"Энержи ресурс”-ийн хувьцааны 60 гаруй хувийг Монголын компаниуд эзэмшдэг. Бүх татвараа Монгол Улсад төлдөг, 2000 гаруй монголчууд ажилладаг, Монголын компани. Энд маргаан байхгүй.

Харин Тавантолгойн тендерт “Энержи ресурс” өөрөө төслийн компаниар, түүний толгой компани болох “ММС” нь хөрөнгө оруулагчаар шалгараад буй. Чухам эндээс үүдэлтэйгээр Тавантолгойн тендерийг тойрсон талцал дунд гурван зүйл хамгийн их маргаан дэгдээж байгаа юм.



Нэг

“ММС” гэж үнэхээр Монголын компани мөн эсэх. УИХ, Засгийн газрын тогтоолоор бол Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийн 51 хувийн эзэмшилд Монголын үндэсний компани орох ёстой. Одоо явж байгаа хэлэлцээрээр бол тэр нь Хонгконгт бүртгэлтэй “ММС” буюу “Mongolian mining corporation” юм. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 49 хувь дээр орж ирж байгаа Шиньхуа ч, борлуулалтын 30 хувийг хариуцах Сумитомо ч, мөн сайд М. Энхсайханы ахалсан Засгийн газрын ажлын хэсэг ч “ММС”-ийг Монголын компани гэж үзэж байгаа юм.

Учир нь, Хонконгийн хөрөнгийн биржийн 2015 оны нэгдүгээр сард гаргасан мэдэгдлээр бол “ММС” компанид Монголоос “MCS” 43.7, Худалдаа хөгжлийн банк 5.5, Шунхлай групп 4.9, Петровис 3.6 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Монголын эдгээр компани нийлээд “ММС”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэмшиж байгаа юм. Гэхдээ “ММС” нь нээлттэй компани учраас үндэсний компаниудын гэх энэ хувь хэмжээ цаашид найдвартай хадгалагдаж чадах эсэх нь маргааны сэдэв болов. Хэрвээ гаднын ямар нэгэн том компани манай дээрх компаниудын хувьцааг худалдаж авбал “ММС”-д эзлэх Монголын компаниудын өмчлөл 51 хувиас буух магдалал бий. Хэрвээ ингэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувь нь Монголын үндэсний компанийн мэдэлд байх Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох юм. Ийм эргэлзээ болгоомжлол байгааг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн тодруулахаар сайд М.Энхсайханаас асуулга тавьсан. Сайд М.Энхсайхан ч энэ болгоомжлолын талаар толгойгоо өвтгөж яваагаа, бас ямар нэгэн хамгаалалт олж гэрээнд заавал тусгана гэдгээ манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх сайд асан А.Гансүх зэрэг зарим хүн “ММС”-ыг Монголын компани гэж үзэхгүй гэдгээ илэрхийлсэн бол Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон, Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран нар “ММС”-ыг Монголын компани мөн гэж мэдэгджээ. Тэд салбарын мэргэжилтнүүдийн хувьд тайлбар, тодотгол хийж байгаа нь энэ бололтой.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.