Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баасандоржийн Батзаяаг энэ удаагийн зочноороо урилаа.

ПУНСАЛМАА ЭМЭЭ МААНЬ ИХ ИХ ХАМБААР ТҮШҮҮЛЖ ОДСОН

-Эхлээд хоёулаа танилцах ёстой болов уу. Нэг учир битүүлэг нөхөр гараад ирсэн тухай л хэдэн жил уншлаа. Гэхдээ та битгий эмзэглээрэй. Учир битүүлэг гэх чинь тийм  ч тааруу ойлголт биш шүү.

-За, би Баасандоржийн Батзаяа, 41 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хариуцлагатай, идэвхитэй иргэн байхыг хичээж эрмэлздэг. Хүүхдүүдээ нийгэмд хэрэгтэй, хариуцлагатай иргэн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг энгийн аав, гэрийн эзэн. Болж байна уу. (инээв)

-Хэдий хошигнож байвч их буурьтай хариулт байна шүү. Залуу хүн атлаа өнөр гэр бүлийн аав юм байна?

-Баярлалаа.

-Хоёулаа таны бага нас хаана, хэнийд, хэрхэн яаж өнгөрсөн тухай ярья. Өөрөөр хэлбэл таны төрсөн гэрийн тухай?

-19 дүгээр хорооллын 23-р байранд төрснөөсөө авхуулаад эцгийн голомтоос өрх тусгаарлах хүртлээ 20 гаруй жил амьдарчээ. 19-ийн л дошны хүүхэд дээ.

65-р цэцэрлэгт хүмүүжиж, орос хэлний сургалттай 18-р дунд сургуульд 1981 онд элсэн суралцаад 1991 онд төгссөн. Тухайн үед орос хэлний сургалттай хоёр тусгай дунд сургууль байсан л даа. Нэг нь 23-р сургууль хотын төвд, Сүхбаатарын районд байрлалтай сэхээтний хүүхдүүд суралцдаг, нөгөө нь Ажилчны районд байгуулагдаад удаагүй ажилчин ангийн хүүхдүүд суралцах учиртай 18-р дунд сургууль. Дунд сургуульд элсэн орохтой холбоотой нэг гүн дурсамж үлдсэн байдаг юм. Орос хэлний сургалттай сургуульд элсэн ороход орос хэл дээр хэрдээ айхтар элсэлтийн шалгалт авдаг байв. Түүндээ бөөн догдлолтой ороод үдээс хойш нь аав, ээж хоёртоо хөтлүүлэн очиж тэнцсэн дүнгээ сонсоод аав, ээжийн үнсэлтээр мялаалгаад л.  Гэтэл асуудал босов оо. Аав, ээж хоёр маань хоёулаа МУИС-ийг орос хэл, утга уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, хоёулаа сэхээтэн. 18-р дунд сургуульд суралцах хүүхдийн эцэг эх нь хоёулаа ажилчин эсвэл аль нэг нь ажилчин байх гэсэн босготой байж. Аав маань хөөцөлдөж байж эцэст нь зорьсон сургуульдаа орсон л доо. Харин тэр хооронд би шалгалтандаа тэнцсэн хэрнээ сургуульдаа орж чадахгүй болчих вий гэж айхтар хямарч байснаа тод санадаг юм.

Тэр л үеийн нийгмийн жишгээр аав, ээж ажлдаа яваад ээжийн ээж Пунсалмаа эмээ маань дүү нар биднийг голлон өсгөж хүмүүжүүлсэн дээ. Одоо эргээд бодоход, дороо гурван охин дүүтэй айлын ууган, ганц хүүгийн ирээдүйд хүлээх хариуцлагыг тооцож надад онцгойлон өндөр шаардлага тавьж, хатуу гараар хүмүүжүүлжээ буурай минь. Хагас, бүтэн сайнд гэр хороололд амьдардаг аавын аав, ээж рүү ус авч өгөх, түлээг нь хагалж өгөх том ажилтай буурайгийн чанга гараас хоёр  өдөр бултаж уяа нь алдуурдаг байж. Буурлууд маань бүгд бурханы оронд одоцгоожээ. Сөхөрч очин тохойг нь түшиж золгодог байсан буурлуудын маань орон зай улам бүр хоосрон үгүйлэгдэхийг жил бүрийн цагаан сараар л айхтар мэдрэх юм даа.       

Нагац ах П.Очирбат маань Түлш эрчим хүчний сайд болоод хотын төвд шинэ байранд орохдоо сууж байсан байраа ээж, охин дүүдээ үлдээгээд явсан юм. Одоо ч аав, ээж хоёр маань энэ байрандаа сууцгаадаг. 

-Ёстой сонсоогүй баримт байх чинь ээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч таны ээжийн төрсөн ах юм уу?

-Тийм ээ, ганц охин дүү нь.

-П.Очирбат гуай хэр нагац ах вэ. Мэдээж танай удмын бахархал байх. Танай удмын төдийгүй монгол түмний хайртай Ерөнхийлөгч шүү дээ. Ахынхаа тухай яриач.

-Бидний бахархал байлгүй яахав. Төрийн тэргүүн байна гэдэг том хувь зохиол шүү дээ. Тэднийх хоёр охинтой, ойрхон байх ганц банди нь би. Тэр утгаараа ах, эгч хоёр надад их талтай ойр зуур шивнээ хийчихнэ, эмээгээс өмөөрнө, үе үе ховор нандин бэлэг өгнө гээд гэгээн сайхан дурсамжууд их байна аа. Монгол түмнээрээ мэдэх хүний талаар би энд ярих нь илүүц биз дээ. 

-Дээр үед О.Оюумаатай ярилцлага хийж байлаа. Их даруу бүсгүй санагдаж байсан. Тэр одоо хаана ажилдаг вэ. Ерөнхийлөгчийн охин гэхэд гайхмаар даруухан, энгийн санагдаж байсан.

-Бид ойр байдгаа. Одоо эхнэр маань илүү ойр, зузаан найзууд. Уул уурхайн нэг компанид ажиллаж байгаа. Салбарын хямрал хүнд байнаа л гэж байсан. Саяхан уулзацгаасан боловч ажил төрлийнх нь талаар тусгайлан асуугаагүй юм байна. Бага хүү нь сургуульд орох гээд сүрхий ажил ихтэй байгаа байх.     

-Таны ээжийг хэн гэдэг вэ. Нөгөө хурандаа Оюунбадам гуайг Ерөнхийлөгчийн дүү гэсэн яриа явдагсан?

-Миний ээжийг Б.Жаргал гэдэг. Пионер, эвлэлийн байгууллагад л голчлон ажилласан, удирдан зохион байгуулах авьяастай, болж өгвөл бүх хүнд тусалчих гэсэн өгөөмөр сэтгэлтэй түүнээсээ болж өөрийгөө жаахан ядраасан нэг сайхан ижий байнаа. Р.Оюунбадам эгч маань бол Пунсалмаа эмээгийн эгчийн хүүхэд шүү дээ. 

-Пунсалмаа гуай их сайхан насалсан. Эмээ тань тийм чанга хүн байв уу?

-Чанга шүү. Ер нь хүний өөрийн, том жижиг гэхгүй зарчмын шаардлага тавьж, шаардлагатай бол таван салаа боовыг хайрлахгүй хүртээнэ шүү. Хүнд хүчир хар ажил хийж байсан болоод тэр байх бие чангатай, түүнийхээ хэрээр яггүй чанга гартай байж билээ. Уртын дууг сайхан дуулдаг, бага залуудаа найранд уригдаж дуулдаг байсан гэдэг. Тун наргианч, шооч, хүн хочлохдоо гаргуун, хэнийг ч ялгахгүй харьцдаг, хадгалж хураахыг мэдэхгүй байгаагаа хуваагаад дуусгачихдаг буянтай буурай байсан. 2001 оны могой жилийн гуравдугаар дугаар сард хоёрдугаар эмнэлэгт телевизор үзэхээр цугласан хэдэн хүнд чихэр тарааж өгч цуг мэдээ үзэж сууж байгаад нэг сүрхий амьсгаа аваад хойш унахад нь зэрэгцээд сууж байсан Зүүн хүрээний хамба Ч.Дамбажав түшиж аваад эмээ маань 85-тай бурхны оронд явсан. Бурхны шашны хамбаар түшүүлж одсон буян ихтэй хүн байжээ эмээ минь.   

АЛИМ МОДНООСОО Ч НЭГ ИХ ХОЛ УНААГҮЙ ЮМ ШИГ...

-Тийм байна. Таны багын мөрөөдөл яг хэн болох байсан бэ. Учир нь таныг төсөөлж мөрөөдөж байгаагүй орон зай дээр гарч ирсэн гэнэтийн хүн гэж хүмүүс боддог байж магадгүй.

-Та ч багын гэгээлэг сайхан дурсамжууд сэдрээсэн сайхан асуултууд тавьж байх чинь вэ. Чекист, эсвэл зохион бүтээгч болох л мөрөөдөл оргилж байдаг байжээ. Эрэгтэй хүүхэд бүрийн үзэх дуртай хэдэн кино болох “Хувьсгалаар төрөгсөд”, “Километр бүрд”, “Аминаас чухал үйлс”, “Баригдашгүй өшөө авагчид”, ”“Хаврын 17 учрал”, “ТАСС бүрэн эрхийнхээ ёсоор мэдээллэх нь” зэрэг кинонууд тухайн үед байсан  телевизорын хоёрхон сувагаар ээлжлээд гарна. Манайх нэг үе телевизоргүй, манай орцны телевизоргүй айлын хүүхдүүд гурван давхрын айлдаа бөөндөө цуглаж киногоо үзэцгээнэ. Эдгээр кинонуудын гол дүрүүдээс миний кумир болж өнөөг хүртэл хоногшсон нь ЗСБНХУ-ын баатар хурандаа М.М.Исаев буюу “Штирлиц”, нөгөө нь цагдан сэргийлэхийн Генерал Кондратьев юм уу даа. Энэ хоёр баатраа үзэхээр л зүүдэндээ Чекист болчихсон явж өгнө шүү дээ.

-Штирлиц ч тэр үеийн жаахан охид бидний ч “дурлалт залуу” шүү дээ.

-Охидууд бол тагнуулч Штирлицэд биш Вячеслав Тихоновд дурлаж хөл алддаг байсан байх аа.

-Тийм ч юм уу?

-Багадаа мотортой хөдөлдөг, дугардаг ямар л тоглоом байна тэр бүгдийгээ өөрөө угсрах гэж задлаад тавьчихдаг байсан гэдэг. Хөөрхий яаж буцааж эвлүүлж угсарч чадахав дээ. Заримыг нь аав буцааж угсраад, зарим нь шууд жагсаалаас гардаг байсан байх. Харин 2-3 дугаар ангиасаа өөрөө задалснаа угсарч эвлүүлдэг болж, 5-6 дугаар ангиасаа тоглоомноосоо зарим хэрэгтэйг нь авч өөр зүйл хийж баясдаг болж эхэлсэн. Эргэлт өндөртэй хөдөлгүүр олж удирдлагатай машин хийж сонирхол нэгтэй найз нартаа гайхуулах гэж үздэг байж. Удалгүй Ажилчны районы Хүүхэд залуучуудын соёлын төв азаар гэрийн ойр шинээр нээгдэж аав, ээжийн зөвшөөрснөөр фото зургийн болон радио техникийн дугуйланд бүртгүүлж зэрэг суралцаж төгссөн. Долдугаар анги төгсөх төгсөлтийн баяр дээрээ орос сэтгүүлээс схемийг нь авч угсарсан “Цветамузыка” буюу хөгжмийн хэмнэлээр анивчдаг өнгөт гэрэл хийж авч очиж байжээ. Энэ тухай урьд нь ингэж холбож дүгнэж бодож байгаагүй юм байна. Хэдийгээр тагнуулч, цагдан сэргийлэхийн генерал болоогүй ч хүчний байгууллагуудын бахархал болсон тусгай албадад алба хааж байсан байна. Зохион бүтээгч болж чадаагүй ч техник технологийн ололт, дэвшлийг шаардсан дэд бүтэц түүн дотроо зам, тээврийн салбарт ажиллаж байна. Сонин юм байна аа.

-Алим модноосоо хол унадаггүй гэж нэг үг бий. Орчин цагт энэ үгийн үнэ цэнэ тийм ч их хүчинтэй гэж би бодохгүй байна. Гэхдээ чиний удам судар хэн байсан. Чиний аав ээж хэн байсан. Чи тэрнээс нэг их хол цойлж чаддаггүй гэх санаа зарим хүмүүсээс цухалздаг юм. Сэхээтний хүүхдүүд л Төрөө авч яв. Бусад нь хэн болоод ч нэмэргүй гэх аястай. Би таны ертөнцийг үзэх үзэл, дотоод мөн чанарын тухай ойлголтуудыг л сонирхох гэж ийм асуулт тавьж байгаа юм.

-Энэ хорвоо ертөнцөд учиргүй зүйл гэж үгүй, бүх зүйл учиртай, тэр нь бас учиртай гэж үг байдаг. Урьдны хувь ерөөл байсан учраас л та бид уулзаж, өнөөдөр ярилцаад сууж байгаа хэрэг. Би бол үүнд итгэдэг. Өнөө цагт түүхэн уламжлалаа үл тоох буруу үзэгдэл газар авах маягтай. Харц ардын хүү хаан болдог, хутагт хувилгаанаар тодордог байсан нь саяхан. Ноёны хүү үгээгүй ядуу болж, түмэн олонд адлагдаж байсан нь ч бас саяханых. Малчины хүү сансарт анхлан нисч, малчны хүү л олимпын аваргын анхны алтан медалийг авчирсан нь бараг өчигдрийн шахуу түүх. Нисгэгчийн хүү сансарт нисч, аваргын хүү олимпын аварга болоогүй нь факт. Бодож, гүнзгийрүүлэх л сэдэв, бас нэг судлагдахуун. Алимны мод, алим гэвэл. Алим ч бас их хол унаагүй юм уу. Ээжийн маань аав, ээж хоёулаа замчин байсан. Хотын зам ангид ажиллаж, Орхоны гүүр болон Завханы Идэрийн голын гүүрийг барилцсан буянтай буурлууд. Монгол улсын авто замын хоёр дахь инженер, Зам тээврийн орлогч сайд хүртэл алба хашиж байсан одоогийн авто замчдын ахмадын холбооны дарга, Гавьяат барилгачин Б.Лувсан гуай Москва хотод сургуулиа дүүргэж 1962 онд ирээд удаагүй Тосонцэнгэлийн зам ангийн даргаар томилогдон ангиа бүрдүүлэх хэдэн замчидтай хотоос очиж байжээ. Тэдэн дунд өвөө, эмээ хоёр маань  очиж байсан. Б.Лувсан гуайн удирдлага дор монгол улсад анх удаа хадмал банзан гүүрийг байгаль цаг уурын хүнд нөхцөлд  тэгж барьж байсан түүхтэй юм билээ. Энэ гүүр хэдийгээр хуучирч муудсан ч өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Зэргэлдээ шахуу баригдаж байгаа 170 у/м төмөр бетон гүүр энэ долдугаар сард ашиглалтад орох учиртай.  Жил бүрийн цагаан сараар, намар ахмадын баяраар эмээ маань Авто замын газар гэж дөрвөн давхар том байшинд очиж хөнгөн цайллагад орж, тухайн цаг үеийн удирдлагуудаасаа гарын бэлэг аваад бөөн хөөр болдог байлаа. Эргээд бодох нь ээ нэг үе манай гэрийн халуун савны хангалт тэндээс л ирдэг байж. Эмээгийн минь хувьд туйлын эрхэм тэр тэр байшин, тэр баярт очиход нь бид ээлжлэн хүргэж өгч авдаг байсан сан. Шинэчлэлийн засгийн газрын шинэ бүтцээр Зам, тээврийн яам бие даан байгуулагдаж өнөөх дөрвөн давхар том байшинд бууриа зассан. Замчин өвөө, эмээгийн хүү өнөөдөр энэ байранд төрийн алба залгуулаад сууж байна. Эмээгийнхээ дарга байсан Б.Лувсан гуайтай сар шинэ болоод ахмадын баяраар түүх хүүрнэлдэн уулзаж, гавьяатай бууралд төрийн нэрийн өмнөөс гарын бэлэг гардуулж зогсоно гэдэг тохиолдлын учир явдал биш байх аа.

-Нэртэй нөлөөтэй ахынхаа дэмжлэгийг хэр олон авч байв. Энэ хэт шууд асуулт байх. Гэхдээ хариулбал илүү сайн.

-Одоогоор аливаа нэг дэмжлэг гэх зүйлийг аваагүй ээ. Авахгүй байхыг хичээдэг. Энэ нь миний хувьд ахыгаа хүндэтгэж буйн илрэл гэж ойлгож байна. 

ХАМГААЛАЛТЫН ПАТРОЛ МАШИНД УАЗ 469-ИЙН ДУГУЙ ТАВИАД, ГАЗ 53
МАШИНЫ АМОРТИЗАТОРЫГ МОНГОЛЧИЛЖ ТАВИАД Л ЯВДАГ БАЙСАН

-Та цагдаагийн тусгай, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан гэдэг. Харин яагаад гарчихсан юм бэ?

-Миний хувьд 1989 оноос “Говь” комбинат дээр Батбаатар гэж багш дээр очиж каратэгаар хичээллэж эхэлж байлаа. Харин 1990 оноос Д.Чинзориг багшийн Киокушин каратэгийн секцэнд хичээллэх болсон. Тухайн үед Д.Чинзориг багш маань цагдаагийн хар хувцастнууд гэж домогшсон тусгай тасгийн албаны тусгай бэлтгэл хариуцсан офицер байсан тул үе үе тусгайгийнхантай цуг бэлтгэл хийдэг байлаа. 1991 онд дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн дээд сургуульд конкурс өгөөд оноо хүрэлгүй мултарч орхисон.1992 оны хавар Цагдаагийн ерөнхий газрын Тусгай тасгийн дарга Ц.Уугангэрэл секцний анд Д.Загдхүү бид хоёрт тусгайд орж ажиллах санал тавьж, Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар орж 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн залуусын домог, бахархал болж байсан хар хувцастнуудын гэр бүлд орж байлаа. Д.Чинзориг багш дээр бэлтгэл хийдэг байсан залуус бараг бүгд л тусгай руу орчих юмсан гэдэг царай гаргадаг байсан нь лавтай, харин түүн дотроос бид хоёрыг сонгож тусгай тасгийн дарга өөрөө санал тавьж том итгэл хүлээлгэж, боломж олгож байсныг одоо ч мөн дотроо бодож явдаг юм. Тусгайд орсноор эр хүн байхын, баг гэж юу байдаг, багийн гишүүн гэж хэн байх ёстой зэрэгт биеэрээ болон сэтгэл оюунаараа суралцсан. Байх ёстой газраа яс байж, шаардлагатай тохиолдолд үүссэн нөхцөлд тохируулан зөв байрлалд шилжиж чадахгүй бол та багийн гишүүнээ үүрд алдах, өөрийгөө аюулд учруулж түүгээр зогсохгүй багаа аюулд учруулах аюултайг. Та бол багийнхаа бамбай, танай багийн гишүүн таны бамбай гэдгийг гүн ухаарч ойлгосон юм.    1995 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль гарч Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтнаар орж ажиллах болсон тул өргөдлөө өгч чөлөөлөгдөж байлаа. Чөлөөлөгдөхдөө ч мөн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар ордог журамтай байж. Хурлаа даргалж байсан Б.Пүрэв генерал “уул нь энэ хүүхэд ойр зуур хэл устай, боловсон хүчний бодлогод ороод явж байсан хүүхэд. Өөрөө нэгэнт чөлөөлөгдөе гэж байгаа бол явуулъя. Миний хүү сайн ажиллаарай” гээд гаргаж байсныг их тод санаж байна. Төрийн тусгай хамгаалалтын газарт жил гаран л ажилласандаа. Тухайн үед манай оронд айлчлан ирж байсан төрийн өндөр дээд хэмжээний зочдын болон төрийн гурван өндөрлөгийн хамгаалалтад заагдсан чиг үүргийн дагуу оролцон ажиллаж байлаа. Хүлээлт маань өндөр байсан байж ч магадгүй юм. Үнэндээ тухайн үед энэ газраас суралцах зүйл бага байсан тул өргөдлөө өгч чөлөөлөгдөж байсан.    

-Цагдаа, төрийн тусгай хамгаалалт тэр үед ямар алба байсан бэ. Харин одооны хүрсэн төвшин нь ямар болсон гэж хардаг вэ ?

-Төрийн албад тэр үед төсөв мөнгө үнэхээр тарчиг хэцүү байсан. Б.Пүрэв генерал бол НАХЯ татан буугдаж шинэ тутам байгуулагдаж байсан цагдаагийн байгууллагыг хамгийн хүнд цаг үед амжилттай удирдаж, ирээдүйн замыг нь засаж өгсөн гавьяатай буурал. Одоо эргээд бодоход тэр үед төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албадыг удирдаж байсан хүмүүст, алба хаагч нарт өнөөгийнх шиг ашиг сонирхлын зөрчил гэх зүйл үгүй байж. Бүгд л сэтгэлээрээ, бор зүрхээрээ төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан дүр зураг буудаг. ЦЕГ-ын шугамаар ирсэн зочдын хамгаалалтад тусгайгаас залуус ажилладаг байлаа. Тэр үед оросоор ярьчихдаг, англи, япон хэлээр ойр зуур ойлголцчихдог байсан болоод тэр болов уу зочдын хамгаалалтад нэлээд ажилласан. Ийм завшаанаар Б.Пүрэв генерал, Л.Гарамжил генерал, Ч.Амарболд генерал, Н.Гаравсүрэн, Ц.Жамьянсэнгэ хурандаа зэрэг монголын цагдаагийн түүх домог болсон эрхмүүдтэй ойр ажиллаж тэднээс сайхан дурсамж сонсох, суралцах зол тохиосон. Төрийн тусгай хамгаалалтын патрол машинд УАЗ 469-ийн дугуй тавиад, ГАЗ 53 машины амортизаторыг монголчилж тавиад л явдаг байсан үе. Хангалт юм тарчиг байж дээ. 

-Хүүшээ, Төрийн тусгай хамгаалалт шүү дээ. Тийм байсан гэж үү?

-Тийм байсан л юм даа. Харин энэ цаг үед бид агуулга, чанарт бус гоё сонсголонтой нэр, тооны араас л улам бүр яваад байх шиг. Тэр цаг үеийг бодоход өнөөдөр цагдаа, төрийн тусгай хамгаалалтынхан хангалт, хувцас хэрэглэл, тоноглол талдаа харьцангуй боломжийн болжээ. Миний үед ч дутагдалтай байсан хүнээ сургаж бэлтгэх асуудал одоо хир хоцрогдсон хэвээр л байна. Ер нь бол аль ч салбарт хүнээ сургаж бэлтгэх тал дээр, төсөвт олигтой мөнгө суулгаж өгөх тал дээр шийдвэр гаргагчид үнэхээр хойрго байдаг юм байна. Манай нэг сургагч багш хэлж байсан юм. “Тусгай албанд эхлээд хүнээ сургаж бэлтгэх учиртай. Харин бэлтгэгдсэн хүн өөрөө өөрт тохирох зэвсэг, хэрэглэлээ сонгож авдаг” гэж. Ер нь бол зэвсэг хэрэглэл, тоног төхөөрөмжийг гэрээ байгуулаад мөнгийг нь төлөөд л авчихаж болно. Харин сайн бэлтгэгдсэн мэргэжлийн дайчныг мөнгө төлөөд авчихаж болдоггүй. Энэ бол бүх салбарт жишиж үзэж болох кейс. Тухайлбал манай замын салбарт жишээ авахад барууны өндөр технологитой тоног төхөөрөмжийг худалдаад авчихсан компаниуд байна. Харин түүнийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж бодит гарах ёстой үр дүнг нь гаргаж чадах мэргэжилтэн гачаалтай байна.

-Хуулийн шинэтгэлийн энэ удаагийн өөрчлөлт хүчнийхний санаа сэтгэлд хүндхэн бууж байх шиг. Амьдралаа холбож явсан болохоор тэр хүрээнийхэнтэй ойр биз. Танд ямархуу бодол төрж байна?

-Хамт мөр зэрэгцэн алба хааж байсан нөхдөөс маань олон сайхан хурандаа төржээ. Мөрдэс зүүхээ болиод хориод жил болсон байна. Тэгэхээр өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэж ярихад төвөгтэй байна. Том улс гүрнүүдийн хөгжлийн загвар, аргачлалыг судалж суралцах нь зайлшгүй хэрэг. Харин тэдгээрийг шаблондож монголдоо хэрэглэх гэж зүтгэх нь муйхар явдал гэж санадаг. Тиймээс гадны сайн гэх зүйлсээс суралцан, судлан шинжилж өөрийн үндэстний түүхэн уламжлал, монгол хүний сэтгэл зүй, ёс заншил, эрс тэс уур амьсгалд нийцүүлэн асуудлын шийдлийг ончтой олж шийдвэрлэж байвал хэрэгжихэд амар, бас урт настай байх болов уу гэж боддог юм.   

-Таныг бие хамгаалах урлагийг гадаад оронд суралцаж эзэмшсэн, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн гэж уншсан.

-Тулааны урлагийн чиглэлээр бол киокушин каратэгийн хар бүс хоёр дан зэрэгтэй. Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байхдаа мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Францад төвтэй Олон улсын байгууллагын талаар сонсож байсан юм. 1998 онд интернет гэж ачтай тустай зүйлээр хайж байсан байгууллагаа олж холбоо тогтоосон юм. Шарль де Голль ерөнхийлөгчийн хамгаалалтын албыг сургаж бэлтгэн удирдаж байсан, шинэ цагийн бие хамгаалагчдын эцэг гэгддэг Францын тусгай албаны хошууч Люсьен Отт 1957 онд Парис хотноо “Олон улсын бие хамгаалагчдын холбоо”-г байгуулж байсан түүхтэй. Улс орнуудын засгийн газрын захиалгаар болон хувь бие хамгаалагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэдэг гол том олон улсын төрийн бус байгууллага юм л даа. Тодорхой кредит цагуудыг хангаж байж дараагийн шатны сургалтуудад ордог, онолын хичээлүүдийн дараа заавал үзсэн зүйлээ бодит нөхцөл байдалд өөрийн биеэр хийж туршиж үздэгээрээ уг байгууллагын сургалтын арга барилын онцлог оршдог. 1999 оноос эхлэн тус байгууллагын анхан шатны болон тусгай цуврал сургалтуудыг Лондон, зарим сургалтуудыг Ригад дүүргэж “Certified bodyguard” буюу хувийн дугаар бүхий мэргэшсэн бие хамгаалагч болсон. Түүний дараа сургагч багшийн сургалтыг дүүргэж 2003 онд сургагч багш болж мөн жилээ Хонгконг, Макаод сургалт удирдаж байсан. Нэг зүйл тодотгоход анхан шатны сургалтад заагддаг бие хамгаалагчдын түүх хичээлийн хөтөлбөрт Эзэн Чингис хааны амь насыг сахин хамгаалах үүрэг хүлээж, Их Монгол улсын цэргийн гол цөм болж байсан Хишигтэн цэргийн түүхээс товч боловч оруулсан явдал юм. Өөрийн багш болох уг холбооны тэргүүн Барон Кастлешортыг монголдоо урьж авчирч төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдад сургалт зохион байгуулж байлаа. Тухайн үед ТЕГ-ын даргаар одоогийн цагдаагийн дарга, генерал Б.Билэгт харин Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Ц.Уугангэрэл хурандаа ажиллаж байсан.

БУШИЙН ОЙР ХҮН БАЙХГҮЙ. ЯАГААД ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Бие хамгаалах урлагийн талаарх бидний ойлголт жаахан гэнэн талдаа санагддаг юм.

-Бие хамгаалагч гэж хүнийг сайн зодолддог эсвэл сайн бууддаг нэг тийм боевик нөхрийн дүрээр ганц монголд ч биш бусад улс оронд адил ташаа ойлгодог байдал түгээмэл. Үүний нэг тод жишээ нь олон улсын хэмжээнд бие хамгаалагчдын зах зээлд ажиллаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь сонирхогчид байдаг гэсэн судалгаа байдаг юм. Аливаа хүн гэр, ажил, бусад гэсэн үндсэн гурван орчинд амьдарч байдаг. Тэгэхээр хэн нэг онц чухал хүний аюулгүй байдлыг хангана гэдэг дээр дурьдсан гурван орчны болоод тэдгээрийн хооронд зорчих үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ойлгож болно. Ингэхдээ хэн, хэзээ, хаана гэсэн гурван асуултын хариуг нууцлан мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага бий болдог. Энгийн иргэд бол бие хамгаалагч гэж хамгаалуулагчийн дэргэд сүүдэр мэт дагаад яваад байгаа нөхрийг ойлгодог. Угтаа бол тэр хүн үүссэн нөхцөл байдалд нөлөөлж, хамгаалуулагчийг аюулгүй орчинд шилжүүлэх үүрэг хүлээсэн  системтэй ажиллагааны нэг хэрэгсэл юм. Терроризмтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтанд ирж болох аюул эрсдлийн хэмжээ өсөж байна. Амь нас нь онцгой үнэтэй чухал хүмүүсийн амь насыг хамгаалж ажиллаж байгаа мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн хүн гэдэг бол том хүндлэл хүлээж байдаг хүмүүс. Чи сайн мэргэжилтэн байхын тулд сайн террорист байж тэр хэмжээнд учрах эрсдлийг хааж чадна гэдэг. Энэ бүхэнтэй уялдаад бие хамгаалалтын арга ажиллагаа улам нарийн төгөлдөржиж бие даасан салбар болон хөгжиж байна. Энэ л арга ажиллагаанд тодорхой түвшинд суралцаж мэргэшсэн юм л даа.

-Та бүр энэ чиглэлээрээ зэрэг хамгаалсан юм билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж болохуйц хамгаалалт байсан гэж сонссон.

-Бага биш зардал гаргаж энэ чиглэлээр суралцсаны хувьд тодорхой зүйл хийх олон шалтгаан сэдэл байсан л даа. Хэдийгээр диплом хамгаалалтаас хойш болсон явдал ч тодорхой жишээ болж чадах нэг түүх ярья. 2005 оны 11 дүгээр сард АНУ Ерөнхийлөгч Буш монголд айлчилж Их тэнгэрт бэсрэг наадам хийж байгаа үеийн нэг фото зураг. Энэ нь ямар зураг вэ гэхээр манай төрийн гурван өндөрлөг Бушийн хамт дөрвүүл олноос захдуу яриа өрнүүлээд зогсож байгаа зураг юм. Манай гурвын хойх нь талд нь тус бүр нэг нэг хамгаалагч, харин Бушийн ойр хүн байхгүй. Яагаад гэж бодож байна Та?

-Мэргэжлийн хүн биш учраас би яаж мэдэхэв, Яагаад?     

-Хамгаалуулагчийн байх бүсийн аюул эрсдлийг шалгаж аюулгүй гэдгээ тогтоон, хамгаалалтад авсан бүсдээ хамгаалуулагчаа аль болох чөлөөтэй байлгаж байгаа хэрэг. Харин манай хэд Бушаас даргаа хамгаалаад байгаа, нөгөө бол ерөнхийлөгчөө их хурлын даргаас хамгаалаад байгаа нь тодорхойгүй. Дэлхийд үнэлэгддэг айлын хамгаалагчид бол аюулгүй бүсээ тогтоогоод хамгаалалтад авчихсан байдаг, мэргэжил нэгтнүүд маань тэр дүр зургийг хараад “яагаад”  гэсэн маягтай л харцгааж байсан болов уу.  Түүнээс хэдэн жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарт төрийн тусгай хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа талаар захиа бичиж байжээ бас. Нас залуу жаал омголон байсан юм болов уу даа. 2004 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалахдаа дипломын ажлаа “Төрийн тусгай хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх цаг үеийн шаардлага” сэдвээр бичсэн юм. Төрийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдал гэдэг бол нөгөө талаасаа төрийн аюулгүй байдал байдаг. Тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд түүнд ирж болох аюул эрсдлийг судлан шинжлэх нь зайлшгүй. Энэ нь гаднаас болон дотоодоос учирч болох эрсдэл гэж хуваагдаж таарна. Гаднаас учирч болох эрсдлийн тухайд гэвэл тэргүүн ээлжинд хоёр том хөрш маань гол судлагдахуун болно. Яагаад гэдэг асуултад Монгол төрийн  өндөр албан тушаалтнуудын түүх бэлхэнээ хариулт болно. Харин өнөө цагийн болон ирээдүйд учрах эрсдэл ямар түвшинд байх вэ гэдгийн тусгайлан судлах гээд хийх зүйлс ар араасаа цуврана. Сүүлд дурдьсан зүйлсийн талаар дипломын ажилдаа сүрхий дурьдаагүй ч төрийн тусгай хамгаалалтад байгаа хамгаалуулагчдад учирч болох эрсдлийг судлан тогтоож, түүнийг хэрхэн бууруулж зайлуулах арга ажиллагааны талаар голлон бичсэн ажил юм. Тийм ч учраас Академийн эрдмийн зөвлөлөөс дипломын ажлаа нууцын зэрэгт оруулах нь зүйтэй гээд нууцалсан. Дипломын сүүлийн хамгаалалт дээр Б.Чимэд багш энэ асуудлуудаа эртнээс ҮАБЗ-д тавьж танилцуулж байхгүй яасан юм гэж зэмлэх маягтай байснаа, хэд хэдэн асуулт тавьж хариулт сонсоод, дипломын ажлыг ҮАБЗ-д зөвлөмжөөр хүргүүлэх санал гаргаж байсан юм. Хамгаалалт маань ч сүрхий өндөр үнэлгээ авч, эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ҮАБЗ-д зөвлөмжөөр хүргэгдсэн. Дараахан нь албаны хэдэн хүн бас дуудаж уулзсаан. Гэвч санаачлага, улс төрийн явцуу эрх ашиг, төсөв мөнгө гэсэн шалтгаануудаас тусгай албад олигтой бэхжиж чадахгүй л байгаад байна даа. Компьютерийн антивирус програм гэдэг нь компьютерийг вирус, халдлага аюулаас хамгаалж байгаа систем шүү дээ. Байнга апдэйт буюу баяжилт хийгдэж ажиллаж байж үүргээ гүйцэтгэнэ. Аюулгүй байдлыг сахин хангуулж ажилладаг тусгай албад яг антивирус програм шиг тасралтгүй баяжиж, хөгжиж байж үүргээ гүйцэтгэх дархлаа нь бүрэлддэг учиртай.

-Таныг JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч байсан гэж сонссон. Энэ байгууллагын талаар та манай уншигчдад тодорхой ойлголт өгч болох уу?

-JCI байгууллага нь 2015 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх Дэлхийн 120 орны 200 мянга орчим залуусыг нэгтгэсэн Олон улсын төрийн бус байгууллага юм. “Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох” гэсэн эрхэм зорилготой 18-40 насны залуучуудаас гишүүнчлэлээ бүрдүүлдэг НҮБ-ын зөвлөхийн статустай, жил бүр НҮБ-ын төв байранд хамтарсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг улс, төр шашинаас ангид өөрийн Үндсэн хуультай байгууллага. Хувь хүний хувьд хөгжиж чадсан иргэн хүн нийгэмдээ эерэг өөрчлөлтийг илүүтэйгээр бүтээж чадах учраас гишүүдийнхээ хөгжлийн асуудалд түлхүү анхаарч, лидер байх урлагт сургаж, нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хийнгээ суралцах зарчмаар гишүүдээ давхар хөгжүүлдэг. 100 жилийн түүхэнд JCI байгууллагын гишүүдээс өөрийн улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын гишүүд, дэлхийд нэрээ дуурсгасан бизнесмэнүүд олноор төрөн гарсан байдаг. Манай улсын хувьд 1992 оноос JCI байгууллагад гишүүнээр элсэж, 1995 онд бүрэн эрхэт гишүүн байгууллага болсон түүхтэй. Өнөөдрийн байдлаар JCI Монгол байгууллага нь 12 салбар байгууллагатай 600 орчим гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. JCI байгууллагын дүрмийн дагуу аливаа албан тушаалыг нэг хүн нэг л удаа нэг жилийн хугацаанд хашдаг. Энэ нь тухайн хүнийг нэг жилийн хугацаанд өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан шаргуу ажиллах, нөгөө талаас аль болох олон залууст манлайлагч байх боломжийг олгодог олон жилийн турш чанд мөрдөж ирсэн тогтолцоо юм. Миний хувьд JCI байгууллагад 2003 онд гишүүнээр элсэж дүрмийн дагуу олон шат дамжлагыг давж явсаар JCI Монгол байгууллагын 18 дахь Үндэсний Ерөнхийлөгчөөр сонгогдон 2011 онд ажиллах хувь тохиосон юм. JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улстөрчдөөс дурьдахад өнөөгийн УИХ гишүүн Л.Болд, М.Сономпил, С.Одонтуяа, бизнесменүүд гэвэл П.Батсайхан, Г.Ганболд, Ж.Оджаргал, С.Сэргэлэн гээд олон байна аа. JCI-ийн гишүүн байсан улстөрч, бизнесменүүд гэвэл урт жагсаалт гарнаа. Миний хувьд JCI байгууллагын гишүүн болсноор олон зүйлийг олж, их зүйлд суралцсаныг энд онцолмоор байна. Чамгүй олон улс орныг үзэж, тухайн улсын амжилттай гялалзаж яваа залуустай, төрийн өндөр албаны хүмүүстэй нь уулзаж танилцан нөхөрлөх боломжийг JCI байгууллага надад өгсөн. 2011 онд Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа JCI Японы 60 жилийн ойд уригдан оролцож хар костюм, цагаан цамцаар ижилссэн 10 мянган гишүүний өмнө JCI Монголын гишүүдээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж үг хэлж зогсоход бас л сайхан мэдрэмж төрж байсан шүү.          

ДОТООДДОО ЗӨРЧИЛТЭЙ БАЙХАД ИХ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО, НӨЛӨӨ БАЙНГА ҮЙЛЧИЛЖ БАЙДАГ УЛСУУДЫН НЭГ НЬ МОНГОЛ

-Монгол орон олон үеийн турш хөрсөн дороо дарж хэвтсэн баялагаа эргэлтэд оруулах түүхэн шийдвэрүүдийн эхний үеийг гаргаад, эргэж буцаж будлиад л явж байна. Үүнийг дагасан дотоодын үл ойлголцол мөддөө цэгцлэгдэхгүй юм шиг байна. Та өнөөгийн нийгмийнхээ уур амьсгалын талаар юу гэж боддог вэ. Хэзээ бид ерөнхий агуулгаараа амар тайван болох бол?

-Бид хуурамч ардчилалдаа хууртан, ардчилал хэмээн эндүүрч, ярих ярихгүй юмаа дэндүү гэмээр ил задгай ярьдаг болж. “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэх ардчиллын зарчим байдаг. Жишээ нь, Дорж нэг газар ороод жаахан халамцаад сэтгэлээ онгойтол дуулмаар байвч хажуугийн ширээний хосуудын амар тайван байдлыг алдагдуулж эрхийг нь зөрчих тул Дорж чимээгүй байх учиртай. Хэрэв дуулаад дэвээд эхэлбэл та бусдын эрхэд халдсан болж шийтгэл хүлээж, магадгүй бүр түр хугацаагаар хоригдоно. Бид 1990 онд ардчилал гэж энэ л зүйлийг сонгож замдаа гарснаас хойш 25 жил болж байна. Дорж тэгтэл өнөөдөр дуулж байна, доромжилж дайрч, бүр зодож байна. Эрх нь зөрчигдсөн хосуудын эрхийг хамгаалж өмөөрөх учиртай Төр хүчгүй болжээ. Хуурамч ардчилал бол хариуцлага, сахилга бат, шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгож хөгжилд бодит хор хүргэдэг” гэж Сингапур улсыг цогцлоосон Ли Куан Ю хэлсэн байдаг. Яг л ийм нөхцөл байдал өнөөдрийн Монгол оронд минь нүүрлээд байх шиг. Та нэг зүйлийг анзаарсан уу. Монгол төрийн дээд албан тушаалд ажиллаж байсан, ажиллаж байгаа эрхмүүд “Эв нэгдэл” гэж үгийг амнаасаа элбэгдүү унагаад онцлоод байгааг. “Эв нэгдэл” дутагдаад байгааг тэд зүрх, сэтгэлээрээ мэдрээд байна. Дотооддоо зөрчилтэй байхад их гүрнүүдийн бодлого, нөлөө байнга үйлчилж байдаг улсуудын нэг нь монгол улс. Ямар улс, үндэстнүүд тийм түймрийг гарамгай тавьж өөртөө давуу тал үүсгэж байсныг уншигчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Төр хүчгүй байна.  Явцуу, бүлэглэлийн биш түмэн олныхоо том эрх ашиг дээр багцалсан таван сум мэт зангидагдаж чадсан цагт Төр хүчирхэгжинэ. Тэр цагт Дорж хажууд чарлахаа больж, амар тайван тогтох болов уу. 

-Таныг “Монголын төмөр зам” компанийн захирлаар томилогдоход маш их басамжлал явж байсан. Ер нь манайд залуу үеээ басах, үүл итгэх хандлага нэлээн ужиг байдаг. Энэ үеийг яаж давсан бэ?

-“Үнэн үг гашуун байдаг” хэмээдэг. Үнэн биш үг тэгэхээр гашуун биш байх нь. Тиймээс рашаан болог ээ гээд хүртэчихэд харин ч шимтэй байх бус уу. Хувьдаа мөрддөг нэг зарчим байдаг юм. Уулзаж нүүр учирч, хөөрөлдөж ярилцаж, дотоод ертөнцийг нь бага ч болов өнгийж үзээгүй хүнийхээ талаар аливаа зүйл, тэр дундаа муу үгс унагахгүй байхыг хичээдэг. Үүнийгээ ойр тойрныхондоо хэлж ярьж хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Ялангуяа сэтгүүлчид маань үүн дээр тун их анхаармаар санагддаг юм. Захирлын ажлын тухайд гэвэл УИХ-аас бодлого болж гараад ЗГ-аас хэрэгжүүл гэчихсэн мөртлөө хэрэгжүүлэх боломж олгохгүй байсан шийдвэр гаргагчдад УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг таниулж ойлгуулах, төслөө эхлүүлэх санхүүжилтээ шийдүүлэх гэж гүйж байтал хоёр жилийг ардаа орхисон. Тэр хэл амны даваа мавааг анзаарах сөхөө завдал гараагүй ээ. Анзаарлаа гээд ч яах юм. Жингийн цуваа явдгаараа л явна. 

-Хөрөнгө мөнгө шамшигдуулсан, буруу шийдвэрүүд гаргасан гэх шүүмжлэлт материалууд явж байгаа харагдах юм. Тодорхой тоо хэлбэл, 60 сая долларын зүтгүүр тойрсон асуудлаар таныг их бичих юм. Энэ асуудлыг нэг сайхан тайлбарлаад өгөөч?

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдаж Х.Баттулга гэж хүн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг тусгайлан байгуулсан мэтээр андуу ойлгож бичих нь элбэг байдаг. Мянганы сорилын сангаар дамжуулан УБТЗ ХНН дээр хэрэгжүүлэх гэж байсан төсөл амжилтгүй болсноос үүдээд цаашид төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, түүний чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр үүсэн өмчийг эзэмших, ашиглах чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэрийг 2008 оны 3 сард ЗГ-ын 82 дугаар тогтоолоор гаргаж байсан байдаг. Мөн тогтоолд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах гурван зүтгүүрийн өмчлөгч нь “Монголын төмөр зам” ТӨХК байж УБТЗ ХНН-д түрээслүүлэх тухай заасан байдаг. Төмөр замын агентлаг тухайн үеийн эрэлтдээ тулгуурлан ЗТБХБЯаманд санал оруулж БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд “China CNR Corporation Limited” корпорацитай гол замын 5, сэлгээний 1 зүтгүүр, ачааны 245 вагон, 2 чингэлэг өргөгчийг худалдан авах 35.7 сая ам.долларын гэрээг 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулж байж. “Зам барилга, засварын хөдлөх  бүрэлдэхүүний  паркийг  нэмэгдүүлэх”  төслийг боловсруулж “China CSR Corporation  Limited” корпорацитай Чигжигч машин 2ш, Замын динамик тогтворжуулагч машин 2 ш, Балласт цэвэрлэгч машин 1ш, Балласт тохируулагч машин 2 ш, Хоппер вагон 57 ш,  Мотовоз 1ш худалдан авах нийт 28,5 сая ам.долларын гэрээг 2010 оны 12 дугаар  сарын  29-нд  байгуулсан байдаг.

-Жаахан байж байгаарай. Баахан тоо яриад унахаар самгардах гээд байна. Эдгээр эд ангиуд гэх юм уу даа. Энэ бүх зүйлс гэвч манайд яг орж ирж дууссан уу, үгүй юу?

-Гэрээний дагуу хөдлөх бүрэлдэхүүн, механизмууд үйлдвэрлэгдэн 2011-2013 онд захиалагчид нийлүүлэгдэж дууслаа. Өмчлөх компанийн захиралын албыг хашиж байсны хувьд хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээт хугацаанд нь хүлээж авах тал дээр гүйцэтгэгч талуудыг нэлээд шахаж ажиллаж байсны дүнд зарим хөдлөх бүрэлдэхүүн хугацаанаасаа өмнө ч ирж байсан. Зүтгүүр гэхээр яагаад нүүгэлсэн бараан байх ёстой юм гэж ярилцаад үе үе цолоо дуудуулж зураг нь тавигдаад байгаа 6 зүтгүүрийн будалтын дизайныг зураач М.Чимэддорж гуайтай хамтран үндэсний онцлогыг тусгаж, хар улбар шар өнгө хослуулан хийлгэж байсан. Энэ бүхэнд ямарваа нэмэлт зардал гараагүйг харин бүр онцлоё. Дээр дурьдагдсан бүх хөдлөх бүрэлдэхүүн, механизмыг УБТЗ ХНН-д түрээслүүлэх төлөвлөгөөтэй байсан.             

-Бас л зовлонтой юм даа. Төрийн ажил хүртэл бие биенээ “алах” маягаар явагдаад байгаа дүр зураг хааяа мэдрэгдээд байх юм.

-Үнэхээр юу ч гэмээр юм бэ дээ. Юутай ч би саяны асуултад хариулаад дуусгачихая. Хөдлөх бүрэлдэхүүнүүд нийлүүлэгдэх 2-4 жилийн хугацаанд УБТЗ ХНН хөдлөх бүрэлдэхүүний гачаалаасаа гарч тодорхой түвшинд асуудлуудаа шийдчихсэн нь эргээд “Монголын төмөр зам” ТӨХК-даа хүндээр туссан. Хоёр Засгийн газар дамжин яригдаж байгаа ийм л асуудал юм шүү дээ.  

ӨНӨӨХ СОНГОДОГ ТАШАА ОЙЛГОЛТООР Х.БАТТУЛГА ГЭДЭГ ХҮНИЙ
ДЭРГЭД СҮҮДЭР МЭТ БИЕ ХАМГААЛАГЧААР АЖИЛЛААД БАЙСАН БОЛ...

-Ёс суртахууны хувьд таныг бие даасан хувь хүн гэхээс илүүтэй Х.Баттулгын хүн гэх ганцхан цонхоор авч үзээд байх гунигтай санагддаг уу. Та ер нь түүнтэй яг ямар холбоотой хүн бэ?

-2000 онд гэрээт харуул хамгаалалтын тухай хууль батлагдахад энэ чиглэлийн анхны компаниудын нэг болж ажиллаж ирсэн. Манай компанийн  том харилцагч үйлчлүүлэгч нь Женко групп, түүний охин компаниуд байсан нь маргашгүй үнэн. Бид элчин сайдын яамд, дипломат байгууллагууд зэрэг олон байгууллагуудыг ч мөн хамгаалдаг байсан. Өнөөх сонгодог ташаа ойлголтоор Х.Баттулга гэдэг хүний дэргэд сүүдэр мэт бие хамгаалагчаар ажиллаад байсан бол дээр өгүүлсэн бүхнийг хэрхэн амжуулах уу. Хүндэтгэж хайрлахаар энэ хүнтэй ах дүүгийн ёсоор 15 жил сайхан нөхөрлөж байна. Эх орноо гэсэн сэтгэлээр аливаад ханддаг, өргөн өнцгөөр далайцтай сэтгэж, санаснаа цогцлоож, зорьсондоо хүрч чаддаг энэ хүнээс суралцаж л явна.

-Яах аргагүй л Х.Баттулгын хүн юм байна.

-Тийм ээ, би монголд ихийг бүтээсэн, илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг тэр хүн надад тавьсан. Одоогийн энэ албан тушаалд ажиллах саналыг мөн л тэр хүн тавьсан. Энэ бүхнийг би эх орон, нийгэмдээ эерэг сайн зүйл бүтээх боломж л гэж харж ажилладаг.         

-Ингэхэд Х.Баттулга яг хэн юм бэ. Тэр хамгийн ойлгомжгүй ч хүн юм шиг. Эсвэл хамгийн тодорхой ч хүн юм шиг. Хүнд байдлаас зугтдаггүй, урсгалтай хэл амаа ололцон аялаж биш тэрсэж, ганцаардаж яваа ч хүн юм шиг. Эсвэл бүр эсрэгээрээ түүний тусгаар тогтнолын тухай ойлголт жаахан хоцрогдсон, өрөөсгөл. Түүнээсээ болоод зовж яваа ч хүн юм шиг.

-Макро, микро сэтгэгчид гэж байна. Өнөөгийн улс төр, шийдвэр гаргагчдын хүрээнд макро сэтгэгчид үгүйлэгдэж байна. Макро сэтгэгчид ховор гачаалтай байгаа гэхээр үлдсэн нь микро сэтгэгчид байх. Макро түвшинд сэтгэж, асуудлыг өргөнөөр харж чаддаг цөөн хүний нэгийг Х.Баттулга гишүүн гэж хардаг. Аль ч нийгэмд тэд цөөнх байдаг учраас тэднийг шууд ойлгож харьцахад бэрхшээлтэй байдаг. Асуудлыг макро түвшинд харж бидэнд зөвлөөд байгаа Д.Бямбасүрэн гуайг бид гүйцэд ухаж ойлгож чадахгүй л байгаа шүү дээ.  Төрийн зүтгэлтний улстөрчөөс ялгарах ялгаа бол улстөрч дараагийн сонгуульдаа төвлөрдөг, харин төрийн зүтгэлтэн бол хойч үе тэдний ирээдүйн төлөө зүтгэдэг гэсэн утгатай үгийг Уинстон Черчилль хэлсэн байдаг. Үүнээс дүгнэж харах юм бол өнөөгийн төрийн эрх баригчид дунд төрийн зүтгэлтэн хэд байгаа бол...

-Та өнөөдөр бодлогын нэгэн гол яамны Төрийн бичгийн даргын албыг хашиж байна. Төрийн мэдлийн компани толгойлох, Төрийн яамны гал тогооны ерөнхий зохицуулагч байх хоёр хэр ялгаатай юм. Төрийн энэ өндөр албан тушаалаас юу мэдэрч байна вэ?

-Монголын төмөр зам компанийн захиралаар ажиллах үед бол хөдлөх бүрэлдэхүүнээ ашигтай ажиллуулах, Шинэ төмөр замын төслийн ажлыг урагшлуулах гэсэн Төмөр замын салбарын хөгжлийг харж ажиллаж байсан бол Зам, тээврийн яамны ТНБД-ын ажил бол салбарын хөгжлийг бүхлээр нь харж ажиллах шаардлагатай болж байгаа нь тодорхой юм. Хөгжиж байгаа улс оронд зам, тээврийн салбар нь хөгжлөө чирч дэмжлэг үзүүлдэг байхад манай тухайд бол хөгжилдөө зам, тээврийн салбар нь чирэгдэж байна. Нэгэнт УИХ-аас батлан гаргасан бодлогоо хэрэгжүүлэхгүй хугацаа алдаж байгаа нь эргээд салбарын хөгжилд нөлөөлж байгаа нь тодорхой юм. Өнөөдөр монгол улсад эрх зүйн орчин нь харьцангүй бүрдэж ажиллаж байгаа автозамын, төмөр замын, иргэний агаарын, усан замын гэсэн дөрвөн тээврийн төрөл дээр хөгжлийн шаардлагаар хоолойн болон туузан дамжуургын гэсэн хоёр тээврийн төрөл нэмэгдэж хөгжихөөр болж байна. Тиймээс бидний хувьд цаг алдалгүй нэгдсэн тээврийн бодлогын концепцээ гаргаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж ажиллах нь чухал байна. Энэ бүхний урьтач ажил бол өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудыг хийж эхлүүлэх. Харин үүнийг хийх судалгааны байгууллага, төсөв хөрөнгө дээр том асуултын тэмдэг гарч ирнэ. Богино хугацаанд үсрэлттэй хөгжилд хүрч чадсан бүхий л улс орнууд шинжлэх ухааны салбартаа, судалгаа шинжилгээндээ тэргүүлэх ач холбогдол өгч төсөв зардлыг нь боломжит дээд хэмжээнд нь хувиарлан өгч улс төрөөс ангид ажиллуулсан байдаг. Шинжлэх ухааны салбар нь эргээд төрдөө онолын үндэстэй ончтой, алсыг харсан бодлого гаргахад эерэгээр нөлөөлж сайн засаглалын нэгэн бүрэлдэхүүн болж иржээ.

Хуучин “Үнэн” сонины нүүрнээс Шинжлэх ухааны академи буюу ШУА гэдэг товчлолыг бараг өдөр бүр шахуу хардаг байсан бол одоо сонины болон сайтын нүүрээс ШУА товчлолыг олж үзэхгүй шахуу болжээ. Түүний оронд УУ (уул уурхай ) товчлол жинхэнэ моодонд орж дээ. Аливаа салбарын хөгжлийн асуудлаар судалгаа шинжилгээний ажлыг яамны бүтэц түүнд ажиллаж байгаа албан хаагчдын хүчээр хийх боломж үгүй юм. Судалгаа шинжилгээний ажил гэдэг тусдаа арга зүйтэй мэргэшсэн ажил байдаг. Засгийн эрхийг авсан улс төрийн хүчин нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд яамдаа шахаж, яамны хүчээр хийсэн суурь судалгаагүй баримт бичгүүд албажаад байгаа нь эргээд хөгжилдөө тушаа болоод байгаа байдал салбар бүхэнд шахуу харагдаж байна. Энэ албанд ажилласанаар Төрийн үйл хэрэгт судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага ихээр үгүйлэгдэж байгааг илүүтэй мэдэрч байна.

-Өнөөдөр монголчууд төмөр замын бодлогоосоо болоод улс орон даяар өрнөсөн том үл ойлголцолд автчихлаа. Нэг тал нь гарч ирээд тайлбарлахаар зөв ч юм шиг, нөгөө тал нь босч ирээд нөгөө талаас нь тайлбарлахаар зөв ч юм шиг. Ингэсээр байтал монголын нүүрс улам үнэгүйдлээ.

-Х.Баттулга гишүүнийг ЗТБХБ-ын сайдын ажлыг авах үед урагшаа хил даван гарах хоёр төмөр замын зөвшөөрөл олгогдчихсон байсан. Хятадад айлчлан төмөр замын сайдтай нь уулзах үеэр өмнөх дарга нартай чинь зөвшилцөж байснаар бид одоо байгаа боомтоос гадна долоон газраар төмөр замаа төлөвлөн барьж байгаа тухай дуулгасан гэдэг. Удалгүй оросын талаас хамтарсан компани байгуулж Таван толгой–Сайншандын чиглэлд төмөр зам барих, эзэмших эрхийг нь УБТЗ ХНН-д өгч тэднээр тээврийг нь хийлгэх санал тавьж багагүй судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Салбарын сайдын хувьд дээр өгүүлсэн бүхэн монголын эрх ашигт нийцэх эсэхэд эргэлзсэн учир стратегийн дэд бүтцийн асуудлыг УИХ-аар шийдүүлж бодлого гаргах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байдаг болов уу. Чамгүй өргөн хүрээнд судалгааны ажлууд хийгдэж, олон газраас санал авч бодлогын баримт бичгийг боловсруулсан байдаг. Эцэст нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр УИХ-аар батлагдсан бодлогын баримт бичиг нь орос болон Хятадын саналаас зайлж бие даасан өөрийн сүлжээг барьж байгуулах алс хэтийг харсан шийдвэр болсон байдаг. Х.Баттулга гишүүнийг оросын талыг баримтлагч гэх байдлаар ярьж бичдэг. Оросын талаас тавьж байсан саналаас татгалзаж нэгдсэн сүлжээг бие даан байгуулах бодлогын баримт бичигт туссан шийдэлд оросын тал таатай байгаагүй гэдгийг энд дурьдмаар байна. Дээр өгүүлсэн бүхэн бол 2011 оноос хойш энэ асуудалтай ойр ажиллаж байгаа хүний хувьд өнгөрснийг өөрийн өнцгөөр тоймлон дүгнэж байгаа хэрэг юм шүү. Түүнээс биш Х.Баттулга гишүүн болон өөр хэн нэгэн тэгэхэд тэгсэн, тэгэхээр нь тэгсэн юм гэж ярьсан зүйл биш гэдгийг онцолж, тэмдэглэе. 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төмөр замын бодлого батлагдаж мөн оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн ЗГ-ын тогтоолоор Монголын төмөр зам компанид шинэ төмөр замын төслийг хариуцуулсанаас хойш хоёр жил гурван сарын дараа буюу 2013 оны 2 дугаар сард Шинэ төмөр замын төсөлд Монгол улсын Засгийн газар анхны санхүүжилт олгож эхэлсэн юм шүү дээ.

-27 сарын дараа.

-Тийм. 27 сарын дараа.

Хойт эх нь хүүхдээ талх авчир гэж мөнгө өгөхгүй хөөж гаргаад, толгойгоо илээд мөнгө гээд эргээд орохоор эцэгт нь чиний энэ хүүхэд чинь тэгсэн ингэсэн гэж үлгэр ярьж хүүхдээ нийлж балбаад байгаа дүр зураг Шинэ төмөр замын төсөлд яв цав нийцэх жишээ болж чадна. Хойт эх мөнгө өгсөн бол хүү талхаа төвөггүй аваад л гэртээ гүйгээд орно шүү дээ.      

-Орос, Хятадын саналаас татгалзсан гэж байна. Тэгээд яагаад нарийн царигаас тэгтлээ их цэрвэж болгоомжлоод байдаг юм бэ. Ингэж нэг асууж үзье. Учир нь ойлголттой ойлголтгүй олонлог одоо энэ сэдвээр л хэрэлдэцгээж байна.

-Болгоомжлох эрсдэл байгаа болоод л тэр биз. Би бол бодлого гаргагч биш бодлого хэрэгжүүлэгч учраас тэр нь зөв энэ нь зөв гэхээс түдгэлзэж байна. Харин аюулгүй байдлын асуудлаар юм уншиж судалж байдаг хувь хүнийхээ хувиар зарим нэг бодох ёстой зүйлийн талаар хэдэн үг хэлье. Дэн Сяопинаас нэгэн удаа та АНУ-ын талаар юу гэж боддог вэ, америкийн ирээдүйг хэрхэн харж байна хэмээн асуусанд 200 жил гэдэг бол аливааг дүгнэж хэлэхэд бага хугацаа, уучлаарай гэсэн гэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл өмнөд хөрш маань цаг хугацааг өөрөөр хэмждэг. Тодруулбал зуунаар, мянганаар харж төлөвлөж үр дүн гаргаж ирсэн түүхтэй, соёлтой улс юм. Аюулгүй байдал, цэрэг арми гэлтгүй улс төрчид, бизнесменүүдийн шимтэн судалдаг нэг зохиол бол Күнзтэй нэгэн цаг үед амьдарч байсан Сүнз гэх цэргийн жанжны бичсэн “Дайтахуйн ухаан” хэмээх 13 бүлэг бэсрэг зохиол байдаг юм. Энэ нь тэр цаг үеэс судлан мөрдөж ирсэн хятадын дайтахуун ухаан, номлол юм. Эндээс мөн уг үндэстний цаг хугацааны ойлголтын талаар мэдэж болно.  Урд хөрш маань зуунаар, мянганаар харж байхад бид дөрвөн жилээр хараад байдаг. Энэ тухайд бидний монголчууд сайтар тунгаан бодох учиртай юм. Бидний түгээмэл ойлголтоор ялалтыг шатрын ялалтаар ойлгож төсөөлдөг. Гэтэл өмнөд хөрш маань ялалтыг өөрөөр ойлгодог. Го дам гэж та мэдэх байх. 19х19 шугамын огтлолцолтой хөлөг дээр хар цагаан тус бүр 180 чулууг ээлжээр өрж тоглодог наадгай. Чулуунууд өөр хоорондоо хэрхэн тасралтгүй холбогдож стратегийн гэх байршилд хэрхэн байршиж чадсанаар ялагч тодордог. Үүний ард өнөөх цаг хугацааны ойлголт, өрсөлдөгч талаа өөрийн соёл, заншилд уусган нэгтгэх гэж ухаан явж байдаг аж. Нэвчих, уусгах. “Монгол бол арлын орон. Заавал усан дотор байхаараа арал болохгүй. Цунами заавал усаар ирэхгүй шүү дээ” гэж Н.Жанцанноров гуай зуун эрхэм нэвтрүүлэгт орохдоо хэлж байсныг энд давтаж хэлмээр байна.

-Тусгаар тогтнолын тухай ойлголтууд бол маш нарийн ойлголтууд байдаг.  Өнөөгийн энэ цаг үед бид эдийн засгийн тусгаар тогтнол дээр нухацтай сууж бодолцох ёстой болов уу?

-Дэлхийн улс гүрнүүд хятадын зүгээс ирэх цэргийн дайны аюулаас илүүтэйгээр эдийн засгийн аюул эрсдлээс хамгаалах арга хэмжээнүүдэд түлхүү анхаарч ажиллаж байгаа талаар судлаачид ярьж бичиж байна. Үүний нэг жишээ бол АНУ-ын Конгрессын дэргэд Хятадын эдийн засгийн аюул эрсдлийг судлан шинжлэх үүрэгтэй байнгын хороог байгуулан ажиллаж байгаа. Орос Америкийн хүйтэн зэвсгийн хүнд цаг үед ч ийм өндөр түвшинд конгрессын дэргэд ийм бүтэц ажиллаж байгаагүй тухай мэдээлэл юм. Тусгай албад, судалгааны байгууллагууд маань хэдий чинээ хүчтэй үр дүнтэй ажиллана тэр хэмжээгээр учирч болох бодит эрсдлийг урьдчилан харж, эрсдлээс зайлж алсыг харсан шийдвэр гаргахад нөлөөлж чадах учиртай юм л даа уул нь. Аюулгүй байдлын салбарт “Хяналтгүй бүхэн эрсдэлтэй” гэсэн зарчим үйлчилдэг.

Заа ингээд зогсоё, үхэр бүр холдоод алга болох нь.

-Өөрийг тань ажлаас чөлөөлөх тухай санаачлагууд энд тэндээс цухалзаж байгаа харагдах. Та ямар нэг болзошгүйн өмнө хэр бэлэн байж чаддаг вэ?

-Хэн нэгэнд таалагдах гэж ажил хийвэл алсдаа бүтэлтэй зүйл болохгүй. Хийх ёстой зүйлийг зөв цагт нь, зөв хийвэл сайн хэрэг болно. Ийм зарчмаар ажиллахаар нижгээд хүмүүст гайхаж, гоочлох маягтай. Цаг нь цөвүүн цаг үе учир арга ч үгүй биз. Ингэлээ гээд би өөр дүр бүтээж чадахгүй шүү дээ. Хөндлөнгийн хүмүүс хэрхэн дүгнэх нь тийм чухал биш, өөрийн хамт олонтойгоо сайхан баг болж зорилгынхоо төлөө чармайж ажиллахыг чухалчилдаг. Цаг нь болоход хамт олныхоо өмнө нүүр бардам сайхан гар бариад гарах нь надад илүү чухал. Түүнээс тэнд хэдэн дарга нааш талтай байдаг, хамт олон хяламхийгээд байвал буруу зүйл болжээ гэж би ойлгоно. Миний л ойлголт, бодол шүү дээ.         

-Бас ажилдаа хэсэг ирээгүй гэж дуулсан. Юу тохиолдсоныг асууж болох уу. Ямар нэг дарамт шахалт болоогүй биз дээ?

-Яамнаасаа санаачлаад дөрөвдүгээр сард салбарын аварга шалгаруулах спортын наадам зохион байгуулж есөн баг оролцсон сайхан арга хэмжээ болсон юм. Эхний тэмцээн дөрөвдүгээр сарын 12-нд хөл бөмбөгөөр эхэлж яамны баг хожсоор гурав дахь тоглолт дээрээ баруун ахиллын шөрмөсөө тасалж орхисон юм. Гэмтэл дээр очиж хагалгаа хийлгэж залгуулаад гайгүй эдгээд гипсээ авхуулж ажилдаа ороод явж байгаад тавдугаар сарын 12-нд яг сарын дараа жаахан эвгүй гишгээд нөгөө залгуулсан шөрмөсөө дахиж таслаад урьдны бүх ажиллагаанууд давтан хийгдээд одоо нэг таягандаа ороод ажилдаа ирээд сууж байгаа нь энэ.    

-Та юунаас айдаг вэ?

-Хорвоод үүрдийн, мөнхийн гэх зүйл үгүй хэмээдэг. Миний хувьд үнэ цэнэтэй тэр бүхнээсээ жам ёсны бус байдлаар, өөрөөр хэлбэл хэмжээт хугацаанаас нь өмнө хагацахаас айдаг юм болов уу даа. Магадгүй та одоо шууд залгуулаад тэр үнэ цэнэтэй зүйлс чинь юу вэ гэх байх л даа. Энэ бол миний хувьд миний халуун ам бүл, эх орон, Монголын төр, түүний тусгаар тогтнол...    

-Намын гишүүнчлэлийн хувьд та аль намд харъяалагддаг юм бол?

-Одоогоор аливаа улс төрийн хүчин, намд гишүүн байж үзээгүй л явж байна. 

-Эр хүн гэж хэнийг хэлэх талаар манай монголчууд их авч үздэг. Ердийн нэг хүйс атал манайхан л дуу хуурандаа ч, домог түүхэндээ ч Эр хүн гэх дүрийг онцгойлоод байх шиг санагддаг. Тэгвэл таныхаар эр хүн гэж хэн бэ.

-Эмэгтэй хүн байгалаасаа хайр халамж, аюулгүй найдвартай байх нөмөр нөөлгийг эсрэг хүйстнээсээ хүсэмжилж байдаг гэдэг. Тэгэхээр дээр хэлснийг гүйцэлдүүлж чадах эрэгтэйг л эр хүн гэх болов уу.    

-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн үү, эсвэл...

-Асуултын шууд утгаар бол үгүй гэж хариулна. Хүн юуг гоё сайхан гэж үнэлнэ, түүнээсээ л таашаал авдаг амьтан гэдэг. Мөнгө их зүйлийг шийддэг ч хүнд аз жаргал гээчийг өгч чаддаг юм болов уу. Аз жаргал гэх ойлголт үнэлэмжээс буй болдог хэмээдэг. Би хувьдаа хоёр үндсэн данстай. Нэг нь ил үзэгдэх энэ насны хэрэглээний эд мөнгөний данс, нөгөө нь хэнд ч үл үзэгдэх буурлуудын буяныг хураасан, үр хойчдоо буян арвижуулж өвлүүлэх данс. Ил дансаа улайлгачихгүй, үл үзэгдэгч дансаа арвижуулж явахыг эрхэм болгодог.

-Хүн баян байх тусмаа харамч байдаг юм шиг санагддаг юм. Та энэ талаар анзаарч байсан уу?

-Эрхэлж байсан ажил мэргэжлийнхээ болон JCI байгууллагын ачаар олон алдартнуудтай уулзаж, ажил хэргийн харьцаатай байж үзлээ. Хор, гор нь гараагүй хүмүүс эдийн шунал тачаалаасаа ангижирч чадаагүй байдаг. Харин өөрийгөө олсон, бусдын төлөө сэтгэлтэй болсон хүмүүс эд мөнгөнөөс илүүтэйгээр өөр зүйлээс таашаал авдаг болсон байдгыг анзаарч тэднээс суралцахыг хичээдэг.      

-Өөрийг тань бүсгүйчүүд болон зугаа цэнгээн, морь, хөөрөг гаанстай нэг их холбодоггүй. Энэ талаар..

-Энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэдэггүй ээ. Хичээллээд ирсэн өөр олон сайхан спортын төрлүүд байна шүү дээ. Сэтгэл, бие организм маань ч дасчихсан, тэр төрлүүдээрээ илүү идэвхитэй хичээллэнэ ээ.

-Баярлалаа. Надад энэ уулзалт үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээлээ. Төсөөлж байснаас тэс өөр хүн байж дээ гэж би бодож сууна. Ахин уулзаж, өөр гоё сэдвүүдээр ярилцах боломж дараа олгоорой.

-Ийм нэр хүндтэй сэтгүүлчтэй ярилцах боломж олдсонд тун их олзуурхаж байна. Танд маш их баярлалаа. Биеээ сайн бодоорой.

-Баярлалаа. Дахин ярилцах эсэхээ хэлсэнгүй?

-Тантай ярилцахдаа ямагт таатай байх болноо.