Л.Дөлгөөн бол миний дуртай сэтгүүлч. Түүний элдэв маяггүй, эгэл атлаа чадварлаг байдал ямагт анхаарлыг минь татдаг байлаа. Түүнтэй ярилцсан маань надад шинэ эрч хүч, шинэ тэмүүлэл нэмэх шиг санагдав.

-Хуучны танил Дөлгөөнтэйгөө уулзаж байгаадаа маш таатай байна. Та бол манай телевизийн урлагт өөрийн гэсэн орон зайгаа бүтээж чадсан сэтгүүлч. Аливаа телевиз, сонин, бусад мэдээллийн байгууллагуудад хэн нэгэн залуу сэтгүүлч орж ирээд тухайн газрынхаа нүүр царай болж чадна гэдэг бол амаргүй хөдөлмөр байдаг. Тэгэхээр хоёулаа таны анхны сонголт яагаад телевиз байсан юм бэ гэдэг асуултаас яриагаа эхлэе.

-Миний хувьд ч мөн адил тантай ярилцаж байгаадаа тун их таатай байна. Монголын шилдэг сэтгүүлчтэй ингээд ярилцаад сууж байна гэж төсөөлж ч байсангүй шүү. Телевиз яагаад миний сонголт байсан бэ гээд эргээд бодохоор их л урт түүх л дээ. Манай 10 жилийн ангийн охин Ч. Ундрал МҮОНТВ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байхад би ч гэсэн хөтлөгч байж үзэх юмсан гэж далдхан мөрөөддөг байлаа. Гэвч дунд сургуулиа төгсөөд англи хэл сурч гадаад явж амьдарна гэж боддог байсан. Хэлний сургуульд элсээд, хичээлдээ явж эхлээд удаагүй байтал нэг өдөр автобусанд зургийн аппарат барьсан хүнтэй таарсан Тухайн үед над руу удаан ажиглаж хараад байгааг нь анзаарсан л даа. Тэгээд сургууль дээр очоод ангидаа сууж байсан эрхлэгч дуудаад гараад ир гэлээ.  Яваад очтол нөгөө зурагчин зогсч байна. Тэр ах сургуулийн эрхлэгчээс зөвшөөрөл авчихсан, миний зургийг авмаар байна гэсэн. Зураг авч байхдаа зурагчин ах чи фотогеничный юм, дуу хоолой чинь ч яг л телевизийн хүн байхаар санагдлаа гэж хэлж байсан. Тэр цагаас л хойш телевизийн хүн болъё гэж шийдээд хэлний чиглэлээр биш сэтгүүлчээр сурч эхэлсэн. Зурагчин ахын авсан зураг 1999 оны календартай сонины дунд нүүр дүүрэн гарч байсан.

Телевизийн сэтгүүлч болоход өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж бодож байсан болохоор хоёрдугаар курст сурч байхдаа 107.5-д хөтлөгч, сэтгүүлч хийдэг байсан. Харин гуравдугаар курсдээ ТВ5 телевиз анх нээгдэж байна гэж сонсоод очиж пробонд орж байлаа. Маш олон охид шалгуулсан. Тэдэн дундаас Д.Болороо бид хоёр сонгогдож миний хувьд дотоод мэдээний хөтлөгч болж байсан юм. Д.Сарангэрэл захирал залгаад “Чи дотоод мэдээний хөтлөгчөөр сонгогдлоо” гэхэд  маш их сэтгэл хөдөлж байсан. Тэр мэдрэмжийг одоо ч гэсэн тод санаж байна. ТВ5 телевиз тухайн үед үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байсан.  Өөрийн гэсэн өнгө төрхтэй, содон сонин контенттай нэвтрүүлгүүд тэр дундаа “Цаг хөтөлбөр”- ийг оройдоо үзэх гэж ТВ5 сувгийг тааруулдаггүй айл гэж ховор байсан байх. Чадварлаг хүмүүсийн ачаар л тухайн үед өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож чадсан гэж боддог.

-Үзэгчдэд таны дуу хоолой, ямар нэгэн савалгаагүй өгөлт, таны имиж, төрх маш их таалагддаг байсан. Харин таны харж, хүндэтгэж явдаг, дагаж дуурайдаг хүн хэн байсан бэ?

-Анх эфирт гарч мэдээ хөтөлж эхлэхэд би 22 настай байсан. Ямар нэг маяггүй өөрийнхөөрөө байж чадсан нь хүмүүст их хүрсэн байх. Миний хүндэлдэг хөтлөгчид гэвэл МҮОНТВ-гийн нэвтрүүлэгч Чимгээ, UBS-ийн нэвтрүүлэгч Оюунцэцэг эгч нар. Тэдний хоолойн өнгө цаанаа л сонсоод баймаар. Ер нь телевизийн хөтлөгчдийн хувьд харагдах дүр төрхөөс гадна дуу хоолой хамгийн чухал юм шиг санагддаг. Мэдээж дээр нь мэдлэг боловсрол, мэдрэмж, цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байж чаддаг хөдөлмөрч зан чанартай нь л төгс хөтлөгч байж чаддаг.

-Телевизүүдийн хөгжил технологийн хувьд шинэ шатанд гарч буй өнөө үед харин та алга. Энэ зарим талаар харамсалтай санагддаг уу?

-Харамсдаггүй. Яагаад гэвэл би тун удахгүй дахин дэлгэцэнд гарч үзэгчидтэйгээ мэндчилж мэдээгээ хүргэнэ. Мэдээ унших, сэтгүүл зүйн салбарт ажиллах нь миний амьдралын салшгүй хэсэг. Би яагаад ч энэ ажлыг орхиж чадахгүй, заримдаа бүр зүүдлэх ч үе бий.  Хүсч зорьж олж авсан мэргэжлээрээ ажиллахдаа амьдралын бас нэг аз жаргалыг мэдэрдэг.

-Гэнэт яагаад Америк явах шийдвэр гаргасан юм бэ?

-Миний хувьд гэнэтийн шийдвэр байгаагүй ээ. Би маш удаан хугацаанд төлөвлөж, судалж байж хийсэн алхам.  ТВ5 телевизэд байхад гадагшаа сурвалжлага сургалтанд их явуулдаг байлаа. Гадаадад очоод үйл явдал эсвэл сургалтаа хангалттай бүрэн ойлгож чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байдаг байсан юм. Тэгээд л хэл сурч өөрөө хөгжиж дэвших хэрэгтэй гэдгээ мэдэрсэн. Тэгээд Глобал удирдагч сангийн шугмаар 75 хувийн тэтгэлэгт хамрагдаж, Америк явж байсан.

-Таныг хайр дурлалаасаа болоод хайртай, дуртай, нэгэнт орон зайгаа эзэлсэн ертөнцөө орхисон гэж дуулсан.

-Үгүй дээ, хэл сураад ирвэл сэтгүүлч гэдэг хүнийхээ хувьд үнэ цэнэ улам нэмэгдэнэ, буцаж ирээд улам ч их орон зайг эзэлж чадна гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс л өөрөө өөрийнхөө төлөө л гадагшаа явсан гэсэн үг.

-Америкт хэрхэн амьдарч байв. Хэр удсан бэ?

-Америкт зургаан жил амьдарсан. Энэ хугацаанд амьдрал гэж юу болохыг жинхэнэ утгаар нь суралцсан даа. Дөнгөж Америкт очингуутаа ТВ5 –даа  долоо хоног болгон мэдээ бэлтгэж явуулдаг байлаа. Энэ талаараа ч сургуулийн сонинд ярилцлага өгч оюутан багш нар ерөнхийдөө Монголын ТВ-ийн хөтлөгч гэж мэддэг болчихсон байсан үе. Хичээлийнхээ хажуугаар  сургуулийнхаа хотхонд оюутны ажиллах эрхээрээ 20 цаг цайны газарт нь ажиллана. Тэгэхээр оюутнууд нь “Сайн уу Монголын мэдээний хөтлөгчөө” гэж мэндлэхээр доромжилж байгаа юм шиг л санагддаг байлаа. Тэгж хэлүүллээ гээд ажиллахгүй байж болохгүй, мөнгө хэрэгтэй учраас чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд л юу ч болоогүй юм шиг байдаг байсан ч дотроо гутрах үе зөндөө л байдаг байсан. Харин жилийн дараа хэлний курсээ төгсөөд Лос Анжелост очсон. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлээр магистарт суралцсан. Хичээлийнхээ хажуугаар мөн л ажил хийнэ, үр хүүхэд, гэр орны ажил гээд л завгүй он жилүүд нүд ирмэхийн зуур л өнгөрсөн дөө. Магистраа хамгаалчихаад Лос Анжелост брэндийн хувцасны бизнес эрхэлдэг компанид менежерийн туслахаар ажилд ороод хоёр жилийн дараа өөрөө менежер болтлоо дэвшиж чадсан. Америк дахь амьдрал ер нь амьдралын сургууль байсан гэж хэлж болно.

-Бас буцаж ирэх болсон шалтгааныг тань сонирхож болох уу?

-Буцаж ирэх шалтгаан маш энгийн. Блумбергийн салбар Монголд нээгдэж байгааг сонсоод сураглаж хүний нөөц рүү нь тодорхойлолтоо явуулж утсаар ярилцлаганд орж тэнцээд л ажиллах боломжтой болоод эх орондоо ирсэн. Хэдий олон жил Америкт байсан ч телевизийнхээ ажлыг маш их үгүйлдэг байсан. Америкт байх хугацаандаа ч телевизийн чиглэлээр сурахаа ч орхиогүй. Калифориа мужид томд тооцогддог UCLA их сургуульд сэтгүүл зүйн талаар хичээл авч, Америкийн радио болон CNBC зэрэг телевизид зочилж сэтгүүл зүйн салбартай нь танилцаж чадсан. 

-Дөлгөөн Блюмберг телевизтэй хамт эх орондоо ирлээ гэж харж, их баярлаж байсан юмсан. Гэтэл та тэнд удсангүй. Монгол контентуудын хувьд тийм ч  гайхалтай биш ч энэ бол том индэр. Та шинэ багийн арга техник, шинэ орчинд дасаагүй юу?

-Блумбергийг ингэж их хүсч ирчихээд яагаад гарчихав гэж найз нар маань их асуудаг л даа. Блумберг бол дэлхийн стандартыг дагаж ажилладаг, техник технологи, чадварлаг боловсон хүчинтэй, гайхалтай, салмааргүй газар. Гэхдээ Блумбергт ажиллах уу, гэр бүлээ сонгох уу гэдэг хоёр сонголт миний өмнө тулгарсан. Учир нь намайг монголд ирсэний дараа миний гэр бүл зургаан сарын дараа араас ирсэн л дээ. Миний ажлын цаг өглөө 05-д эхлээд өдөр 14 цагт дуусдаг байлаа. Энэ ажлын хувиар амьдралтай маань авцалдахгүй байсан гэж  ойлгож болно. Тийм л учраас Блумбергийг орхисон юм.

-Дараа нь та сонгуулийн үед МАН-ын теле төслүүд дээр ажиллах шиг болсон. Сонгуулын үе юм чинь нэр төр, чадал чансаагаа тодорхой хэмжээнд үнэлж ажилласан байх. Гэхдээ манайд хангалттай гэх хөдөлмөрийн үнэлэмж сэтгүүлчдийн хувьд хэзээ ч байдаггүй. Энэ ажил таны хувьд юу байсан бэ?

-Сэтгүүлч хүнийхээ хувьд сонгуулийн үеэр ажиллаж үзье гэсэн сонирхол байсан. Надад санал тавьсан болохоор л би ажилласан л даа. Бага хугацаанд их хэмжээний цалин авах ч нуулгүй хэлэхэд хэнд ч таалагдах байх. Хөдөлмөрлөж мөнгө олж байхад хэн юу гэж бодож, хэлэх нь надад хамаагүй юм шиг санагдаж байсан.

-Өнөөдөр манайд олон телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Яг нүүр царай нь шүү гэх хэмжээний одууд бараг байхгүй байгаа нь харамсалтай санагддаг.

-Магадгүй телевизүүдийн удирдлагууд л сонголтоо сайн хийж чадахгүйд байж  болох. Түүнээс биш хөтлөгч, сэтгүүлчид хамаг байдгаараа хичээж хөдөлмөрлөдөг гэж бодож байна. 

-Хааяа телевиз үзээд “тэнд байсан бол” гэх харамсал төрдөг үү. Гадны хэлбэр, хэв маягийг л хуулах, дуурайх гэж оролдож байхаас өөрийн гэсэн проекттой сэтгүүлч ерөөсөө харагдахгүй юм. Харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгдөг л байх. Тэр бодлоосоо хувцаалцвал.

-Би ер нь телевиз үзэхээрээ ихэвчлэн мэдээ л түүж үздэг л дээ. Блумбергийн хөтөлбөрүүд, Eagle-ийн мэдээ, тоон мэдээ, Цагийн хүрд, Монгол HD телевизийн  нүүдэл суудал зэрэг. Тэгээд харж байхад харин ч эсрэгээрээ сайн сэтгүүлчид гарч ирээд байгаа юм шиг санагдаж байгаа. Хэл яриа, мэдлэг боловсрол сайтай залуу үе гарч ирж байна гэж харах болсон. Эсвэл би сайн ярилцлага, даацтай мэдээг нь олж үзээд байдаг юм болов уу . (инээв)

-Манайд мэргэжлийн эр зориг, чадвараар тэргүүлэх гэхээсээ зуудаг нохой маягийн дорд хэлбэрийн амин зуулгад гаршиж байгаа жижиг бүлгүүд гарч ирж байх шиг байна. Энэ нь үнэхээр гунигтай харагддаг юм. Өөр салбарын хүмүүсийн дунд ажиллахаар сэтгүүлчдийн тухай ойлголтууд сэтгэлийг тань өвтгөх юм уу?

-Оффисийн ажилд ороод буцаад сэтгүүлчийн мэргэжлээ бодохоор маш хүнд мэргэжил юм шиг санагддаг. Цаг минут бүртэй уралдаж мэдээгээ хэрхэн яаж ямар өнцгөөс бусад телевизүүдээс өөр өнгө аястай өгөх үү гэж байнгын бодож сэтгэж явна, өөрөөр хэлбэл маш их ачаалалтай гэх үү дээ. Гэхдээ хамгийн сайхан нь сэтгүүлч хүнд мэдэхгүй салбар, ярилцаагүй сэдэв гэж байддаггүй. Зуудаг нохой маягийн сэтгүүлч гэж та хэллээ. Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Мэдээллийг гуйвуулж хүний улыг шагайх гэж оролддог хүмүүс бас  байнаа. Тэрүүхэн үедээ хүний дээр гарч сэтгэлийн таашаал авах гэсэн богинохон ухаантай хүмүүс л гэж хэлмээр санагддаг. Гэхдээ тухайн үед хожиж байгаа мэт санагдавч холыг хараад үзвэл өөр үр дүн харагдах байх л даа. 

-Телевизэд байхдаа хамгийн хүсдэг байсан чиглэл тань чухам юу байсан бэ?

-Мэдээний жанр л хамгийн хүнд хэрнээ хамгийн сонирхолтой нь санагддаг байсан. Хэдхэн минутад багтааж мэдээллийг сул үггүйгээр  үзэгчдэд хүргэнэ гэдэг бас л чадвар шүү. Д.Сарангэрэл захирал цаг тутамд л бидэнд зааж зөвлөж, зэмлэх үедээ зэмлэдэг байсан. Бичсэн мэдээгээ уруулж, уйлж явсан үе зөндөө.

-Хөтлөгч нарын хамгийн том алдаа мэдэмхийрэл. Уг нь үзэгчид рүү залах, тэднийг төлөөлөх л үүрэгтэй шүү дээ. Сэтгүүлчдийг ч гэсэн хүмүүс буруу уншаад байдаг. Асуулт болгоныг “аан энэ өөрийнх нь бодол, үзэл юм байна” гэж. Асуулт бол зочныг яриулах л үүрэгтэй шүү дээ. Энэ талаар гэнэтхэн яримаар санагдчихлаа?

-Ярилцлага бас л хүнд жанр. Тэр хүний мэдлэг, бодол сэтгэлийг уудалж гаргана гэдэг бол асар том авъяас. Гарт чинь микрофон байгаа л бол чи тэр хүнийг хөтлөх ёстой гэж Д.Сарангэрэл захирал зааж сургадаг байлаа. Тийм болохоор асуух зүйлээ судалж мэдэж, ярилцахдаа цаг их зарцуулдаг байсан. Асуудлаа өөрөө мэдэхгүй байж хүнээс үг унагах хэцүү л дээ.

-Таныг одоо хаана ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Ямартай ч цоо шинэ зам сонгосон бололтой?

-Цоо шинэ зам ч гэсэн би бас л өөрийн эзэмшсэн мэргэжилээрээ ажиллаж байгаа л даа. Америкт үл хөдлөх хөрөнгөөр мастер хамгаалсан. Одоо Эм Си Эс Проперти ХХК–д Борлуулалтын Албанд ажилладаг. Бас л сонирхолтой ажил. Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан, томоохон бүтээн байгуулалтууд хийсэн үндэсний шилдэг компанид ажиллаж байгаа гэдгээрээ маш их бахархдаг. Эм Си Эс компанид өөрийн гэсэн соёл тогтсон, сайхан уур амьсгал бүрдсэн байдаг болохоор ажилдаа ирэхдээ өөрийн эрхгүй инээд алдаад л дуу аялаад л орж ирдэг.

-Шинэ ажлынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Яг одоогийн байдлаар миний хувьд Шангрила төсөл дээр Хонг Конгийн багтай хамтран ажиллаж байгаа. Таван одтой зочид буудал, таван давхар шоппинг малл оффис зочид буудлын үйлчилгээтэй орон сууц гээд томоохон бүтээн байгуулалтын ажил дээр манай алба борлуулалтын хэсгийг хариуцан ажиллаж байгаа.

Мөн Вива сити хорооллын хажууханд баригдаж байгаа, гэртэйгээ ойрхон бизнес эрхлээд өөрсдөө дээд давхруудад амьдрах сонирхолтой хүмүүст зориулсан Townhouse –ийн борлуултан дээр ажиллаж байна. 

-Таныг усан спортоор хичээллэдэг гэдгийг мэднэ. Анх яаж энэ спорттой учрав?

-Анх ээж намайг тамирчин болгоно гээд есөн настай байхад төв бассейнд оруулж байсан. Ээжийнхээ хүслийг нь охин нь биелүүлж тамирчин болсон доо. Спортоо одоо болтол хаялгүй сэлж л байгаа. Тун удахгүй мастер зэрэгтэй тамирчдын дэлхийн аваргад оролцохоор Канад руу явах гэж байна.

-Өөрийнхөө гэр бүл, бага насны амьдралын тухай ярьж өгөөч?

-Одоо бодоод байхад багадаа их завгүй охин байжээ. Айлын том охин, ээж маань мөрдөн байцаагч тул ажил ихтэй.  Би дүүгээ харна, хоолоо хийнэ, хичээлдээ явна, бэлтгэлээ хийнэ гээд л тэр жижигхэн биед ахадсан гэмээр хариуцлага үүрсэн охин байсан. Бага нас минь усан спорттой салшгүй холбоотой. Тэмцээн болохоор бассейн дээр л өнждөг. Анх улсын аваргад амжилт гаргаж шагналын мөнгөөрөө гэртээ тоос сорогч авч байж билээ. Хүүхэд насаа бодохоор бүхий л хөгжилтэй явдал дурсамж усан спорттой л холбоотой байдаг юм.

-Багадаа охид болгон л мөрөөдөж өсдөг. Таны хамгийн гоё мөрөөдөл тань юу байсан бэ?

-Мөрөөдөл их гэгээлэг хүнийг бүр өөр ертөнцөд аваачихсан юм шиг санагддаг. Бага байхдаа орондоо орж байгаад л үүр цайтал л мөрөөддөг байсан даа. Том болоод ямар байшинд амьдарч яаж тохижуулах уу гэхээс эхлээд л хамаг юмыг хамж шимээд л мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь ихэнх нь биелсэн юм шиг л санагддаг. Одоо хүртэл би орондоо ороод мөрөөддөг. Магадгүй хийх зүйлээ л төсөөлж зорилго болгодог байж магад. Мөрөөдөл учраас бүгд л гоё.

-Би гуниглахаараа ном уншаад чимээгүй орчинд байхыг л түрүүлж сонгодог. Харин та?

-Би гуниглахаараа спортоор хичээллэдэг. Хамаг анхаарлаа хийж байгаа зүйлдээ чиглүүлэхээр гунигаа хором ч гэсэн мартаж сэтгэл санаа хөнгөрөх шиг болдог. Гуниглахдаа бас энэ бол түр зуурынх, үүний цаана ямар нэг сайхан зүйл хүлээж байгаа гэж өөрөө өөртөө хэлдэг. Нөгөөтэйгүүр их зүйлийг эргэцүүлж бодож тунгаадаг.

-Эмэгтэй хүний бүхий л том шийдвэрүүдийн ард зүрх сэтгэл нь л байдаг гэх дүгнэлт их тааралдах юм. Та энэ тухай юу хэлэх бо?

-Зүрх сэтгэл гэхээсээ илүү зориг, ухаан, тэвчээр гурав л ямар нэгэн шийдвэрийн ард байдаг байх.

-Миний хувьд зүрх сэтгэлээ дагаж чадахгүй байх нь илүү харуусал.

-Мэдээж зүрх сэтгэлээ дагаж амьдарвал маш их аз жаргал. Тэгэх боломжгүй ч үе бас байна. Харин тийм зүйлийг ухаанаараа шийдсэн нь сүүлд нь харамсах зүйлгүй гэж боддог.

-Нээрээ та хэр ээж болж байна даа. Манайхан ээжээс асар ихийг шаарддаг уламжлалтай юм шиг санагддаг. Заримдаа бүр дарамт юм шиг.

-Ээжийн ажил надад дарамт биш энэ хорвоогийн хамгийн том аз жаргал мэдрүүлсэн ажил юм шиг л санагддаг. Илүү их дайчин, тэмүүлэлтэй, төлөвлөгөөтэй, утга учиртай болсон юм шиг л санагддаг. Маш сайн ээж байхын тулд хамаг бүхнээ дайчилдаг, хүүгийн минь нүдэнд үргэлж гэрэл гийж байдаг болохоор би сайн ээж гэж өөрийгөө хэлж чадна шүү.

-Чөлөөт цаг гэж залуу хүнд чухал ойлголт бий. Яаж өнгөрөөх дуртай вэ. Нэг үеэ бодвол манай хотод гайгүй орчин нэмэгдэж л байгаа санагддаг. Харин танд?

-Их ажлын хажуугаар гэр бүл өөртөө цаг зориулж гаргадаг. Ихэнх чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг. Хүүгээ дуртай зүйлийг нь хийлгэнэ, зугаалуулна гээд л тэднийгээ жаргалтай байхыг нь харахаар би тэгээд өөрөө хязгааргүй жаргалыг мэдэрдэг юм.

-Дөлгөөний фенүүд дуртай хөгжим, дуртай дуу, дуртай зохиолч гээд олон мэдээллүүдийг хүсч байж мэдэх юм.  Энэ талаар.

-Номонд маш дуртай. Зохиолын болон түүхэн ном их уншдаг байсан бол одоо жоохон өөрчлөгдөөд хэрхэн амжилтанд хүрэх, яаж сайн борлуулагч байх гэх мэт мэргэжилтэйгээ холбоотой ном их унших дуртай болсон байна лээ. Хөгжим ер нь сүүлийн үеийн хит болсон дуунуудыг бүгдийг нь сонсох дуртай.

-Баярлалаа. Би залуу үеийнхэнтэй сүүлийн үед их найзалж байгаа. Урилгыг маань хүндэтгэн хүлээж авсанд талархаж байна.

-Баярлалаа. Монголын шилдэг сэтгүүлчтэй ярилцсандаа туйлын их баяртай байна. Би өмнө нь ингэж хэвлэлд ярилцлага өгч байгаагүй юм байна. Тантай маш сайхан ярилцлаа. Бүр цааш нь ухаад л ярилцаад байвал хүний амьдралд тохиолдсон бүхэн дуусашгүй их байдаг. Миний нэг мөрөөдөл л дөө, жоохон нас ахиж байгаад өөрийнхөө амьдралаар ном бичиж, чадвал кино хийх юмсан гэж боддог. Тийм болохоор зохиолоо улам сонирхолтой болгохын тулд би маш их хөдөлмөрлөх ёстой.  Надтай ярилцах санал тавьсан танд болон танай сонины хамт олонд ажилд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Тэр ном маш баялаг, маш амтлаг ном байна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны амьдралд аз жаргал хүсье.