Амьдралд нийцэхгүй хууль чинь ард түмнээ хохироож байна
Хууль хэлэлцэж байхад хажуугаас нь зарчмын зөрүүтэй санал гээч орж ирдэг. Угаас хуулиндаа ч бий. Зарчмаар зөрөөд байгаа гэх саналууд өмнө нь олонтаа хэлэлцэж, чуулганы хуралд оруулах болсон хуулийн төсөлд чамгүй гай тарьдаг. Батлаад гарахаараа уршиг нь бүр их.
Хууль хэлэлцэж байхад хажуугаас нь зарчмын зөрүүтэй санал гээч орж ирдэг. Угаас хуулиндаа ч бий. Зарчмаар зөрөөд байгаа гэх саналууд өмнө нь олонтаа хэлэлцэж, чуулганы хуралд оруулах болсон хуулийн төсөлд чамгүй гай тарьдаг. Батлаад гарахаараа уршиг нь бүр их. Ингэж ороод ирсэн санал нарийн судалгаагүй, санал оруулсан гишүүний тайлбараар шахам батлагдах тохиолдол бий. Уралдааны замд морьд хөлс хүчээ шавхан давхиж явахад замын дундаас өөрийнхийгөө давхиулчихдаг будлианы эзэд байдаг даа. Тэгж давхиад ирсэн морьдыг байлдаггүйтэй адил олон удаа ярьж, судалгаа явуулж, иргэдээс санал асууж, хэлэлцүүлэг хийж, ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн байнгын хороогоор ороход нь зарчмын зөрүүтэй санал гээд нэг нөхөр тэс хөндлөн юм яриад замын дундаас оруулаад ирэхээр нөгөөдүүл нь ч дэмжээд баталчих юм. Угтаа бол дахин авч хэлэлцээд ултай суурьтай хандах ёстой.
Ингэж хөндлөнгөөс гэнэт оруулж хэлэлцэгдэхгүй шахам батлагдсан заалтууд нь маш хортой. Амьдралд хэзээ ч нийцэхгүй, эсвэл улс орон, хэсэг бүлгийг заавал хохироодог байх юм.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг гэнэт л оруулаад ирсэн. Үр дүнд нь Монгол банкинд жилд 12 тонн алт тушаадаг байснаа больчихсон. Өөрсдөө авахгүй гээд больчихсон хэрэг биш. Гэнэтийн энэ хатуурхсан хууль л лай авчирсан нь тэр. Одоо бол гурван тонн хүрэхгүй шахам алт л тушаадаг болсон. Алт олборлох нь багасаад байгаа юм биш. Хатуурхсан хуульд хариу барьсан хэрэг. Тэр алт хаашаа яваад, алга болоод байгааг хэлдэг газар огт байдаггүй. Мэдэгдэж байгаа нь гааль дээр гадныхан дандаа алт хураалгаж байдаг. Манайхан өөрсдөө гаргах гэж байгаад баригдсан дуулддаг. Баригдаагүй хичнээн ихээрээ гарч байгаа юм бүү мэд. Олборлосон алтаа Монголдоо борлуулж, бүгдийг нь хүүхнүүдийнхээ чих, хүзүүнд зүүлгээд байна гэвэл худлаа. Гарч л байгаа. Ямар ч татвар төлөхгүйгээр гараад байна. Энэ их хэмжээний алтнаас татвар төлөхгүй байна гэдэг нь эдийн засагт ямар их алдагдалтай байгаа нь тодорхой. Энэ хууль гарснаар ашиг олохоосоо илүү алдсан нь их байх. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг ч үргээхэд их нэмэр болсон байх даа.
Тамхины хяналтын тухай хууль байна. Зарим талаар сайн үр дүн үзүүлж байгаа ч нөгөө талаар тамхи худалдаалагчдыг хохироож байна. Цөөн хэдэн хүн тамхинаас гарч, эсвэл тоог нь багасгасан байх. Эсрэгээрээ нууцаар зарах нь элбэгшиж. Тамхины бизнес эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүмүүс өөрсдийн эрх ашгаа хамгаалах гээд “500 биш 100 метрт худалдаа эрхлэгчдийн бүлэг” гэж байгуулжээ.Үүнд нь 3000 иргэн нэгдсэн байна. УИХ-ын бүсгүйчүүдийн сэтгэлийн хөөрлөөр, ДЭМБ-ын томоохон лоббигоор л хийгдсэн хууль гэж ярьдаг. Дунд сургууль, дотуур байрнаас 500 метр зайд тамхи худалдаалахгүй гэсэн заалтыг хэн гаргасныг нь санахгүй байгаа гэж хариу өгөх атлаа байнгын хорооны хурлын үеэр хэн нэгэн гишүүн санал гаргаад л тэр нь шууд автоматаар шахам дэмжигдээд явчихсан байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийг буруутгах гээд байгаа юм биш. Энэ мэтээр зүгээр л нэг нь санал оруулахаар үр дагаврыг нь бодохгүй баталж байгаа нь аймаар. Эцэстээ хөрсөн дээр буухгүй хууль баталсан ч ард түмэн дагахаас өөр аргагүй болж байгаа юм. Гол аюул үүнд л байна. Манайд олон хүний эрх ашгийг хоморголон хөндсөн хуулиуд энэ мэт зөндөө. УИХ-ын дарга сануулсаар байхад танхимаараа нэг инээд наадам болж байгаад л кноп дараад байсан.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ч бас тэр замаар батлагдах шахсан. Хэвлэлийн эрх чөлөөг бараг л боомилсон доо. Эзэн, санхүүжүүлэгч, үүсгэн байгуулагч нийтлэлийн бодлогодоо оролцохгүй мөртлөө сэтгүүлч алдаа гаргаж, хүн гүтгэвэл эзэн нь хариуцлага хүлээж торгуулна гэсэн заалт оруулах жишээний. Тэгэхээр хувь хүн өмчөө мэдэх эрхгүй мөртлөө хариуцлага үүрэх болж байгаа юм. Ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байж болно. Хэвлэлийн эрх чөлөөгөөр дамжуулан хувийн өмчид халдах нь утгагүй юм. Одоо л мөн л Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуульдаа эзэд нь 30 хувиас илүү хувь эзэмшиж болохгүй гэсэн заалт оруулаад явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд намууд телевизүүдтэй гэрээ хийж болох атлаа сонинтой болохгүй гэж байгаа. Энэ нь сонгуулийн зардлыг багасгах зорилготой гэнэ. Гэвч үнэндээ ийм заалт явсныг мэдэх гишүүд ч цөөн байгаа. Тэгсгээд л явчихаж. Ингэж л хуулийг баталдаг. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 1.20-д зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэжээ. Хууль тогтоох эрх мэдэлтнүүд харамсалтай нь нийтээрээ дагаж мөрдөх хуулийг батлахдаа эрхээ буруу эдэлж, хөнгөн гоомой ханддаг.
Хөдөлмөрийн тухай хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан нөхөн олговрыг барагдуулна гэсэн заалт бий. Тэр нөхөн олговрыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан хэзээ ч олгодоггүй бөгөөд улсаас төсвийн мөнгөнөөс л хохирсон иргэний цалинг нь олгочихдог. Тэгэхээр энэ заалт огт хэрэгждэггүй гэсэн үг. Буруутай этгээд хохироосон хүнийхээ цаг, нервийг бараад л өөрөө ямар ч гэмгүй үлддэг. Энэ хуулийн заалтын үр дүнд төр хүртэл өөрийгөө хохироож байгаа биз дээ.
Урт нэртэй хууль ч амьдралд нийцээгүй хуулийн заалтуудтай. Хэдийгээр байгалиа хамгаалах зөв санаа агуулсан ч маш олон компанид хор хохирлыг хоморголон учруулсан. Тэр компаниуд маш их алдагдал хүлээсэн гэж хэлж болно. Тэдэнд нөхөн олговор өгөх ёстой ч тийм их мөнгийг өгөх боломж хомс.
Нэмүү өртгийн албан татварын хууль ч мөн л олон иргэнийг хохироосон хууль. Хоёр мянган аж ахуйн нэгжийн таван мянга орчим хүний хувь заяаг хөндөж байгаа. Ийм олноор нь шоронд явуулчих уу, хуулиа өөрчлөх үү гэдэг дээр гацаад байж байна. Амьдралд нийцэхгүй, олон хүний эрх ашгийг хөндсөн ийм хуулийг бусад улсад цуцлах жишээ олон.
Тэгэхээр УИХ-ын дэгийн тухай хуулиа эргэж хармаар, гаргасан хууль тогтоомжууддаа нэмэлт, өөрчлөлт оруулах их ажил өмнө чинь байна эрхэм гишүүд ээ.
Ингэж нарийн хэлэлцэхгүй, ардчиллын амин сүнс болсон олонхиороо асуудалд хандах энэ тэр нь байхгүй, шууд л нэг хүн зарчмын зөрүүтэй санал гээчийг гаргаад л тэр нь мааз маягаар шийдэгдээд өнгөрдөг. Тэр нь араасаа нэхэлтэй, ард түмнээ хохироодог байж болох уу. Ийм хуулиудыг чинь дагахгүй байж болдоггүй, дагахаар заримынх нь эрх зөрчигдөөд байдаг.
Хуульд өөрчлөлт оруулах шаардлагууд их бий. Үндсэн хуулийн зарим заалт ч бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн 5.5-д мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Нэгэнт хувийн өмч болчихсон малыг төр хамгаалах хэцүү. Хамгаалж чадахгүй болохоор нь Үндсэн хууль зөрчигдөөд байдаг. Зуданд малаа тавиад туучихсан заргач малчин “Төр мал сүргийг минь хамгаална гэчихээд хамгаалсангүй” гээд явбал яваад л байх юм байна. Ингэхээр амьдралын хөрсөнд буухгүй хуулийг зөрчиж болох юм байна гэсэн ойлголт бий болоод байгаа юм. Үндсэн хуулиараа монгол хүн аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх заалтууд ч байнга л зөрчигдөж байдаг.
Хууль батлахдаа ултай суурьтай хандахгүй бол хурлаа таслаад улс төржиж байх зуур чинь улс орон, ард түмэн хохирч байна. Дээр нь зарчмын зөрүүтэй санал гээч замын дундаас гарч ирдэг заалтууддаа цаг хугацаа гаргаж, нягталж байж кнопоо дарахгүй бол батлах гэсэн хуулиуд чинь эхний зорилгоосоо өөрчлөгдөөд байна.
Зочин
Батый
ганаа
Bat
Зочин
Зочин
Baagii
hehe
фуцбөуцө
Зочин
unshigch
Зочин
Зочин
2435234324