Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо (товчилсон нэр нь МРТУХ) гэдэг их айлын албат явсан дунд, ахмад, хижээл насны бүх нөхдөд миний энэ фото-нийтлэл хүрээсэй!


Их айл хэмээн нэрлэсэн нь сэтгэлийн хөөрлөөр хэлэгдсэн үг биш шүү. Тэр үеийн МРТУХ гэдэг нь дотроо Радио, МОНЦАМЭ, Монгол телевиз, Телекино үйлдвэр, Улсын гэрэл зургийн газар гэсэн бүтэцтэй, томхон аж ахуйтай, автогарааштай, 1000 гаруй ажилтан албан хаагчтай лут том айл байж билээ. Нам–засгийн үзэл суртал–мэдээллийн гол зэвсэг болсон энэ хорооны дарга нь Төрийн сайд, Сайд нарын Зөвлөлийн гишүүн, тэрээр салбар хариуцсан 4 орлогчтой, Радио ба Телевиз хариуцсан хоёр нь 1-р орлогч дарга нь болдог, цаана нь нэг орлогч нь МОНЦАМЭ-г удирдана, нэг нь санхүү-аж ахуйгаа удирдаад Намын Хороогоо хавсран толгойлно. МРТУХ нь дээшээ Төв Хороотой шууд харьцдаг, бусад салбарын яамдыг бодвол эрх дарх илүүтэй байгууллага байсныг би энд “их айл” хэмээж байна.



Би зохиолын энэ баатрыг яагаад сонгон авав, онцлов гэдэгт өгөх хариулт надад олон байна. Хүн талаас нь бичье л дээ. “Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав” гэдэг шиг гамшиг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн даргын гэр бүлд  тусчээ. Өрхийн тэргүүн Лхагважав 28-хан насандаа зуурдаар хальж, 4 жилийн дараа бэлбэсэн эхнэр нь мөн тэнгэрт оджээ. Эцэг эхээ алдсан 6-хан настай бяцхан хүү Зантав охин дүүтэйгээ хоёулхнаа өнчрөн үлджээ. Өнчрөл хагацлын зовлонг дэндүү нялхаараа амссан тэр хүү 20 гаруйхан жилийн дараа Төрийн яамны (улсын хороо) дэд сайдаар тохоогдож төрийн жолоо атгалцсан тэр их баатарлаг, баялаг намтар түүхийг нь би үнэхээр бишрэн бахдаж ийнхүү фото-нийтлэлээ туурвиж байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Тариалан суманд зохиолын баатар Л.Зантавтай хамт суралцаж байсан, сургуулийн дотуур байрны амьдрал хамт туулсан нөхөд энэ нийтлэлийг үзээсэй билээ.


Гэргий Т.Алтанцэцэг, гэр бүлээрээ хөдөө – Хөвгүүд З.Зандан, З.Цэцэн нар

Өнчин хүү Л.Зантав Тариалан сумын арван жилийн сургуулийн үлгэр жишээ сурагч, “Таван онцын эзэн” явжээ. Онц сурлагатан энэ хүү багш нарынхаа түлээ модыг хөрөөдөж, оронд нь тэдний хуучин хувцаснаас өмсөж сургуулийн дотуур байрыг элээдэг байсан гэж бодохлоор элэг эмтрэх шиг. Өнчрөөд цаашаа замарсан хүн энэ хорвоод дэндүү олон байдаг болохоор хар нялхаараа хагацал үзсэнийх нь төлөө, тэгээд “Таван онцын эзэн” явсных нь төлөө хөшөөг нь суманд нь босгомоор санагддаг юм. Эр зоригийн жишээ гэх үү, хүний хувь заяа гэх үү, хөшөөнд нэр олдоно л доо. Одоогийн өнцгөөс бол сэтгэшгүй ээ, 6-хан настай өнчин хүү хорвоод үлдвэл гээд асуулт тавиад хариулт ол л доо.   



Улаан онц тэр сурагч сургуулиа онц төгсгөөд Улаанбаатарт ирж, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авчээ. Моквад ОУХДС-д хуваарилах болсон шалтгаанаа тэр үеийн Ардын боловсролын яамны орлогч сайд З.Энэбиш гуай нүдэнд буутал онож хэлсэн байдаг: – Энэ сайхан өндөр залууг чинь дипломатын сургуульд явуулъя байз. Ийм хүн гадаад оронд явсан ч Монголын нэрийг өргөхөөр бие хаа сайтай сайхан дипломатч болно доо гэсэн гэдэг. Үнэхээр ч бараг 2 метр дөхөхөөр (лав 1.90 метр) өндөр сайхан залуу байсныг мэдэх учраас би  З.Энэбиш гуайн хэлснийг яг мэдэрч байна. З.Энэбиш нь ч дараахан нь Москва, Прага, Ленинградад Элчин сайд, Ерөнхий консул хийгээд явсан дипломатын гал тогоог ойлгох мэдэх нэгэн л дээ. Олж онож явуулсан Л.Зантав нь 1966-1971 онд Моквад ОУХДС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр даамай суралцаж төгсгөжээ.



Тэрээр 1971-1978 онд МРТУХ, МОНЦАМЭ агентлагт орчуулагч, улс төрийн тоймч, 1978-1982 онд  МРТУХ-ны  МОНЦАМЭ эрхэлсэн орлогч дарга, 1982-1983 онд МРТУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч, 1983-1989 онд МРТУХ-ны дарга, МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлаар ажиллажээ. Л.Зантавын гавьяа гэж ярих аваас онцлохоор хэд хэдэн ажил бий. Тэрээр зөвлөлтийн ТАСС агентлагаар дамжуулан дэлхийн 19 улсад Монголын тухай мэдээллийг англи хэлээр түгээх, Москвад орос хэлээр (“Международная информация”), Берлинд орос, герман хэлээр Монголын тухай мэдээллийн сэтгүүл (“Panorama”) хэвлэж гаргах, МОНЦАМЭ агентлагийг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагад (ОАНА) гишүүнээр элсүүлэх ажлыг гардан хариуцаж, эх орноо гадаад ертөнцөд өргөн сурталчлах ажлыг цоо шинэ шатанд гаргасан хэмээн тухайн үеийн нам-засгаас өндөр үнэлэгдэж байсныг би сайн санаж байна. Бас нэг бүр чухал ажил нь аж ахуйн нүсэр ачааг авч гарсан явдал юм. Монголын олон нийтийн радио, телевизийн одоогийн энэ сайхан байрыг барьж дуусгах ажлыг шуурхайлуулж чадсан явдал гэж хэлж байна. Цаасан дээр зураг төслөөрөө, хөрөнгө мөнгө, гүйцэтгэгчгүй  байсан барилга түүний санал санаачилгаар 1981 онд хөдөлгөөнд орсон юм. Гялалзсан залуухан дэд сайд асуудлыг Ю.Цэдэнбал, түүний гэргий нарт ойлготол нь, шийдвэр гаргатал нь тавиад зогсохгүй, өөрөө хөөцөлдөж байж Зөвлөлтийн барилгын 3-р трестээр бариулахаар гүйцэтгэгчээ олоод ирнэ гэдэг төсөөлөмгүй том ажил байв.


Радио телевизийн шинэ төвийн нээлт  

Би зохиолын энэ баатрыг яагаад сонгон авав, онцлов гэдэгт өгөх өөр хариулт надад бас байна. Миний амьдралын тойрог зөв гольдрилдоо орж, би гадаад харилцааны албанд хэтдээ зүтгэх эхийг Лхагважавын Зантав хэмээх энэ дотно хүн маань тавьж өгснийг би энд  тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Цэл залуухан энэ дарга бол монголын англи хэлтэй анхны улс төрийн тоймч, тэр үедээ л асар өндөр боловсролтой, бие хүний хувьд мөн ч өндөр нуруу туруутай, гуалиг, хөдөө төрж өссөн, өнчин өрөөсөн гэдэгт огтоос итгэмээргүй тийм цэвэр цэмцгэр, соёлтой, нүүрийн буянтай, бас ч үгүй өрнөжсөн хүн байж билээ. Боловсролтой, ажилсаг залуусыг тэрээр  дэмждэг, айхгүй хамгаалдаг, дэвшүүлдэг байсны дотор би ч орж буяныг нь бишгүй хүртсэн дээ!