Нэгэн сайхан шижигнэсэн залуу Ерөнхий сайд “Шийдлийн” гэх овог сонгон авч, “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн уриатайгаар гарч ирж билээ. Уг нь одоо ч түүнийгээ хэлсээр байгаа. Даанч хийх боломж олдохгүй, улс төрийг эдийн засгаасаа илүү онцлох шаардлага түүнд гарч ирсээр өнөөдөр тун гашуудалтай тоон үзүүлэлт хараад сууж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засгийн өсөлт гуравхан хувьтай байна. Гэхдээ жил жилийн хамгийн хүнд мөчлөг болох  гурав, дөрөвдүгээр улиралд тун таагүй дүр зураг хүлээж байна. Тиймээс өсөлтийг гуравхан хувь гэж чамлах бус, алдаж болохгүй гурван хувь гэж онцлохыг нөхцөл байдал шаардаж байгаа юм. Гэхдээ одоохондоо! Одоохондоо гэхийн учир нь гурван хувиар удаан тэсэхгүй, тэсээд байж ч болохгүй. Гадаад активыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмэгдүүлэн түүнийгээ хувийн хэвшлийнхний бизнес рүү, банкууд руу татаж чадах эсэх, биднээс үл шалтгаалах зэсийн ханш өсөх эсэх, хамгийн түрүүнд худлаа зохиосон төсвөө зөв болгож засах энэ бүхнийг хийж чадвал дээрх гурван хувийн өсөлтийг тогтоох, чадвал нэмэх боломжтой юм.

Юуны өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргэх хүртэл гурван хувийн өсөлтөө  барихын тулд гадаад валютын эх үүсвэр заавал олох хэрэгтэй байна. Хөршүүдийн нөхцөл байдлыг харахад ч, экспортод найдвар тавих нь цаг алдсан хэрэг болох нь. Манай нийт экспортын 48 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Гэтэл энэ оны төсвийн тодотголд 6354.7 ам.долллар байхаар тусгасан зэсийн ханш 5000 ам.долларт ч хүрэхгүй байдаг. Marketwatchийн таамаглалаар бол төсөвт суулгасанаас хоёр дахин буурч 3000 ам.долларт хүртлээ буурч магадгүй гэсэн. Зэсийн үнэ буурч  байгаагийн шалтгаан нь цэвэр зэсийн дэлхийн нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэмшигч Хятад улс дотоодын зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж импортын хэмжээгээ бууруулсаар байгаатай холбоотой. Хятадын зэсийн импорт эхний зургаан сарын байдлаар нийт зургаан сая тонн байна. Үүний 10 гаруй хувийг нь Монголоос импортолжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар 783.7 мянган тонн зэс экспортолсон. Тэгэхээр бурууг Хятадууд өөрсдөө зэсээ үйлдвэрлэсээс, эсвэл дэлхийн зах зээл дээр зэсийн ханш буурснаас бус, төсвөө батлахдаа эрсдлээ тооцоолоогүйгээс хайх хэрэгтэй. Энэ алдаатай төсвөө засч залруулах яаралтай шаардлагатай болчихлоо.

Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үеэ  2008, 2009 оны эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулбал өнөөдөр хямралын далайц нь илүү хүчтэй, цаг хугацааны хувьд урт удаан, үүний улмаас гүнзгий хэв шинжтэй, хямралтайгаа тэмцэж буй арга механизм нь ч өөр. Бүр тэнгэр газар шиг ялгаатай юм. Тухайлбал, 2008-2009 онд эдийн засгийн өсөлт найман хувиас -1.3 хувь болж буураад, дахин 10.5 хувь болтлоо өсөх гэх мэтээр хэлбэлзсэн. Ямартай ч 2008-2011 онд эдийн засгийн дундаж өсөлт 7.8 хувь өссөн байдаг. Харин 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засаг 17.3 хувиар өсч, ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 10,829.7 тэрбум төгрөгт хүрлээ. Эдийн засгийн бодит өсөлтөд голлон нөлөөлсөн салбар нь уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан тээвэр, агуулах, худалдааны салбарын өсөлт байв. Ийм үр дүнд хүрч, -1.3 хувиас 17 хувь хүртэл өсгөхөд мөнгөний бодлогыг чангатгаж “хатуу газардах” арга хэмжээ авсан болон томоохон төслүүд хэрэгжих эхлэлийг тавьснаар гадаад эдийн засгийн нөхцөл ч сайжирсан.

 

Харин өнөөдрийн нөхцөл байдал тэс өөр. Тухайн үед шийдвэр гаргагчид “хатуу газардах”-ын оронд “зөөлөн газардах” сонголт хийснээрээ 12 хувийн бодит эд засгийн өсөлтийг гурван жилийн хугацаанд 4, цаашид 5 хувь болгохоор зорьсон. Энэ хооронд иргэдийн бодит орлогыг хэмждэг инфляцийг 12 хувиас долоон хувь руу аваачих зорилт тавин ажиллаж түүндээ ч хүрлээ. Инфляци тогтвортой байгаа нь хувийн хэвшлийнхэн зээл авч бизнесээ өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихгүй, ажилгүйдэл нэмэгдэхгүй байх боломжийг олгож байгаа хэрэг. Тиймээс ч хэцүү байсан боловч энэ замыг сонгож. Гэхдээ гурав, дөрөв, таван хувийн өсөлт нь өнөөдөртөө зөв болоод байгаа ч цаашид ийм үзүүлэлттэй явж болохгүй. Төр үүний төлөө юу хийж чадах вэ. Бидэнд ямар боломж байна вэ.

Юуны өмнө эрүүл, тогтвортой өсөлтийг бий болгодог гадаад эх үүсвэрийг урт,дунд хугацаанд татаж чадах гол шийдвэрүүдийг энэ жилдээ багтааж гаргах, тогтворжуулалтын дараах валютын орох урсгалыг бий болгох ёстой. Экспорт, гадаад худалдааны нөхцөл сөрөг байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий  50 хувьтай тэнцдэг байсан бол өнөөдөр нэг хувьд ч хүрэхээ болилоо. Оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 44 сая ам.долларын л гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэтлээ тодорхой арга хэмжээ, цаг хугацаа, урьдач  нөхцлийг шаарддаг. Гэтэл “Оюутолгойн гэрээ зурагдлаа, тавантолгойн гэрээний хэлцэл хийгдэж байна” гэхчлэн оны эхэнд бидний ярьж байсан тэр хүлээлтүүд л одоо яг хэвээрээ ганц найдвар болон хүлээгдэж байна. Үүний дараа хөрөнгө оруулалтын нөхцөл Азийн бүс нутаг ямар байхвэ, Хятадын хандлага ямар байх вэ гэдгээс хамаарна. Гэхдээ л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх ажил зайлшгүй хийх ёстой. Нөгөө талаас гадаад хөрөнгө оруулалт сэргэхийг хүлээхгүйгээр өсөлтөө буулгахгүй байх нь чухал.


Энэ оны эцсээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас 300 сая ам.доллар орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн импортын хамгийн өндөр өртэгтэй бүтээгдэхүүн болох шатахууныг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж байна. Тэгвэл дахиад 300-аад сая ам.доллар орж ирж төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Засгийн газар  Хөгжлийн бодлогын зээл авахаар төлөвлөсөн нь биелэлээ олж байгаа бололтой. Хөгжлийн бодлогын зээл нь  эдийн засгийн, төсвийн гэх шинжтэй асуудлыг шийдэх бус эдийн засгийн бүтцийн реформыг дэмждэгээрээ онцлогтой. Мөн хоёр талт гадаад зээлийн эх үүсвэр биш олон талт буюу олон улсаас  санхүүжилтийн эх үүсвэрийг авч ашиглах боломж олгодог.  

Макро эд засагт өгч байгаа гол дохио нь инфляци долоон хувьд тогтвортой байгаа энэ нөхцөлд төсвийн бодлого алдаагүй, зөв, бодитой байхад дотоод гадаад хувийн хэвшлийнхэн идэвхжиж өсөлт аяндаа тэлэгдэнэ. Үүнээс гадна оны эхний хагас жилийн байдлаар  нийт төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын ашигтай гарчихлаа. Өөрөөр хэлбэл энэ жил төлбөрийн тэнцлийн алдагдалгүй байх ёстой. Эхний хагас жилдээ зорилгодоо хүрлээ. Сүүлийн хагас жилийн хүлээгдэж буй алдагдал арай бага, олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөр 400 орчим сая ам.долларын алдагдалтай байх болов уу гэсэн таамаг байна. Тиймээс дээрх зорилтууд, хүлээлтүүд бүгд биелэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай, талыг нь биелүүлсэн ч алдагдалгүй гарах боломж бий. Харин дээр дэвшүүлсэн зорилтыг огт биелүүлэхгүй бол алдагдал  хүлээж байгаа гэсэн үг.

Одоо төсөвт тодотгол заавал хийнэ. 2016 оноос алдагдалтай төсөв баталбал төлбөрийн тэнцэл эерэг, гадаадын хөрөнгө оруулалт,валютын орох урсгал заавал сайн байгаа нөхцөлд л алдагдлыг  нөхнө гэдгээ ухамсарлах ёстой. Эс бөгөөс  өр тавьж алдагдлыг санхүүжүүлнэ. Өр тавьж төсвийн алдагдлыг нөхснөөр улсын төсөв дотоодын бүх эх үүсвэрийг сорж, хувийн хэвшлийг золиосолж өсөн дэвжих бололцоог хумих болно.

Иймд дунд,урт хугацаанд хэрэглээнд зориулсан эдийн засгийн алдаатай өрөөсгөл бүтцээ өөрчилж, урт хугацаанд хуримтлалд суурилсан тогтвортой эрүүл эдийн засагтай болох гарц нь ерөөсөө төлбөрийн тэнцэл,төсвийн тогтвортой байдлаас эхэлж байгаа юм. Уул уурхайгаас нэгэнт хамааралтай болсон эдийн засгийн хувьд алдагдалгүй төсөв батлах нь амин чухал, хариуцлагатай алхам болно. Үүний дараа төлбөрийн тэнцлийн тогтвортой байдал буюу макро эдийн засгийнхаа гадаад тэнцвэрийг үргэлж дэмжих чиглэлийн хууль зүй, эдийн засгийн тогтвортой,ойлгомжтой шийдвэрүүд чухал.  Өнөөдрийн яриад байгаа  локомотив буюу  үлэмж хэмжээний нөлөө бүхий том төслүүдийг хэрэгжүүлэх зөв, холч шийдэл олоход цаг хугацаа хэрэгтэй. Түүнийг  санхүүжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө  оруулагчдын итгэл төрүүлэхүйц нөхцөл хэрэгтэй. Наанадаж хөрөнгө оруулагчид сонирхоод эхлэхэд эдийн засаг нь хямарчихсан, хасах өсөлттэй байж болохгүй.

Өсөлтийг санхүүжүүлэх сонголт цөөн байна. Гэхдээ алдаа гаргалгүй сонголтоо хийж чадвал боломж бий. Алдаж болохгүй гуравхан хувийн өсөлтөө тогтоон барих, цаашид нэмэгдүүлэх гарцын төлөө улстөржихгүй, популизм хийхгүйгээр иргэддээ боломж олгох, хувийн хэвшлийнхнийг дэмжих арга замыг сонгож даалгавраа сайн хийж амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.