“Хүмүүс түүх бүтээдэг” цувралын хүрээнд бичигдээд
удахгүй уншигчдад очих “Жамбын Батмөнх” номын хэсгээс

Цаг хугацааны хувьд нэг их холынх биш, гэхдээ хүмүүсийн ой тойноос хөндийрөн алсарсан түүхэн үнэн, бодит баримтыг дор өгүүлэх болно. Батмөнх гэж жирийн л нэг сэхээтэн, багш хүн байсан юм гэдгийг эргэлзэхгүйгээр гаргаж тавина.

Ж.Батмөнх өөрөө Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд уухайлан дурлаж очоогүй, тэрээр албан тушаал ахих тусам хямсайж, биеэ тоодог нэгэн биш хэмээн өмнөх нэг бүлэгтээ бичсэнээ би тодруулах гэж байна. Ерөөсөө сайд дарга болохын одонд төрсөн хүн ч биш аж. Гэргий А.Дариймаа нь “Багшаа хийсэн бол өдийд цүнхээ үүрээд л алхаж байх байсан даа” гэсэн гарчгаар ярилцлага өгөхдөө, үеийнх нь багш нар хичээл заагаад л явж байх юм, тэтгэвэрт гарсныхаа дараа хангамж энэ тэр юм эдэлсэн биш, зүгээр л хаягдчихсан хүн хэмээн ярьсныг үзвэл, хэрэв дарга удирдагч болоогүйсэн бол амьд сэрүүн явж л байх байсан, энэ улс төр л өвгөний минь насыг богиносголоо гэсэн санааг илэрхийлсэн хэрэг болов уу гэж бодном.

Үнэндээ ч заяаны багш сурган хүмүүжүүлэгч хүн байсан тухай олон хүн хуучилж дурсдаг.

Эгэл даруу, томоотой, гүдэсхэн, гадна төрх нь хүртэл жирийн л нэг багш. Монгол Улсад дээд боловсролыг хөгжүүлэхэд тэрээр хувь нэмрээ оруулсан. Түүнийг Ерөнхий сайд болдог жил нь төрөлх МУИС-д нь зохиогч би өөрөө элсэн орж, оюутны ширээнд 5 жил сууж, хожим 14 жилийн дараа тэр их сургуульдаа багш болохоор очиж, тэндээ 12 жил багшлахдаа энэхүү Батмөнх гэдэг эгэл даруу хүний тухай ахмад багш нараасаа эерэг мэдээлэл бишгүй нэг сонсож явсан даа. “Үнэхээр л багш байжээ” гэдэгт би эргэлтгүй итгэсэн юм.
 


Намын Төв Хороонд шилжин очтолх түүний зам тун энгийн, МУИС-ийн дэд доктор жирийн л нэг багшийн намтар. Их сургуулиа төгсгөөд тэндээ багшаар үлдэж, дараа нь томилолтоор Намын дээд сургууль руу шилжиж, тэндээ дэд захирал болж дэвшээд, тэндээсээ аспирантурт явж суралцаж төгсгөөд, ирээд л арван хэдэн жил багш, сургуулийн захирал. 1960-аад он манай дээд боловсролын түүхэнд алтан үсгээр бичигддэг бол түүнийг бичилцсэн хүн нь Батмөнх багш яалт ч үгүй мөн. Эдийн засгийн дээд сургууль гэж анх бие даан гарч ирэхэд тулгын чулууг нь энэ хүн тавилцсан. Одоогийн ШУТИС-ийн байр тэр үед сүндэрлэж, Эдийн засгийн дээд сургууль тийшээ нүүж төвхнөхөд хүндийг үүрэлцсэн нь яах аргагүй захирал Батмөнх нь. Арслантай гүүрний хажууд Дунд голын хөвөөгөөр оюутны байрууд сүндэрлэж, хятад дунд сургууль хаагдаж, байр эзгүйрэхэд түүнийг засуулж тохижуулан авч МУИС-ийн эдийн засгийн салбарыг тийш нь нүүлгэн төвхнүүлэхэд мөн л Батмөнх захирлын нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн юм. Хожим 2-р арван жилийн сургуулийн байранд Орос хэлний багшийн дээд сургуулийг байгуулж оруулахад дээрээс томхон нөлөө үзүүлсэн нь мөн л Ерөнхий  сайд профессор Батмөнх байсан гэлцдэг. Нэг үгээр хэлэхэд одоогийн МУИС, Удирдлагын академитай энэ хүний хувь заяа замнал салшгүй холбоотой байсан юм. Монголын дээд боловсролын түүхнээ нэрээ мөнхөлсөн жирийн багшийн намтрын товчоо ийн ажгуу.
      
  • Нөхөр Ж.Батмөнх нам, засгийнхаа хайр халамжаар сурч хүмүүжин эдийн засгийн дээд боловсрол эзэмшжээ. Тэр ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцан эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд профессор хүн юм.
  • Нөхөр Ж.Батмөнх 1951 оноос эхлэн хориод жилийн турш их, дээд сургуулиудад багш, проректор, ректораар ажиллаж байв. Тэр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, өндөр боловсролтой боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд олон жилийн шургуу хөдөлмөрөө зориулж ирсэн юм.

Энэ бол түүнийг намын даргын өндөр албан тушаалд сонгоход нь хамтран зүтгэгч Д.Моломжамцын бүгд хуралд хэлсэн үгийн нэг хэсэг.  

Ер нь Батмөнх нь нам-төрийн албан тушаалд тэрээр дурлаж очоогүй, лобби хийгээгүй,  тэрээр албан тушаал ахих тусам хямсайж, биеэ тоодоггүй гэдгийг илтгэх дурсамж ярилцлага хэд хэдээрээ байна. Ганц нэгийг энд эшлэе. Тэр бол 1974 оноос яригдах сэдэв. 1990 он хүрээд тэр сэдэв өндөрлөнө.  



Та хоёрын туулж өнгөрүүлсэн он жилүүдийн талаар ярилцмаар санагдлаа. Ж.Батмөнх дарга 1974 онд Засгийн газрын тэргүүнээр томилогдох тэр өдрийг та ямар сэтгэгдэлтэй угтаж байв. Энэ өдрийг өмнө нь төсөөлж байв уу?

- Энэ талаар юу ч мэдээгүй. Өвгөнийг их сургуульд багш байхад нь Төв Хороо хэлтсийн эрхлэгчээр татаж авсан юм. Дараа нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болгочихдог юм байна. Сар болоогүй байтал бүр Сайд нарын Зөвлөлийн дарга болголоо. Манай хүн өмнө нь ЭЗДС-ийн орлогч захирал, захирал, МУИС-ийн проректор, ректор зэрэг өндөр албан тушаалд томилогдож байсан. Өвгөн минь “За нэг хэцүүхэн албатай боллоо доо” гээд сууж байв.

Өвгөн тань ажлаа тийм ч таатай хүлээж аваагүй юм аа даа?

- “Багшаа хийж явбал болох байсан юм даа. Ийм ажил ч хэцүү шүү дээ. Ганцхан сургууль авч явахтай адил биш, улс орныг авч явах ажил” гэж хэлээд нэг л хачин байсан. Гэтэл би нээрээ тийм дээ гээд сууж байлтай биш, зоригжуулахын тулд “За яах вэ, аавын хүүгийн хийдэг ажил, чадвал хийгээд, чадахгүй бол болихгүй юу” гэлээ.

Хайрт гэргий нь хүн талаас нь цаашаа ингэж ярьж байна.

Хэрэв миний хань улс төрд зүтгээгүй байсан бол... гэж бодогдох үе байв уу?

-  Түүнд улс эх орныхоо төлөө хийсэн муу үйл байсныг санахгүй байна. Бүхий л ухамсарт амьдралаа Монголын ард түмний хойч ирээдүйг сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулж, сүүлийн 15 жил 9 сар ард олныхоо төлөө нойр хоолоо хасч явсан. Бүхий л хүнд давааг даваад нэг л өдөр явчихлаа. Юу ч болов доо, мэдэхгүй. Хэрэв тэр улс төрд зүтгээгүй байсан бол өдийд цүнхээ үүрээд хаа нэгтээ зөвлөх багш хийгээд явж байх байсан даа…