Дэлхийн аварга – Е ХЭСЭГ
Европын энэ даруухан баг яагаад томчуудын урдуур орж хэсэг тэргүүлсэн бэ гэдэг асуулт сонирхол татах нь ойлгомжтой. Миний мэдэхээр Европын бүсээс хэсэг тэргүүлж буй хамгийн сул баг. 1998 онд хэсэг тэргүүлсэн Румын, Швейцараас хүчтэй байсан юм. Өөр тивээс 2006 онд Мексик хэсэг тэргүүлсэн байдаг ч, энэ жилийн Колумбаас хол илүү байсан юм.
Швейцар 0 – 0 Франц
2006 он, хэсгийн тоглолт
Хондурас 0 – 0 Швейцар
2010 он, хэсгийн тоглолт
ШВЕЙЦАР
Европын энэ даруухан баг яагаад томчуудын урдуур орж хэсэг тэргүүлсэн бэ гэдэг асуулт сонирхол татах нь ойлгомжтой. Миний мэдэхээр Европын бүсээс хэсэг тэргүүлж буй хамгийн сул баг. 1998 онд хэсэг тэргүүлсэн Румын, Швейцараас хүчтэй байсан юм. Өөр тивээс 2006 онд Мексик хэсэг тэргүүлсэн байдаг ч, энэ жилийн Колумбаас хол илүү байсан юм.
Швейцарын хамгийн гол зэвсэг хамгаалалт. Өмнө нь Швед, Дани, одоогийн Грекийн шигшээ шиг сүпэр од байхгүй ч, багийн чадвар сайтай багуудын нэг бол Швейцар. Тоглогчдыг нь нэг нэгээр нь салгахаар тийм ч мундаг биш боловч, нэг баг болохоор дийлдэхээ больдог зарчим энэ багт үйлчилдэг. 2006 оны Дэлхийн аваргаар хэсгээсээ нэгээр гарч, Украинд хожигдсон. Нийт дөрвөн тоглолт хийхэд хаалгач Цүбэрбюлэр нэг ч гоол алдаагүй нь рекорд болон үлдсэн юм. Швейцарын хамгаалалт эндээс эхэлж, хамгаалалтын суурь тавигдсан гэж хэлж болно. Тухайн үед тоглож байсан Сэндэрос одоог хүртэл шигшээдээ тоглож байна. Тэд ямарч багтай тоглосон хождоггүй юм гэхэд хожигддоггүй. Гоол алдсан ч, нэгээс илүүг алдана гэж байхгүй. Одоогийн шигшээ багийн суурь 2008 оны эх орондоо зохион байгуулсан Европын аваргаар тавигдсан бөгөөд хоёр тоглолтонд сүүлийн мөчид хожигдсон юм. Харин 2010 оны Дэлхийн аваргаар хэсгийн эхний тоглолтонд Испанийг буулгаж авсан. Чилитэй тоглож байхад зүгээр байсан Бэхрамид улаан хуудас өгч, гурав тоглоход нэг гоол алдаж хэсгээс гарсангүй. Цөөхөн хожигддог багийн чансаа жил ирэх тусам өссөөр хэсэг тэргүүлэх хэмжээнд хүрсэн юм. Амжилт үзүүлсэн өөр нэг том шалтгаан бол Швейцарын цагаачдын бодлого. Олон үндэстнээс бүрдсэн өндөр хөгжилтэй улсад цагаачид ихээр ирэх болж, үүнийгээ дагаад Швейцарын хөлбөмбөгийн академийг хүчирхэгжүүлсэн юм. 2009 оны 17 хүртэлх насны Дэлхийн аваргаар Швейцар тодорч, улмаар энэ баг, ах нартайгаа нийлээд 2011 оны Европын 21 насны мөнгөн медалийг хүртэв. Эдгээр хүүхдүүд шигшээ багийн голлох тамирчид болтлоо өсөн дэвшжээ. Түрк, Серб, Чили, Испани гаралтай хүүхдүүд гол тоглогчид нь. Өсвөрийн дэлхийн аваргад Европын багууд түрүүлэх нь ховор бөгөөд хүүхдүүд учраас голдуу нэмэлт техник давамгайлсан өмнөд америк, африкийн багачууд толгой цохидог юм. Европоос өмнөд америк загварын Испани гол баг нь.
Швейцар (4-2-3-1)
Хаалгач Бэнальо Германы лигт олон жил тогтвортой тоглож байна. Хамгаалалтанд том багт тоогдох болсон Ювэнтусын Лихтэштайнэр, Волфсбүргийн залуу од Родригэс, Арсэналын бүтээгдэхүүн Сэндэрос, Журу нар тоглоно. Баруун хамгаалагч Лихтэштайнэрийг 2008 оны Еврогийн дараа Реал Мадрид сонирхож байгаад, Ювэнтус өөрийн болгосон. Италийн аваргын гараанд тогтмол тоглож байна. Төвийн Сэндэрос, Журу нар хоюул Арсэналд хүмүүжиж хилийн чанадыг зорьсон. Рикардо Родригэс удахгүй том багийн тоглогч болох нь ойлгомжтой. Түүний сэлгээнд Ювэнтусын харьяаны, Сассуолод зээлээр тоглож буй Рэто Циглэр байна.
Хагас хамгаалалтын бүс тэр чигээрээ Сэри А, Бүндэс лигийн одууд. Наполигийн Инлэр, Бэхрами, Жэмаили, Байерн Мюнхэний Шэрдан Шакири, Борусси Мөнхэнгладбахын Гранит Шака, Аинтрахтын Транкильо Барнэтта нар бий. Шакириг Ливэрпүүл, Манчэстэр Юнаитэд тэргүүтнүүд сонирхох болсон. Гранит Шака бол зүүн жигүүрийн бүх байрлал, довтлогчийн ард тоглодог өвөрмөц нэгэн. Багийн ахлагч Инлэр, Бэхрамитай төвд тоглоно. Инлэр баруун, зүүнгүй сайн цохихоос гадна, төвийн хоёр урагшаа сайн тоглодог. Бэхрами жигүүрийн хагасаар тоглож байгаад төв рүү орсон учраас довтолгооны санаачлага сайн. Сэлгээнд Жэмаили, 2010 онд Испанид хожлын гоол оруулсан Жэлсон Фэрнандэс нар байна. Баруун жигүүрийн Шакири багийн гол тоглогч. Энэ зун Английн аль нэг том багийн гишүүн болох байх. Барнэтта хамгаалалтанд сайн тусалдаг жигүүрийн тоглогч. Шака төвийн найруулагч хийж, зарим үед зүүнд гарч тоглодог. Жигүүрийн хагас дээр Фүлхэмийн Паитим Касамиг дуудаагүй нь олон хүнийг гайхшруулж байна. Хагас хамгаалагчдаас Барнэттагаас бусад нь цагаачдын хүүхдүүд. Шакири, Бэхрами нар Югослав, Шака Албани, Инлэр Түрк, Фэрнандэс Кабо Верде, Жэмаили, Касами нар Македон.
Энэ жилийн дөрвөн довтлогч бүгд цагаачид. Мэхмэди, Сеферович, Дрмич, Гавранович гэсэн дөрвөн залуу довтлогч. Лэвэркузэний Эрэн Дэрдиёк тааруухан байгаа нь “шинэ цэрэг”-үүдэд боломж олгож байна. Иосип Дрмич лигтээ 17 гоол оруулсныхаа шанд Лэвэркузэн очихоор болж, шигшээгийн гараанд тоглох магадлалтай бол, Фрайбүргт 12 гоол оруулсан Адмир Мэхмэди гарааны гол өрсөлдөгч.
Довтлогчоор залуучуудын шигшээгийн багийн шилдэг довтлогчид нь бүгд ороод иржээ. Инлэр, Сэндэрос, Бэхрами, Барнэтта нар дээр дэлхийд түрүүлсэн залуучуудын баг нэмэгдсэн нь олон жил хүчтэй байх шалтгаан болж буй. Португалын нэг үеийн залуус 90-ээд оны эхээр бужигнуулж байгаад, шигшээ багаа хүчирхэг болгосон түүхтэй. Фигу, Руй Кошта нарын залгамж халаа одоог хүртэл тогтвортой амжилт үзүүлсээр байна. Энэ Дэлхийн аварга Швейцарын хувьд зүгээр л эхлэл юм. Хоёр өөр багийг удирдаж Аваргуудын лигт түрүүлсэн Оттмар Хитцфэлд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа үед, дараагийн том тэмцээнүүдэд тэд томчуудын нэг болчихсон байхыг үгүйсгэхгүй.
ЭКВАДОР
2002 оны Дэлхийн аваргад орсны дараа Эквадороос хэд хэдэн тоглогч Европ руу гарсан юм. Эдисон Мэндэс энэ дундаас онцгойрч, нэгэн үе Аваргуудын лигийн том баг байсан Аиндховэний гарааны тоглогч болтлоо өсөн дэвшсэн. Мэндэсийг нэг жил зээлээр тоглуултал, сайн тоглож шууд үндсэн тоглогчоо болгосон юм. Араас нь Валэнсиа, Каисэдо нар Манчэстэр хотын хоёр багт очиж, Валэнсиа хүн бүрийн танидаг тоглогч болжээ. 2006 оны Дэлхийн аваргад шилдэг залуу тоглогчийн шагналыг Подолскид алдаж, хоёрт ороод байлаа. Харин сүүлийн үед Эквадор тоглогчид Европт гарах нь багасаж, Валэнсиа ганц төлөөлөгч нь болох дөхжээ. Орост Нобоа байгаа бол, Рамирэс, Ибарра гэсэн хоёр залуу тоглогч “буурал тив”-д хөлөө олох гээл үзэж байна.
Эквадор (4-1-4-1)
2006 оны Дэлхийн аваргын хасагдах шатанд үлдсэн багийн хэд хэдэн тоглогч дээр, тивийнхээ лигт хүч үздэг залуус нэмэгдэж шигшээ баг бүрдэнэ. Урьдчилсан тоглолтоос харахад хамгаалалт сайтайгийнхаа хүчинд нэмэлт тоглолт хийлгүй дөрвөөр шалгарч, Уругвайг ардаа үлдээсэн. Хамгаалалт сайн, дээр нь сөрөг довтолгооны Валэнсиа, Каисэдо гэсэн хурдтай тоглогчид байгаа нь тэднийг тийм ч муу харагдуулахгүй. Азаар хялбар хэсэгт орсон нь хэсгээс гарах боломжийг олгож байна. Гуравдугаар потны хамгийн сул баг Хондурас орж ирсэн нь, Эквадорын хувьд өөрөөсөө сул өрсөлдөгчтэй тоглох завшаан болсон юм. Хондурасыг өмнөх Дэлхийн аваргад оруулсан гавьяатан Рүэда, Эквадорын дасгалжуулагчаар ажиллана.
Гурван хаалгач нь нутгийн лигийн төлөөлөгчид бол хамгаалалтын багаас Аёови мексикийн лигт олон жил тоглож байна. Өмнөд Америкийн хамгийн том бразилийн лигийн Фламэнгод тоглодог Эразо хамгаалалтын гол хүн. Гуагуагийн хувьд 2006 оны дэлхийн аваргад шигшээгийн сэлгээний хамгаалагчаар явж байсан туршлагатай нэгэн. Германы Дюссэлдорф хотын даруухан баг Фортунаг Кристиан Рамирэс гэж зүүн жигүүрийн сайн хамгаалагч тоглох болсон. Хагас хамгаалалтанд Луис Валэнсиа байгаа том давуу тал болж байна. Тивдээ томд тооцогдох тоглогч. 2006 оны дэлхийн аваргын хасагдах шатанд үлдсэн багийн гол тоглогч Сэгундо Кастильё одоог хүртэл тоглож байна. Премьер лигт Валэнсиатай хамт очсон боловч гологдож, нутаг буцаж байсан түүхтэй.Урьдчилсан тоглолтонд Уругвайн хүчтэй багийг ардаа үлдээсэн сайн хамгаалалтыг Кастильё удирдсан. Төвийн хагас дээр Европийн том лигт биш ч, орост аль хэдийн хөлөө олчихсон Нобоа тоглоно. Орост үнэтэй наймаа болох 8 сая еврогоор Рубин Казаниас, Москвагийн Динамо авч байсан юм. Хагас хамгаалалтанд нэгэн залуу од гарч ирсэн нь, өвлийн наймаагаар Штутгартад очсон Карлос Грүэзо. Шигшээ багийн ирээдүйг гараанд гаргах нь арай л аз туршсан үйлдэл болох байх.
Довтолгооны бүст алдарт Аугустин Дэлгадогоос хойш төрөн гарсан хамгийн алдартай довтлогч Фэлипэ Каисэдо тоглоно. Швейцарын лигээс гараагаа эхэлсэн тэрээр Манчэстэр Ситид 4.5 жилийн том гэрээтэй очсон ч, зээлээр явах нь элбэг байв. Дараа нь орост тоглож байгаад, арабын хойгийг зорьсон. Хурдтай, хүчтэй, солгой хөлөөрөө тоглодог бөгөөд Вилфрид Бони стилийн тоглогч. Европт тэнцээгүй ч, Эквадорт бол солишгүй тоглогч.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Эквадорын хөлбөмбөгт том гарз тохиолдож, довтлогч Кристиан Бэнитэс зүрхний дутагдлаар тоглолтын үед нас барсан юм. Английн Бирмингэм Сити клуб премьер лигт дэвшихдээ Бэнитэсийг довтлогчоор тоглуулахаар нэг жил зээлж байсан юм. Английн багт тоогдсон довтлогчоо алдсан нь Эквадорын хүчийг сулруулсан. Хэсгээс гарна гэж томрохгүй ч, сайн хамгаалалт үүсгэх нь ойлгомжтой. Тэгээд ч өмнөд америкаас муу баг дэлхийн аваргад ирдэггүй юм.
ФРАНЦ
Үүнээс илүү сайн сугалаа гэж байх уу? Хэсэг тэргүүлээгүй томчууд болох Англи, Итали, Нидерланд бүгд үхлийн хэсэг рүү орсон бол Франц ганцаараа пот болгоны хамгийн сул сул багуудтай нэг хэсэгт орсон. Хэсэг тэргүүлэгчдээс Швейцарын хэсэгт орохыг бүгд хүсч байсан байлгүй. Эквадор, Хондурас тивийнхээ хамгийн сул багууд бөгөөд Франц хэсэг тэргүүлж байгаа мэт болж байна.
Францчууд Дэлхийн аваргад сөөлжилж амжилт гаргадаг сонин тогтоцтой болчихсон. 1994 (урьдчилсан тоглолтоос гараагүй), 2002, 2010 онд хэсгээс гараагүй бол 1998, 2006 онд шигшээ тоглолтонд үлдсэн. Энэ уламжлалаар харвал, 2014 он амжилт үзүүлэх жил нь. Бүрэлдэхүүн зузаан байгаагийн дээр ирээдүй тун чиг гэрэл гэгээтэй байна. Тухайлбал хамгаалагчаар Реал Мадридад Варан байгаа бол, Курт Зуматай Чэлси гэрээ байгуулж, Мангалаг авахын тулд бүх томчууд уралдаж байна. Мангалагийн зах зээлийн үнэ аль хэдийн 20 сая евро хүрчээ. ПСЖ-ийн зүүн хамгаалагч Динье Бразил явах нь багт багтаж Клишиг гэрт нь үлдээлээ. Хагас хамгаалагчдаас Погба, Гризманн, Кондогбиа гээд ирээдүйн одууд төрөн гарч, хоёр нь шигшээд багтсан. Өнгөрсөн жилийн 20 хүртэлх насны дэлхийн аваргад франц түрүүлж, олон тоглогчид нь том багийн хараанд өртлөө.
Франц (4-3-3)
Гарааны бүрэлдэхүүнээс харахад төвийн хагас дээр тоглох Матюиди энэ улирал маш сайн тоглож байгаа нь төвийн бүсийг илт хүчирхэг болгож байна. Нэг хэсэг төвийн санаачлага, төвөөс удирддаг тоглогч байхгүй байсан бол энэ жил довтолгоо сайн дэмждэг хагасуудтай орно. Погба, Кабаие, Матюиди гурав төвд зэрэгцэн тоглож хамгаалалт, довтолгоонд олон талтайгаар тоглоно. Кабайе төвд арагш тоглож магадгүй. Гэхдээ илт арагш суухгүй нь ойлгомжтой. Ньюкаслд зарим тохиолдолд тоглодог байсан довтлогчийн ард ирээд, ардаа Погба, Матюидийг зэрэгцүүлж ч магадгүй юм. Матюиди солгой учраас зүүн рүү бөмбөгтэй тоглолт хийнэ. Ямарч л байсан энэ гурвыг яаж ч өөрчилсөн болно. Ян М’Вила гэж авьяаслаг хамгаалах чиглэлийн хагас гарч ирээд, мөнгөний араас оросын лигт очоод сураггүй болсон. Уг нь түүний араас том багууд хөөцөлдөж байсан ч, цалин түүнийг татсан.
Арын хамгаалалтанд Кошиелнитэй хэн тоглох нь эргэлзээ төрүүлж байна. Сако, Варан хэн нь ч боломжтой. Сако нэмэлт тоглолтонд хоёр гоол оруулж багаа дэлхийн аваргад оруулсан гавьяатан. Миний хувьд Варан тоглох болов уу гэсэн таамаг байна. Эвра энэ удаа зүүндээ тоглож, Дэбүши баруунд гарна. Эвра, Абидалд даруулаад, дараа нь Клишитэй байрлал булаацалдаад шигшээ багийн гавьяа маруухан. Францийн хамгаалалтын алба цаашдаа улам сонирхолтой болно. Португийн од Элиакүим Мангала энэ зун том багт очих бол, Чэлси 14.6 сая еврогоор авсан Курт Зума энэ удаа дуудагдсангүй. Цаашдаа Кош, Сако, Варан, Мангала, Зума нарын хоёр нь гараанд тоглох болно. Кошиелни дараагийн дэлхийн аварга хүртэл өрсөлдөөнөөс хасагдахгүй. Зүүний сэлгээ Диньег томчууд ангуучлаад эхэлсэн ч, ПСЖ зарахгүй нь ойлгомжтой.
Довтолгооны бүсийг ярихаас өмнө Самир Насриг яагаад сонгоогүй талаар бодлоо хуваалцья. Насри энэ улирад Пэллэгринигийн нэг номерийн жигүүрийн сонголт байсан. Шигшээд дуудагдаагүй гол шалтгаан нь Насригүй гарааны бүрэлдэхүүн тоглуулах гэсэн Дэшамын арга барилаас эхтэй. Насри гараанд л тоглохгүй бол сэлгээнд суухгүй гэдгээ дасгалжуулагчдаа ойлгуулсан байсныг Дэшам хэлсэн. Украинтай хийсэн хариу тоглолтонд Насригүй илүү сайн тоглолт гарсан нь, дасгалжуулагчийн бодлыг бүр ч бататгасан болов уу! Жигүүрт бөмбөг барьдаг хоёр тоглогч тоглуулахыг хүсэхгүй байх шиг. Рибэри хангалттай сайн бөмбөг барьдаг. Тиймээс жигүүрийн нөгөө тоглогч олон талын тоглолтгүй, хөндлөн дамжуулалт гололсон тоглогч. Насри гарч ирэхээр тоглолтын хурдыг удаашруулаад байх шиг. Энэ нь мэдээж төвийн гурван хагастай нягт холбоотой. Гурвуулаа урагшаа чиглэсэн тоглолттой, зөвхөн хамгаалах үүрэгтэй тоглогчгүй унивэрсал төвийн бүстээ тохируулж, илүү тактикийн тоглолт хийдэг Валбүэна, Гризманн нарыг тоглуулах нь давуу тал үүсгэж буй. Насриг довтлогчийн ард хүртэл тоглуулж үзэж байсан болоогүй. Уг нь аваад явсан бол сэлгээ чанартай болж, дээр нь төвийн хагасууд асуудалд орвол Насриг оруулаад ирнэ. Яаж ч бодсон дасгалжуулагчад ашигтай. Гол шалтгаан Насри сэлгээнд суувал 2010, 2012 онд үүссэн хэрэг дахин босохоос эмээсэн байх. 2012 онд Бэн Арфа тэргүүтэй залуу тоглогчид талбайд гаргасангүй гэж маргаан үүсгэж шигшээгээс хөөгдөж байлаа. Францийн хөлбөмбөгийн холбоо ч үүнд арга хэмжээ авч гурван тоглогч эрхээ хасуулсан. Европтоо цагаачдын бодлого зөөлөнтэй байдаг нь, олон үндэстний шигшээ бүрдэх нөхцөл болж, улмаар шигшээ багийн маргаан цагаачдаас гарах нь элбэг болдог. Францийн НҮБ гэж шигшээ багийг нь хочилдог бөгөөд Рио Мавуба бүр дүрвэж яваад далайд төрсөн. Одоо ч, шигшээ багт тоглож байгаа Мавубагийн төрсөн газрыг born at sea гэж тэмдэглэдэг. 1998 онд аварга болоход Дэшам, Блан гэж хоёрхон Франц байсан. Өнөөдөр энэ тоо тийм ч их өөрчлөгдөөгүй. Сүүлийн жилүүдийн тааруу амжилт хэсгийн тэргүүлдэг чансааг нь хойш татаж урьдчилсан тоглолтонд Испани дээр очоод хоёроор гарч, нэмэлт тоглолт хийсэн. Украинтай хийсэн нэмэлт тоглолт дотоод уур амьсгал өөрчлөгдөж байгааг харуулж, сэргэлт өгсөн. Сүүлд Нидерландтай хийсэн тоглолт ойрд харагдаагүй гоёмсог довтолгооны тоглолт үзүүлж 2-0-ээр хожиж, хагас хамгаалалтын гурвал санаачлага сайн гаргаж байлаа. Гуравдугаар сард тоглосон тухайн тоглолтонд Насригүй байсан. Франц сүүлийн хоёр том тэмцээнд сахилга батын асуудлаар хол яваагүй. Багийн уур амьсгал хэврэг байгаа нөхцөлд Дэшам аз туршихыг хүсээгүй. Өөрөө ч хэлсэн: Би францийн хамгийн сайн тоглогчдыг цуглуулах ажил хийгээгүй” гэж.
Реал Сосьедад Антон Гризманн сайн тоглож байгаа нь жигүүрийн сайн сэлгээ болгож байна. Валбүэна энэ улирал илүү сайн байгаа нь гараанд оруулж байна. Харин Насригийн оронд Линоы залуу тоглогч Клэмэн Граньег 23- багтаалаа.
Төвийн довтлогчоор Бэнзэма гараанд гарч, Жиру, Рэми сэлгээнд. Сүүлийн үед нэг довтлогчтой хувилбараар тоглох нь түгээмэл болсноор төвийн довтлогч цөөхнийг авч явах болсон.
ХОНДУРАС
Төв Америкын энэ жижиг улсын хөлбөмбөгийн “алтан үе” тохиож байна. Дөрвөн жилийн өмнөхөөс бүрэлдэхүүн хүчирхэг болж, Европт тоглодог арав орчим тоглогчидтой болжээ. Сонирхолтой нь Их Британид тоглодог гурван хамгаалагч нь бүгд зүүн жигүүрийн хамгаалагчид. Бүгд гараанд тоглохоор чадвартай учраас дасгалжуулагч Халл Ситигийн Фигэроаг төвд, Сэлтикийн Исагиррэг зүүн хамгаалагчаар тоглуулна. Харин Виганы Хуан Гарсиаг хаана тоглуулах бол. Зүүн хагас хамгаалагч хийхээр, багийн анд Виганы Эспиноза байгаа. Эспиноза мөн л солгой хөлөөрөө тоглодог нь, шилдэг тоглогчдын байрлалын давхацлыг бий болгож байна. Гарсиа урагшилвал, Эспнозаг өөр байрлалд тоглуулж болох юм. Багийн гол тоглогч төвийн хагас хамгаалагч Вилсон Паласиос. Премьер лигт од болж, Тоттэнхэмд очиж байсан тэрээр, Хондурасын хамгийн алдартай тамирчин, хамгийн алдартай гэр бүл. Гэр бүлээрээ хөлбөмбөгчин бөгөөд нэг дүүг нь хулгайлаад мөнгө нэхэж байсан тохиолдол бий. Паласиос хамгаалалтанд сайн тоглодог учраас хамгаалалт голлосон Хондураст чухал үүрэгтэй. 2010 онд довтолгоо тааруу байсан бол, хамгаалалт довтолгоо хамт сайжирч, довтолгоонд Нахар, Эспиноза, Бэнгтсон тэргүүтэй чадварлаг шинэ залуус орж ирсэн. Шигшээ багийн 23 тоглогчоо хамгийн эхэнд зарласан баг Хондурас болсон.
Хондурас - 1 (4-2-3-1)
Хондурас - 2 (3-4-3)