О.Чулуун: Газрын ховор элементийг нямбай, ул суурьтай судлах ёстой
Энэ удаагийн зочноор МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх геологич, доктор О.Чулууныг урьж сүүлийн үед яригдаж буй газрын ховор элементийн эрэл хайгуул, судалгааны ажлын талаар асууж тодрууллаа.
МУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ ГЕОЛОГИЧ, ДОКТОР О.ЧУЛУУН: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ТАРХАЛТЫН ХЭВ ШИНЖ НЬ ӨВӨРМӨЦ УЧРААС НЯМБАЙ, УЛ СУУРЬТАЙ СУДЛАХ ЁСТОЙ
Энэ удаагийн зочноор МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх геологич, доктор О.Чулууныг урьж сүүлийн үед яригдаж буй газрын ховор элементийн эрэл хайгуул, судалгааны ажлын талаар асууж тодрууллаа.
Монголд байтугай дэлхийд ч ховорт тооцогдох литийн орд олсон
-Юуны өмнө манай сэтгүүлд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Та аль нутгийн хүн бэ, геологитой хэрхэн холбогдов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн, үндсэн харьяа Увс аймаг. Дунд сургуулиа Дорнод аймагт төгссөн. Улмаар Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл хайгуул мэргэжлээр төгссөн. 2000 онд Москвагийн Геологи хайгуулын академид Монгол орны ураны эрдэс түүхий эдийн баазыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Дорнодын геологийн экспедицид геологичоор эхэлж эрлийн ангийн ерөнхий геологич, хайгуулын ангийн ерөнхий геологич, экспедицийн дарга гээд гол ажил маань эхэлсэн.
-Мэргэжил бүхэн бахархмаар сайхан зүйлтэй байдаг. Таны хувьд мэргэжлийнхээ юугаар нь илүү бахархдаг вэ?
-Геологийн шинжлэх ухаан нь асар өргөн цар хүрээтэй учраас судлах зүйл ихтэй, өдөр бүр шинэ соргог зүйлтэй танилцаж байдаг сонирхолтой мэргэжил.
-Таны хувьд газрын ховор элемент, холимог металл, уран, сүүлийн жилүүдэд литийн ордын эрэл, хайгуулын чиглэлээр дагнан ажилласан. Дээрх ашигт малтмалууд өнөөдөр манай оронд чухам ямар ач холбогдолтойг тайлбарлаж өгнө үү?
-1987 оноос хойш Цавын ангийн ерөнхий геологичоор ажиллаж байх үеэсээ өөрийн сонирхолдоо хөтлөгдөн ураны геологийн судалгаа, хайгуулын ажлыг хийж эхэлсэн. Тэр үед манай Цавын ангийн ойролцоо ураны ордын хайгуул хийж байсан “Мардай”-н орд байрлаж таарсан юм. 1987 онд яамны дэмжлэгтэйгээр дээрх ордын ураны хайгуулын ажил, үйл явцтай танилцах завшаан тохиосон. Үүнээс хойш ураны судалгаанд цаг заваа зарцуулан өнөөг хүрлээ. 1993 онд “Уран” нэртэй компани, хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж ураныг бий болгох, эрэл хайгуул хийх ажил зохион байгуулсан нь амжилттай явагдаж байна. Ер нь уран гээд ярихаар зарим нэг газрын ховор элемент дагалдан оршдог. Тиймээс ураныг судалж буй хүн газрын ховор элементийг судлах асуудал гардаг. Монголд байтугай дэлхийд ч ховорт тооцогдох литийн орд олсон. Уг ордын геологийн тогтоц, гарал үүсэл, хуримтлагдсан цаг хугацаа болоод агуулж буй эрдэс чулуулаг нь их сонирхолтой учраас судалгааны ажил үргэлжлэн явагдаж байгаа.
-Монголд байтугай дэлхийд ч ховор литийн орд гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Уг ордынхоо тухай дэлгэрүүлэн танилцуулна уу?
-Уг литийн ордын гарал үүсэл, цаг хугацааны хувьд их сонирхолтой бөгөөд дэлхий дээр урьд өмнө нь ийм төрлийн орд олдож байгаагүй гэдгээрээ онцгой л доо. Түүний дээр литийн нөөцийн цар хүрээ болоод, дагалдагч ашигт эрдсүүдээрээ томоохонд тооцогдох орд юм.
-Литийн нөөц манай улсад хэр байдаг вэ, уг элементийн ашиг тус нь юу вэ?
-Лити бол газрын ховор элемент биш молебдин, вольфрам, уран гэдэгтэй адил ховор металлийн ангилалд хамаарагддаг. Харин газрын ховор элементэд хамаардаг 17 элемент нь химийн шинж чанарын хувьд хоорондоо ихэр мэт ижилхэн байдаг. Тиймээс газрын ховор элемент хэмээн нэрлэж, судалдаг.
Литиг та бидний хэрэглэж буй гар утаснаас эхлээд ашигладаггүй салбар тун ховор. Литиг гар утас, анаах ухаан, атомын цахилгаан станц, химийн үйлдвэр, шаазан эдлэлийн үйлдвэр гээд олон салбарт өргөн ашигладаг бөгөөд гол хэрэглээ нь аккумуляторын батерей хийхэд хэрэглэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр тусмаа сүүлийн үед нанотехнологид ашиглах болсон. Бидний олсон литийн ордын тухайд хайгуулын ажлыг тодорхой хэсэгт нь явуулж нөөцийг тогтоосон. Ордын бүрэн хайгуул хийж дуусахад нэлээд урт хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах байх. Өдгөө бид ордыг олборлох чиглэлд судалгааны ажил хийж байна. Энэ ордыг илрүүлэхээс өмнө Монгол орны литийн нөөц хангалттай их биш, бараг ордын хэмжээнд хүрэхгүй шахуу цөөн хэдэн илрэл байсан.
-Газрын ховор элементийн дэлхий нийтийн хэрэглээний 90 гаруй хувийг дангаараа хангадаг БНХАУ-ын хувьд эдгээр баялгаа Өвөр Монголын газар нутгаас олборлодог. Тэгэхээр хил залгаа манай улсын хувьд уг элементийн арвин нөөцтэй байх магадлалтай гэж ойлгож болох уу?
-Сүүлийн үед ганцхан хүний үгэнд үнэмшиж олон нийтийг төөрөгдүүлсэн энэ мэт яриа их гарч байна. Лиценз авсан л бол геологийн ажил хийчихдэг юм биш. Геологийн ажил гэдэг нь олон янзын шинжлэх ухааны үр дүнгээр тодорхойлогддог нүсэр ажил. Манай гараг үүсч хөгжин, бүрэлдэн тогтсон үйл явцаас эхлээд газрын хэвлий, гадаргуутай холбоотой бүх зүйл геологитой холбогддог асар өргөн шинжлэх ухааны салбар юм. Тиймээс манай улстай хил залгаа БНХАУ газрын ховор элементийн арвин нөөцтэй юм чинь манайх ч гэсэн нөөц ихтэй юм байна гэж өрөөсгөл ойлгож, дүгнэлт хийж огт болохгүй.
-Манай улс газрын ховор элементийн судалгаа шинжилгээний ажилд төдийлөн ач холбогдол өгөөгүй гэж миний хувьд ойлгодог. Ямар учраас эрэлт ихтэй элементийнхээ судалгааг тааруу хийсэн юм бол?
-Манайхан газрын ховор элемент, зарим нь газрын ховор шороо гэж ярьдаг. Ер нь Монгол Улсад газрын ховрын судалгаа хэр хэмжээнд хийгдсэн бэ гэдгийг тухайн геологичийн байр суурьнаас тайлбарлах асуудал их байна. Нэг хэсэг нь газрын ховор элементийн судалгаа манай оронд сайн хийгдсэн гэж хэлж байхад нөгөө хэсэг геологичид нь огт судлагдаагүй гэх байх. Уг нь газрын ховрын судалгаа манайд ямар түвшинд хийгдсэн бэ гэдгийг геологичид биш төрийн үүрэг бүхий байгууллага хэлэх ёстой. Ноднин, уржнан жил Газрын ховор элементийг судлах ажлын хэсэг байгуулагдсан гэж сонин хэвлэлээс уншиж байлаа. Уг нь тэд дүгнэлт гаргаад хэтийн төлвөө тодорхойлж хэлэх ёстой. Миний бодлоор газрын ховор элементийн судалгааг манай улс сайн хийж, бүрэн хайгуул хийсэн зүйл байхгүй. Социализмийн үед “Үйлдвэр шинжилгээний институти” гэж байхад тэнд ажиллаж байсан хэдэн хүн газрын ховрын чиглэлээр ажиллаж байсан байх. Харин Орос, Польш зэрэг орны геологичид манай улсын нутаг дэвсгэрт газрын ховрын гурван орд, гурван илрэл олсон. Цаашид газрын ховрын судалгаа, эрэл хайгуулыг эрчимтэй хийх хэрэгтэй.
-Газрын ховор элементийн геологийн хайгуул болоод судалгааны ажил бусад ашигт малтмалынхтай харьцуулахад ямар онцлогтой байдаг вэ?
-Газрын ховрын тухайд гарал үүсэл нь онцлог, тархалтын хэв шинж нь өвөрмөц учраас их нямбай, ул суурьтай судлах ёстой. Судлах арга аргачлалын хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Гэхдээ мэдээж уг элемент нь их ховор учраас тоон шинжилгээ хийхэд хүндрэлтэй асуудал байсан. Харин манайд одоо өндөр бүтээмжтэй, нарийвчлал сайтай тоон шинжилгээний тоног төхөөрөмж нэвтэрсэн учраас газрын ховрын чанарын болоод тоон шинжилгээний хувьд хүндрэлтэй асуудал байхгүй болсон. Газрын ховрыг судалж буй геологичдийн мэдлэг боловсрол, дадлага туршлагаас ажлын үр дүн их хамаарна.
-Дэлхийн банкны тооцоогоор Монгол Улсад 10 тэрбум ам.доллароор үнэлэгдэх газрын ховор элементийн нөөц бий гэдэг. Энэ мэдээлэл үнэний ортой юу?
-Газрын ховрын 17 элементээс хэдийг нь ямар нөөцтэй байна гэж үзээд түүнийгээ зах зээлийн ямар үнэлгээгээр үнэлж 10 тэрбум ам.доллар гэдэг тоог гаргасныг би мэдэхгүй байна. Ер нь баримт судалгаагүй тоо ярьж хүний толгой эргүүлэх чинь их ноцтой асуудал шүү. Тиймээс аливаа мэдээлэлд нухацтай хандаж олон нийтэд хүргэх чухал юм.
-Газрын ховор элементээс манайд хэд нь байдаг вэ. Мөн ямар элементүүд нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой байдаг юм бол?
-Газрын ховор элементийг зарим улс оронд хоёр, заримд нь гурав ангилдаг. Ер нь хөнгөн болон хүнд газрын ховор элемент гэж хоёр ангилж хувааж үзэж болно. Бүх элементүүд нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой. Сүүлийн үед зах зээл дээр илүү үнэ хүрч, сонирхол татаж буй газрын ховрыг хүнд гэх ангилалд хамааруулж байгаа. Одоогоор манай улсад илэрсэн газрын ховрууд голдуу хөнгөн төрлийнх байгаа бөгөөд хүндэд хамаарагдах үйлдвэрлэлийн ач холбогдолтойг нь тогтоогоогүй байна.
-Газрын ховор элемент нь геологийн ямар тогтцын үр дүнд бий болдог вэ?
-Газрын ховор элементийн ордуудын гарал үүсэл янз бүр байдаг.
-Манай улс одоогоор газрын ховор элементийн гурван орд 20 орчим илрэлийг илрүүлээд буй гэж хэвлэлд бичсэн байсан. Ер нь манай төр засаг ямар шалтгааны улмаас уг элементүүдэд нүүрс, алт шиг ач холбогдол өгч, олборлолт болоод экспортын асуудалд анхаарлаа хандуулдаггүй юм бол?
-Манайд илрээд буй гурван орд эдийн засгийн эргэлтэнд оруулж үр өгөөжийг нь хүртэх хэмжээнийх биш байгаа учраас одоо болтол ашиглахгүй байна. 20 илрэлийн хувьд бол цаашид хайгуулын ажил хийх шаардлагатай байгаа байх. Сүүлийн үед газрын ховор элементийн ач холбогдлын талаар төрийн байгууллага ярьж байна. Тиймээс энэ чиглэлийн судалгаа, эрэл хайгуулыг эрчимжүүлэх байх.
-Ер нь ашигт малтмалын нөөц болоод ордуудын талаар ташаа мэдээлэл их гардаг юм аа даа?
-Тийм шүү, аливаа мэдээллийг төрийн байгууллага ул суурьтай, баримт нотолгоотой ярьж байх ёстой. Миний бодлоор сүүлийн үед ийм мэдээлэл хэвлэлээр их гардаг боллоо. Тухайлбал, дэлхий нийтээрээ газрын ховрын өлсгөлөнд орж буй энэ цаг үед хэвлэлд бичиж байгаа шиг баялаг ордууд манай улсад байсан бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хошуураад л орно биз дээ.
-Дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн нийлүүлэлтээрээ монополь болсон БНХАУ эскпортоо хумиснаар тус элементийн үнэ өссөөр байгаа. Тэгвэл энэ цаг үед бид газрын ховор элементээ олборлож, экспортлох нь зөв үү, эсвэл хүлээх ёстой юу?
-Аливаа улс орон гадаад харилцаа, гадаад эдийн засгийн бодлогодоо маш нухацтай хандаж боловсруулах учиртай. Ашигт малтмалын экспорт, импортын асуудал нь зах зээлийн жамаар эрэлт хэрэгцээгээрээ зохицуулагдаж дэлхий дахинд өсөлттэй, уналттай байдаг. Эрэлт хэрэгцээтэй үед нь ашигт малтмалаа борлуулж байх нь зөв гэж боддог. Тиймээс өнөөдөр борлуулахгүй, маргааш борлуулна гэдэг нь биднээс үл хамаараад дэлхийн хэмжээнд зохицуулагддаг учраас өнөөдөр зарахгүй бол бид юмгүй үлдэнэ гэдэг нь буруу ойлголт.
Газрын ховор элементийг орлуулах бүтээгдэхүүн гаргах
шинжилгээ судалгааны ажил явагдаж байгааг үгүйсгэх аргагүй
шинжилгээ судалгааны ажил явагдаж байгааг үгүйсгэх аргагүй
-Дэлхий нийт тэр дундаа газрын ховор элементийг түлхүү хэрэглэдэг АНУ, Япон, Франц, Герман зэрэг орнууд газрын ховор элементийг орлуулах бүтээгдэхүүнийг олохын тулд эрчимтэй судалж байгаа. Тиймээс ирээдүйд газрын ховор элементийн үнэ буурах учраас манай улс одоо л газрын ховор элементээ олборлож экспортлох хэрэгтэй гэдэг юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд аль нэг ашигт малтмал болон түүний бүтээгдэхүүнийг өөр бүтээгдэхүүнээр орлуулан гаргах асуудал үргэлж яригдаж байдаг. Хүний мөрөөдөл хязгааргүй, танин мэдэхүй нь дуусашгүй учраас ямар ч зүйлийг ярьж болно. Газрын ховор элементийг орлуулах бүтээгдэхүүн гаргах шинжилгээ судалгааны ажил явагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Энэ бол гайхаад байх зүйл биш. Гэхдээ ийм эрдэм шинжилгээний ажлуудын туршилт судалгааны хугацаа маш урт. Ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус.
-Манай улс газрын ховор элементээ ашигладаг уу?
-Одоогоор манай улс газрын ховроо ашиглаж байгаа тухай миний хувьд лав дуулаагүй юм байна.
-Тэгэхээр таны ярианаас манай улс газрын ховор элементээ олборлолоо гээд эдийн засгийн онц ач холбогдолгүй юм байна гэж ойлголоо?
-Хэзээ нэгэн цагт манай улс ховор элементээ ашиглах л байх. Одоогийн байдлаар илрүүлсэн гурван орд бүгдээрээ эзэнтэй ч нүүрс, алт шиг олборлохгүй л байгаа биз дээ. Тэгэхээр зах зээлийн эрэлт хэрэгцээг зарим нэг шалгуур үзүүлэлтээрээ хангаж чадахгүй байна. Жишээ нь, нөөц ч юм уу, тухайн элемент нь.
-Зарим шинжээчид 2016 онд Монгол Улс газрын ховор элементээ экспортлох боломжтой гэх юм. Үүнтэй та санал нийлэх үү?
-Дээр дурьдсан газрын ховрын гурван ордын талаар төрийн байгууллага болоод тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд ямар нэг мэдээлэл хийгээгүй учраас би хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч аль нэг ордыг эргэлтэнд оруулахаар төлөвлөж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ би бол итгэхгүй байна.
-Та Монголын геологийн судалгааны ажлыг даргалж байсан хүний хувьд одоогийн манай яам, АМГ, ЭБМЗ зэрэг төрийн үйл ажиллагааны талаар ямар байр сурьтай байна вэ. Ямар зохион байгуулалт хэрэгтэй вэ, юуг нь хамгийн түрүүнд сайжруулан, цэгцлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Геологийн асуудалд ул суурьтай хандах ёстой. Энэ талаар ярих юм бол шүүмжлэх зүйл бишгүй л бий. Ер нь гол доголдол нь өнөөгийн төрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд ч байгаа юм биш. Уг нь геологийн бодлого улс орны үндсэн эрх ашигтай шууд холбогддог учраас сонгуульд ялсан аль нэг намын үзэл баримтлалаар тодорхойлогддог нь буруу. Тэгээд ч Засгийн газар нь улстөрчид шиг хэдэн тийшээ савлаж байхад геологийн бодлого нь төлөвшинө гэж байхгүй л дээ. Ер нь геологийн бодлогыг улстөрчдөд ойлгуулахад хэцүү байдаг. Геологийн салбарыг бэхжүүлж, бодлоготой болгохын тулд ард түмэн нь төлөвшиж, геологичдийн мэдлэг боловсрол нь жигдэрч, улстөрчид нь буурь сууж, төр засаг нь тогтвортой болсон цагт л цэгцрэх байх. Геологийн бодлогыг нийтэд ойлгуулахын тулд юуны өмнө ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Хоёрдугаарт, геологичид бид өөрсдөө мэдлэг боловсролоо дээшлүүлж, төрийн бодлого нь тодорхой болох хэрэгтэй байна. Геологич хүн бизнесмэн, уурхайчин, барилгачин биш шүү дээ. Геологич хүн ирээдүйн баялгийг бий болгохын төлөө ажиллаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Уг нь Геологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын үеэр миний бие өнөөгийн геологийн салбарт гарах хямралын талаар ярьж, “Геологич хүн эх орон, эзэмшсэн мэргэжил хоёртоо үнэнч яваарай” гэж хэлж байсан юм, хэрэв хүмүүс санадаг бол. Энэ бол геологич хүний гүн ухаан байх ёстой. Учир нь геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлын үр дүн нь олон жилийн дараа гардаг. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт хийдэг хөрөнгө оруулалттай адил ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт юм. Тиймээс улстөрчдөд геологийн салбарын бодлогыг зөв чиглэлд оруулахад хүнд байдаг юм шиг байгаа юм. Тэд өнөөдөр тулгарч буй өдөр тутмын асуудлаа шийдэхээс бус 10, 20 жилийн дараах зүйл толгойд нь буудаггүй юм уу даа. Миний хувьд 10 гаруй жил Монгол Улсын Геологийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа геологийн салбарыг зөв голдрилд нь оруулах гэж олон янзаар үзсэн боловч үр дүнд хүрээгүй.
-Тэгэхээр улс орон маань хөгжиж, санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус болсон цагт геологийн салбар зөв голдрилдоо орох нь ээ. Тэгвэл бид өдгөө хөгжлийн зөв үе шатыг дамжин явж чадаж байна уу?
-Улс орон хөгжиж санхүүгийн бүрэн чадамжтай болохыг хүлээх юм бол хугацаа их орно. 2000 оноос эхлэн манай улсын эдийн засгийн хөгжил сайхан боллоо гэж олон жил ярьж байгаа ч өөдөлсөн зүйл лав харагдахгүй л байна шүү дээ. Гэхдээ манай геологичид болоод уурхайчдын хүч хөдөлмөрөөр Монгол Улс сэхсэнтэй хэн ч маргахгүй биз. Хэдийгээр чичлүүлж, муу хэлүүлдэг ч геологичид, уул уурхайн салбарынханы хүч хөдөлмөрөөр Монгол Улсын эдийн засгийг өмнө нь байгаагүй хэмжээгээр дээшлүүлсэн. Үүний үр дүнд манай улсын төсөв түүхэндээ байгаагүйгээрээ нэмэгдсэн. Харамсалтай нь геологи, уул уурхайн салбараас төсөвт орсон мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Уг нь бидний ажлын үр дүн гарсан юм, цаашид ч гарах болно. Улс орны хөгжлийн гол гарц нь геологи, уул уурхай шүү гэж ярьчихаад эргэж хараад өөр зүйл хэлдэг улс төрийн бодлоготой байгаа цагт манай салбар төлөвшиж, улс эх орон хөгжихөд их л хүндрэлтэй байх даа.
Чадвартай боловсон хүчин бол Монгол банкны валютаас илүү үнэтэй
-Мэргэжлийн геологичид төрийн удирдлагын байгууллагуудад ажиллавал салбарын хөгжил төлөвшилд эергээр нөлөөлж чадах болов уу?
-Миний мэдэхийн сүүлийн найман жилийн хугацаанд геологи, уул уурхайн салбарыг нэг ч мэргэжлийн хүн толгойлсонгүй, зөвхөн улстөрийн томилгоогоор шийдэгдлээ. Ер нь төрийн бодлого боловсон хүчин дээрээ тулгуурлах ёстой байдаг. Чадвартай боловсон хүчин бол Монгол банкны валютаас илүү үнэтэй гэж боддог. Уг нь тэднийгээ түшиж ажлаа урагшлуулах учиртай атал засаг солигдох бүрт халаа сэлгээний асуудал гарч ирэх юм. Манайхаас бусад улс оронд тухайн мэргэжилтэн уг салбартаа хэдий чинээ тууштай олон жил ажиллана төдий чинээ дадлага туршлага хуримтлуулж, тэр хэрээр ажил нь урагшилдаг. Нэн ялангуяа нарийн мэргэжлийн боловсон хүчин яг хэрэгтэй газраа ажиллах ёстой. Тэгэхээр манай төрд наад зах нь боловсон хүчний асуудлаасаа л алдаа дутагдал илрээд байна. Миний үед геологийн албанд 10 хүрэхгүй тооны ч ажлаа мэддэг сайн мэргэжилтнүүдтэйгээ өнөөгийн яам, агентлагийн хийж буй ажлыг харин ч чанартай хийдэг байсан гэж боддог. Гэтэл одоогийн Геологийн албаны бүтэц бүрэлдэхүүн нь бидний ажиллаж байсан үеийнхээс тав дахин өссөн хэрнээ ажлын бүтээмж нь тэр хэрээр буурсан мэт санагдах юм. Уг нь одоогийн яам тамгын газруудад геологийн мэргэжилтэй хүмүүс ажиллаж л байна. Гэхдээ мэргэжлийн диплом авснаар, олон ном уншсанаар геологич болдоггүй. Геологич болоход дадлага туршлага их чухал.
-Та мэргэжил нэгтнүүддээ шүүмжлэлтэй ханддаг бололтой. Өнөөдөр гурван ч сургуульд геологичдийг бэлтгэн гаргаж байна. Тэдний сургах арга барил, төгсөн гарч буй боловсон хүчний чанарт сэтгэл дундуур байдаг бололтой?
-Манайд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буйг хөндлөнгөөс харахад өмнөхөөсөө суларсан юм уу гэж санагддаг. Энэ нь хээрийн дадлага, үйлдвэрлэлтэй холбох асуудал дээр дутагдалтай байгаа юм уу даа гэж ойлгодог.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Геологийн алба байгуулах асуудал тусгагдсан. Манай улс Геологийн албатай болсноор уг салбарын бодлогыг тодорхойлж, хөгжих зам нь нээлттэй болно гэж ярьж байна. Тэгэхээр Геологийн алба байгуулах нь зөв гарц мөн үү?
-УУЯ-наас боловсруулсан “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын төслийг харсан. Гэхдээ хэдэн байгууллагын нэр, томьёог өөрчиллөө гээд салбараа сайжруулна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Уг нь бие даасан Геологийн алба байгуулах гэж байгаа нь сайшаалтай ч ажиллах боловсон хүчнээсээ эхлээд бэлтгэх зүйл их бий. Юуны өмнө Геологийн албыг жинхэнэ утгаар нь ажиллуулж чадах төр засагтай болох нь чухал асуудал юм. Түүнээс Геологийн алба нэртэй байгууллага байгуулж, төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулаад хэрэггүй биз дээ. Манайхан нэг байгууллагын нэр хаягийг нь өөрчилж, баахан хүн цуглуулж үргүй зардал гаргахдаа л сайн болохоос биш үр өгөөжөө өгч байгаа нь бодит амьдрал дээр харагддаггүй. Тиймээс өмнөх жишгээр Геологийн алба байгуулах юм бол яахав, гадныханд манайх биеэ даасан Геологийн албатай гэж хэлэхээс цаашгүй, утгагүй зүйл болно. Улстөрчид хил хамгаалах цэрэггүйгээр улс орны аюулгүй байдал хангагдахгүй, гадаад харилцаагүйгээр улс орон оршин тогтнож болдоггүй юм гэдгийгээ эрх биш нэг юм ойлгодог. Тэгвэл яг үүн шиг геологигүйгээр улс орон хөгжихгүй гэдгийг л ойлгочихвол энэ салбарыг хөгжүүлж болно. Гэхдээ үүнийг ойлгох чадвар УИХ, Засгийн газарт нь байна уу гэдэг нь том асуудал л даа.
-Геологийн судалгаа, хайгуулын чиглэлээр гадны хөрөнгө оруулалтыг дахин сэргээхийн тулд ямар бодлого баримталж ажиллах хэрэгтэй гэж таны хувьд бодож байна вэ?
-Хөрөнгө оруулалтын асуудал бол маш том сэдэв. 2006 онд “Ашигт малтмалын тухай хууль”-ийг шинэчилсэн. Гэтэл тэрхүү шинэчлэлд нь сүрхий шинэ соргог зүйл байгаагүй. Яагаад гэхээр, 1996 онд тухайн үеийн УИХ-ын гишүүд байсан зарим нэг хүмүүс уг хуулинд тусгагдсан олон асуудлыг ойлголгүй шууд л хасчихсан. Тэгээд тэд 2006 онд парламентад буцаж ирэнгүүтээ гэнэт их зүйл ойлгож, ухаантай болсон юм уу хаашаа юм өнөөх хассан заалтуудаа нэмж оруулаад шинэ хууль гаргасан. Уг хуулиндаа жил бүрийн төсвийн хөрөнгөний тэдэн хувийг геологийн судалгааны ажилд зориулна гэсэн “геологичдийг хулхидсан” тунхаг төдий заалт оруулсан юм. Тэр нь хэрэгжих үндэс ч байхгүй. Улстөрчид өөрсдөө гаргасан шийдвэртээ туйлбартай хандаж байж л уг заалтаа хэрэгжүүлнэ үү гэхээс энэ их хэцүү асуудал. Ер нь төрийн байгууллага биш зөвхөн хувийнхан л энэ хуулийг биелүүлэх ёстой гэсэн өрөөсгөл зарчмаар хуулийн хэрэгжилтэнд хандаж болохгүй. Хувийн хөрөнгөөр хийж буй геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалт нь улстөрчдийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор гурав, дөрвөн жил зогсонги байдалд орсон. Энэ нь улс эх орны хөгжилд сөрөг үр дагавар авчирна. Хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд хууль дүрмээ өөрчилсөн ч итгэл алдарсан гадна дотны хөрөнгө оруулагчдыг геологи хайгуулын ажилд дахин хөрөнгө оруулалт хийж эхлэхэд их л урт хугацаа шаардагдах байх.
-Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн үеэр орон нутгийн иргэдэд эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй гэж ярьж байсан. Харин орон нутгийн удирдлагууд болоод нутгийн иргэдтэй уулзахад улс орны хөгжил, цаашдын гарц, бидний боломжийн талаар дорвитой юм ярьдаггүй. Зөвхөн эх нутаг, байгаль орчноо хамгаалах талаар ярьж байгаа нь явцуу ойлголт юм шиг санагддагийг нуугаад яахав. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын асуудлыг та сонссон байлгүй. Энэ талаар таны үзэл бодлыг сонсох гэсэн юм?
-Бүхэл бүтэн улс орны хөгжил нэг багийн хөдөлмөрчдийн эрх ашгаар хязгаарлагдахгүй байлгүй дээ. Тиймээс төр засаг цаашид зөв бодлого гаргаж геологи, уул уурхайн салбарын асуудал шийдэгдэх байлгүй. Орон нутагтай зөрчилддөг нэг асуудал нь ердөө л байгаль орчин байдаг. Байгаль орчны чиглэлээр төрийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаатай холбоотойгоор энэ асуудал гардаг. Өнгөрсөн хугацаанд буюу 1996 оноос хойш хараад байхад геологи, уул уурхайн асуудалд АМГ, УУЯ буруутай мэт боловч “Ашигт малтмалын тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд хуулийн дагуу өөрийн гэсэн үүрэгтэй орон нутгийн төрийн болон байгаль орчны байгууллагууд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь ерөөсөө яригдахгүй юм. Сум, аймаг, мэргэжлийн хяналтын олон байцаагчдын нүдэн дээр геологи, уул уурхайнхан үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл алдаа дутагдал гарч байгаа бол цаг тухайд нь хуулиараа хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийдэг байсан бол нутгийн иргэдтэй зөрчилдөхгүй байх байсан гэж боддог. Тиймээс “Ашигт малтмалын тухай хууль”-ийг хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх байгууллага жигд ажиллах шаардлагатай, төрд ажиллаж буй хүн мэдлэг боловсролгүй, хариуцлагагүй дээрээс нь бүдүүлэг байх юм бол иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч төр оршин тогтноход хэцүү болно. Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлогыг нэг мөр болговол түүнийг төрийн байгууллага, улстөрчид, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн бүгд дагаж мөрдөх учиртай. Энэ нөхцөлд геологи, эрдэс баялгийн ажил цэгцэрнэ.
-Сүүлийн үед хайгуулын компаниуд орон нутагт ажлаа явуулахын тулд ихээхэн бэрхшээлтэй тулгарах болсон. Тиймээс яам, агентлагууд орон нутагтай мэдээлэл солилцох талаар хэрхэн ажиллах ёстой вэ. Хамгийн гол нь эрсдэлээ үүрээд, хөрөнгөө зарж байгаа хүмүүс хуулийнхаа дагуу ажилласаар байтал хохирсоор л байна?
-Социализмийн үед геологичид орон нутагт хайгуулын ажил хийхээр очиход нутгийн иргэд цайгаа бариад угтдаг байсан. Харин өдгөө Монгол Улсын хаана ч очсон Монгол ч бай, гадаадын геологич ч бай ирсэн өдрөөс нь эхлэн орон нутгийн иргэд хөөж тууж элдвээр доромжилж, айлган сүрдүүлж, бүр буу бариад босно, машин техник хэрэгслийг нь эвдэж сүйтгэн, хүнийг нь зоддог нийтлэг дүр төрх бий болсон. Мотоцикль унасан хөдөөний хэдэн залуу, геологичдийн кэмпэд ирээд элдвээр аашилж, танхайраад явахад хэсгийн төлөөлөгч нь та нар зодуулаагүй нь зол гэж хэлж байна. Бараг та нар дурандаа л энэ ажлыг хийж яваа биз дээ, хохь нь гэж байгаатай адил төрийн бодлого хуультай байна шүү дээ. Энэ бол цэвэр улстөрчдийн харалган бодлогын үр дүн юм. Тухайлбал, улс орны валютын фондын эх үүсвэр болсон алтыг та нар ухаад авцгаа гэдэг улстөрчид байна шүү дээ. “Нинжа” нэртэй хүмүүс нь ард түмний хөрөнгийг хулгайлж байгаагаас ялгаагүй үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлдөггүй хүмүүс байдгийг бүгд мэдэж байгаа. Өөр нэг жишээ гэвэл, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байна. Буруу, зөв мэдээллээр тэдний тархийг угааж, ард түмний нэрийг барьж өөрсдийн юм уу эсвэл далд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс их олон болсон байна.
Геологич хүн худал ярьж болохгүй, геологийн ажил үргэлж
нотолгоонд тулгуурласан үндэслэлтэй байх ёстой
нотолгоонд тулгуурласан үндэслэлтэй байх ёстой
-Геологийн салбарыг цаашид хөгжүүлэхэд юуг анхаарвал зохих вэ?
-Уг нь улстөрчдийн олонх нь геологийн салбаргүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгоё гэж хичээсэн бол байдал өөр болох байсан. Одоогийн улстөрчид цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн арга барилаар ажиллаж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ геологи бол зөвхөн ашигт малтмал судалдаггүй. Геологийн ажлын судалгааны үр дүн хөдөө аж ахуй, барилга, усжуулалт зэрэг олон салбарт ашиглагддаг өргөн хүрээтэй ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр засаг нь манай орон ямар баялагтай билээ, ашигт малтмалын хэр хэмжээний нөөцтэй вэ, цаашид өөр ямар төрлийн ашигт малтмал байж болох вэ гэдгээ ч мэдэхгүй дүлий, сохор мэт байвал геологийн салбарт дэвшил гарахгүй. Улстөрчид манай улс ашигт малтмалын арвин нөөцтэй, дэлхийд тэргүүлнэ гэж л ярих юм. Тэр нь ямар ул суурьтай вэ гэдэг нь бүрхэг. Жишээлбэл, миний сайн мэдэх ураны нөөцөөр манай улс дэлхийд 10-т орно л гэх юм. Бид өөрсдийгөө худал тоогоор хөөрөгдөж болно, гэхдээ жаахан баримт нотолгоотой зүйл ярих хэрэгтэй байна. Хэдийгээр ураны нөөц их байж болох ч ашиглаад эдийн засгийн эргэлтэнд оруулах нөөцийн хэмжээ бага.
-Ураны тухайд дэлхийн улс орнууд олборлоод ашиглаад үр шимийг нь хүртээд болоод л байна. Гэтэл зөвхөн манай улсад л хортой гэх юм. Энэ бас ташаа мэдээлэл үү?
-Манайхан их туйлширна, нэг хэсэг нь ураныг олборлоход огт хор хөнөөлгүй гэж ярьж байхад, нөгөө хэсэг нь дөнгөж ухаж эхлэнгүүт л хордож үхнэ гэдэг. Ураныг огт хоргүй гэж ойлгож болохгүй, хор уршигтай ашигт малтмал гэдгийг дэлхий нийт үгүйсгээгүй. Хамгийн гол нь ураны асуудалд Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагууд эрх үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаад гол учир нь байгаа юм. Хувийн хэвшлийнхэн нь ч ялгаагүй дээ. Мэдээж уран дээр ажиллаж буй компанид алдаа оноо байгаа учраас ард түмэн энэ тухай яриад байна. Тиймээс үнэхээр алдаа гаргасан уу гэдгийг нь төрийн байгууллага шалгаж, баталгаажуулан олон нийтэд үнэн зөв тайлбар тавих ёстой ч төрийн байгууллагын зүгээс тэгж чадахгүй байна. Ийм түвшинд ажиллах хэмжээний мэдлэгтэй боловсон хүчин байхгүй учраас ард түмэн ташаа ойлголттой байх нь гарцаагүй биз, ердөө л энэ. Төр шалгахгүй, тухайн хувийн компани алдаагаа хүлээхгүй, түүнийг нь хяналтын түвшинд ялгааг нь гаргаад өгөх чадвар алга.
-Ашигт малтмалын хайгуулын ажил явуулах тусгай зөвшөөрлийг одоо болтол шийдэхгүй, холбогдох хуулиа сайжруулахгүй, хугацаа алдаж байна гэж иргэн хүнийхээ хувьд боддог юм. Ер нь ашигт малтмал хайх зөвшөөрөл өгөхгүйгээс болж хөрөнгө оруулалт зогсч, компаниуд мөнгөгүйгээсээ боломжоо алдаад байна. Уг нөхцөл байдал Монголд ашигтай юу. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарласан нь ямар ч нөхцөлд Монгол Улс, ард түмэнд ашиггүй. Энэ бол дэндүү улстөржсөн бодлого. Нөгөө айхтар их мэдлэгтэй иргэний хөдөлгөөнийхөн, ард түмэн, өндөр мэдлэгтэй сайд дарга нар байсан геологичид, сонгуулиас санал авах гэсэн улстөрчид бүгд буруу суртал ухуулга, үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тодорхой хугацаанд тусгай зөвшөөрлийг хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл уур амьсгалыг бий болгосон. Тиймээс төрийн тэргүүнийг ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй түвшинд хүргэсэн гэж би боддог. Ингэснээр эцэст нь хэн ч юу ч хожоогүй, харин ч Монгол Улсын хөгжлийг олон жилээр хойш нь татсан явдал болсон. Уг алдаагаа засч болно, зах сэжүүр нь ч гарч эхэлж байна. Тэглээ гээд хөрөнгө оруулагчид итгэх үү.
-Геологи, уул уурхайн салбарыг Монгол Улсын хөгжлийн гарц эдийн засгийн боломж гэсэн хэрнээ хууль тогтоомжоороо боомилж, төр засаг нь буруу бодлого явуулж, төрийн байгууллагууд нь үүргээ биелүүлдэггүй, баялгаа хайж олох гэсэн геологичдийн ажлыг явуулахгүй байгаа өнөөгийн энэ нөхцөл байдлаар бол Монгол Улс хөгжинө гэсэн ойлголт байхгүй юм байна гэж миний хувьд таны ярианаас ойлголоо. Аливаа зүйлд гарах гарц гэж байдаг. Тэгэхээр бид цаашид алдаагаа засахын тулд хэрхэх ёстой гэж та хэлэх вэ?
-Миний хувьд Засгийн газар нь тэгж ажиллах ёстой, ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж хэлэхэд хэцүү байна. 2006 оноос өмнө геологи, уул уурхайн салбар зөв голдрилоороо явж байна гэдгийг ард түмэнд харуулах боломж бидэнд байсан. Харамсалтай нь ашигт малтмалаас бий болгосон орлого нь ард түмэнд нялзахаасаа илүүтэй өөр хүмүүсийн гараар ороод дуусчээ. Бодит амьдрал дээр ашиг тус нь олон нийтэд мэдрэгдэхгүй хэрнээ амьдрал сайжирч байна гэж яриад байхаар ард түмэн ойлгохгүй байгаа нь ойлгомжтой байлгүй дээ. Танай сэтгүүл геологичдод зориулагддаг учраас тэдэнд хандаж “Геологич хүн худал ярьж болохгүй, геологийн ажил үргэлж баримт нотолгоонд тулгуурласан үндэслэлтэй байх ёстой” гэж хэлмээр байна. Монголын ард түмэн хийж буй ажлаа дор бүрнээ үнэнч шударга хийвэл улс орон хөгжинө.
-Цаг зав гаргаж ярилцсанд тань баярлалаа.
2013.06 сар
Д.ОЮУНЖАРГАЛ
Д.ОЮУНЖАРГАЛ
Зочин
геологич
geologch
Зочин
Зочин