Крым санал асуулгаар Оросынх боллоо. Үүнтэй зэрэгцээд 70 орчим жилийн өмнөх явдал дахин сөхөгдөв. Урд хөршийн Weibo цахим хуудсанд тавигдсан, Монгол Улсыг Хятадтай нийлүүлсэн газрын зургийг 15 мянга гаруй шэйрлэжээ. Хоёр сая гаран дагагчтай Цуй Чөнхао (Cui Chenghao) “1945 оны 10 дугаар сард ЗХУ Ар Монголд санал асуулга явуулахыг дэмжиж, 50 мянга хүрэхгүй оролцогчийн саналаар Хятадын газар нутгийн 15 хувийг тастсан” хэмээжээ. Түүний дор 9 000 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Тэдний дундаас “Монголыг бидэнд буцааж өг. Тэгвэл Крымын санал асуулгыг дэмжье” гэдэг санал ихээхэн дэмжлэг авчээ. Мөн “Хятадын Засгийн газар хэзээ Монголыг буцаан авах юм бэ” гэсэн асуулт ч харагдав.

Хөршүүдийн хүүхэд

Монголчууд тусгаар тогтнолын төлөө зуун жил тэмцсэн ч түүнийгээ эдлээд ердөө л 24 жил болж байна. Бид 1911 онд Манж Чин гүрний хяналтаас гарах гэж зүтгээд Оросын нөлөөнд орчихсон. Монголын геополитикийн ач холбогдлыг олж харсан Н.Н.Муравьев-Амурский аль 1853 онд Оросын мэдэлд авъя гэдэг санал тавьсан байдаг. Гэхдээ энэ санаа оросууд хаанаараа тугаа тахиж цусан улаан болгохоос нааш биелэх хувьгүй байжээ. Харин 1907 онд Орос, Япон хоёр нууц конвенцоор Ар ба Өвөр Монголыг зааглаж ашиг сонирхлын бүсээ тогтоосон юм. Америкийн атомын бөмбөгт өртөх хүртлээ Япон сэхүүн явсан хойно хоёр улсын конвенц хүчинтэй хэвээр байж, Монгол хоёр тасран нэг нь Зөвлөлтийн, нөгөө нь Чан Кайшигийн Хятадын мэдэлд үлдэв. И.Сталин Ялтад монголчуудыг салгасан дээрх баримтаар л БНМАУ-ын статус-квог авч үлдсэн байдаг.

Монголчууд тусгаар тогтнолын үйл хэрэгтээ гуравдагч гүрний тусыг хайсаар ирсэн боловч хоёр хөршөөсөө хэзээд хамааралтай явлаа. Монголын элч, да лам Бадамдорж 1895 онд II Николай хаанд “тусгаар тогтноход туслах” зэрэг таван зүйл бүхий хүсэлт тавьсан ч биелээгүй бөгөөд ийм явдал XX зууны турш хэдэнтээ давтагджээ. Энэ зуурт Манж Чин гүрнээс тав гэзэг нь ч үлдсэнгүй. Гэхдээ түүний өв залгамжлагчид өнөөгийн Монголыг өөрт ногдох ёстой хувь гэдэгт огт эргэлзэж байсангүй. Хааныхаа амийг тасалсан ч бодлогыг нь үргэлжлүүлсэн оросууд биднээр жийрэг хийсээр ирсний дээр нөлөөгөө мөнхөд хэвээр хадгалахыг хүсдэг. Социализмын жилүүдэд Монгол нутаг тэдний хувьд “не заграница” байсан. Гэсэн ч Хүрээнд Хаант Орос 1860 онд Консулын газраа нээснээс ерэн жилийн хойно Зөвлөлт БНМАУ-ын нийслэл Улаанбаатарт Маогийн Хятадтай зэрэгцэн Элчин сайдын яамтай болжээ. Энэ нь манай хоёр хөрш дундаасаа “төрүүлсэн хүүхэд”-ээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэхдээ тэд эрх ашгийн аясаар муудалцаж сайдалцсаар өдийг хүрсэн бөгөөд тэр бүгдийн гэрэл, сүүдэр биднийг тойроогүй, тойрох ч үгүй.

Заядуулсан тугал  

Тусгаар тогтнолоо шүлэг зохиолд олонтаа тунхагласан монголчууд өнгөрсөн зууны драм ихтэй туршлагаасаа үүдэн энэ хориод жилд гурав дахь хөршөө “хайсаар” л байна. Хөрөнгөтэйгөө эрх ашиг нь хамт явдгийн үлгэрээр хүний өгсөн мөнгийг тоолж, “хөрш”-өө тодруулах гээд үзье. Япон, Өмнөд Солонгос чамгүй хөрөнгөө оруулсан боловч 2010 оноос хойш зогсолтгүй буурчээ. Монголбанкны өнгөрсөн жилийн тайлангаар тэд нийлээд манай гадаадын шууд хөрөнгө оруулалтын дөрвөн хувийг л бүрдүүлсэн аж. Монголчууд уулаасаа тэднийг тоох биш дээ. Харин нэр нь бидний хараал болсон өмнөд хөрш дээрх үзүүлэлтэд найман хувиас буусан нь үгүй. Хонконгийн шууд хөрөнгө оруулалт 2010 онд 28 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн жилийн дүнгээр бараг 1.5 тэрбум ам.доллар хүрч, 63 хувь болжээ. Хонконг чинь нээрээ бас ... бил үү?! Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэгчээр болж өгвөл АНУ, байг гэхэд Баруун Европын хүчирхэг гүрнийг “гурав дахь”-аа болгочих санаа маньд бий. Тэдний манайд оруулсан мөнгийг харъя. Америк тэргүүтэй барууны орнууд 2010 онд гадаадын нийт хөрөнгө оруулалтын 41 хувийг бүрдүүлж байснаа 2013 онд дөрөв дахин буурсныг Монголбанкны тайлангаас харлаа. Дашрамд сонирхуулахад ОХУ-ын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил тогтвортой нэг хувь л байжээ. Хөрөнгөө дагаад ханилах хүн гэвэл нөгөө юу... биш ээ, хэн л болж таарах гээд байдаг.

Монголчууд хоорондоо хаа сайгүй англиар ярилцахыг нь сонсвол Америк л бидний хөршид дүйцэхээр зураг төөрөгтэй мэт. Цагаан морин жилээс хойш христийн сүмээр бэлтгэгдсэн сүсэгтнүүдээ бодсон ч доллар дээрээ Бурханаа алдаршуулсан Америк бол гарцаагүй мөн. Олон улсын энхийг сахиулах хүчний тоонд багтдаг хойно бид өөрсдийгөө НАТО-гийн бүлд тооцох эрхтэй. Ардчиллын жилүүдэд манайд бий болсон олон сангийн буянаар хүн амтайгаа харьцуулбал хавьгүй их монгол Диснейлэнд үзсэн зэргээ тооцсон ч Сэм авга л уул нь зүгээр. Гэтэл мань авгад орос ахынх шиг манайтай хамтарсан уулын баяжуулах үйлдвэр, төмөр замын аль нь ч алга. Авга хийгээд ах хоёрт ургийн ялгаа ч бий. Гэхдээ Америк хамгийн үнэ цэнэтэй “ардчилал”-аа зүгээр өгсөн, түүнийгээ бас хамгаалдаг гэнэлээ. Харахнээ, амь тасрах гэж байгаа “ардчилал”-ыг аврахын оронд огт “ардчилал”-гүй газрыг л бужигнуулаад явдаг. Тэгэхээр нэгэнт “ардчиллын үлгэр дууриал болчихсон” Монголд санаа тавих нь юу л бол?!

Авгын гай

Хүйтэн дайнаас хойш энэ гариг дээр дураараа тонгочсон Америк хэзээ нэгэн цагт хүчний хуваарилалт ирнэ гэдгийг мэдэж байсан. Украин, ялангуяа Крымын хэрэг явдлаас үүдэн В.Путинтэй хэл амаа ололцохоо больж, улмаар Европын аюулгүй байдал нэрээр НАТО-г сөргөлдөөнд татан орууллаа. Харин хэд хэдэн улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваад эхэлмэгц БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Цинь Ган “Ингэснээр Украины асуудлыг шийдэхгүй, харин ч улам хурцатгана” гэсэн юм. Б.Обама Зүүн Өмнөд Азиар явж Дорнод ба Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-тай арал булаацалддаг Япон, Солонгос, Филиппин, Вьетнамыг газар нутгийн асуудал дээр дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүний энэ мэт үйлдлийг The National Interest сэтгүүл “мөхлөө дуудсан явдал” гэж оношилжээ. Гален Карпентерийн бичсэнээр Орос, Хятадтай зэрэг харилцаагаа муутгах нь АНУ-д осолтой, Хүйтэн дайны үед Хэнри Киссинжэр ийм зарчим баримталж амжилтад хүрсэн гэнэ. Бас нэг таагүй мэдээ бий. Крымын санал асуулгын дараа ХБНГУ-д явуулсан судалгааны дүн Б.Обамагийн гэдсийг мушгируулсан нь дамжиггүй. Өдгөө германчуудын 70 хувь нь АНУ-д эргэлздэг болсон бөгөөд түүнээс ч илүү нь Зүүн Европын хэрэгт хутгалдахыг хүсэхгүй байгаа аж. ХБНГУ-гүй Европ, тэр дундаа НАТО гэдэг юусан билээ?

Дэлхийн төвшний спортын арга хэмжээнд төрийн тэргүүн нь ганц ч оролцсон түүхгүй Хятадын дарга Си Жиньпин Сочигийн Олимпийн нээлтэд ирсэн. Энэ түүний 2014 онд хийсэн анхны гадаад айлчлал байлаа. Үүнээс хойш өнөөг хүртэл Орос, Хятадын удирдлагууд олон улсын арга хэмжээн дээр дөрвөнтээ уулзалдаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Ийм нягт хамтын ажиллагаагаа талууд өөрсдийнх нь болоод олон улсын ашиг сонирхолд нийцнэ гэж үздэг. Сирид цохилт өгөхийг эсэргүүцсэн В.Путиныг Хятад дэмжсэн. Энэ хоёр л Ираныг барууныханд бүрмөсөн багалзуурдуулалгүй өнөөдрийг хүргэсэн юм. Харин Крымээс үүдэлтэй геополитикийн асуудал дээр Америк тэргүүтэй НАТО-ийн эсрэг хэн хэн зогсож байгааг бидэнд тодорхой харлаа. Удахгүй мөнөөх хэрүүлтэй арлуудын ойролцоо Хятадын ардын чөлөөх арми, ОХУ-ын Тэнгисийн цэргийн флоттой хамтарсан бэлтгэл хийх тухай Want China Times мэдээллэжээ. Тэд цөөхүүлээ биш. Америкийн Ази дахь хоёр түшиц газрыг байнга түгшүүр авахуулдаг БНАСАУ Шар тэнгист сургуулилтаа хийж, сүртэй гэгч буу тавив. Уул нь Барак Обамад танихгүй хоёр дайснаас таньдаг ганц нь хамаагүй хялбар байсан юм, гол нь Монголд хохиролтой тусаж мэдэхээр болчихлоо.

Тэд ба бид

Мөнхийн дайсан гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг гэж байдгийг зуурдхан наслахдаа үзэх хувь бидэнд тохиолоо. Социализмын жилүүдэд өмнөд хөрштэйгөө хэсэгхэн дотноссон монголчуудын Хятадыг үзэн ядах өвчний голомтыг Зөвлөлт сэдрээсэн. Гэтэл одоо тэднийг эрх ашиг нь нэгтгэчихлээ. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр 2020 он гэхэд тус орны байгалийн хийн хэрэгцээ 2.5 дахин нэмэгдэх гэнэ. Оросын дорно хэсэгт чухам үүнд л зориулж бурхан булжээ гэмээр их нөөц бий. Өнгөрөгч долоо хоногт Орос-Хятадын ажил хэргийн зөвлөл хуралдав. Оросын талыг тэргүүлэгч Геннадий Тимоченко “Тэнд зах зээл байгаа учраас бид Хятадыг зорьж байна. Мөн түүнчлэн энэ улс санхүүгийн асар их боломжтой бөгөөд дэлхий дахинд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж байна. Хэрэв заяа Орос үүнийг ашиглахгүй бол тэнэг хэрэг” хэмээн 2013 онд мэдэгджээ. Financial Times сонин, The Economist сэтгүүлийн аль алинд бичсэнээр БНХАУ-ын эдийн засаг энэ жилдээ багтаад АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх нь тодорхой болсон аж. В.Путин засгийн газрын гишүүдтэйгээ Украины асуудлаар санал солилцож байхдаа “Бүх харилцааны үндэс суурь эдийн засаг” гэсэн юм.

Энэ хоёр улс БРИКС, ШХАБ-ээр эдийн засаг, геостратеги, геополитикийн бодлогоо хэрэгжүүлдэг. Монгол 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон. Гэхдээ жинхэнэ гишүүн нь болохгүй гэж ГХЯ-ны Хөрш орны газрын дарга Т.Төгсбилгүүн ярилаа. Ноднин манайд Сайд нарын VII бага хурлаа хийсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт Хятад, Оросын хэн нь ч багтдаггүй. Уулаасаа энэ хоёрт дүр исгэсэн ч болтугай “ардчилал” байхгүй юм чинь. Харин бидэнд Хятадыг үзэн ядах хурц хэлбэрийн нийтлэг синдром бий. Чухамдаа ийм оношгүй аваас монгол хүнд тооцоод ч хэрэггүй. Энэ гайхамшигт онцлогтоо эрдээд хятадууд тонн нүүрс 78 ам.доллароор авъя гэхэд нь гэдийж суусаар одоо хоёр дахин хямд өгч байна. Оросууд эдийн засагт нь шууд нөлөөлдөг шатахууны станц 100-г бариад өгье гэхэд салаавч үзүүлчихээд хойноос нь гуйж очоод өндөр үнээр авдаг болсон. Хоёр хөрштэйгөө хэл амаа олж чаддаггүй ийм улс АНУ хийгээд НАТО-той сөргөлдөгчдийн дунд хоорондоо хэрэлдээд сууж байна.

Хөршүүдийн буян
          
Ойрын хэдэн жил Монголыг “тоогоогүй” хойд хөрш маань Евромайданаас хойш биднийг гэх болжээ. Өнгөрсөн оны эхээр тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ш.Алтангэрэлийн Итгэмжлэх жуухыг В.Путин 2013 оны аравдугаар сарын 23-нд л хүлээн авчээ. Чухам яагаад ийм удаан манай Элчин сайдыг ёсчлоогүй нь сонирхолтой. Мөн өнөөг хүртэл манай Ерөнхий сайд хойд хөршийндөө албан ёсны айлчлал хийгээгүй байгаа шалтгааныг Оросын талаас хайх нь зөв. Гэтэл гэнэт л бүх зүйл өөрчлөгдөж эхэллээ. Тун ойрмогхон Монголын нефтийн хэрэглээг бараг дангаараа хангадаг “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин айлчлав. Тэрбээр бидний өмнө нь санал болгож байсан буюу ОХУ-аас БНХАУ руу экспортлодог нефтийн тодорхой хэсгийг манай төмөр замаар тээвэрлэх зэрэг асуудал ярьжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу төрсөн нутгаас нь илэрсэн сайн чанарыг нүүрсийг БНХАУ-д нийлүүлэх төмөр замыг Монголын баруун талаар дайруулах төлөвлөгөөтэй гэнэ. Манай хоёр хөршийн харилцаа гүнзгийрэх хэрээр Монголын газар нутгийн ач холбогдол нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүхэнд монголчуудын туйлбаргүй зан, Монголын төрийн эрх мэдлээ булаалдсан байдал саад болно. Үүнийг тэд хэдийнэ тооцчихсон байгаа.

Энэ бүхнийг “цэгцлэх” санаа хоёр хөршийн хэн хэнд нь бий. Талууд бизнес, мөнгө ярьж байхад дунд нь суугаа монголчууд санаатай болоод санамсаргүй саад болоод байвал ямар олиг байх билээ. Харин тэд аль эрт Монголын улс төрд оролцоод эхэлжээ гэдэг хардлага Крымын санал асуулгаас хойш улам гүнзгийрэв. Стратегийн ач холбогдолтой өргөн царигийн төмөр зам барих нэрээр Монголын нүүрсний экспортыг унагасан, ҮХАА-н сайд Х.Баттулга Крымын санал асуулгыг дэмжсэн утгатай ярилцлагыг Оросын сайтад өгсөн байна. Мөн Оросын хэвлэлүүдэд Крымд олон орны төлөөлөгч ажиглагчаар ирсний дотор Монголынх бас багтсан тухай мэдээлжээ. Гэхдээ чухам хэн явсныг ГХЯ-ны Хөрш орны газрын дарга Т.Төгсбилгүүн тааварлахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт бас нэг сонирхолтой үйл явдал боллоо. ОХУ-аас манайд суугаа Элчин сайд И.А.Азизов УИХ-ын дэд дарга М.Энхболтой уулзжээ. М.Энхболд МАН-ын дарга гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Элчин сайд МАН-ын даргыг Санкт-Петербургт болох Эдийн засгийн форумд оролцохыг урьсан аж. ОХУ-ын хувьд Монголын ач холбогдол эрс нэмэгдснийг үүнээс харж болохоос гадна оросууд хэнтэй ажил ярих хүсэлтэйгээ шууд илэрхийллээ гэж ойлгож болох юм. МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн сард Хятадын коммунист намын урилгаар БНХАУ-д айлчилсан. Түүний айлчлалын гол зорилгыг “МАН, ХКН-ын харилцааг шинэ шатанд гаргах, үйл ажиллагааг цаг үетэй нь нийцүүлж хөгжүүлэх” хэмээн хэвлэлд бичжээ. Одоо Монголын улс төр хөршүүдийн хүсэлд нийцэх ёстой...

Бидний ирээдүй

Монголын улс төрийн амьдрал бужигнаж байна. Албан тушаалын давхардал, авгай хүүхэнтэй холбогдсон сайдын тухай ярьж буй мэт харагдавч хүчний хуваагдал явагдах хандлага харагдав. Таван толгой, 100 шатахуун түгээх станц, Мардайн орд зэрэг асуудал дээр ОХУ-ын саналыг бид ер хайхраагүй. Сүрхийдээ биш, 76 хүний саналаар асуудлыг шийддэг энэ тогтолцоо ганц Оросын ч биш, Хятадын эрх ашигт ч муу нөлөө үзүүлсээр ирсэн юм. Гэхдээ тэд энэ хооронд зүгээр суусан гэвэл худлаа. Ганц уул уурхай ч бус, манай аль нэг салбарт Барууны хөрөнгө оруулалт орж ирэх сургаар тэмцэл өрнүүлж ирсэн хүмүүсийг хоёр хөршийн гар хөл болоод байна уу гэдэг хардлага логикийн үр дүн юм. Ураны эсрэг цогтой тэмцэгчид Оросоос санхүүждэг байх өндөр магадлалтай. Ямартай ч тэд Монголын амьдралд тэмцэгч нараар дамжуулан гүнзгий оролцсон. Манайд гадаадын шууд хөрөнгө оруулалт 51.7 хувиар буурчээ. БНХАУ, Хонконг хоёр гадаадаас шууд орж ирсэн мөнгөний 70 илүү хувийг бүрдүүлж байна. Чухам үүний тулд л манай хоёр хөрш өнгөрсөн хэдэн жилд УИХ-д хүртэл сууж байгаа “эх орончид”-ыг хөлсөлсөн юм. Одоо харин улс төрд шууд гар дүрэхээр шийдсэн байж болно. Тийм гэж санавал Монголд Ерөнхийлөгчийн тогтолцоотой байх нь тэдэнд ашигтай. Манай нийгэмд ч ганц хатуу гараар удирдуулах сэтгэлгээ нэгэнт суучихсан байна. Үүнийг Ц.Элбэгдоржийн үйлдлүүдэд өгч байгаа ард түмний дүгнэлт баталдаг. Тэрбээр цагийг нь олж Засгийн газрын гишүүдийг олны өмнө нүдэн дээр загнана. Эс бөгөөс эзгүй явж байгаад эргэж ирмэгцээ нийгэм хүлээгээд буй шийдлүүдийг хэрэгжүүлэхгүй ч хэлж ярина. Энэ бүхэн нь ард түмэнд хүрнэ гэж жигтэйхэн. Гэвч Ц.Элбэгдоржид Библи сударт гардаг Баптист Иоханы* хувь заяа ногдсон болов уу. Тэрбээр ямартай ч ард түмэн ганцхан хүчтэй лидер хүсэж буйг тод томруун харуулж чаддаг юм.

Манай хоёр хөршид Монгол ганц хүний хатуу удирдлагатай байх нь ашигтай бөгөөд түүнийг өөрсдөө сонгох нь хамгаас чухал. Чухамдаа бол далан жилийн өмнө бүх асуудлыг Кремльд шийддэг байсан тэр тогтолцоо найдвартай. Харин тэндээс сонгогдсон Монголын удирдагч хүссэн ч, эс хүссэн ч дарангуйлагч болох заяатай. Эзэндээ таалагдахын тулд монгол удирдагч гагцхүү дарангуйлалаар л бүхнийг шийдэхээс аргагүй юм. Тэр цагт бид өөрийн Ходорковскийтой болно. Бас нэг Жириновский ч хэрэг болох л байх. Чимэг шүү дээ. Гэхдээ Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрын засаглал шиг үзэл суртлаар хэмжүүр хийхгүй. Олон намууд нь олон юмаа яриад байж л байна. Сонгуулийн хуульд ч яг энэ зүг рүү чиглүүлсэн өөрчлөлт орох биз. Гагцхүү ганц л хүн шийдвэр гаргана. Бид хатуу гар хүссэн, тэр дарангуйлагч ч удахгүй тодорно... Дарангуйлагч нэг хэсэгтээ Х.Чойбалсан шиг эрх мэдлээ ашиглан хувийн тооцоо хийх биз. Бусад иргэдэд ёстой хал балгүй.

Дарангуйлагчийн засаглал

Монгол дарангуйлагчтай боллоо гээд амьдрал нь огт дордохгүй. Харин ч өнөөгийнхөөс эрс сайжирна. Ядаж л оросууд нефьтийн бүтээгдэхүүнээ урьд хожид дуулдаагүй хямдаар нийлүүлж, томилсон хүнийхээ нэр хүндийг өсгөхөө мэднэ. Өөрсдөд нь ашиг өгөх төмөр замын төслүүдээ хэрэгжүүлнэ, түүнийг нь дагаад Монголын хөдөө ч сэргэнэ. Хятадад зайлшгүй хэрэгтэй уран, төмөр, нүүрс бүгдийг нь бид Оросын хөрөнгө оруулалттай компаниудаар дамжуулан экспортлож эхэлнэ. Түүнийгээ дагаад уурхайчдын жижиг суурингууд сүндэрлэнэ. Ард олон энэ бүхнийг бүтээн байгуулалт гэж харна. Хятадууд 3, 4, 5 ...дугаар Дөчин мянгатаа барьснаар орон сууц болоод утааны асуудал шийдэгдэнэ. Орос ах нар V Цахилгаан сатнцаа барина... гэх мэт. Ю.Цэдэнбал л Монгол орныг босгож ирсэн гэж ярьдаг лугаа адил тийм аугаа их хүндлэл шинэ дарангуйлагчид ногдох юм. Гэм нь манай дарангуйлагч өөрийн эрхгүй л байх юм даа. Эзэндээ таалагдахын тулд энд яль шалихгүй хэлбэрээр л “дайрангуйлна”. Сар гарна аа, Золбоо...


*Библи сударт Есүс удахгүй ирнэ гэдгийг зарлан тунхаглагч.