Хүү минь. Охин минь.

... "Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд  Би-үгүй. Бие-үгүй. Сэтгэл-үгүй. Тэр мөн чанарыг таньж мэдсэн. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан. Ангижирсан юм"        хэмээн номложээ. ...

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Юм бүхэн хоосон байдаг гэсэн үг. ...  Тийм учраас. Бардам их амбийцаа хая. Их бага. Том жижигийг орхи гэсэн үг. ...  Юу том?  Юу жижигхэн гэж? ...  Дээр байж чаддаг бай. Доор ч бас амьдарч чаддаг бай. ... Энэ мэт.  Үүнийг бодож бай гэсэн үг. ...

Хүү минь. Охин минь. Бүх юм зуурдынх байдаг юм гэсэн үг. ... Амжилт уналт, алдар хүнд. Энэ зуурдынх. Өвчин таашаал, зүхэлт доромжлол. Тэр бас зуурдынх. Тэд бүгдээрээ зуурдын юм. ...  Тийм учраас. Чи тэвчээртэй бай. Аливаа сайн мууг аль алиныг нь тэсээд өнгөрөөж сур. Хүн нэг л юмыг сайн сурвал. Бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол. Тэвчээр байдаг юм. ... 

 Тэвчээр бол  амьд амьдралын эхлэл. ... Тэвчээр бол амьдралын төгсгөл. ...  Тийм учраас. Чи түүнд суралц. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? 

ХОЁР: Хүү минь. Охин минь.

... "Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд бүгдээрээ муу үйлийн гэм хорлол, муу сэтгэл бодлын гэм нүглийг таньж мэдсэн. Тэд нар мунхаглал болоод бусад хар муу дотор сэтгэлээс үүдэн гарах гэм нүглийг огоорч. Түүнээс салж хагацаж чадсан байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан юм" хэмээн судар номонд айлджээ. ...

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Зовлон гэж байхгүй гэсэн үг. Жаргал гэж бас байдаггүй юм гэсэн үг. ...

Тийм учраас. Чи түүнийг хайгаад хэрэггүй гэсэн үг. Хэн нэгнээс. Хаанаас ч хэнээс ч хайх хэрэггүй. Харин чи өөрөө өөрөөсөө хай. ... Бодлоосоо дотор муу сэтгэлээсээ хай. Байгаа байдлаасаа хай. ... Үг хэл, үзэл бодол, үйл үйлдлээсээ хай. ... Би-гийн үзэл. ... Бардамнал, ихэрхэл, хийрхэл, үнэнч бус байдлаасаа хай. ... Уур хилэн, хорсол, атаархал, хүсэл шуналаасаа чи хай гэсэн үг. ... 

Тиймээ. Хүү минь. Охин минь. Энэ мэт. Чи зовлонгийн мөн чанарыг ойлго. ...Ямар ч гай түүтгэр, гамшиг зовлон гэж байдаггүй юм. ... гэсэн үг. ...

Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна. 

 ГУРАВ:

Хүү минь. Охин минь.

... "Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар сэтгэл, сэтгэхүйн орон зай болоод оршихуй эс оршихуйн ёс зүй тогтолийг ухаарч таньж мэдсэн байдаг. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан" хэмээн эл судар номонд айлджээ. ...

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Юмыг ойлго. Юмыг ойлгож бодож харж чаддаг бай гэсэн үг. ... Юмыг тэнцвэртэй байлгахыг хичээж бай гэсэн үг. ... Хэрвээ тэнцвэр алдагдахад хүрэх аваас. Юу ч үл ажиллах болно. Түүнийг засах гэх аваас. Түүнийг дахин эхлэж шинээр бий болгохоос ч үлэмж их хэцүү. Үүнийг ойлго гэсэн үг. ... Тийм учраас. Хүү минь. Охин минь. Хүүхэд адил байх хэрэггүй. ... Том биш. Жижиг биш. Урагшаа хараад алх. Хурдан биш. Удаан биш. Зөв зүгт алх. ...  Үүнд суралц гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ... 

ДӨРӨВ:

Хүү минь. Охин минь.

... "Усанд унах сарны гэрэл. Тэр хоосон байдаг. Усыг шүүвч түүнийг эс олно" хэмээн бурханы номонд айлджээ. ... 

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Ус шиг бай гэсэн үг. Ус сайн мууг өөрт үл нялзаадаг. ... Ус зөөлхөн. Ус уян хатан байдаг. ... Ус урсдаг. Ус өндөр газарт тогтодоггүй. Ус нам доор газар руу урсдаг. Үүнийг бодож яв гэсэн үг. ... Сав дөрвөлжин байвал. Ус дөрвөлжин байдаг. Сав гонзгой болбол. Ус дагаад гонзгой болдог. Үүнийг санаж  бай гэсэн үг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? 

ТАВ: Хүү минь. Охин минь.

... "Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд муу үйлийн мөн чанарт хоёр үгүйг болгоон соёрхсон. Бурханы ном номлолд үл нийцэх гажууд юмст үл эрхшээхийг болгоон номлосон. Бурханы ном номлолийг сонсох, уншиж түгээхийн ач тус ийгээд түүний билиг их дээдийг номлосон. Тийм учраас тэд зовлонгоос ангижирсан  хэмээн айлджээ. ... 

Юу гэсэн үг вэ? гэвэл.

... Буян номыг шүт гэсэн үг. Бурхадыг шүт. Багшийг шүт. Хуврагыг шүт гэсэн үг. Бурханы ном түүний билиг их чанар, уг шалтгааныг сурч судал гэсэн үг. Оюун ухаан, эрдэм номыг эрхэмлэ гэсэн үг. ... Ном номлол түүнийг эрхэмлэн үйлд. ... Аливаа юмсыг урвуулан хувиргах их авшигыг олох болно гэсэн үг. ... Нүгэл ихт хилэнц ихт мунхагыг тэвч. Түнэр харанхуй адил мунхаг муу үйлийн барцад арилах болно гэсэн үг. ... 

...  Билиг билгүүн, эрдэм ном, ухаан ухамсарыг шүт гэсэн үг. ...

Тиймээ. Хүү минь. Охин минь. Бодит амьдралаас гажууд хоосон юманд хэзээ ч бүү итгэ. Зөвхөн бодит амьдралд суралц. Өөрөөр хэлвэл. Чи өөрөө өөртөө итгэ. Өөр юунд ч битгий найд гэсэн үг. ...  Чи өөрөө өөрөөсөө зугтах хэрэггүй. Өөр хэн нэгнийг дагаж гүйх хэрэггүй. Зөвхөн чи өөрөө өөртөө илүү их итгэж бай. Өөр юунд ч битгий их найдаж бай гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?  

 Батжаргалын Батбаяр.