Хонины махны халуун тогоонд дурлах болсон Хятадад бид махаа гаргана
Монголчуудад юу байна, мал мах байгаагаа ярилцдаг. Өргөн уудам тал нутагт өвсний сорыг идсэн малын жинхэнэ байгалийн гаралтай мах бол дэлхийн зах зээлд ховорт тооцогдох бүтээгдэхүүн. Гэвч Монголын байгалийн гаралтай сайхан махыг биднээс өөр амтлагсад үгүй.
Монголчуудад юу байна, мал мах байгаагаа ярилцдаг. Өргөн уудам тал нутагт өвсний сорыг идсэн малын жинхэнэ байгалийн гаралтай мах бол дэлхийн зах зээлд ховорт тооцогдох бүтээгдэхүүн. Гэвч Монголын байгалийн гаралтай сайхан махыг биднээс өөр амтлагсад үгүй. Бид байгаа эдээ гаргаж, хэдэн ногоон болгож оруулж чаддаггүй. Хорио цээр, ариун цэврийн байдал гэсэн нэг муу шалтгаар монголчуудад махаа мөнгө болгох боломж олдохгүй байсаар олон арван жил өнгөрлөө.
Гэхдээ бас ч гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ тал дээр ажиллаж ирснийх эхнээсээ шат даваануудаа давж байна аа. БНХАУ-д үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экпортлохоор дээхнээс ярилцаж, 2011 онд мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг тохиролцсон байдаг. Ингээд Хятадын талаас дулааны аргаар боловсруулсан зарим төрлийн мах авах боломжтой талаар дурдаж, бид 2014 онд дулааны аргаар боловсруулсан мах экспортлох хүсэлтээ албан ёсоор гаргаснаар ажлууд эхнээсээ үр дүнд хүрэх болов. Өнгөрсөн зургадугаар сард хятад мэргэжилтнүүд ирж манай үйлдвэрүүдийн байр байдалтай танилцаж, эрсдлийн үнэлгээгээ хийсэн бөгөөд зарим нэг шаардлагуудыг хангаснаар бид энэ оны гуравдугаар сард мах гаргах компаниудынхаа нэрсийг хүргүүлжээ. Харин хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 13-нд Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас үхэр, хонины мах махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол Эко мах” компани, адууны махан хөлдөөсөн банш, бууз гаргах зөвшөөрлийг “Хаан Хүнс” компанид өгчээ. Мөн үхэр, адуу, хонины нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг дөрвөн компанид өгсөн байна. Тэгэхээр ямартай ч Хятадын том зах зээл рүү Монголын мах, махан бүтээгдэхүүн гарч эхлэх суурь тавигдлаа. Гэхдээ манай тавь гаруй сая малын дийлэнх нь бог тэр дундаа хонь байдаг. Тиймээс хонины махаа гаргаж баймааж бид ашиг олж чадна. Түүнээс дэлхийг хэрсэн экпортын махны том сүлжээ болох үхрийн махны наймаанд 3,4 сая үхэртэй бид оролцоход амаргүй. Хонины махны хувьд бол өөр. Хонины махыг нялуун, хурц үнэртэй гээд монголчуудаас өөр иддэг үндэстэн гэж ярих нь бий. Үнэндээ дэлхийд хонины махыг амтархан иддэг улс үндэстэн олон. Газар дундын тэнгис орчмынхон, Грек, Турк, Хойд Африк, Ойрхи Дорнод, Пакистан, Афганистан, АНУ-ын баруун эргийнхэн, Хойд Европ, Исланд, Шотланд, Австрали, Төв Ази гээд хаа сайгүй иддэг. Индонезид хурганы махтай карритай хоол, Энэтхэгт хонины мах будаатай хуурга, Мексикт барбокоа гээд навчинд ороосон хонины мах, Шотландад хаггис нэрт хонины таван цулыг машиндаад ходоодонд нь хийсэн хоол алдартай байх жишээтэй. Сүүлийн үед хонины махны үнэ өсч, энэ маханд дурлагсад олон болж байна. Дээхнэ үед Хятадад хонины мах иддэг хүмүүс цөөн байжээ. Өвөрмонголчууд л хонины махаа идэхээс хятадууд иддэггүй байж. “Бээжин хүмүүс урьд нь хонины мах үнэртэхээр хамраа дараад зугтдаг байсан бол одоо өөр болсон” гэж ярих нь үнэний хувьтай. Хятадын хоол хүнсний зохист найрлагын талаарх эртний сударт үхрийн мах жууцай хоёр тохирдоггүй гэж бичсэнээс хонины махны тухай дурдаагүй байдаг нь магад хэрэглээнд бага байсных биз ээ. Манжийн үед хонины зум хийж, ихэс дээдэс таалдаг байснаар нь бага сага мэдэх биз. Тэгвэл одоо Хятадад хонины махны хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх болсон. БНХАУ-ын Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооны тайланд хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ 2002 онд 2.4 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3.23 кг болж өссөн тухай дурджээ. Мөн хонины махны импорт нь 2011 онд 82.7 мянган тонн байсан бол 2012 онд 123.7 мянган тонн болж улмаар 2013 онд 254.0 мянган тонн болж өссөн мэдээлэл байгаа юм.
Хятадууд хонины маханд “орох” болсон гол шалтгаан бол одоогоос хорь гаруй жилийн өмнөөс хойд нутгийн бэлчээрийн талбайг хумих бодлого төрөөс нь барьж эхлэхэд ихээхэн хэмжээний малыг нядалж эхэлсэнтэй холбоотой гэдэг. Тэр үед зах зээлд хямд мах орж ирэхэд үүнийг нь ашиглаж хонины махны халуун тогоо ихээхэн дэлгэрсэн ажээ. Хонины махны хурц, нялуун үнэрийг дарахын тулд тусгай аргаар боловсруулж, 23-24 төрлийн эмийн ургамлыг ашиглаж халуун тогоондоо ашиглах болж, хятадууд ч хонины маханд нугасгүй болсон байна. Сүүлийн жилүүдэд Бээжинд хонины махны халуун тогоо улам бүр “мода”-нд орж, өвлийн улиралд хүмүүс гудамжинд дугаарлаж зогсч байгаад хонины шөл уухаар ордог болжээ. Ястай нь үелээд, үелээд хөрөөдчихсөн байдаг энэ газар шөл ууж, яс мөлжихөөр махсаагаа гаргах шиг болдог гэх. Хэдхэн жилийн өмнө кг нь 40 орчим юань байсан хонины мах 66 юань болсон нь энэ махны эрэлт улам нэмэгдэж буйг гэрчилнэ. Статистикаар Хятадад хонины махны үнэ өнгөрсөн оноос 14.3 хувиар нэмэгдсэн байгаа юм билээ. Гэтэл хятадуудын өргөн хэрэглэдэг гахайн мах кг нь арав гаруй юанийн үнэтэй байж байх жишээтэй. Урд зүгийн хятадуудын хувьд хонины мах төдийлөн хэрэглэхгүй. Харин сэрүүн бүс болох хойд, зүүн хойд, Хөбэй мужийн хятадуудын хувьд хонины махыг хэрэглэж байна. Гэхдээ л чамлалтгүй, зөвхөн энэ бүс нутгийн хүмүүсийн тоо хэд билээ дээ. Тэд Өвөрмонгол, Шинжаан, бас сүүлийн жилүүдэд Шинэ Зеландаас хонины мах авч хэрэглэж байгаа аж. Гэхдээ бэлчээрийн махны амтыг мэдэрсэн тэд Шинэ Зеландын фермийн малыг угаасан мэт гээд голдог гэсэн. Тэгэхээр бэлчээрийн малын махны амтыг мэддэг хүмүүст Монголын мах таалагдах нь тодорхой. Дээрээс нь хятадууд элдэв анагаагч чанар, ургамал тангийн учрыг олдог хүмүүс хонины махны өвчин эдгээх чанарыг олсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Аюулт өвчнөөс өөрийгөө аварсан Жамсран гуай “Хонь голдуу борог өвс иддэг. Цаг уурын аль ч нөхцөлд тэвчээртэй, цэвэр агаар амьсгалж, цэнгэг ус уудаг тул олон өвчин анагаах шидтэй.Хонины тойг, далны толгой, охор сүүл зэрэг дөрвөн шимт бол бие даасан эм байдаг. Охор сүүл нь ид шидтэй эм болно. Шүдлэн хонины яс нь хийн эрдэмтэй” гэхчлэн ярьсан байдаг нь нэгийг хэлнэ.
Ямартай ч БНХАУ руу 64.5 мянган тонн мах гаргах квот авлаа. Эхний ээлжинд 5000 орчим тонныг гаргана гэж байгаа. Тэгэхээр энэ компаниуд эхнээсээ стандартаа нарийн гаргаж, алдаа эндэгдэл гаргахгүй ажиллах нь туйлын чухал. Тэгж гэмээнэ дараа, дараагийн компаниуддаа боломжийг нээж өгч таарна. Эдгээр компаниас гадна махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад үйлдвэрүүд ирэх долоо хоногт Бээжин хотноо БНХАУ-ын махны үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэнд орох гэж байгаа гэсэн. Тэгэхээр хаа хаанаа, хичээж аль болох олон үйлдвэр өмнөдийн том зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргаж, ховрын эд болсон валютыг Монгол руу оруулж ирэх нь чухал байгаа юм. Дараагийн шатны үйлдвэрүүд дунд махны чиглэлээр манай манлай үйлдвэр болсон Мах импекс яваа аж. Х.Баттулга сайд байх үед энэ асуудал яригдсанаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж нэрээ татсанаар ороогүй гэж дуулдсан. Монголчууд гадагшаа мах гаргадаг том шанг татах энэ ажилд стандарт барьж ажиллаж чадах газрууддаа найдахаас аргагүй. Дээрээс нь энэ олон үйлдвэрүүд нэгдсэн нэг бодлоготойгоор гадаад зах зээлтэйгээ ажиллахгүй бол монголчууд салж бутардгаасаа болоод дандаа алддаг. Вьетнам авто засварын хаана ч очсон нэг үнэ хэлдэг шиг манайхан тогоондоо ярилцаж хэлэлцэж байгаад тогтсон ханшийг гадаад зах зээлдээ тогтоох нь зөв биз ээ. Нойтон махны кг-ийнх нь үнэ 66 юань байгаа гэхээр хөлдүү мах хямд байж таарна. Тийм ч хэдий аль болох хамтдаа нэг баг болж чадвал монголчуудад л ашигтай. Оросууд манайхаас мах авахаар кг-ыг нь хоёр ам.долларт тохирсон байхад өөр нэг компани 1.8 ам.доллар санал болгож хэн хэндээ ашиггүй байдалд оруулаад байсан харамсалтай жишээ байдаг. Хэрэв стандартаа хатуу барьж, чанарын шаардлагатай мах нийлүүлээд байвал өргөн уудам зах зээл урд маань нэгэнт байна. Хөл дээрээ тогтоод авбал хилийн дагуу үйлдвэрүүдээ байгуулж, цааш хөргүүртэй машинаар зөөгөөд байвал мал байна, мах байна гэвч хэн ч авахгүй юм гэж гомдоллохоо бид болино.
Энэ удаад хятадууд дулааны аргаар боловсруулсан мах авна гэдгээ илэрхийлсэн тул бид шаардлагыг нь биелүүлж байна. Цаашид халал арга буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр арга болон зах зээлдээ нийцүүлээд бүхий л арга технологиор нь нийлүүлэх боломж бидэнд бүрэн байна. Үүнийг төр харин бодьтой дэмжээд өгөх хэрэгтэй.
Жиш: Дулааны аргаар боловсруулна гэдэг нь хонины махыг 80 градуст 20 минут, үхрийн махыг 90 градуст 15 минут усанд чанах, ууранд болгох, утах гэх мэт бүхий л аргаар болгож боловсруулаад вакуумдахыг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, эхний шатанд болгож, нян бактерийг нь устгаж байгаа хэрэг юм.