Манай улсад спорт өндөр түвшинд хөгжихгүй байгаа шалтгаан дахин харагдлаа. Дахин гэж хэлж байгаа шалтгааныг тодруулбал:

Жүдогийн Х.Цагаанбаатар, С.Мияарагчаад хэд хэд ялагдчихаад олон улсын тэмцээнд илүү туршлагатай гэдэг үндэслэлээр эх орноо төлөөлдөг байлаа. Тухайн үед Х.Цагаанбаатарыг хэн ч ялсан эх орноо төлөөлөх “эрхгүй” дархлагдсан тамирчин болчихсон байв. Бээжингийн Олимпоос нэг сарын өмнө Дорноговийн даншигт барилддаг том толгойтой тамирчныг систем нь ийнхүү бий болгочихсон юм.  Яг үүний эсрэг жишээ дэндүү олон бий. Сонгодог жишээ нь АНУ-ын чөлөөт бөхөд байдаг. 1999 онд 130 кг-д Дэлхийд тасархай түрүүлсэн Стэфан Нил (нэг өрсөлдөгчөө 5 секундэд цэвэр дарсан), дараа жилийн Сиднэйн Олимпын өмнөх сорилгод Кэрри МакКойд ялагдчихав. АНУ-ыг Дэлхийн аварга биш, хэн ч танихгүй МакКой төлөөлөх болжээ. Хүнд жинд ноёлдог ОХУ, Иран, дундад Азиуд, Нилийг Олимпт түрүүлнэ гэж бат итгэчихсэн байсан гэдэг. Итгэхээс аргагүй тасархай тамирчнийг Олимпт оролцуулаагүй нь, манай “дүрэм”-ээр бол Америкууд дэндүү тэнэг алхам хийсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихсөн, нас залуу, өрсөлдөгчид нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн нөхцөлд яаж ч бодсон Нил явах байлаа. Бүх жинг оролцуулаад Нил тухайн жилдээ оны шилдэг чөлөөт бөхийн тамирчин болоод байв. Харун Доган, Эльбрус Тедеев, Даниэл Игали, Адам Сайтиевийн аль нь ч биш. Дараа жил нь Олимп болж МакКой медаль авалгүй тавдугаар байранд орж, Оросын Давид Мусульбес  Олимпын аварга боллоо. Америкчууд Нилийг явуулах байсан юм гэж уурлаж бухимдаагүй. Учир нь улсаасаа илүү тамирчин, системээсээ тусдаа тамирчин байдаггүй гэдгийг тэд аль дээр ойлгочихсон. Энийг зөв эрүүл систем гэдэг. Тэд хуулиа дагаж, хүн бүр тэгш эрхтэй байхын үнэ цэнийг ойлгочихсон. Гэтэл бүгд тэгш эрхтэй, зарим нь арай илүү эрхтэй гэдэг дүрэм манайд бий. Спорт гэлтгүй бүхий л зүйл дээр харагддаг. АНУ-ын бодлого хэн медаль авах нь чухал биш, хүн бүрийг тэгш эрхтэй байх бололцоог бий болгожээ.

Яг ийм тохиолдол сая бокс дээр давтагдлаа. 64 кг-ийн улсын аваргад З.Энхзориг түрүүлсэн боловч, Олимпын медальт У.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийлгэж “би явах ёстой” гэсээр сорилго хийлгэхээр болов. Сүүлийн Азийн аваргад У.Мөнх-Эрдэнэ медаль авсан нь үнэн, Олимпоос медаль авсан үнэн, яах аргагүй сайн байгаа, гэхдээ дүрэм бол дүрэм. З.Энхзоригийн хувьд дүрмээ л дагасан. Улсын аваргадаа түрүүлж чадаагүй байж сорил хийнэ гэж хэвлэлийн бага хурал зарлах нь Боксын холбоогоо үл хүндлэх үйлдэл. Гэтэл холбоо нь тэрийг ч тоож байгаа юм байхгүй, сорилго явуулна, явуулахгүй гэж хоёр хуваагдаад дүрэмгүй гэдгээ өөрсдөө харуулчихав. Хэн нэг медальтай тамирчин, эрх мэдэлтэн гаргасан дүрмийг зөрчөөд байвал тэрийг дагах шаардлага байхгүй. Улсын аваргад хэн түрүүлсэн нь эх орноо төлөөлөх ёстой гэсэн заалт ийнхүү зөрчигдлөө. Эхний сорилго хийх гэтэл У.Мөнх-Эрдэнэ миний бэлтгэл хангагдаагүй байна гээд, сорилго хойшлов. Ингээд Монголын Сонирхогчийн Боксын Холбооноос хоёр дахь удаагийн сорилгыг явуулахад У.Мөнх-Эрдэнэ ялчихав. Казахстаны Дэлхийн аваргад хэн явах нь тодорхой болж, үзэгчдийн хувьд нэг жингийн хоёр сайн боксчны тулааныг телевизээр шууд үзсэн нь завшаантай хэрэг. Давхар Монголын бокс ямарч систем, бодлогогүй гэдгийг олон хүн харсан. Аль нэг Олимп, Дэлхийн медальтнуудад тусдаа үйлчилдэг дүрэм одоо ч гэсэн оршин тогтнож, хэн нэг дархлагдсан тамирчин өөрийнхөн бэлтгэл хангагдсан үед сорилго хийгээд зодоод байх нь хэр тохиромжтой бол? Улсаасаа том тамирчидтай, системдээ захирагддаггүй хүмүүстэй байхад манай спорт хөгжихгүй байгаа нь ойлгомжтой. Хөгжихгүй байгаа шалтгаанаа үүнээс хайх ёстой бус уу. У.Мөнх-Эрдэнэ олон залуу хүүхдийн урмыг хугалахаас гадна, З.Энхзоригийн карьерт хар толбо бий болгов. Түүнчлэн дараагийн удаа ийм “боломж” байгаа шүү гэдэг дохиог бусад тамирчиддаа өгөв. У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргаас медаль авбал энэ яриа эрс багасаж, медаль аваагүй бол З.Энхзориг явах байсан юм гэсэн яриа гарах л байх. Зөвхөн медалиас болж урваж шарваж, эргэж буцдаг үйлдэл Х.Цагаанбаатар дээр ч яригдаж байсан. С.Мияарагчаад ялагдчихаад Дэлхийн аваргаас алт авсан учраас энэ яриа мартагдсан болохоос мэргэжлийн талаас харвал яаж ч бодсон эрүүл биш. Хэрвээ медаль аваагүй бол С.Мияарагчаа л явах байсан юм гэсэн нөхдүүд гараад л ирнэ. Дараа нь С.Мияарагчаа шударга тамирчин ч билүү нэг шагнал олон улсаас авсан санагдана. Үнэндээ медаль авах үгүй нь хариулт биш. Үзэгчдэд медаль хэрэгтэй, харин холбоонд эрх тэгш шударга байдал, дүрэм хэрэгтэй. Үзэгчээсээ ялгаагүй сэтгэдэг холбоо, өөрсдөө магтуулж хэн медаль авах вэ гэж толгойгоо гашилгаж, өмнөх гавьяаг нь дараагийн тэмцээнд нааж ойлгодог энэ хоцрогдол хэзээ арилж, тэр болтол ямар олон залуус үүний золиос болохыг таашгүй.

Спортын бус спортын бодлого

Эх орноо хэн төлөөлөх вэ гэсэн бодлого янз бүр. Улсын аваргад түрүүлсэн тамирчин, эсвэл дасгалжуулагчийн сонголтоор шигшээ багийн тамирчинг сонгодог систем бий. Түүнчлэн нэг шилдэг тамирчин, улсын аваргад түрүүлсэн тамирчинтай хүчээ үзэх ч бодлого бий. Гэхдээ Улсын аваргад түрүүлсэн нь эх орноо төлөөлдөг бодлого дийлэнхдээ ноёлож буй. Учир нь бусдаасаа илүү шалгарсан систем. Сүүлийн хэдэн жил ажиглагдах болсон шилдэг таван бөхийн дунд сар бүр сорилго хийдэг систем ч гараад ирсэн. Үүнээс арай өөр, нэг номерийн тамирчнаа бус 3,4 номерийн тамирчдаа тэмцээнүүдэд илгээх бодлого бий. Шалтгаан нь нэгдүгээрт өөрсдийн шилдэг тамирчдаа судлуулахгүй байх, хоёрдугаарт олон улсын чанартай тэмцээнд туршлага хуримтлуулсан 3,4-р зэргийн тамирчид эх орондоо ирээд 1,2 номерийн тамирчидтайгаа илүү өрсөлдөж, дундаас нь тэнцүүхэн тамирчдын шударга өрсөлдөөнөөр тухайн салбараа хөгжүүлж болно. Сайн тамирчинтай тулалдаж байж сайжирдаг систем сүүлийн жилүүдэд түгээмэл болж буй. Шударга өрсөлдөөн тамирчиддаа ч, холбоондоо ч, улсдаа ч, үзэгчиддээ ч өгөөжтэй. Риоко Тамуратай манай бөхчүүд барилдаад л байвал яаж ч бодсон сайжирна. Харин Тамурад өгөөж багатай.

Ямар ч салбар хөгжих гол үндэслэл нь тодорхой дүрмийн заалт, түүнийг дагаж мөрдөх нь туйлын чухал. Үүнийг бодлого гээд байгаа юм. Ийм л учраас спорт өндөр хөгжсөн улс оронд бүх зүйл тодорхой, систем нь эрүүл, хүндээ чиглэсэн. Манайх хүндээ чиглэж байгаа мэт харагдавч ямар нэг холбоо, медалийн төлөө зорилготой.  Шударга өрсөлдөөн, олон сайн тамирчин гарч ирэх нөхцлийг хааж, ялангуяа залуу тамирчдад халгаатай бодлого (бодлого ч биш юм) оршин тогтносоор байна. Үүнийг яаж болиулах вэ? Ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ядаж л оюутны тэмцээнд шигшээ багаа биш оюутны багаа л явуулахаа хэрэгтэй. Холбоо дүрмээ тодорхой болгоод, түүнийг дагаж мөрдүүлэх хэрэгтэй. Улсын аваргад түрүүлвэл олон улсад эх орноо төлөөлнө гэсэн бол тэгэх л ёстой. Хэрвээ тухайн үед гэмтэлтэй бол яах вэ гэдэг нэмэлт заалтыг ч суулгаж өгөх хэрэгтэй. Улсын аваргын эхний гурван байр сорилго барилдаан хийх ёстой гэвэл яг л тэрийгээ дагах ёстой. Хэн нэг дархлагдсан, медальтай тамирчин, олон жил ажилласан гэх нөхдүүд дүрмийг үл хайхрах нөхцөлийг хаах хэрэгтэй. Спортын сэтгүүлчид, спортын сэтгүүлчдийн холбоо хүртэл ийм нөхцөлд ажлаа хийх хэрэгтэй. Спортод тэд манаачийн үүрэг гүйцэтгэх ёстой биз дээ. Эсвэл үзэгч юм уу! Манайд үнэндээ шат шатандаа ийм нөхцөл байдал тааралддаг. Спорт шударга байх ёстой боловч манайд бодлогын түвшин шударга байж чадахгүй байна. Ийм нөхцөлд мэргэжлийн спорт, олимпын олон медаль гэж ярих ч утгагүй биз. Манай спорт тамирчиддаа чиглэсэн бодлоготой байж хөгжинө үү гэхээс, цөөхөн хэдэн том тамирчиддаа чиглэвэл хөгжилд хөтлөхгүй.

Бидний өмнөх түүх яг ийм. Олимпоос яаж олон медаль авах вэ гэсэн бодлоготой. Гэтэл зөв хөгжөөд дараа нь түүнээс олон медаль авах боломж байгааг олж хардаггүй. 1990 оноос өмнө капиталист, социалист систем спортын талбар дээр өрсөлддөг байв. Хожиж, хожигдох нь янз бүр байсан ч, бодлого нь тогтвортой, илүү настай байсан учраас капиталист систем ялсан.

1945 оны үед ЗХУ-ын сонирхогчдын хөлбөмбөгчид, Английн мэргэжлийн хөлбөмбөгчидтэй тоглолоо гэсэн түүх бий. Динамо Москва, Лондонд зочлон Арсэнал, Чэлситэй хийсэн нөхөрсөг тоглолт.  Тухайн үед тамирчид чадварын хувьд төдийлөн ялгаагүй боловч систем нь яах аргагүй мэргэжлийн, сонирхогчийн гэж ангилагдах болсон юм. Зөвлөлтийнх улсаас цалинждаг, гэхдээ бүгд адилхан цалинтай, удирдлагууд нь улс төрчид. Гадны багт хожигдох юм бол шигшээ баг, клубийг ч тэр адилхан тараадаг харгис бодлого явж байв. Бүр 1939 онд Зөвлөлтийн цомын тэмцээнд Москвагийн Спартак аварга болсон хэдий ч, аль хагас шигшээд хожсон Тбилисийн Динамотой хагас шигшээгийн тоглолтоо дахин хийх шаардлагыг улс төрчдөөс өгөв. Мэдээж тухайн үед Гүржийн Сталин удирдагч байсан учраас Гүржийн нийслэлийн баг хожигдсон ч дахин тоглох болжээ. Ардын комиссариатын тэргүүн Лаврентий Берия (Гүрж хүн) тухайн бүх зүйлийг гардан хийсэн гэдэг. Түрүүлчихсэн баг хагас шигшээгийн нөхөн тоглолт хийж байгаа нь нөгөөх л улсаасаа том тамирчин, системдээ захирагддаггүй хүнтэй байгаагийн хамгийн том жишээ. Яах аргүй илүү байж Спартак хожсон бөгөөд, хэрвээ хожигдсон бол Аваргын тоглолт дахин явагдаж Тбилисийн баг, Ленинградын Зениттэй дахин тоглох байсан болов уу! (Хэрвээ тоглосон бол Сталины баг Лениний хоттой. Коммунистууд алийг нь хожуулах байсан бол!) Ийм нөхцөлд өрсөлдөөн гарч, тамирчид өөрсдийгөө дайчлах болов уу! Эндээс хөгжил хүлээгээд нэмэргүй нь өнөөгийн өндөрлөгөөс харахад ойлгомжтой. Манайд үүний жижиг жишээнүүд давтагдаад л байна. Бид үүнээс хөгжил хүлээх хэрэгтэй юу! Хүүхдүүдийн минь өндөрлөгөөс харвал Зөвлөлтөөс нээх ялгаатай харагдахгүй л байх.

Зүүн Европт спортын бус спортын бодлого явж байхад Англичууд клубээс цалинждаг, мэдээжээр Зөвлөлтийнхнөөс хэд дахин өндөр цалинтай, тамирчид дуртай клубтээ тоглодог байв. Яг л ажилд орж байгаа юм шиг хөлбөмбөг тоглож цалин авна. Цалингийн хэмжээ чадвараас нь хамаараад тоглогч бүрт янз бүр. Гол нь бодлого эрүүл, цаашдаа хөгжих, тогтвортой байх асар ирээдүйтэй. Зөвлөлтүүд хожсон тохиолдолд мэргэжлийн тамирчдыг хожсон, тэдний мэргэжлийн гэж юу байхав гэсэн ойлголтууд гардаг байсан боловч удалгүй мэргэжлийн тамирчид хамаагүй илүү болохыг цаг хугацаа харуулсан. Хэдэн хожил, медалиар бүхнийг шийдэж болдоггүйг харж болно. Гол нь ямар систем байгаагаас ирээдүйг харж болно. Манай хэдэн медаль хөгжих гол суурь мөн  гэж үү!

Түүнчлэн1952 онд Зөвлөлтийн шигшээ Югославт Олимпын наадамд хожигдсоны дараа шигшээ багийг тарааж, Сталиныг нас барсаны дараа дахин байгуулагдаж байсан түүх бий. Дараагийн Олимпын өмнө Энэтхэгт нөхөрсөг тоглолт хийхдээ дасгалжуулагч Гаврийл Качалин хожигдчих вий (хувь тоглогч дээр алдчих вий гэсэн айдас, тиймээс тоглогчийг айдасгүй байлгах хэрэгтэй) гэсэн дээ дагжин чичирч байсан гэдэг. Гоол орсны дараа хамаг бие нь тавирсан гэдэг. Гүй ээ мөн зовлонтой яа. Ийм нөхцөлд тэд 1956 оны Олимпын аварга болсон хэдий ч, спортын талаасаа хөгжиж, урагшилаагүй. Медаль авч л байвал хамаагүй гэсэн улс төрчид, үзэгчдийнхээ бахыг хангаад л дуусан юм. Дараагийн үедээ үлдээх юу ч үгүй учраас Зөвлөлтийн энэ баг хэдхэн жилийн турш хүчтэй байлаа.

Эцэст нь дурдаад байвал янз бүрийн жишээ байна л даа. Хэдхэн жишээн дээрээс хараад байхад манай спортын удирдлагууд, улс төрчдөөс ялгаагүй хандлага гаргаад байх шиг. Өөрийг нь удирдаж байх хугацаанд медаль авч бусдад таалагдах нь чухал юм уу? Ирээдүйгээ харсан зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал юм уу?