Нэг. Эвий хөөрхий

Талбай дээр явж байтал нэг эрхэм миний толгойг илбээд,
    -Гөөгий гөөгий миний ард түмэн яагаад уйлаад байна? гэнэ.
    -Би уйлаагүй л байна шүү дээ гэж гайхвал тэр бээр,
    -Нүднээс чинь нулимс урсаагүй ч миний ард түмэн цээжин дотроо сүүлийн хоёр жил мэгшиж яваа. Бид мэдэж байна. Миний сайхан ард түмнийг хэн ингэж ядууруулж орхив оо? Эрх баригчид гээд хашгираач дээ. Их өлсөж байна уу? хэмээн нөгөө эрхэм хушуугаа цөрвийлгөн намайг үнсэх гэлээ.
    -Өлсөөгүй, болоод л байна гэж би дургүйцлээ.
    -Юун ч нэрэлхүү юм билээ дээ. Та нарынхаа өлбөрч үхэж буйд зөвхөн бид л шаналдаг. Биднээс өөр та нарыг өмөөрөх хүчин Монголд нэг ч байхгүй. Үүнд та нар минь итгэ. Эвий эвий миний ард түмнийг хэн ингэж их зовоож байна аа алах юмсан. Бид ядуурал өлсгөлөнд нэрвэгдсэн олон нийтээ хамгаалах гэж жагсаж явна. Хөөрхий болсон иргэдээ зөвхөн бид л аварч чадна. Та нарын аврагч нь ганцхан бид. Бусад нь цөм та нарын минь алуурчид. Тэд ажлаас чинь хөөнө. Цалин тэтгэврийг чинь өгөхгүй болно. Жижиг дунд аж ахуй, компанийг чинь дампууруулна. Нураана, хаана, бооно. Малын чинь бэлчээрийг хуйгаар нь харийн хар элэгтэнд бэлэглэнэ. Юмны үнэ хадаад удахгүй миний ард түмэн юу ч худалдаж авч чадахаа болиод турж үхнэ. Айл бүр хоёр архичин, нэг янхантай болчихлоо. Ядууралд живүүлсэн Төр Засгаа бүх нийтийн бослого гаргаад унагчихаач дээ. Юунаас нь айсан юм бэ. Та нар биднийг парламентад оруулахгүй бол удахгүй Хятадын нэг муж болоод илжигнээс дор зовно. Гөөгий Гөөгий хэмээн намайг нялх хүүхэд мэт хөөрхийлөөд салдаггүй. Яая даа байз. Дэндүү ихээр хөөрхийлүүлэх чинь яасан эвгүй моньд вэ.
 

Хоёр. Миний ард түмэн ингэж ярьж байна

“Ард түмэн минь ингэж ярьж байна” гэх өрөвч нигүүлсэнгүй дүрээ цэнхэр дэлгэцээр байн байн харуулдгаа сүүлийн үед чамлаад “Ард түмэн минь ингэж бодож байна”, “Ард түмэн минь тэгж хүсэж байна” гэх болов. Бүх ард түмнийхээ юу ярьж буйг чагнаад мэдчихдэг урт чихтэй хаан байхыг үгүйсгэхгүй. Харин бүх ард түмэн нь дотроо юу бодож, юу хүсэж буйг нилэнхүйд нь тольддог баастай бурхан байна гэдэг юу л бол?! Ард түмэн гэхээр чинь гурван сая хүн амаа хэлнэ биз дээ. Гурван сая шахам хүний юу бодож, юу хүсэж буйг тийм хялбархан нэвт шувт мэдээд нэгтгэн дүгнэж барахгүй байх аа. Социологийн том судалгаа, бүх ард түмний асуулга явуулаад ч нарийн тогтоож чаддаггүй. Тийм атал захын нэгэн этгээд ард түмэн минь ингэж байна гэж санаанаасаа бурахад бидний хэн маань ч эгдүүцдэггүй. Түүний худал үгийг нүүрэн дээр нь зөвшөөрч толгой дохин тал засаж өөгшүүлэхдээ дотор хүнтэйгээ “Ард түмэн тэгээгүй юм чинь” гэж шивэгнэж хоёр нүүрлэнэ. Хэдэн хүний үгийг ард түмний үг гээд байна? Ард түмний бодол хүслийг дамжуулж буй нь энэ гэж үгүйрэл хоосрол, гай гамшиг ёролсоор яваад нөгөөх нь УИХ-ын гишүүн болчих нь. Монголын хэнэггүй нийгэм дэндүү арчаагүй юм даа.

Гурван сая хүн амынхаа өмнөөс бурдаг нь нэрэлхдэг болох сон. Буруулдаг нь эсэргүүцдэг болох сон. Тийм болохыг үзнэ ээ гайгүй. Ард олны өмнөөс ярьдгийг уучилж бодвоос наад зах нь даруу бус, цаад тал нь харанхуй тархиар тоглож буй бизнес. Нэг хүний бодож, хүсэж буйг мэдэх аргагүй атал ард түмэн тэгж сэтгэж байна, ард түмэн ингэж мөрөөдөж байна гэж өмнөөс нь илтгэх, ард түмнийхээ эрхэнд халдаж буй гэмт хэрэг мөн. Хоцрогдсон маний үеийнхний энэ үхширмэл архаг хуучийг орчин үеийн залуус бүү өвлө. Үтэр түргэн таслан зогсоо. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдгээр хаширсан өвгөн та нарт зөвлөж байна. Тэгээд хэнийг ч өөрийнхөө өмнөөс яриулдаггүй болцгоо. Хэн нэгэн “Ард түмэн ингэж хүсэж байна, ард түмэн тэгж бодож байна” гэж донгосвол түүнийг нийтээрээ эсэргүүцээд шууд болиул. Мэдээж ашиг сонирхол нэгтэй хамууд нь хамгаална. Тэдний амыг ч бүү ангайлга. Бас дагаж шуурдаг гэнэн хонгорууд олон байгаа. Тэднийг бол гэгээрүүл. Тэгээд ард түмний амаар бус өөрийнхөө амаар яриг.

“Ядуурч зовсон ард түмэн маань энэ байна” гээд ажил хийх ясны дургүй, 21 мянга, хүүхдийн мөнгө гэх мэт халамжаар амьдарч сурсан архичинг яриулна шүү цаадуул чинь. Авъяаслаг, ажил хэрэгч ард олноо залхуу, арчаагүй, адгийн нэгнээр төлөөлүүлж гутаахдаа цаадуул чинь гудийхгүй. Халамжийн угж хөхөгч нөгөөх нь ядуугийнхаа бурууг Төр Засагт тохоод өөртөө хир халдаахгүй. “Ард олон түүхэндээ үзээгүй үгүйрэл хоосролд живлээ” гэж уйлагнана. “Ард түмний ярьж буйг сонсов уу” гээд цаадуул нь алга ташина. Ард түмэн хоосон хонож байна гэх жагсагчийн үг бишгүй сонсогддог. Ард түмэн бүгдээрээ хоосон хоноогүй. Хэн нэгэн хоосон хоносон байж болно. Ард түмэн Их хурлыг тарааж, Засгийн газрыг огцор гэж байна гэдэг. Бүх хүн ам тэгээгүй нь тодорхой юм чинь өөрөө Их хурал тар, Засгийн газар огцор л гэнэ биз. Тэгж хэллээ гээд түүнийг ардчилсан нийгэм яах ч үгүй.  

Ямагт эвэр хушуулж байснаас хотуудад сүндэрлэж буй барилга, гудамжаар сунайж буй зам, гүүрээ харъя. Чанаргүй нь бий л байх. Гэхдээ оролдсоор байгаад чанартайг хийж сурна. Мал сүрэг минь 60 сая хүрлээ. Малчин өрх бүр машинтай телевизтэй болж. Тариа, төмс, хүнсний ногоогоо өөрсдөө хангах гэнэ. Хоёр хөрштэйгөө учир зүйгээ олоод эхлэлээ. Далайд гарах хэд хэдэн гарцтай болж, эрдэс баялагаа үнэ хүргэх таатай нөхцөл бүрдүүлэв. Ажилсаг хүмүүс хувийн бизнесээр нүдний өмнө баяжиж буйг анзаар. Дэлхийн наадамд хүвгүүд охидынхоо үзүүлж буй амжитыг хар. Дэлхийн стандартаар өндөр мэргэжил эзэмшсэн сэхээтэн залуус олширсоор байна. Хэзээ ийм байсан юм бэ. Алдаж буй юм бишгүй байгаа. Гэвч монгол зоны хийморь сэргэж, хөгжих өнгө төрхөө олжээ. Хөгжил мэдрэгдэнэ гэдэг ядуурал буурч буйн үзүүлэлт. Удахгүй бүр сайхан болох итгэл төрүүлж байна. Зөвлөлт мэргэжилтний юу ч сурдаггүй мөнхийн дагалдан бүтээж эхлэв.       

Өөрийн бодож хүсэж буйг чөлөөтэй ярих боломжийг ард түмэн 1990 оноос тэмцэж байгаад олоод авсан. Энэ чинь бага боломж биш. Заавал ард түмний үг гэж хуурамч лоозонгоор даллах шаардлагагүй болжээ. Өөрийнхөө өмнөөс ярихыг чамлах хэрэггүй. Чамлахын оронд гагцхүү зөв үг унагахыг л хичээ. Үнэн үг хүчтэй байдаг тул хань хамсаатны үг нэмэрлэх гэж оролдох харин ч олон нийтээ үргээнэ. “Би ингэж хэлж байгаа юм биш, сонгогч олон ингэж ярьж байгаа юм” гэх пиарт зальдуулдаг иргэд цөөрч байна. Төр засгийнхаа алдааг шүүмжлэхийн ялдамд түргэн хөгжих мэргэн бодлого сэтгээч. Хэрэгжих итгэл шууд төрүүлсэн ухаалаг бодлогод миний бие өөрийн эрхгүй татагдана. Ард түмэн яахыг бүү мэд. Гоц ухаан толгойд нь буудаггүй эрхмүүд өөрийгөө магтаад бусдыг муулахаас хэтэрдэггүй.   

Хөөрхий бидний ард түмэн урьд хожид үзээгүй ядуурал өлсгөлөнд живлээ. Буруутан нь эрх баригч олигархиуд. Хэн тэгж байна гэвэл би хэлж байгаа юм биш ард түмэн тэгж ярьж байна гэх үгийг өглөө босоод л сонсдог. Ард түмэн нийтээрээ тэгж үглээд байна уу, үгүй юү гэдгийг нотлох шаардлагатай. Ард түмний үг гэгчийг дамжуулаад буй тэр этгээд үнэхээр ард түмний төлөө бор зүрхээрээ тэмцээд байна уу эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцээх гэж заль мэх зохиогоод байна уу гэдгийг магадлах хэрэгтэй. Тэгээд аль нь үнэн, аль нь худал эсэхийг ард түмнийхээ алган дээр ил тод тавьдаг болъё л доо. Ингэхгүйгээс итгэх хэцүү байх хэцүү. Олон нийтийг хушууруулан дагуулж дөнгөвөл худал ярих цээргүй хэмээх бусармаг үзлээ намууд хая. Ард түмний нэр барьж ярьсан үгийг үг хэмээн сонсохоо нийтээр больчихвол тэд тэгж монжиж чадахгүй. Тэгээд зөвхөн хувь хүн-өөрийн нь үгийг сонсдог журманд шилжиж, хэн нь хэн бэ гэдгээ таньдаг болцгооё. Ард түмний өмнөөс ядуурал ярьж, өөрөө албан тушаалд хүрч баяждаг этгээдүүдэд ухаант ард түмэн минь битгий хуурт. Урьдахь нийгэмд анзаарагдаагүй энэ мэт бусармаг явдал өөдөлж буй нийгэмд илэрч эхлэв. Үүнтэй иргэн бүр эвлэршгүй тэмцвэл арилгана.    

Уншигч Та бол ард түмний нэг ширхэг. Таныг ингэж бодож, ингэж хүсэж байна гээд таны огт бодоогүй, огт хүсээгүй ичмээр зүйлийг хэн нэгэн лидер таны өмнөөс донгосохыг Та зөвшөөрөх үү? Мэдээж зөвшөөрөхгүй. Үүнийг л би захих гэж мунгинаад буй нь энэ.

2014-09-26

http://toimsetguul.mn