Ц.Төгөлдөр: Технологийн компани байгуулах зайлшгүй шаардлагатай
“Micromine Mongolia” компанийн захирал Ц.Төгөлдөртэй геологи, уул уурхайн компанид ашиглагддаг программ болоод Монголын эрдэс баялгийн салбарт учирч буй хүндрэл, түүнийг хэрхэн даван гарах арга замын талаар ярилцлаа.
“MICROMINE MONGOLIA” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.ТӨГӨЛДӨР: Уул уурхайгаас орж ирж буй мөнгийг эх орондоо шингээж үлдэхийн тулд технологийн компани байгуулах зайлшгүй шаардлагатай
“Micromine Mongolia” компанийн захирал Ц.Төгөлдөртэй геологи, уул уурхайн компанид ашиглагддаг программ болоод Монголын эрдэс баялгийн салбарт учирч буй хүндрэл, түүнийг хэрхэн даван гарах арга замын талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Австрали Улсад төвтэй “Micromine” компани нь геологи хайгуул, уул уурхайн салбарт зориулсан программ хангамжийн шийдлүүд болон олон улсын консалтингийн үйлчилгээ үзүүлдэг. Танай компанийн салбар Монголд ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Манай компани уул уурхайн программ хангамж, геологи хайгуулын консалтинг гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Монголд 2006 онд салбараа нээсэн. Одоогоор манай компани дэлхий даяар 19 оффистой ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнүүд хайгуулын үр дүнгийн боловсруулалтаас эхлээд нөөцийн тооцоо гаргах, түүндээ үндэслээд ТЭЗҮ боловсруулж уурхайн үйл ажиллагаа явуулах үед үйлдвэрийг удирдаж хянах гээд цогц программын шийдлийг санал болгодог.
Харин консалтингийн групп маань ихэвчлэн Монголд геологи хайгуул, нөөцийн үнэлгээний чиглэлээр төвлөрч ажиллаж байна. Бид консалтингийн багтаа нарийн мэргэжлийн, өндөр ур чадвар шаардсан төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн боловсон хүчнийг ажиллуулдаг.
-Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас “Micromine Mongolia”-компанийн ялгарах онцлог юу вэ?
-Магадгүй, нарийн мэргэжлийн программ хангамжийн үйлчилгээ, геологи уул уурхайн консалтинг хоёрыг хослуулан ажилладаг нь манай компанийн бусдаас ялгарах эхний онцлог бас давуу тал юм. Манай компани дэлхий даяар 19 оффисоороо дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж би түрүүн хэлсэн. Эдгээр офиссууд маань газарзүйн байршлын хувьд өргөн бүсийг хамран хариуцаж ажилладаг. Иймээс та манай үйлчилгээг дэлхийн хаанаас ч хүртэх боломжтой. Нөгөөтэйгүүр бид тухайн улс орон болгонд өөрсдийн дотоодын мэргэшсэн баг бүрдүүлж үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Энэ нь манай үйлчилгээг илүү хялбар хүртээмжтэй болгодог онцлог юм.
-“Micromine Mongolia” компани хичнээн төрлийн программ санал болгож байгаас манайхан хэдийг нь ашиглаж байна вэ?
-Манай компани хэрэглэгчдэдээ Geobank, Micromine, Dome, Pitram гэсэн үндсэн дөрвөн бүтээгдэхүүн санал болгодог. Geobank гэдэг нь өгөгдлийн менежментийн программ бөгөөд өгөгдлүүдийг боловсруулах, түүнийг зохион байгуулах үүрэгтэй. Micromine нь геологи хайгуул, уулын ажлын явцад олон төрлийн боловсруулалт хийхэд зориулсан бүтээгдэхүүн юм. Харин Dome нь бусад гуравдагч (санхүү, хангамж г.м) программуудыг дээрх программуудтайгаа холбож, тайлан авч, анализ хийх зориулалттай систем. Pitram систем нь уурхайг удирдан хянаж хамгийн оновчтой байдлаар үйл ажиллагаа явуулахад зориулсан программ юм. Сүүлийн жилүүдэд энэ бүтээгдэхүүнийг Монголын уурхайнуудад амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна.
-Та бүхэн хамгийн сүүлд ямар шинэчлэлийг программууддаа нэвтрүүлсэн бэ?
-Манай компани хамгийн сүүлд Micromine программдаа таамаг загварчлалыг үүсгэх зориулалттай Implicit Modelling гэдэг шинэ функц оруулсан. Энэ нь өрөмдлөгийн ажлын анхдагч мэдээллүүд дээр үндэслээд тухайн хайгуул хийж буй орд газарт байж болох өндөр агуулга, хэлбэр хэмжээг урьдчилан таамаг байдлаар боловсруулах зориулалттай функц юм. Ингэснээр өрмийн ажлыг аль болох оновчтой хийх давуу тал олгож байгаа. Энэ функцийг хийхээс өмнө таамаг боловсруулалт хийгддэг байсан ч төдийлөн сэтгэлд хүрсэн үр дүн үзүүлдэггүй байлаа. Харин одоо байдал өөр болж байна гэсэн үг. Цаашид ч улам боловсронгуй болох байх. Бид уг Micromine программын шинэчилсэн хувилбарыг өнгөрөгч зургаадугаар сард танилцуулахад байнгын харилцагчид маань их ам сайтай байсан.
-Танай компани өнгөрсөн хугацаанд хичнээн компанид геологи хайгуул, уул уурхайн салбарт зориулсан программ хангамжийн шийдлүүд болон консалтингийн үйлчилгээ үзүүлсэн бэ?
-2006 оноос хойш манай компани геологийн консалтангийн үйлчилгээг анхан шатны хайгуулаас нь эхлээд үнэлгээ хийх зэргээр 60 орчим төсөл дээр ажиллаад байна. Харин программуудыг маань хэрэглэдэг 70 орчим харилцагч компани байдаг.
-“Micromine” компани нь Ази тивд болон бусад орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Монголд консалтингийн үйлчилгээ үзүүлэхэд бусад оронтой харьцуулвал ямар давуу тал болон хүндрэл учирч байна вэ?
-Ямар ч төслийг хаана ч хэрэгжүүлсэн хүндрэлүүд гарч л байдаг. Гэхдээ манай улсын хувьд цаг агаар, улирлын онцлог, дэд бүтцээс шалтгаалсан зарим нэг онцлог гардаг. Тухайлбал, хайгуул идэвхтэй хийх цаг улирал маш богино, байршлын хувьд алслагдмал газарт хайгуулын ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг хангахад хөрөнгө оруулалт их шаарддаг. Бусад улс оронд ажиллахад хээрийн ажлын талбайгаас 200 км орчим яваад ямар нэгэн суурин газарт хүрч хэрэгцээтэй зүйлсээ авах боломжтой байдаг. Харин манайд бол хэдэн зуун км газар явсан ч хот тосгон тааралдах магадлал багатай, байсан ч тэндээс хоол хүнс гээд хэрэгцээтэй бүх зүйлээ хангах боломж туйлын муу байдаг. Тиймээс эдгээр онцлогуудаас хамааран манай улсад хайгуулын ажил хийхэд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр харьцангуй их шаардлагатай болдог. Харин манай геологичид аливаа зүйлийг хүлээн авч, ойлгож, сурахдаа их хурдан байдаг нь давуу тал болдог. Гэхдээ зарим үед ажлыг хэт хурдан хийх гээд алдаа гаргачих гээд байдаг зантай. Мэдээж хурдан ажиллах нь нэг талаараа сайн ч зарим ажлыг заавал дэс дарааллын дагуу хийх ёстой байдаг. Энэ нь эргээд тухайн ажлын чанарын баталгаанд нөлөөлдөг учраас үүнийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.
-Манайд консалтингийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний компаниуд олон бий. Та бүхэн тэдгээр компаниудтай хэрхэн ажилладаг вэ?
-Компани бүр өөр өөрийн гэсэн давуу тал дээрээ түшиглэн бизнесээ өргөжүүлдэг. Манай компанийн хувьд энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Бид зарим төслүүд дээрээ дотоодын компаниудтай хамтран ажилладаг. Ер нь миний хувьд дотоодын компаниудийг гадаад улс оронд гарч ажиллах зорилт, амбицтай ажиллаасай гэж хүсдэг. Уул уурхай бол зөвхөн нэг улсыг түшиглээд хөгждөг салбар биш. Тиймээс уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа бол анхнаасаа энэ талаар бодож ажиллах ёстой юм. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарын уналтыг дагаад Монголын уул уурхайн компаниуд ч хямралтай байна. Тэгэхээр яг энэ нөхцөлд дотоодын консалтангийн компаниуд гадаадад гарч ажиллах боломжийг өөрсдөдөө бүрдүүлж байвал хямралын савалгаанаас бизнесээ хамгаалах боломжтой болно. Ер нь олон улсад бизнесээ явуулахын давуу тал нь тухайн бүс нутагт үйл ажиллагаа сайнгүй байхад нөгөө хэсэг рүү шилжих боломжтой байдагт оршдог. Сүүлийн үед уул уурхайн хөрөнгө оруулагчид Африкт нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв Монголын компаниуд тухайн бүс нутагт үйлчилгээ үзүүлдэг байсан бол энд байгаа бизнесээ дэмжих эх үүсвэрийг тэндээс авах боломж байлаа. Ер нь зах зээлийн хувьд олон улсын түвшинд гарч ажиллах нь ямар ч компанийн зорилт байх.
-Гэхдээ манай дотоодын компаниудад гадаадад гарч ажиллах боломж нөхцөл байдаг болов уу?
-Мэдээж олон улсын түвшинд гарч ажиллахын тулд тэр түвшинд хүрч үнэлэгдэх шаардлагатай л даа. Гэхдээ хэн нэгэн ирээд миний ажлыг үнэлэх болов уу гэж найдан хүлээж суух утгагүй. Харин зоригтой бодлого хэрэгжүүлж боловсон хүчнээ аль болох гадаад улс оронд ажиллуулж, тухайн улс оронд хөрөнгө оруулалт хийж салбараа байгуулж болно шүү дээ. Ингэж ажиллавал бизнес ч амжилттай явагдана, хямралын савалгааг ч амжилттай даван туулж чадна. Ер нь манайхан хөрөнгө оруулалт гэхээр гаднаас Монголд орж ирдэг зүйл хэмээн ойлгодог учраас бүх үйл ажиллагаагаа тийшээ зориулж зохион байгуулдаг. Гэтэл өнөөгийн уул уурхайн салбарт өрнөж буй үйл явцыг харахад Монгол Улс бол тухайн үедээ л ашигтай байсан болохоос биш харин одоо бол өөр улс орон анхаарлын төвд орсон байна. Тиймээс нэгэнт хөрөнгө оруулалт их шаарддаг эрсдэлтэй салбарыг дагаж үйл ажиллагаа явуулъя гэж байгаа бол тухайн салбарын онцлогийг шингээж бизнесээ төлөвлөх хэрэгтэй. Уул уурхайн бизнес бол олон улсын бизнес учраас заавал дотоод, гадаад гэж хил таталгүй хаана ч өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Монголын маш олон өрмийн компаниуд ажилгүй болж байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг таамагласан бол гадаадад компанийнхаа салбарыг гаргаж чаддаггүй юмаа гэхэд ядаж мэргэжилтнээ явуулсан бол одоогийн нөхцөл байдалд хөл алдахгүй байх байсан. Гэнэт өнөөдөр л уул уурхайн салбар хямарч яахаа мэдэхгүй байдалд орчихоод байгаа юм биш. Энэ нь угаасаа болдог л үзэгдэл. Үүнийг хохирол багатай даван туулж чадсан нь цаашаа явдаг.
-“Micromine Mongolia” компанийн хувьд олон улсын хэмжээний хайгуул хийж түүнийгээ тайлагнадаг. Ер нь хийсэн ажлаа тайлагнахад олон улсад манайхаас ялгаатай ямар дүрэм журам үйлчилдэг вэ?
-Олон улсын түвшинд ашигладаг олон стандарт бий. Монголын компаниуд сүүлийн жилүүдэд Хонгконг, Канад, Австралиас хөрөнгө оруулалт татах зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа учраас энэ бүс нутагт мөрдөгддөг JORC болон Канадын NI 43-101 стандартуудыг түлхүү барьж ажиллаж байна. Магадгүй өөр бүс нутгаас хөрөнгө оруулалт татах шаардлагатай болвол тухайн нутагт ямар дүрэм журам үйлчилж байна түүнийг нь бид дагаж мөрдөнө. NI 43-101, JORC бол олон улсын стандарт биш харин олон улсад түлхүү ашиглагддаг стандартуудын нэг гэж хэлэх нь зөв байх. Харин өнөөгийн нөхцөл байдалд олон өөрчлөлт гарсан учраас одоогийн баримталж буй стандартыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээтэй болсон гэж миний хувьд боддог.
-Ер нь олон улсын стандарт гэж байдаг юм уу?
-Олон улсад дагаж мөрддөг нэгдсэн стандарт гэж бий. Манай салбарын мэргэжилтнүүд олон улсын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний стандартыг боловсруулахын тулд ажиллаж байгаа. Удахгүй үр дүн нь гарах байх. Гэхдээ стандартыг боловсруулах бол ажлын зөвхөн нэг хэсэг байдаг. Дараагийн гол хэсэг нь бизнесийн компаниудаар уг ажлаа дэмжүүлж тэдний үйл ажиллагаатай нягт холбохгүй бол хэнд ч хэрэггүй зүгээр л нэг цаас болж хувирна шүү дээ. Тиймээс үндэсний өвөрмөц байдлаа шингээсэн стандарт гаргаад түүнийгээ мэргэжилтнүүддээ ашиглуулж, олон улсад сурталчлах ажлыг сайн хийх хэрэгтэй. Гэхдээ тухайн хөрөнгө оруулалтыг босгох гэж байгаа газарт ямар стандартыг хүлээн зөвшөөрч байна вэ гэдэг нь илүү чухал байдаг.
-Нэгэнт тухайн бүс нутагт мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу хөрөнгө оруулалт татах боломжтой юм бол манайхан өөрсдөө стандарт боловсруулах шаардлага байгаа юм уу?
-Миний бодлоор манай улс өөрийн гэсэн стандарттай болох ёстой. Одоогийн мөрдөгдөж буй стандартыг би сайн эсвэл муу гэж хэлэхгүй. Гэсэн ч ашиглаж буй техник технологи, олон улсад явагдаж байгаа бизнесийн түвшнээс шалтгаалан шинэчилж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт руу дөхүүлэх ёстой. Энэ нь англи хэлийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөнтэй адил бид өөрсдийнхөө шаардлагыг англи хэлээр бичиж байгаатай утга агуулга нэг юм. Гэхдээ бид түүнийгээ ямар аргаар сурталчилвал дэлхий нийт өөрийн эрхгүй үнэлж, энэ стандартын дагуу ажилладаг болох вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ингэснээр одоо боловсруулж буй шинэ стандартаа амьтай болгож чадна. Манайхан ямар орчинд, ямар зорилгоор хэрэгжүүлэх вэ гэдгээ судлаагүйн улмаас амьдралд нийцэхгүй дүрэм журам гаргадаг талтай.
-Танай компани олон компанид дээрх чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Манай компаниуд юун дээр нийтлэг адил зүйл хүсдэг вэ?
-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, хайгуулын ажилд зарцуулах тодорхой хэмжээний мөнгөтэй ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа олон компани бидэнд ханддаг. Үнэндэ хөрөнгө оруулалтыг ямар ч аргаар татаж болдог. Олон улсад тавигддаг гол шаардлага бол хийсэн ажлаа алхам тутамдаа баталгаажуулах явдал юм. Хайгуулын ажлын эцсийн үр дүн чухал ч гэлээ үүнд хүрэхийн тулд хийж буй алхам тутмын ажлын чанар мөн адилхан маш чухал байдаг. Харин манайхан эцсийн үр дүн, нөөцөд хамаг анхаарлаа хандуулаад хийсэн ажлынхаа алхам бүрийг баталгаажуулахад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Нөөц хэр зөв гарсан бэ гэдэг итгэл үнэмшил нь өмнөх ажлуудыг хэрхэн хийснээс хамаардаг юм. Тиймээс хөрөнгө оруулагчдад хийсэн ажлаа тайлагнахын тулд баталгаа болсон деталиудад ач холбогдол өгөх хэрэгтэй байна. Гэтэл манайхан үүнийг сайн ойлгодоггүй, ийм стандартаар ингэж хийхээр маш их хөрөнгө шаарддаг гэсэн ташаа ойлголттой байдаг. Уг нь хөрөнгө оруулалтандаа гол нь бус хийсэн ажил чинь хэр нямбай хийгдсэн бэ гэдгийг үзүүлэх нь чухал юм.
-Өнөөгийн эрх баригчид эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, шийдвэрээрээ геологийн салбарыг туйлдуулж байна. Энэ нөхцөл байдлыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Ямар ч зүйлийг хэн ч хийсэн алдаа гаргаж болох ч хамгийн гол нь алдаа бага гаргаж, хийсэн алдаанаасаа суралцах ёстой юм л даа. Миний хувьд өнөөгийн үүсээд буй хүндрэлийн гол буруутан нь төрийн бодлого гэж үзэхгүй байна. Харин геологийн салбарт нөлөөлдөг гадаад болон дотоод хүчин зүйл хоёулаа хүнд байна. Түүнээс зөвхөн манайхан муу хууль гаргаж буруу бодлого явуулснаас энэ салбар уналтанд орж байгаа юм биш. Харин бидэнд дэлхийн уул уурхайн салбарын уналтыг даван гарахын тулд удаан хугацаанд тогтвортой хэрэгжих бодлого зайлшгүй хэрэгтэй. Төр засгаас гаргаж буй бодлого сайн ч байж болно, муу ч байж болно. Хамгийн гол нь тогтвортой байх ёстой. Үүнийг маш олон мэргэжилтнүүд олон жил ярьж байгаа шүү дээ. Хэрэв би дараагийн 10 хоногт ямар нөхцөлд хэрхэн ажиллахаа мэдэж байвал түүнийг яаж ийж байгаад л даван гарна. Хэрэв тухайн нөхцлийг даван гарч чадахгүй сөхрөх юм бол байгалийн шалгарлаараа алга боллоо гэсэн үг. Манайхан нэг алдсан алдаагаа давтахгүйн тулд хэт туйлширсан шийдвэрүүд гаргадаг нь хамгийн том дутагдал. Туйлын зөв зүйл гэж байдаггүй учраас зөв буруугийн дэнсийг тааруулах хэрэгтэй. Шинэчлэгдсэн “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-иудын зарим зүйл заалт нь надад их таалагдсан. Бас эргэж харахаар зүйл ч байна лээ. Эдгээр хуулийн санаа нь ерөнхийдөө зөв боловч хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд арай тохиромжгүй юм уу даа гэмээр зүйл бас байсан. Манай улсын хөгжлийн гол гарцаа уул уурхай гэж тодорхойлсон ч хөрөнгө оруулалтын суурь сайн бүрдээгүй, боловсон хүчин болоод техник технологийн чадамж муу байна. Тиймээс үүнийг харгалзан үзэж цаг хугацааг нь зөв олж санаагаа нэвтрүүлэх хэрэгтэй юм. Тухайлбал, манай улс ойрын 15 жилийн хугацаанд ийм нөхцөл байдалтай байна, ингэхдээ эхний таван жилд нь эдгээр зүйлсийг харин дараагийн таван жилд нь үүнийг нэвтрүүлнэ ээ гэдгээ тодорхой болгоод зарлачихвал бараг шулуухан юм биш үү. Тэгвэл хөрөнгө оруулагчид манай хууль, төрийн бодлогод тулгуурлан ажлаа төлөвлөнө. Гэтэл манайхан нэг хууль танилцуулаад түүнийгээ эргэж буцааж хамж аваад байхаар хууль эрхзүйн орчин тогтворгүй гэсэн ойлголтыг гадныханд төрүүлж байна. Энэ нь л алдаа байгаа болохоос биш төр засгийн бодлого шийдвэр энэ салбарыг туйлдуулж байна гэж миний хувьд бодохгүй байна. Бид аль болох сайн талыг нь олж харах хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлыг нэг мөр өөрчлөхөд хэцүү учраас цаг хугацаагаа сайн харж төлөвлөх хэрэгтэй.
-Танай компани Австралийн хөрөнгө оруулалттай учраас ажлын шаардлагаар та гадныхантай их харьцдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын геологи, уул уурхайн салбарын талаар ямар бодол байр суурьтай байдаг вэ. Тэд эрдэс баялгийн салбарт баримталж буй төр засгийн бодлогод хэрхэн ханддаг нь ажиглагдсан бэ?
-Мэдээж бид хөрөнгө оруулагчдаа сонсох хэрэгтэй ч Монгол Улс өөрийн гэсэн бодлого, үзэл баримтлалтай, тусгаар тогтносон улс учраас эцсийн дүгнэлт шийдвэрээ бид хэнээс ч үл хамааран өөрсдөө гаргах ёстой. Тиймээс миний хувьд одоогийн бодлого шийдвэрүүдийн сайн талыг нь харж нааштай хүлээж авч байгаа. Харин энэ хуулийн хэрэгжих ёстой цаг хугацаа нь болсон уу, та бүхэн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тогтвортой, туйлбартай байлгаач ээ гэдгийг л гадныхан дахин дахин сануулж байгаа болов уу. Түүнээс та нар ийм хууль гаргаж байгаа бол би танай улсад хөрөнгө оруулалт хийхгүй гээд гараад явж байгаа бол тухайн хүний л асуудал шүү дээ.
-Дэлхийн уул уурхайн салбарт өрнөж буй хүндрэлүүд нь энэ салбарыг тэр чигт нь хямрааж байна. Энэ цаг үед олон улсын компаниуд хэрхэн ажиллаж байгаа вэ, тэд манайхан шиг ажлаа түр хугацаанд зогсоож, олон хүн ажилгүй болох үзэгдэл гарч байгаа юу. Гадны компаниуд энэ хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Австралийн нүүрсний салбарт олон хүн ажилгүй болж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Ийм үед компаниуд хууль эрхзүйн хувьд хамгийн тогтвортой байгаа газрыг хайдаг. Одоогоор манай улсад тогтвортой бодлого байхгүй ч түүнийг бүрдүүлэхийн тулд зорьж ажиллаж байна гэдгээ бид гадаад зах зээлд сайн сурталчлах хэрэгтэй. Мөн миний түрүүний хэлсэн шиг бид ийм хугацаанд тийм зорилтод хүрнэ гэдгээ тодорхой харуулж өгөх юм бол компаниуд үүнийг сөрөг тал гэхээсээ илүү боломж гэж харах байх. Зарим хөрөнгө оруулагчид “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг шиг богино хугацаанд маш их ашиг олоод гарахыг зорьдог. Тийм хөрөнгө оруулагчид бол манай улсад одоохондоо хэрэггүй байх. Манай улсаас хөрөнгө оруулалтаа татан авч гарч буй хөрөнгө оруулагчдын хэд нь ийм бодолтой вэ, харин хэд нь манайд урт хугацааны турш үйл ажиллагаа явуулж үр өгөөжтэй ажиллахыг зорьж байна вэ гэдгийг бид ялгаж салгаж харах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хэдэн хөрөнгө оруулагчид манайхаас санхүүжилтээ татлаа гээд бид бие бие рүүгээ дайрч давшилж болохгүй.
-Тэгвэл манайд орж ирж буй хөрөнгө оруулагчдыг хэрхэн ялгаж, итгэл төрүүлэхийн тулд бид ямар арга зам хэрэглэх хэрэгтэй вэ?
-Гадны хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлого байхгүйн улмаас манайхаас гарч байгаа. Тиймээс үүнийгээ л сайжруулж гадаад зах зээл дээр сайн сурталчилж эхлэх хэрэгтэй байна. Түүнээс хуулинд байдаг жижиг нэмэлт өөрчлөлт, зохицуулалтууд бол өдөр тутамд хийгддэг л асуудал. 100 хувь бэлэн болсон зүйл гаргах гэж яарахын оронд ноён нуруутай сайн суурь тавиад тэрхүү үндсэн бодлогынхоо дагуу өөрчлөлтүүдээ хийгээд явбал хөрөнгө оруулагчид тэгтлээ бухимдаад эргэлзээд байхгүй л байх. Учир нь хөрөнгө оруулагчид бизнесийнхэн шүү дээ. Тэдэнд тогтвортой ажил хийх нь чухал.
-Гэхдээ нэгэнт манайхаас хөрөнгө оруулалтаа татсан бол дахин итгэл үзүүлж орж ирэхэд бэрх бөгөөд урт хугацаа шаардлагатай гэх юм. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тааж хэлэхэд бэрх юм. Гэхдээ Монголд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулая, өөрийнхөө бүх боломж бололцоог энэ улстай холбоё гэсэн бодолтой хөрөнгө оруулагчид бол манайхаас гарч явахгүй. Харин богино хугацаанд үр шим хүртэе гэсэн хөрөнгө оруулагчдыг бид тогтоох гэж хичнээн хичээсэн ч тэд ашигтай зүйл рүүгээ л явна. Тиймээс тэдний араас хөөцөлдөх шаардлага ч байхгүй.
-Өнөөгийн үүссэн нөхцөл байдал манайд ээлтэй болон ашиг хүртээд гарах гэсэн гадны хөрөнгө оруулагчдыг аяндаа ялгаж салгаад харуулчихаж байгаа юм биш үү?
-Магадгүй бүдүүлэг сонсогдож болох ч үнэндээ сүүлийн таван жилийн хугацаанд энэ салбар хөөсрөлтийн байдалтай байлаа. Өрмийн компаниуд хэдэн зуугаараа байгуулагдаж, хүн бүр лиценз авахын төлөө улайрч, гадны компаниуд бөөн бөөнөөрөө орж ирж түүнийг дагаад ажилчдын цалин хөлс ч хэд дахин нэмэгдэж бүгд л уул уурхай руу хошуурлаа. Өнгөцхөн харахад энэ салбар хөгжиж байгаа мэт санагдсан байх. Үнэндээ тооны хойноос хөөцөлдсөн хөөс төдий зүйл л байлаа. Харин одоо нөхцөл байдал хүндэрч байгалийн шалгарал явагдаж байгаа учраас энэ салбар цэгцэрч, бодитоор үнэлдэг нөхцөл бүрдэх байх. Магадгүй энэ байдал цаашаа үргэлжилвэл таван жилийн дараа өрмийн энэ олон компанийн хэд нь тогтож үлдэхийг хэлж мэдэхгүй юм. Харин хямралын үеийг даван гарсан хэсэг нь сэтгэлзүй болоод мэргэжлийн ур чадварын хувьд өмнөхөөсөө илүү туршлага сууж аливаа зүйлийг бодитоор хардаг болсон байх болов уу. Ер нь сайн юманд ч муу тал бий, муу зүйлд ч сайн тал байдаг шүү дээ.
-УУЯ-аас уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд хүний нөөц болоод шинжлэх ухааны асуудлыг орхигдуулсанд геологи, уул уурхайн салбарынхан сэтгэл дундуур байгаа. Таны бодлоор Монголын эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогыг боловсруулахын тулд юун дээр анхаарч, ямар зүйлийг гол гогцоо болгох ёстой гэж боддог вэ?
-Уул уурхайг зөвхөн газар ухаж орд олдог мэтээр төсөөлж болохгүй. Харин энэ салбарыг авч явах боловсон хүчин, технологиор илэрхийлэгддэг юм. Тиймээс бид газар доор байгаа ашигт малтмалдаа тулгуурласан бодлого хэрэгжүүлвэл буруу тийшээгээ л явж байна гэсэн үг. Харин байгаа ашигт малтмалдаа түшиглэн уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд боловсон хүчин, техник технологио улам боловсронгуй болгохыг гол цөмөө болговол төрийн бодлого зөв зүйтэй гарна. Хэрэв УУЯ-наас УИХ-д өргөн барьсан төрийн бодлогод эдгээр зүйлсийг орхигдуулсан бол эргэж харах хэрэгтэй гэж мэргэжилтнийхээ хувьд хэлэх байна. Бид олон уурхайтай болох бус, харин өндөр ашигтай ажилладаг болох нь хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
-Манай улс ашигт малтмалын нөөц баялгаараа дэлхий дахинд гайхагддаг хэмээн өөрсдийгөө хөөрөгддөг. Хичнээн их баялагтай байгаад ч түүнийгээ худалдаалах зах зээлгүй бол “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг үгтэй утга нэг болно. Манайд баялгаа дэлхийн зах зээлд гаргах боломж нөхцөл болоод дэд бүтэц алга. Энэ нь далайд гарцгүй түүний дээр хоёр том гүрний дунд байрладаг газар зүйн байрлалтай холбоотой байх. Нэгэнт л ийм нөхцөл байдалд байгаа учраас бид зөвхөн Орос, Хятадаар хязгаарлагдахгүйгээр дэлхийн зах зээлд гарахын тулд ямар арга зам эрэлхийлвэл амжилт олох вэ?
-Бид ашигт малтмалаа Африкт зөөж аваачиж худалдахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч зөвхөн баялгаа зараад хоёр хөрштэйгөө харилцан ашигтай амьдарна гэдэг эргэлзээтэй. Тиймээс бид хаана ч очоод худалдаж болох боловсон хүчин, техник технологи хоёроо бий болгох ёстой юм. Жишээ нь, Австралид уул уурхайн техник технологи маш өндөр хөгжсөн. Австралийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд ажиллахдаа өөрсдийн боловсон хүчин, техник технологио ашигладаг нь эргээд боловсон хүчнээ хөгжүүлэх нөхцөл болж байгаа юм. Алт, нүүрс, металл бол тодорхой хугацааны дараа нөөц нь шавхагдана. Харин боловсон хүчин, техник технологийг нэг бий болгоод авсан байхад цаашаа улам баяжигдан хөгжинө.
-Харин манайхан ашигт малтмалдаа л ихээхэн ач холбогдол өгч найдлага тавих юм?
-Ашигт малтмал бол ярианы гол сэдэв ч гэлээ хамгийн чухал асуудал биш. Бид нэгэнт Орос, Хятадын эрэлт нийлүүлтээс хамаарах эдийн засагтай учраас тэдний эрэлтээс хэтэрсэн түүхий эд нийлүүлэх гэж хичээх шаардлага байна уу. Тиймээс тооноос илүү чанарыг эрхэмлэж өөр бусад гарц боломжоо харах хэрэгтэй л дээ.
-Манай улсын нүүрсний гол хэрэглэгч болох БНХАУ-ын дотоодын байдал тийм ч сайнгүй байгаа. Түүний дээр тэд ОХУ-аас нүүрс импортолж манай улсыг транзит улс болгох сонирхолтой байгаа нь нэгэнт нууц биш болсон. Энэ чиглэлд ОХУ, БНХАУ-ын харилцаа сайжирч байгааг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд нотлоод буй. Харин манайхан транзит улс болсноор бидэнд ашигтай, мөнгөтэй болно хэмээн хөөрцөглөөд байх юм. Үнэн хэрэгтэй манай нүүрс үнэгүйдэх аюул учрах юм шиг ээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Ямар ч бизнес тухайн цаг үедээ ашигтай байж болно. Магадгүй бид ойрын хэдэн жилд транзитаас мөнгө олж болох юм. Тухайн үед ашиг олж болох боломжийг ашиглахгүй өнгөрөх нь буруу байх. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Транзит улс болох нь 10, 20 жилийн турш манайд ашигтай байж чадах уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Тиймээс илүү олон жил ашигтай байх боломжийг л эрж хайсан нь дээр байх.
-Таны бодлоор манай улс баялгаа хэрхэн ашиглавал хөгжилд хүрч санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан улс болж чадах вэ?
-Манайхан дэлхийд гайхагдахаар ашигт малтмалын арвин их нөөцтэй гэж ярьдаг ч үнэндээ наад зах нь хайгуулын салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтаараа хөгжингүй орнуудтай харьцуулахад хол хаягдсан, хоцрогдчихсон явж байх жишээтэй. Мөн боловсон хүчин, техник технологийн хувьд ч хоцорч явна. Би хоцорч байна гэдгийг бид эзэн нь биш харин зөвхөн хэрэглэгч байгаад байна гэдэг утгаар хэлж байна. Ашигт малтмал бол богино хугацаанд л ашигтай байдаг зүйл. Бид 500 жил нүүрс зараад амьдрахгүй учраас богино хугацаанд энэ салбараас ашиг олоод түүнийгээ урт хугацаанд үр өгөөжөө өгч болох салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ нь эргээд технологи, хүн хоёр болж байгаа юм. Бид хамгийн ашигтай байж болох уурхайнуудаа ашиглая л даа. Тэдгээр уурхайнуудад бидний ярьдаг шиг Монгол орныг хөндлөн гулд холбосон төмөр зам шаардлагатай юу гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ. Ашигт малтмалаа тээвэрлэх гэхээр манай дэд бүтэц муу байна гээд хамаг мөнгөө тэр салбарт оруулаад хэдэн жилийн дараа уурхайн нөөц шавхагдахын цагт өнөөх бүтээн байгуулалт, дэд бүтэц нь хэнд ч хэрэггүй хээр тавигдсан төмөр зам болж хувирна шүү дээ.
-Таны хувьд геологи, уул уурхайн салбарт санааг тань хамгийн ихээр зовоодог зүйл тань юу байдаг вэ?
-Монгол Улс эрдэс баялгийн салбараа эдийн засгийн хөгжлийн гарц гэж тодорхойлсон хэрнээ уул уурхайн салбар дахь технологийн компанийн хөгжлийн талаар огт ярихгүй юм. Технологийн компанийг үүрэн телефоны операторууд харилцаа холбооны компаниуд эсвэл компьютер зардаг дэлгүүр гэж манайхан ойлгодог нь маш буруу. Манайд маш олон өрмийн компани байгаа хэрнээ өрмийн хошуу хийдэг ганц хоёр компанийг эс тооцвол машины эд анги үйлдвэрлэдэг компани алга. Уурхайд ашиглаж байгаа энэ олон том машины дугуй засвар, үйлчилгээний техникийг дандаа импортолж авч байна. Учир нь уул уурхайг дагасан технологийн үйлдвэрлэлийг манай улс огт хөгжүүлээгүйтэй холбоотой. Тиймээс уул уурхайгаас орж ирсэн мөнгөний тал хувь нь импортын сэлбэг, үлдсэн хувь нь гадны хөрөнгө оруулагчдын ашиг болон гарч эцсийн дүнд бид юу ч үгүй бахь байдгаараа үлдэж байна. Тиймээс уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг эх орондоо шингээж үлдэхийн тулд төр бодлогоороо дэмжиж технологийн компаниудийг байгуулах зайлшгүй шаардлагатай байна.
-Бидэнд технологийн компани байгуулж түүнээсээ ашиг хүртэх боломж бий юу?
-Бидэнд тийм боломж асар их бий. Үүний нэг тод жишээ нь геологи, уул уурхайн программ хангамжийн асуудал юм. Манайд уул уурхайн программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг олон компани байдаг ч тэд импортын бүтээгдэхүүн нийлүүлдгээс нарийн мэргэжлийн программуудыг өөрсдөө зохиодог үндэсний компани алга. Тиймээс өөрсдөө программаа үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг хангаад цааш нь экспортолдог болох хэрэгтэй байна.
-Төрийн бодлогоор үндэсний технологийн компаниудийг дэмжиж хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүллээ гэж бодоход ажиллах мэргэжилтэн боловсон хүчний хувьд хэр чадамжтай гэж бодож байна вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нэр хүндтэй пүүс компаниудад нарийн мэргэжлээр ажиллаж буй чадварлаг олон Монгол залуу бий. Тэд мэдээж эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцож ажиллаж, амьдрахыг хүсч байгаа. Харамсалтай нь тэд нутагтаа ирээд ажиллах гэхээр манайд тийм суурь нөхцөл одоогоор алга. Байхгүй суурийг өөрсдөө бий болгоё гэхээр дэмжсэн төрийн бодлого байдаггүй. Ийм байхад гадаадад ажиллаж буй манай чадварлаг залуус эх орондоо ирж ажиллах ямарч нөхцөл боломж алга. Арилжааны банкуудад ч технологийн компаниудад зориулсан тусгай санхүүгийн үйлчилгээ байдаггүй. Тусгай үйлчилгээ битгий хэл юуг технологийн компани гэж нэрлэх вэ гэсэн тодорхойлолт ч алга. Тиймээс ийм зүйлийг дэмжиж хөгжүүлэхгүй байгаад би маш их сэтгэл зовж явдаг даа.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
2013.06 сар
Д.ОЮУНЖАРГАЛ
Зочин
dddddd