Хөрөнгө оруулалт л Монголын аврал гэж төрийн түшээд айлдаж эхэллээ. Гэтэл жижиг гэхээргүй хөрөнгө оруулагчид Монгол төрийн сайд нарт толгой дараалан бараалхаж хөрөнгө оруулъя гэцгээх болов. Тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллана гэдэгт найдаж “хэрэв хөрөнгө оруулалтын нөхцлөө тогтвортой байлгаж чадвал...” гэдэг ганцхан болзлыг тавиад хүсээд байгаа хөрөнгө оруулалтыг хийхэд бэлэн байгаагаа амлаж байна. Энэ нь нэг талаас хаширсан хөрөнгө оруулагчдын үг. Нөгөө талаас манай төрийн өмнөх алдааг хэлж өгөөд байгаа хэрэг юм.
                                                                                                                                   


“Мицуй” хаачив?


    “Сумитомо Мицуй” гэж хэн бэ гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн бүгд танина. 140 орчим жилийн түүхтэй “Мицуй”-г монголчууд хэр сайн мэдэх вэ. Ямартай ч Дэлхийн “Топ-20” банкны нэг “Сумитомо Мицуй” банкны салбар манай улсад 2013 оны наймдугаар сард төлөөлөгчийн газраа нээсэн. Холбоо үг мэт болтлоо холбоос болсон энэ нэгдлийг яагаад салгаж Тавантолгойн тендерт шалгаруулсан нь хачирхалтай.  Тэгвэл “Мицуй”-тэй ихэрлэж “Шиньхуа Мицуй” гэх консорциум дуулдах болсон.  Гэтэл Хятад, Японы энэ том консорциумыг бараг шалгарчихлаа гэж бодоцгоож байтал манай Засгийн газар 2011 оны долдугаар сарын эхээр гэнэт ээлжит бусаар хуралдан яав гэмээр яаруу давчуу хуралдаад Японы компаниудын нэрийг хасчихаж. Элчин сайд нь Ерөнхий сайд Канынхаа захиаг гардуулан бөхөлзөхөд тухайн үед хариу хэлэх хүн бараг олдоогүй аж. Тэр ч байтугай олдсон ганц хариулт нь “Засгийн газар танай компанийг Оросын талын оролцогчидтой хамтарч оролцож байгаа гэж ойлгосон.  Нэгэнт хамтарч байгаа учраас Японы талыг дангаар шалгаруулах боломжгүй” гэсэн болхи тайлбар байв.
Үүнийг “Мицуй” компанийн тал асуудалд цэг тавьж байна гэж ойлгосон. Харин манай талын, ялангуяа “Мицуй”-тэй хэлэлцээрт орж байсан хүмүүс “таслал” буюу түр зуурын гацаа гэдгийг мэдэж байсан биз ээ. Гэвч хүлээцтэй, “юм үзэж нүд тайлсан”, нөгөөтэйгүүр Монголын талд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үнэ цэнтэй татах хүч байсан учраас тэд эргэн ирж шинэ сайдуудтай нүүр тулан уулзаж байна. Манай хэдэн сайд өмнөх Засгийн газрын өмнөөс нүүрээ улайлгаж, бас ч гэж тэдний буянд үнэд орох бус тэднийг царайчлахдаа тулчихсан, “Welcome” гээд сууж байгаа нь тэдний хөх инээдийг хүргэж л таарна.

    Шинэ төмөр замын төсөл хэдийгээр том зурагаа гаргачихаад хөрөнгө оруулагчдаа шалгаруулчихаад байгаа боловч төмөр замын салбарт тулгарсан асуудлуудыг бүрэн шийдчихсэн гэсэн үг биш. Тиймээс УБТЗ-ыг яаж улам ашигтай ажиллуулах вэ, шинэ төмөр зам төслөөс нь хийж гүйцэтгэчихмээр ажил юу байна, ирээдүйд бэлхнээ харагдаад байгаа энэ ашигтай замын ажилд яаж оролцож ашиг хонжоо хүртэх вэ гэдгийг “нүдтэй” хөрөнгө оруулагч бүхэн анхаарахгүй өнгөрч чадахгүй байна. Тэд хөрөнгийг минь ашиглаач, зөвхөн наанадаж 10 жил, цаанадаж 25 жилийн хугацаанд транзит тээврийн хэлэлцээрийнхээ нөхцлийг өөрчлөхгүй бай л даа гэсэн шаардлагыг тавьж буй. Учир нь тэд Хятадын талтай 25 жилийн хугацаатай байгуулсан транзит тээврийн хэлэлцээрийг сонирхож судалсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бий болох жишиг тогтлоо гэж хараад “Ийм нөхцөлтэй бол яагаад бид ч гэсэн хөрөнгө оруулж болохгүй гэж” гэсэн бизнес сонирхол нь сэргэсэн аж. Бид үүнийг ашиглах ёстой.

Цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр бариад өгье, тэгэх үү

    Түүнчлэн ОХУ-ын ECH /Евросевернефть/ группийнхэн ойрын өдрүүдэд сэм “десант буулгаад” байна. Тэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Аж үйлдвэрийн сайдууд болон Хөрөнгө оруулалтын газрынхантай уулзаж “хөрөнгө оруулахад бэлэн” гэдгээ илэрхийлцгээж буй. ОХУ эрчим хүчний реформоо хийхдээ дээрх компанийн боловсруулсан төслийн дагуу хийсэн гэдэг. Оросын томоохон үйлдвэрүүд болон “Газпром”, “Роснефть”, Оросын төмөр замыг цахилгаан эрчим хүчээр хангадаг энэ компанийнхан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя, цахилгаан станц бариад өгье, ОХУ-ын хилтэй ойролцоо нефть боловсруулах үйлдвэр барихад бэлэн, хөрөнгө оруулалтын өөр ямар л төсөл байна, хамтаръя гэцгээж байна.

    Энэ л эрх баригчдад хэрэгтэй гээ биз дээ. Одоо “Тогтвортой байж чадна” гэж амлаад хамтарч ажиллахад юу нь болохгүй байна вэ. Үнэхээр Ерөнхий сайд анх томилогдохдоо хэлж байсан шигээ “Эдийн засаг, эдийн засаг, бас эдийн засаг чухал” гэж байгаа бол түүний зорилгодоо хүрэх замыг нь хөрөнгө оруулагчид гэрэлтүүлж байна. Тэдний цорын ганц болзол нь “Тогтвортой байх”. Энэ дохиог тэд Хятадын талтай хийсэн 25 жилийн хугацаатай хэлэлцээрээс хараад хошуурч эхэлсэн хэрэг. Зөвхөн хоёр жишээг дурьдахад ОХУ, Японы дээрх хоёр компани байна. Маргааш хаанахын ямар гээч том гигант ирж хөрөнгө оруулалтын санал тавихыг таашгүй. Тэд тэнэгүүд биш. Олон талаас нь судалж “Монголын эдийн засагт сэхэх боломж байна. Цор ганц эмчилгээ нь гадаадын хөрөнгө оруулалт. Бидэнд хэрэгтэй зүйл энэ улсад байгаа тохиолдолд харилцан ашигтай хамтран ажиллая. Харин өмнөх шигээ огцом хөдөлгөөн хийж хөрөнгө оруулалтын нөхцлөө өөрчлөхгүй байх шаардлага тавья” гэсэн шийдэлд орон, оронд хүрч байна. Тэгэхээр тохиолдолд биш бодит байдал байх нь. Одоо бүх зүйл манай эрх баригчдаас шалтгаална. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах шиг амархан зүйл алга. Олж ирэх, өөртөө татах, тэр тусмаа нөхцөл байдал муу байхад уриад ч ирэхгүй байх шиг хэцүү зүйл үгүй гэдгийг тэд ойлгосон биз ээ. “Боломж бүхэн мөнх бус” гэдэг чинь энэ шүү дээ.

    Төр гадны хөрөнгө оруулагчидтай тулж харилцахгүй бол үл бүтэх хэн нэгнээр дамжуулдаг, өнөөх нь хариуцлага алдаж тендер зарласан хугацаанд нь холбогдох бичиг баримтыг хүргэж өгөөгүйгээс хүртэл олон сая ам.доллар алдсан хүртэл хохирол амссан саяхны жишээ бий. Тэгэхээр төр хариуцлагатай байж, хөрөнгө оруулагчдын өмнө амлалт өгч, түүндээ хүрэх баталгааг гаргаж итгэлийг нь олж авах чухал байна. “Сайхан хайр олддог. Олдвол алдаж болохгүй” гэдэг чинь зөвхөн кинонд гардаг биш хөрөнгө оруулалт үүнтэй яг ижил, олдоход амархан, хадгалж явах, итгэл хүлээх гэдэг хэцүү ажээ.

    Гурван сая иргэнтэй боллоо гэж “аавууд” маань баярлаж өнжихийн зэрэгцээ хариуцлага нь нэмэгдэж ухаан суух, тавьтиртай, ноён нуруутай байх цаг болжээ.