Дэлхийн аварга – D ХЭСЭГ
Энэ жилийн Дэлхийн аваргад чансаа өндөр боловч дундаж гэсэн тодотголтой Колумб, Швейцар, Уругвай, Бельги хэсэг тэргүүлж байгаа нь, том багуудыг нэг хэсэгт овоолж, зарим хэсгийг сулхан болгож байгаа юм. Бельги, Колумби сүүлийн 2-3 аваргыг өнжсөн. Швейцар бүрэлдэхүүний хувьд хүчтэй биш. Харин Уругвай эдгээр дунджуудаас хамгийн сайн бүрэлдэхүүнтэй, хүчтэй нь.
Англи 1 – 2 Итали
1990 он, хүрэл медалийн тоглолт
Уругвай 4 – 2 Англи
1954 он, шөвгийн найм
Уругвай 0 – 0 Англи
1966 он, хэсгийн тоглолт
Итали 0 – 0 Уругвай
1970 он, хэсгийн тоглолт
Итали 2 – 0 Уругвай
1990 он, шөвгийн 16
УРУГВАЙ
Энэ жилийн Дэлхийн аваргад чансаа өндөр боловч дундаж гэсэн тодотголтой Колумб, Швейцар, Уругвай, Бельги хэсэг тэргүүлж байгаа нь, том багуудыг нэг хэсэгт овоолж, зарим хэсгийг сулхан болгож байгаа юм. Бельги, Колумби сүүлийн 2-3 аваргыг өнжсөн. Швейцар бүрэлдэхүүний хувьд хүчтэй биш. Харин Уругвай эдгээр дунджуудаас хамгийн сайн бүрэлдэхүүнтэй, хүчтэй нь. Харамсалтай нь Итали, Англи гээд тогтмол хэсэг тэргүүлдэг томчуудтай нэг хэсэгт оров. Ийм хүчтэй гурван баг нэг хэсэгт орсон тохиолдол урд өмнө байхгүй. Өмнөх “үхлийн” хэсгүүд хоёр том багтай, дээр нь тогтмол хэсгээс гардаг нэг баг орж, ”үхлийн” гэх тодотгол авч байсан бол энэ удаа шөвгийн наймд үлдэж болохуйц багууд нэг хэсэгт орсон юм. 2002 оны Аргентин, Англи, Швед, Нигери, 2006 оны Аргентин, Нидерланд, Кот Д’Ивуар, Серб Монтенегро гээд бүх цаг үеийн хамгийн хүчтэй хэсгүүдээс ч сайн багууд оржээ. Мөн олон улсын хөлбөмбөгийн холбооны чансааны доголдлын том цоорхой энд харагдаж байна. Энэ нь баахан дундаж багуудыг шөвгийн наймд үлдээж чанартай тоглолтыг багасгана. Сүүлийн 2-3 том тэмцээнд хэрхэн тоглосныг нь харж хэсэг тэргүүлэх багийг сонгох нь үр дүнтэйг энэ жилийн дэлхийн аваргаар тодхон харагдаж байна. Олон жил тогтмол тоглож байсан баг гэнэт муу тоглоод эхэлнэ гэж байхгүй. Хэдхэн жил гайгүй тоглосон багууд унах тохиолдол үүнээс ч их юм. Гэнэт цоорсон багууд Дэлхийн аваргын толгой баг болох нь энүүхэнд болж, тогтмол амжилт чухал биш болж байна.
Уругвайн шигшээ анхны дэлхийн аварга гэдгээр нь олон хүн мэднэ. Дээр нь 1950 онд Бразилыг талбайд нь хожиж түрүүлснээр хошой аварга болсон. Энэ жилийн шигшээ багийн суурь дөрвөн жилийн өмнө тавигдсан бөгөөд Диего Форланаас өөр таних хүн байсангүй. Суарэс Нидерландын лигийн сайн довтлогч, Кавани хэний ч танихгүй хүүхэд байлаа.
Уругвай-1 (4-1-2-1-2)
Уругвай-2 (4-2-3-1)
Энэ жил “Тэнгэрийн хөхүүд” бүрэлдэхүүн, тоглолт аль алинаар нь сайн байна. 2010 оны Дэлхийн аваргын дөрөвдүгээр байранд ороод, дараа жил нь Тивийн аварга болж, Confederations cup-т оролцсон. Том тэмцээнүүдийг алгасалгүй тоглож буй. Тоглолтын арга барил 3-5-2, 4-1-2-1-2, 4-4-2 гээд янз бүрийн байрлалаар тоглохоос гадна, дасгалжуулагч Табарэс энэ багтайгаа найман жил ажиллаж буй. Форлан, Лугано гээд ахмад тоглогчид нь сүүлийн том тэмцээндээ орж байна. Хамгийн гол зэвсэг довтолгоо. Өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогч Луис Суарэс, Эдинсон Кавани нар ямарч багийн хамгаалалтыг сэтлэх чадвартай. Форлан гарааны бүрэлдэхүүнд гарах эргэлзээтэй ч, талбайд гарсан нөхцөлд юу ч бүтээж магадгүй. Энэ гурав довтлохоос гадна чөлөөт цохилтыг маш сайн цохидог. Өнгөрсөн жилийн Confederations cup-т бараг тоглолт бүрт ээлжлэн цохиж байгаа харагдсан. Форланы оронд Гастон Рамирэс довтлогчдын ард тоглох боломжтой. Кавани шигшээ багтаа зүүнээс төв рүү чиглэсэн тоглолт хийж, Суарэс илэрхий ганц довтлогч болдог. Абэл Эрнандэс сайн тоглож байгаа нь довтлогооны сайн сэлгээ болно.
Хагас хамгаалалт ерөнхийдөө хамгаалах чиглэлийн тоглогчдыг цуглуулсан бөгөөд Алваро Пэрэира, Кристиан Родригэс нар довтолгооны санаачлага өндөртэй. Алваро Пэрэирагийн орон гаран тоглолт Уругвай шиг хамгаалалтын хатуу чанга багт тохирохгүй байна. Интэрт итгэл хүлээлгэж очсон тоглогчийг олон ч удаа туршиж, 3-5-2 хувилбарын зүүнд гаргаж үзээд болоогүй. Эцэст нь сайн сэлгээ л болж байна. Кристан Родригэс Атлэтико Мадридад сайнгүй байгаа ч шигшээ багтаа гараанд тоглох боломжтой. Ромбоор тогловол төвийн хагас дээр түүн шиг довтолгоог араас хурдтай дэмждэг тоглогч байхгүй. Лодэиро, Пэрэс хөшүүн болгож, төвөөс довтолгооны хэсэгт бөмбөг очих гэж асуудал гарна. Довтолгооны Суарэс, Кавани нарыг хувийн хамгаалалт хийсэн нөхцөлд Родригэс, Алваро Пэрэира нарын бөмбөгтэй тоглолт чухал үүрэгтэй. 4-4-2 сонгодог байрлалаар Стуаны баруун хагас дээр тоглох боломжтой. Эсвэл ромбын үзүүрт яригдаж байсан Гастон Рамирэс ч байж болно. Зөвхөн хамгаалалтанд бэлтгэгдсэн Гаргано, Пэрэс, Арэвало нарыг дасгалжуулагч Табарэс байж болох хамгийн сайнаараа ашиглаж байна. Гэтэл довтолгоо сайн, төвөөс дэмжлэг муу Аргентинд энэ асуудал шийдэгдээгүй л байна.
Хамгаалалт баг олон жил хамтдаа тоглолоо. Атлэтико Мадрид аварга болоход Диего Годин голлох үүрэгтэй тоглож, төвийн хамгаалалтын “жанжин” байв. Ахлагч Лугано хамт тоглоно. Ард нь Ливэрпүүлийн Коатэс, Атлэтико Мадридын залуу хамгаалагч Хосэ Мари Химэнэс нар сэлгээнд бий. Баруунд Бэнфикагийн Макси Пэрэирад өрсөлдөгч алга. Зүүнд хэн тоглох нь том асуултын тэмдэг болоод байна. Касэрэс, Фусил нарын хэн нь ч тоглож болно. Касэрэс Ювэнтуст гологдох болж, унаж явсан Фусилд боломж олдсон. Бүр эсрэгээр Алваро Пэрэира, Лациогийн Алваро Гонсалэс нарын нэгийг гаргаад, төвийн зүүнд Кристиан Родригэсийг Пэрэсийг сольж болох юм. Мүслэра сайн хаалгач. Том багууд ч үе үе сонирхдог.
Өнгөрсөн жилийн Confederations cup-ийн хүрлийн төлөө, Италид торгуулийн цохилтоор хожигдож байсан Уругвай, эхний тоглолтоо Коста Рикатай хийх сайн хуваарьтай байгаа нь, Европын хоёр томын нэгийг нь мултлах боломжийг өндөрсгөж байна.
КОСТА РИКА
Дэлхийн аваргын түүхэнд хамгийн азгүй сугалаа татсан багийг нэр гэвэл, шууд Коста Рикаг нэрлэнэ. Дэлхийн гурван аваргатай орсон тэдэнд, хэсгээс гарах онолын боломж л байна. Уг нь тэд өмнө байгаагүй хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцоно. Браян Руис гэж том одтой болсон. Фүлхэмээс Премьер лигт маш сайн тоглож, улмаар Аиндховэнд зээлээр тоглож байгаа. Арсэналын акадэмийн хүү, Жоэл Кэмпбэлл Олимпиакост зээлээр тоглохдоо Аваргуудын лигийг бужигнуулж, Манчэстэр Юнаитэдийн хаалганд гоол оруулсан. Оросын Кубаньд Марко Урэнья гэж залуу довтлогч тодрох болсон. Харамсалтай нь Эвэртоны Браин Овиедо гэмтлийн улмаас өнжихөөр болсон. Европын жижиг лигүүдэд тоглодог тоглогчид бусад байрлалыг дүүргэж байгаа нь том амжилт юм.
Коста Рика (3-4-3)
Том багуудтай нэг хэсэгт орсон Коста Рикад тактикын өвөрмөц сонголт хэрэгтэй. Эвэртоны Овиедо гэмтсэнээр хуучин 3-5-2 хувилбараасаа татгалзахад хүрч магадгүй. Овиедо байгаа учраас л таван хамгаалагчийн зүүн жигүүр хүчтэй болдог юм. Баруунд нь хагас дээр тоглодог Гамбоа тоглож, гурван өндөр төвийн хамгаалагчийг ардаа байрлуулдаг. Миний мэдэхээр 2002 оноос хойш таван хамгаалагчтай хувилбараар тоглож байна.Овиедо байхгүй болсноор Рои Миллэр гараанд орох хаалга нээгдэж, төвийн хамгаалалтанд Уманя, Гонсалэс нар тоглож, Акоста сэлгээнд суух болно. Нутгийнхаа лигт тоглодог Жонни Акоста, баруун хамгаалалт руу орох сонголт ч бий. Арын таван хамгаалалтын өөрчлөлт төвийн бүсийг ч хөдөлгөөнд оруулж таарна. Боргэс, Тэхэда, Диас гурав төвд хамт гараад том од Браян Руис ромбын удирдагч болох байх. Төвийн гурван хагас бүгд Европт тоглодог. Браян Руис Премьер лигт сайн тоглодог боловч шинэ дасгалжуулагч Магатын арга барилд таараагүй учраас зээлүүлсэн. Зээллэгээр очоод л Аиндховэний гол тоглогч болоод байна.
Коста Рикагийн довтлогчид Пауло Ванчопэ, Роналд Гомэс гэсэн шилдэг хослолтой хамт яригдахаар залуучууд гарч ирээд байна. Жоэл Кэмпбэлл Арсэналын бүтээгдэхүүн. Өнгөрсөн улиралд Олимпиакост зээлээр сайн тоглож, Арсэналд эргээд дуудагдсан. 21 настай гэхэд шигшээ багтаа 31 тоглолтонд оролцоод амжсан. Баруун жигүүр, төвийн довтлогчийн байрлалд тоглодог, солгой хөлтэй, жижиг хурдтай тоглогч. Орост тоглож буй Урэня, ахмад довтлогч Алваро Саборио нарын нэг нь гараанд тоглоно. Саборио энэ улирал Америкийн лигт онцгой сайн байгаа ч, хурдтай жижиг хослолыг гаргах болов уу гэсэн таамаг байна. Хаалгач Кэилор Навас Испанийн лигийн гараанд тоглож байгаа, шигшээ багийнхаа том лигийн гараанд тоглодог анхны хаалгач болж байна.
Коста Рикачууд АНУ руу дүрвэх нь их болохоор англи нэртэй тоглогчид түгээмэл байдаг. Майкл (Мichael), Жоэл (Joel), Жонни (Johnny), Жуниор (Junior), Жанкарло (Giancarlo) гэсэн нэрс уг нь Испани нэр учраас Мичаэл, Хоэл, Хонни, Хуниор, Хианкарло болох учиртай.
АНГЛИ
Дэлхийн аварга бүрийн өмнө Англи түрүүлнэ гэж итгэгчид олон байдаг ч, сайндаа л наймд үлддэг. Английн хэвлэл мэдээлэл ч, үүнд үлэмж байр эзэлдэг юм. Манай шигшээ шиг сайн баг алга, энэ жил түрүүлнэ, тэр шилдэг болно, түрүүлэхгүй л бол болохгүй гээд хөлбөмбөгийн эх орон гэдэг утгаараа ийм шаардлага их тавьдаг. Харин энэ жил хэвлэлүүд харьцангуй даруухан байна. Англи тоглолтын хэв маягаа өөрчлөхгүй бол түрүүлнэ гэдэг юу л бол. Англи тоглогч техникийн гүйцэтгэл, гүйлтийн тэсвэр, хурд, үндсэн техник ярих юмгүй сайн. Төвийн хамгаалагч, хагас хамгаалагч дээр Англи тоглогчид хаана ч гологдохгүй. Гэхдээ нэмэлт техниктэй, уян хатан, жижиг зайнд тоглолт хийдэг тоглогчид гарч ирэхгүй бол Англи тоглогчидын үйлдэл дэндүү ойлгомжтой байна. Валкотт шигшээгийн номер нэг жигүүрийн тоглогч. Гэхдээ хаашаа гүйх нь ойлгомжтой, нөгөө л баруун хаяад л сугардаг. Лэннон ч ийм шалтгаанаар гологдох болсон. Англичууд хурдтай, гэхдээ шулуун замын гүйлт л сайн туулдаг. Сүлжсэн, туг тойрсон, маневр хийсэн гүйлт хийхдээ тааруу. Премьер лигийн довтолгооны хэсэгт жижиг зайнд тоглодог Испани, Өмнөд Америк тоглогчид голлох үүрэг гүйцэтгэж байна. Товчоор хэлбэл хөшүүн тоглолттой. Германчууд энэ байдлаа засаад хамаагүй уян хатан тоглолттой болчихсон бөгөөд сүүлийн хэдэн жилд ийм өөрчлөлт Англид харагдаж байна. Энэ жилийн багаас Даниэл Старрижийг нэрлэж болно. Суарэс, Мата, Азар, Өзил, Силва, Агүэро, Валэнсиа, Коутиньо, Янузаи нар шиг өөр загварын тоглогчид Английн шигшээд үгүйлэгдэж байна. Дээр нь энэ жилийн бүрэлдэхүүн сул байгаа нь тэдний боломжийг хойш татаж байгаа юм.
Англи (4-2-3-1)
Сүүлийн хорин жил байгаагүй хамгийн муу хамгаалалтын баг энэ удаа тоглоно. Хэнийг нь тоглуулах бол гэдэг одууд энэ удаа алга. Гол суурь болох төвийн хамгаалалтын гол хүн Кэхилл. Гэтэл өмнөх Фэрдинанд, Тэрри, Кэмпбэлл, Адамсын хэмжээнд үнэлэгдэхгүй. Хажууд нь Жагиелкагаас өөр сонголт алга. Фил Жонс, Смоллинг, Лэскотт гэсэн том багийн хамгаалагчид тааруу байгаа бол жигүүрийн хамгаалалтанд Бэинэс гэсэн өөрчлөлт орж ирсэн. Жонсон баруундаа тоглох нь ойлгомжтой байх. Бэинэс орж ирснээр хөндлөн дамжуулалт чанартай болох ч, Эшли Коулын орон зайг хэр дүүргэх бол! Дасгалжуулагч Рой Хожсон санасныг бодоход зоригтой шинэчлэлийг бүх байрлалд хийж байна. Тоттэнхэмийн баруун ар Волкэр дахиад гэмтсэн нь, хагас хамгаалалт руу хүн нэмэх боломжтой болж, олон талт Жонс, Смоллинг нарыг баруунд нөөцөлсөн. Милнэрийг ч арагш татаж болно. Волкэр сүүлийн хоёр том тэмцээнийг (Евро 2012) гэмтлийн улмаас өнжихөөр боллоо. Хаалгач Харт энэ жил өмнөх хэмжээндээ хүрэхгүй байгаа. Пэллэгрини сануулах үүднээс сэлгээнд суулгаж үзсэн ч, хялбархан гоолуудыг хэд хэд алдсан.
Хагас хамгаалалтын бүст Жэррард, Вилширийн хослол тоглох магадлал өндөр байна. Жэррард арагш сууж, гүнээс найруулага хийж, бөмбөг хуваарилах байх. Вилшир шиг араас хурдтай тоглодог тоглогч шигшээгийн төвд ойрд гарсангүй. Жигүүрийн сонголт хэн ч байж болно. Чэмбэрлэн байгаа хэдээсээ гарах боломж өндөр ч, форм муу. Милнэрийн сүүлийн дөрөв таван тоглолт, гараанд гарах боломжтойг харуулсан. Лаллана, Стэрлинг нар ч гараанд гарч болно. 2012 онд Чэмбэрлэнийг шууд гараанд гаргаж байсан Хожсоныг Милнэр, Лалланагийн хослолыг гаргах болов уу гэж таамаглаж байна. Дасгалжуулагч Хожсон хамгаалалтын мэргэжилтэн. Уг нь Ливэрпүүлийн тоглож байгаа ромбо хувилбарт орж тогловол тэс өөр Англи харагдах болов уу гэсэн бодол байна. Ромбын чиглүүлэгчээр Жэррард маш сайн тоглож байгааг тэмдэглүүштэй. Гэхдээ тоглогчдын онцлогт таарахгүй байх магадлалтай. Англиас Тео Валкотт, Жэй Родригэс, Андрос Таунсэнд, Кайл Волкэр нар гэмтлийн улмаас оролцохгүй.
Довтолгоонд Вэлбэкийг аль нэг жигүүрт тавьж болох юм. Рүүни урдаа Старрижтай тоглоно. Рүүни багийн түлхүүр тоглогч бол английн түүхэнд Старриж шиг довтлогч байхгүй. Англи хэв маягаас тэс өөр. Түүний гол арга барил нь хурд, тэсрэлт. Үнэндээ сулхан байгаа шигшээ багт Старриж голлох үүрэгтэй тоглоно. Английн өмнөх довтлогчид төгсгөл хийдэг байсан бол Стар гоол оруулахаас гадна, гоолын боломжуудыг ихээр гаргадаг. Итгэмээргүй хууралт, даралтууд нь хамгаалагчийг амархан үлдээдэг. Англид ийм төрлийн тоглогчид олон хэрэгтэй.
Английг зогсоох тийм ч хэцүү биш гэдгийг сүүлийн тэмцээнүүд харуулж байна. Дөрвөн жилийн өмнө Алжиртай тэнцэж, Словенийг арай гэж хожсон. Алжир, Словенчүүд олон боломж гаргаж байсан. Тэрри сүүлд доогуур цохисон бөмбөгийг толгойгоороо хаах гэж ямар том зориг гаргаж байсныг санаж байгаа байх. Хоёр жилийн өмнөх Евро дээр Украинд алуулсан. Тэрний өмнөх Еврод урьдчилсан тоглолтоос гараагүй. Энэ жил Коста Рика, Италиас ямар хамгаалалт ирэх нь ойлгомжтой. Арагш суусан хамгаалалтыг хөшүүн англи тоглогчид эвдэж чадаагүй. Валкоттын тоглолт таг болчихдог шүү дээ. Гол шалтгаан нь англи тоглогчдын үйлдэл ойлгомжтой байна. Ямарч л байсан “шинэ Англи”, “залуу Англи”-ийг харна.
ИТАЛИ
Ямар ч муу бүрэлдэхүүнтэй байсан хамгаалалт сайтай байдаг нь тэдний уламжлал. Гэвч дөрвөн жилийн өмнө хэсгээс гараагүй. Тухайн үед хамгаалалт гэхээсээ илүү гоол оруулдаггүй довтолгооны хэсэг буруутай байсан бол, сүүлийн Еврогоор энэ асуудлыг шийдсэн. Ийм мундаг довтлогчид зэрэгцсэн Италийг ойрын хэдэн жил харсангүй.
Итали – 1 (4-1-2-1-2)
Итали-2 (4-3-3)
Хаалгач Буффон болон хамгаалалтын алба олон жил хамт тоглолоо. Жигүүрийн хамгаалагчид энэ удаа дахин солигдож Абатэ, Дэ Шильо нар гараанд тоглохоор байна. Абатэ, Мажогоос энэ жил илүү сайн байгаа бол Зенитийн Кришито дуудагдаагүй нь Шильог өрсөлдөгчгүй гараанд орууллаа. Магадлал багатай ч гэсэн Бонуччиг төвд гаргаад, Кьеллиниг зүүнд тоглуулах боломж бий. Хагас хамгаалалтын бүстэйгээ нягт уялдаж тоглодог. Ардаа гурван хамгаалагчтай хувилбар энэ жил хэрэгжихгүй байх. Зүүнд тоглох хүн байхгүй бөгөөд дуудагдаагүй Жаккэрини өмнө нь тоглож байлаа.
Пирло байдаг учраас ромбо эсвэл гурван хамгаалагчтай хувилбарт орж тоглодог. Пирло шиг араас чадварлаг удирддаг тоглогч дэлхийд цөөхөн. Ромбыг үнэхээр чадварлаг чиглүүлж, хөдөлгөдөг. Миланы тогтвортой тоглолт Пирлотой нягт холбоотой байсан бол Ювэнтус яг адилхан нөхцөлд байна. Арын хэсэг Ювэнтусын суурин дээр бүрдээд олон жил болж байна. Ромбоор тогловол Кандрэваг баруунд тоглуулж болох юм. Кандрэва Лациод сайн байгаагийн дээр төвөөс баруун руу чиглэсэн тоглолт үзүүлнэ. Энэ нөхцөлд дэ Росси зүүнд гарч голдуу төв рүү тоглолт хийж, довтолгооны хэсэгт Иммобил зүүнээс төв рүү чиглэсэн тоглолтыг хийх нь хоёр жилийн өмнөх Кассано шиг. Гэхдээ Монтоливог ромбын үзүүрт хоёр жилийн өмнөх шиг гялалзана гэдэгт эргэлзэж байна. Харин 3-3 гэсэн бүтцэд Пирлогийн баруунд Монтоливо гараад, Кандрэваг зүүн жигүүрт оруулж болох юм. Тодорхой хоёр жигүүртэй тоглохоор бол заавал Кандрэва байх ч шаардлага байхгүй. Өнгөрсөн жилийн Соnfederations cup-т Прандэлли хагасуудаа янз бүрээр туршиж үзсэн. Пирло, Маркизио, Монтоливо, Аквилани, дэ Росси гэсэн төвийн хагасуудаас дөрвийг нь зэрэг гаргаж үзсэн. Маркизио энэ жил ялгарч чадахгүй байгаа нь сэлгээ рүү явах шалтгаан болж байна.
Балотэлли нэг довтлогч байх нь тодорхой. 22 гоолтой Сэри А-гийн мэргэн бууч Иммобил түүнтэй гарах магадлал хамгийн өндөр. Росси, Кассано, Дэстро, Чэрчи, Инсинье гээд сайн довтолгооны нөөц бий. Гэхдээ хоёр нь хасагдана. Росси, Иммобилийн оронд гараанд гарах боломжтой бөгөөд анх удаагаа том тэмцээн оролцоно. Сайн довтлогч хэдий ч дандаа гэмтлийн улмаас өнжиж байсан, азгүй тоглогч. Хорин гоолтой Лука Тониг энэ удаа авсангүй. Хамгийн сонирхолтой нь Пабло Освалдог аваагүй нь олон хүнийг гайхшируулж байна. Энэ улирал ямар сайн байгаа билээ. Гарааны эрхтэй “бяцхан Фараон” Эл Шаарави гэмтлийн улмаас энэ улирал бараг тоглоогүй.
Дэлхийн аваргын дараа том үе дуусах бөгөөд Буффон, Пирло тэргүүтэй хууччууд зодог тайлна. Тэдний залгамж халаа ч сайн байна. Ямарч л байсан Прандэллигийн багаас их юм хүлээж байгаа, хүлээж болох бүх нөхцөл бүрдчихсэн байна.