь үгүй. А.Цэрэнтогтох өдгөө Өмнөд Солонгост
бүрэн эмчилгээ хийлгээд ирчихсэн бор гэртээ богд шиг сууж буй.
УРИАЛГА
Хийсвэр
мэтээр хүмүүс ойлгодог ч Твийтэр бол бодит ертөнц. Ихэнх аккуантын ард
амьд хүн сууж байдагтаа ч биш, эндээс гарсан уриалга амьдралд хэрэгждэг,
хүнд хүрдэг болоод тэр. Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан
дөрвөн настай охины хэрэг биднийг цочирдуулсан. Жиргээч Э.Одбаяр
санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, түүнтэй хатуу тэмцэхийг
уриалсан” зул өргөх ёслол зохион байгуулсан юм. Нийгэмд хүргэх гэсэн
түүний санаа Твийтэрт давалгаа үүсгээд зогсохгүй фэйсбүүкийнхэнд ч сэдэл
болжээ. Э.Одбаяр тэргүүтэн жиргээчид Чингисийн талбайд ёслол үйлдэх
зөвшөөрөл авч чадалгүй Зайсанг сонгосон бол сүүлд ургасан эврийн
үлгэрээр фэйсбүүкийнхэн Улаанбаатарын төв талбайд зул өргөсөн юм.
Нийгмийн сүлжээнийхэн тус тусдаа зул өргөсөн ч зорилго нь нэг байлаа.
Жиргээчдийн санаачилсан давалгаа Дархан, Эрдэнэт, Өвөрхангай,
Дорноговийг хамарч “Өнөөдөр л дугарахгүй бол гэр бүлийн хүчирхийллийг
дэмжсэнээс ялгаагүй” гэдэг сэтгэлээр нийт 20 000 орчим хүн цуглаж зул
өргөсөн гэнэ. Гагцхүү амин хувийнхаа төлөө гэрэлт зул хөөргөдөг ёслолд
оролцогчдоос хавьгүй олныг хамарсан энэ үйл ажиллагааг УИХ-ын гишүүн
Г.Уянга “Дөрвөн настай охинд зориулсан зул өргөх ёслол бие биеэ хайрлах
нийгмийн сэтгэлзүйг сэрээлээ” хэмээн дүгнэжээ. Мөн нийгмийн сайн сайханд
чиглэсэн арга хэмжээнд анх удаа эрчүүд олноор оролцсон юм.
УЛС ТӨР
Жиргээчид
дунд улстөрч олон. Улс төрийн зорилгодоо Твийтэрийг ашиглахыг хүсдэг нь
захаас аван ч ашиглаж чаддаг нь нүдний гэм. Саяхныг болтол жиргээчдэд
“хүний бөгс ухдаг” хэмээн адлуулж, “Дарваан хар” гэж цоллуулж явсан
Б.Цогтгэрэл од болон гялалзав. Хэн ч тоож үзээгүй Шилэн дансны хуулийг
шүүрэн авсан Б.Цогтгэрэл өдгөө “Шилэн Цогоо” гэгдэх болжээ. УИХ-аас
батлан гаргасан хууль хэдэн зуугаараа бий, харин Шилэн дансны тухай
хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, олны анхааралд оруулж ирсэн нь түүний
гавьяа. Одоогийн байдлаар “Шилэн Цогоо” өндөр дээд албан тушаалын 50
этгээдэд холбогдох 200 тэрбум төгрөгийг шалгуулахаар найман өргөдөл
АТГ-т, мөн хоёрыг Үндэсний аудитын газарт өгөөд байгаа гэнэ. “Шилэн
Цогоо”-ийн санаачилсан энэ ажлыг МАН-ын нөхөд нь зүйл бүрээр дэмжиж
байгаа нь гарцаагүй. Тэрээр 2016 оны улсын төсөв хэлэлцэхээс өмнө Шилэн
дансны хуультай холбоотой 110 нүүр бүхий товхимол хэвлэн УИХ-ын гишүүдэд
тараажээ. Үүний дүнд гадаад томилолт, хүлээн авалт, ном товхимол хэвлэх
зэрэгт зарцуулагдах байсан 51.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс
хасуулсан аж. Хямралаас өөр ярих юмгүй болсон энэ үед “Шилэн Цогоо” зөв
хуулиа барьж, амжилттай улс төр хийсэн жиргээчээр тодорлоо. Мань эр энэ
амжилтдаа ханасангүй, Change management-ээр мастер хамгаалсан учир
өрөндөө баригдсан МИАТ компаний ТУЗ-д ажиллах өргөдөл өгсөн гэнэ. Энэ
хүсэл нь биелэхгүй байлаа ч түүний Твийтэрт хийх улс төр дуусахгүй. Ирэх
жил сонгуультай...
ХУВААГДАЛ
Нэг монгол унтдаг. Хоёр монгол
хэрэлддэг. Гурван монгол зодолддог... Твийтэрт түм түмэн монгол байгаа
хойно хэл ам, хэрүүл талцал тасардаггүй. Аливаа асуудлаар өөрийн байр
суурийг айж ичилгүй илэрхийлдэг жиргээчийн зүрх гэдэг чулуу. Энэ жилийн
эхнээс л улсын эдийн засаг уруудах шинж улам тодорхой болж ирэхэд
жиргээчид хоёр хуваагдлаа. “Том төслүүд” буюу Тавантолгой, Оюутолгой
тойрсон маргаанаас үүдэлтэй талцал Тавантолгой дээр маш тодорхой
харагдсан юм. Нэг нь “Жэнко” Х.Баттулгын үзэл санааг баримтлагчид, нөгөө
нь түүнийг эсэргүүцэгчид. Гэхдээ Тавантолгойн төслийн ард Монгол талаас
MCS компани байсан учир “Жэнко”-оос өөр байр суурьтай жиргээч бүхэн
MCS-ийг баримтлагч мэт харагдаж байлаа. Талуудын хэн хэн нь, бие биеэ
нэр цохон аль муугаар дуудахын зэрэгцээ асуудлын голыг эрүүл саруулаар
харах гэсэн оролдлого давамгайлсан билээ. Ямар ч сэдэв дээр жиргээчид
хэд хэд хуваагддаг боловч Тавантолгой тойрсон хэрүүл, талцлын уршгаар
нэгнээ нэг нүдээр ч үзэхгүй болтлоо муудалцсан жиргээчид ч бий. Гэхдээ
жиргээч бүхэн “Том төслүүд” эх оронд нь, ард түмэнд нь ашигтай,
наалдацтай байгаасай гэдэг орь ганц хүсэл өвөрлөж байсан тул хуваагдал
гэж үзэхгүй байсан ч болно.
ЭРЭЭВЭР ХУРААВАР
Жиргээчийг
тусгайлан шалгаруулж аваагүй юм хойно зүсэн зүйлийн хүн бий. Твийтэр
тэр чигтээ “амьд харилцаа” болохоор хачин сонин юмсаар ч дүүрэн. Цаг зав
гаргаж авсан охид хүүхнүүдийн зургаа жиргэдэг Зам тээврийн сайд
М.Зоригтыг зарим хүн тэнэг мангараар дуудаж байгаа ч тэрээр Твийтэрийг
ашиглах шинэ жишиг гаргаж ирлээ. Эндээс үүдээд мань эр “Дардаг” хэмээх
алдрыг зүй ёсоор хүртсэн. Харин түүний өмнөх сайд А.Гансүх Твийтэрт
нийтлэлч Баабартай мэтгэлцсэнийхээ шанд “Чацга” нэртэй хоцорсон юм.
Гэтэл ирэх сонгуулийн сурталчилгаа болгож тойрогтоо тараасан бэлгийнхээ
буянаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “Битаан” цолыг олов. Жиргээчдийн дунд энэ
мэт өрөөлөөс авсан, өөрөө олж авсан алдар хоч мундахгүй. “Үндэсний
үйлдвэрлэлийн манлайлагч”-аар тодорсон Мааяа (Г.Майцэцэг) бондоос авсан
мөнгөө эргэн төлөөгүйгээр барахгүй татвараа ч өгөөгүй нь ил болж, нэмэрт
нь өөрөө хэт дөвчигнөсөн нь хүмүүсийн таалалд нийцсэнгүй. Тэрбээр энэ
жил зуурдхан мандаад нүд рүүгээ гараа хийсэн жиргээч боллоо.
Хатуу
халуухан дайралцаа, мэтгэлцээ ч олон. Номин талстын дуучин А.Хаянхярваа
Mongolia’s got talent шоуны оролцогч П.Хан-Уулыг “караокечин” гэх
утгатай жиргээ хийсний хариуд Асашёорюү Д.Дагвадорж “Хаянаа, караокед ам
барьдаггүй юм” гээд түүнийг Твийтэрийн тойргоос гаргах шахсан. УИХ-ын
гишүүн Ё.Отгонбаяр Твийтэрт шинэ тутам бий болсон санал асуулгыг хэрхэн
явуулдаг тухай лавлахдаа асуултаа буруу томъёолсны учир УИХ-ын дарга
З.Энхболдоос “уг нь компьютер тоолдог, чи гараар тоолуулах шаардлага
твиттер рүү явуулаад үзэх юм уу” гэдэг хоржоонтой хариу сонссон юм.
Санал хураалтын хар машин тойрсон хэрүүл маргаан оргилдоо хүрч байх
үеийн энэ жиргээ олон хүний бах тавыг хангав. Гэхдээ Ё.Отгонбаяр
улстөрчид дундаас шогийн мэдрэмжтэй, нээлттэй жиргээчийн тоонд зүй ёсоор
орох хүн. Үүний зэрэгцээ чухам ямар орлогоор яаж амьдардаг ч нь
мэдэгдэхгүй мөртөө “баяжих ухааны цуврал” лекц уншлаа хэмээн түмний ад
шоо болдог ч жиргээч бий. Сайнтай муутай сав дүүрдэг хорвоогийн нэг
хэсэг юм хойно Монголын жиргээчдийг түмэн өнгө, наян найлзуур бүрдүүлдэг
билээ. Эцэст нь хэлэхэд, Жиргээчдийн яруу алдар
бадартугай!
Батбаяр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин