Германд Монголын нэрийн хуудас болсон нэгэн эрхэм
Хорвоод богино насалсан боловч үүрд дуурсагдах алдартан гэж байдагсан. Тиймүүдийн нэг нь Янжиндуламын Мөнгөнцацал гэх энэ бүсгүй болов уу. Тэрээр Улаанбаатарын унаган иргэн.
- Олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн байрын шагналт Я.Мөнгөнцацал
Хорвоод богино насалсан боловч үүрд дуурсагдах алдартан гэж байдагсан. Тиймүүдийн нэг нь Янжиндуламын Мөнгөнцацал гэх энэ бүсгүй болов уу. Тэрээр Улаанбаатарын унаган иргэн. Хөгжим бүжгийн дунд сургуулийн алдартан. Балчраасаа тэнд төгөлдөр хуурын урлагт суралцаж, шувтан онцсайн дүгнүүлж явсаар тэр үеийн хатуу шалгуураар 8-р ангиа онцсайн дүнтэй төгсгөөд Mосква хотын Геннесиний нэрэмжит хөгжмийн дээд сургуульд шилэгдэн очжээ. Зөвхөн сурлагаараа шалгараад тэр үеийн Зөвлөлтийн хөгжмийн сургуульд оччихсон хэрэг бус тэрээр Москва хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны ХII их наадамд төлөөлөгчөөр оролцож, мөн Хар далайн хөвөөн дэх олон улсын пионерийн зуслангийн амралтын урилгаар шагнуулж, өөрийн төрөлх хөгжим бүжгийн дунд сургуульд, улмаар Москва хотод зохиогдсон төгөлдөр хуурын олон улсын уралдаануудад байнга идэвхтэй оролцож шагналт байруудыг эзэлж байсныг нь эргэн дурсахад таатай байна.
Тэрээр Москвад хөгжмийн дээд сургуульдаа онцсайн суралцаж байгаад 1993 онд Герман улсын Дортмүнд хотын хөгжмийн дээд сургуульд шилжин хоёр семейстр шууд алгасан орж герман, европ багш нарынхаа гайхлыг төрүүлж, чухам монгол хүн, монгол охин юунд хүрч чаддаг, ямар их авьяастайг илтгэн харуулж чаджээ. 1990-ээд оны эхэн үеийн Монгол, монголчууд маань Европт базаахгүй нэртэй, ихэнхи нь арилжаа наймаа, хар захаар дагнаж, харлаж, хил зөрчиж, нэрээ хугалж явахад ганц монгол охин Дортмүнд хотыг гайхшруулж явсан нь энэхүү Мөнгөнцацал байсан юм.
Тэрээр 2000 онд Мюнстер хотын хөгжмийн дээд сургуулийг онцсайн дүнтэйгээр төгсгөн Германы олон театр, сургуульд ажиллах урилга өвөрлөсөн нэгэн байв. Тухайлбал Мюнстер хотын Мадригал хоор дууны театр, Дортмүнд хотын театрт мэргэжлийн хөгжимчин, мөн хотын хөгжмийн институтэд багш зэрэг хариуцлага, хүндэтгэлтэй албыг хашив. Ийнхүү Дортмүндын хөгжмийн институтэд багшлахын сацуу Европын болон Германы төгөлдөр хуурын хөгжмийн олон улсын уралдаанд байнга оролцож, бие даасан мастер концертоо тоглон, “Монголын төгөлдөр хуурч” гэдэг эрхэм алдраа сонгодог урлагийн их өлгий Европт түгээж цууриатуулж явсныг нь үнэхээр бахархан тэмдэглэмээр санагддаг юм.
Энэ бүсгүй маань төгөлдөр хуурын гурвал “МузАрто” хэмээх хамтлаг байгуулан ажиллаж, Германы болон Европын олон хотуудаар аялан тоглолт хийж явдаг байсансан. Сургийг нь дуулбал Берлин хотын их театр, Лайпциг хотын Мэндэлсзоны нэрэмжит ордон болон бусад олон хотуудад удаа дараа уригдан тоглолоо гэдэг байв. Түүнчлэн Испани, Япон, Итали, Франц зэрэг орнуудад мэргэжлээрээ мастер курсэд суралцан, олон улсын төгөлдөр хуур хөгжмийн уралдаанаас шагналт хэд хэдэн байр эзлэж байсны дээр 1996 онд Италид зохиогдсон олон улсын төгөлдөр хуур хөгжмийн уралдаанаас тэргүүн байрын шагналыг хүртэж байжээ.
Мөнгөнцацал бүсгүйн байгуулсан хөгжмийн герман хамтлаг, хамт ажиллаж байсан хамт олон, шавь нар нь жил бүр түүний төрсөн болон хорвоог орхисон өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн ба дурсгалын концерт тоглодог уламжлалтай. Түүний ажиллаж байсан хөгжмийн дээд сургуулийн багш нарын танхимд түүний томоос том цээж зургийг нь хүндэтгэлтэй байрлуулж, байнга хүндэтгэн дурсдаг нь жирийн монгол хүн хаа байсан харийн нэг улсад гэгээн ул мөрөө үлдээж, эерэг энерги цацруулж, монгол эх орныхоо нэртэй хамт өөрийгөө мөнхөд сайн сайхнаар дархлан үлдээснийг гэрчлэх мэт.
Мөнгөнцацал маань ганц авьяас билгээрээ тодроод явсан төдий бус хөгжмийн сургуулийн захирал болон бусад төгөлдөр хуурч багш нартаа мэргэжил дээшлүүлэх хичээл заан, тэдний дотнын мэргэжлийн зөвлөх нь явсныг эдүгээ герман анд нөхөд, мэргэжил нэгтнүүд нь байнга дурсан ярьдаг аж. “Бид Мөнгөнцацалаасаа маш их зүйл сурч үлдсэн, ялангуяа зан харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн ур чадвар, сурган хүмүүжүүлэх ухааны маш их боловсролтой байсан бөгөөд багш, сурагч бидэндээ маш их үлгэр дууриал болдог байсансан” хэмээн герман хамт олон нь дурсан ярьж байх бөлгөө.
Тиймдээ ч германы хөгжмийн зохиолч Мартин Герик “Мөнгөнцацалынхаа дурсгалд зориулав” хэмээх хөгжмийн цоморлиг зохион тоглуулсан, одоо ч тоглож байна. Түүний байгуулсан трио болох “МузАрто” хамтлаг 2010 онд Япон, Өмнөд Солонгост Мөнгөнцацалынхаа дурсгалд зориулан зочлон тоглолт хийжээ. Тэр бүсгүй маань “Mонголын нэртэй хөгжимчин” хэмээгдэн европын сонин хэвлэлүүдэд нэг бус удаа бичигдэж, Төв Азийн цээжин дээрхи энэ жижиг улс, гуравхан сая ард түмнээ ямагт зөв эерэгээр таниулж явсныг өчсү.
2008 онд тэр бүсгүйн эцэг, эх, дүү, төрөл садан, анд нөхөд нь Улаанбаатар хотод “Мөнгөнцацал–Төгөлдөр хуур” сан байгуулсан. Тэгээд өсвөрийн хөгжимчдийн дунд улсын уралдаан явуулан эх орон даяар сурталчилжээ. Мөн энэ алдартны тухай кино бүтээгджээ.
Эцэст нь тэмдэглэхэд, Монголын төр эх орондоо шагналын асар их хур буулгадаг бол хилийн чанадад ийнхүү эх орноо алдаршуулсан, алдаршуулж яваа нэгнээ мартах учиргүй хэмээн би боддог юм. "Зохиолын", "нийтийн" гэх 2-3 дууг улиг болтол хэдxэн жил дуулаад, тэр дуу нь согтуучуудын найрын дуу болooд дуучин нь "Гавьяат"-ын гэх алтан шар тэмдгээр энгэрээ цоолдог уламжлал тогтсон бол Монголынхоо нэрийг олон улсын тайзнаа гаргаж явсан, яваа олон арван Мөнгөнцацалуудыг анхааралдаа аваасай хэмээн төрдөө уламжлах нь шударга зөв үйлс болохсон болов уу!