(Дээд боловсролоо Гиннест оруул даа!)

МУИС чансаагаараа дэлхийд 1375-т бичигдлээ
Olloo.mn сайт, 2013-12-03, Мэдээний дугаар: #1237372


Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, рейтингийн жагсаалт гаргажээ. Нийт 200 гаруй орны 11160 их дээд сургууль, коллежийг хамруулан судалгаа хийсэн байна. Үнэлгээгээр манай боловсролын байгууллагууд дараахи байр эзэлжээ.
  1. Монгол Улсын их сургууль 1375-pт
  2. Шинжлэх ухаан технологийн их сургууль 5208
  3. Хүмүүнлэгийн ухааны их сургууль 7593
  4. Санхүү эдийн засгийн дээд сургууль 8322
  5. Хөдөөж аж ахуйн их сургууль 8602
  6. Боловсролын их сургууль 8873
  7. Ховд их сургууль 8964
  8. Улаанбаатар дээд сургууль 9021
  9. Орхон их сургууль 9078
  10. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 9083
  11. Монгол олон улсын дээд сургууль 9470
  12. Отгонтэнгэр их сургууль 9554
  13. Улаанбаатарын их сургууль 9684
  14. Удирдлагын академи 9734
  15. Их засаг их сургууль 9817
  16. Монгол Улсын соёл урлагийн их сургууль 10010
  17. Төмөр замын коллеж 10024
Энд Монголын 17 их дээд сургуулийг оруулжээ. Оруулах ч юу байхав. Арваннэгэн мянга гаруй дотор багтсан нь энэ.  Цаана нь багтаагүй лав 80 гаруй, эсвэл 80 орчим их дээр сургууль бий гэж БШУЯ-ны албаны нэг хүн хэлж байна. Тэр ч үнэн байх. Нэг үе 200 руу дөхөж явсан их дээд сургуулийн тоо 100 орчим болсон нь маш том дэвшил гэхээс аргагүй. Бас дэлхийн 200  гаруй улс орноос 17 их дээд сургуулиа шургуулаад авсан 2.8-хан сая монголчуудаа магтахаас аргагүй, 2.8 сая хүн амд нь хувааж үзвэл яалт ч үгүй дэлхийд цойлж яваа гэлтэй.
Өөр нэг судалгаа байна. “BRICS & Emerging Economies Rankings 2014”. БРИКС эвслийн ба хөгжиж буй орнуудын их сургуулиудын рейтингийг тогтоожээ

(Та энэ талаар “www.timeshighereducation.co.uk” сайт руу орж үзэж болно).

Лав эхний 100 их сургуулийг жагсаахад Монголоос ганц нь ч орсонгүй. “Хөгжиж буй орнууд” хэмээн зориуд тодотгосон учраас би тэр “100”-г нэгд нэгэнгүй ажиглалаа, бүр тооллоо. Бидний сайн мэдэх Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль лав 10-рт байж байна. Санкт-Петербургийн улсын их сургууль тээр хойно 67-рт жагссан байх юм. Эхний хоёр байрыг Хятадын Бээжин их сургууль, Цинхуа их сургууль эзэлж, араас нь Кейптауны их сургууль (Өмнөд Африк) удаалжээ. Эхний 10 дотор Хятадын 4, Туркийн 3, Орос, ӨАБНУ, Тайванийн тус бүр нэг их сургууль оржээ. Энэ “100” дотор Хятад 23 их сургуулиа оруулжээ. Энэ үзүүлэлтээр араас нь Тайвань 21, Энэтхэг 10, Турк 7, Өмнөд Африк 5, Тайланд 5, Бразил 4, Польш 4, Чех 3, Унгар 3, Египет 3, ОХУ 2, Чили 2, Мексик 2, Эмират 2, Малайз 2, Колумб 1, Марокко 1 гэхчлэн жагсчээ.

Дээрхи чансаа тогтоолтоос хийх дүгнэлт бол: их дээд сургууль нь 100 хавьд тоологддог манай улс санаандгүй байж байгаад мөд Гиннесийн номд хөгийн, эмгэнэлт энэ нэгэн жишээгээрээ бүртгэгдэх юм биш байгаа! Манайхан “Гиннес” гэхлээр их гэгээлэг талаас нь хараад, баярлаж хөөрөөд байх юм. Даян дэлхийн аль л болохгүй бүтэхгүй, инээдэмт, бас этгээд, онцгой үйл явдал, юмс үзэгдэл, бүр эд барааг энэ номд жагсаасан байдаг шүү дээ. Эерэг гэхээсээ хачин сонин, марзан, ер нь хүний анхаарал татаж, сэрдхийлгэмээр мэдээлэл тэр номоор дүүрэн байдаг даа. 

Нэгэнт л “дээд боловсролтон”-ыг 20 орчим жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа тул  “Монголын хүн амын талаас илүү нь дээд боловсролтой” (дэлхийн жишгээр үүнийг “Их сургуулийн боловсролтой”  гэнэ) гэсэн сүрлэг тоо Гиннест лав бүртгэгдэж таарна. Учир нь даян дэлхий дээр ямар ч улс үндэстэн ийм тоон үзүүлэлтийг хангаагүй, хангах ч үгүй юм гэнээ. Жишээ нь хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа, гэвч  манайтай төстэй жижиг улс  гэгдэх Сингапурт их сургуулийн боловсролтон хүн амынхаа 18 хувь, Хонконгт 15 хувь, Европын дунд зэргийн хөгжилтэй Ирландад 12.3 хувь, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д 25 хувьтай байдаг аж. 

Зөвхөн хүн амын доторхи дээд сургуулийн дипломтны эзлэх жингээр зогсохгүй 2.8 сая хүн амдаа тооцож үзвэл 100 давах их дээд сургуультай, нэг хичээлийн жилдээ 200 мянган оюутантай, зөвхөн энэ “100” гэсэн тоо л дэлхийнхний нүдийг бүлтийлгэж, чихийг сортолзуулахаар том тоо аж. Цааш нь 10 000, бүр дордоод 1 000 хүн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор бас л дэлхийд аль хэдийнэ хошуучилж яваа. Харин дэлхийн  хөгжлийн үзүүлэлт илтгэх олон улсын элдэв статистик номуудад манай энэ тоо бүртгэгдээгүй, 10 000 хүн амд ногдох инженер эрдэмтний тоогоор дэлхийд Изриаль толгой цохиж, АНУ-ынхаас 2 гаран дахин давсан гэх нэгэн тоо байна.

Хэрэв дээд боловсролыг нэгэн том зах зээл хэмээн тооцвол олон улсын энэ статистик үзүүлэлтээр манай улс дэлхийн ба бүс нутгийн том гүрнүүдэй зуузай холбох дөхөж,  Азийн бар улсуудыг хол хаясан байх юм. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгүй рекордыг үнэхээр бүрэн тогтоогоод байна. Нийт хүн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд  сургуулиудын тоотой харьцуулсан дараахи судалгааг харж болно.


Улс

Хүн амын тоо

Их, дээд

сургуулийн тоо

Их Британи

59.4 сая

89

Австрали

20.1 сая

62

Шинэ Зеланд

3.9 сая

7

Швейцарь

7.3 сая

9

Нидерланд

16.2 сая

17

Швед

9 сая

40

Израиль

6.8 сая

5

Сингапур

4.3 сая

19

Хонконг

7.4 сая

3

Малайз

24.8 сая

17

Тайланд

64.3 сая

78

Турк

68.1 сая

69

ӨАБНУ

45.3 сая

16

Арабын Нэгдсэн Эмирт

3.8 сая

4

Саудын Араб

25 сая

40

Грек

10.7 сая

17

Латви

2.3 сая

5

Литва

3.6 сая

6

Эстони

1.4 сая

3

Словак

5.4 сая

14

Албани

3.5 сая

10

Болгар

7.5 сая

38

Македон

2 сая

2

Румын

22.3

48

Хорват

4.4 сая

4

Египет

80 сая

14

Тунис

9.9 сая

5

Бахрейн

690 мянга

2

Иордан

5.3 сая

2

Сири

17.4 сая

4

Балба

24 сая

1

Шри Ланка

19 сая

10

Камбож

13.8 сая

15

Мъянмар

52.8 сая

16

Гана

20.4

3

Нигери

135.4 сая

13

Ардчилсан Конго

53.2 сая

3

Камерун

16.1 сая

1

Зимбабве

13.1 сая

1

Кени

31.9 сая

4

Монгол Улс

2.8 сая

100



Манай улс хөгжлийн түвшингээр жагсаалтын сүүлд буй Африкийн хэдэн улсаас бүр хол тасраагүй, харин Балбаас дээш жагссан орнуудтай хөгжил, өрсөлдөөн, эдийн засгийн эрх чөлөө гэж ярихад арай ахдана.  Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хөгжлийн зөрүү хэдэн арван жилээр яригдана.   

Энд хэдийгээр хөгжлийн асар их зөрүү, хүч чадавхийн харьцуулшгүй үзүүлэлттэй ч Японтой нэг жишээд үзье л дээ. 127 сая хүнтэй тэр оронд их, дээд сургууль нь манайхаас ялимгүй олон, гол нь тэр улсад дээд боловсрол манайх шиг үнэгүйтээгүй. Энэ нь багцаагаар Монголын дээд боловсролтонгууд ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилждэг, Монголд төгссөн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ)  ажилд авдаггүй, авлаа ч цааргалдаг, харин Японд бол ажлын байр баталгаатай, адаглаад гадагш гарахад мэргэжилтэн, сайн дурынх  гээд хийх ажил зөндөө гэсэн үг. Манайд конвейроор дээд боловсролыг олгодог бол Японд үхтэл нь шигшээд, шүүсийг нь шахаад дэлхийн мэргэжилтэн болгож гаргадаг.

Их, дээд сургуулийнхаа тоогоор Сингапур, Израиль, Унгар, Польшийг бараагүй хаяж тасарсан өнөөгийн Монголд  ямар гээчийн хорлол шингэсэн юм бол, бүү мэд, дээд боловсролын үйлдвэрлэл нь ядууралтайгаа хослон явагдана. Хүн амынх нь 40 орчим  хувь ядуу дорой, ерөөсөө өөдлөх найдвар байхгүй, баялаг бүтээдэггүй, олбордох ба мал аж ахуйн үйлдвэрлэлд найддаг, тэгсэн мөртлөө хүн амынх нь тал хувь их сургуулийн дипломтой гэмэгц  нь л ертөнцийн марзан үзэгдлийн жишээ болж яалт ч үгүй харагддаг аж. Гол нь монголчууд үүндээ огтоос дүгнэлт хийдэггүйг нь дэлхийнхэн гайхаж баршгүй.

Монголын их, дээд сургуулиуд дэлхийн сургуулиудтай өрсөлдөх чадваргүй, хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр гол зогоож амьдарч байгаа ба “100” гэдэг тэр тооны цаана монголчуудын чамирхах, сагсалзах, баярхах дон, үл ичих зан, шуналын дэв, тэр шунал дээр тоглох луйварчин сэтгэлгээ, мөнгө л зогсож байгаа!

*****