Тегеранд 2013 оны 8 дугаар сарын 4-нд шинэ Ерөнхийлөгч Хассан Рухани тангарагаа  өргөсөн. Тэр ёслолын мэдээлэл, бичлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Л.Төр-Од надад үзүүллээ. Тэрхүү бичлэг, CD-нээс дүгнэж үзвээс: “террорист дайсан улс”-ын Төрийн тэргүүн, хөөж буулгавал таарах нэг дарангуйлагч (Палмерын нэрлэсэн XXI зууны 44 дарангуйлагчийн нэг) гараад ирж гэхээр ямар ч шинж тэмдэгийг би олж харсангүй. Бичлэгээс үзвэл Европын Холбоог төлөөлөн Хавьер Солана, Төв Азийн бүгд найрамдах улсуудын Төрийн бүх тэргүүн, дэлхийн олон арван улс орны төлөөлөгчид (Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Спикер, Сайд нар гэх мэт) очиж оролцсон, олон улсын нэг томхон албан бус чуулга уулзалт болсон аятай нүднээ буулаа.  

1979 оны лалын хувьсгалаас хойш анх удаа тус улс дэлхийн бүх улсад хандан урилгаа хүргүүлсэн ба шалгуурт нь АНУ, Израиль хоёр тодорхой шалтгаанаар тэнцээгүй юм байна. Иран үүд хаалгаа нээлээ шүү, нээлттэй улс боллоо шүү гэдгийн дохио сануулга хэмээн гадаадын хэвлэлүүд бичсэн байхтай бишгүй нэг таарна. Цагаан ордноос ч гэсэн горьдлогын нүд Тегеран руу бэлчээстэй байгааг дүн шинжилгээний лут төв – Брукингсын институт хүлээн зөвшөөрчээ. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрч хэлэлцээ эхлүүлж, тэгэнгээ дөхөж ойртох санаатай гэж АНУ-ыг битүү нэрлэсэн ба түүнийгээ шинэ боломж гэсэн байх юм. Аятолла Хаменеин талын нэр дэвшигч ялагдмагц америкийн улс төрчдын хүрээнд итгэлийн бяцхан гал бадарч, яаран дүгнэлт хийсэн явдал буй гэнэ. Бүр Конгрессын 118 депутат (хоёр намаас) Ерөнхийлөгч Б. Обамад захидал илгээж Ирантай шууд хэлэлцээ хийхийг уриалсан явдал ч гарчээ. Эдэн дээр Элчин сайд голдуу 29 ахмад дипломатч, түшмэд нэмэгджээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Вильям Хейг мөн тэгж догдлогчдын нэг байв. Тэрээр Нийтийн танхимын гадаад харилцааны хороонд үг хэлэхдээ Тегерантай хоёр талын харилцааг алхам алхмаар сайжруулахад бэлэн байна гээд,  удахгүй Элчин сайдын хэмжээнд дипломат харилцаагаа сэргээнэ гэв. Ираны эсрэг Вашингтон санаачлан хориг тавьж, европынхон дагалдсанаар асар их боломж алдлаа хэмээн энэ өдрүүдэд британичүүд төдийгүй европын толгой эдийн засагчид ил цагаан мэдэгдэж байна.



Гэхдээ өөдрөг бус үнэлэлт дүгнэлт цухалзаж байнаа. Тухайлбал АНУ-аас НҮБ-д сууж байсан Элчин сайд Жон Болтон Ираны эргэн тойронд огцом өөрчлөлт шинэчлэл гарахгүй гэж үзэгчдийн нэг аж. Рухани сонгогдсон нь ердөө л “занга” гэж нэрлэв. Ахмадинежад, Рухани нарын хооронд үг хэл, ярианы ялгаа гэж байхаас цаанаа бол Иран нь цөмийн хөтөлбөрөө төгс үргэлжлүүлнэ гэв. Рухани 2003–2005 онд цөмийн асуудлаархи хэлэлцээг толгойлж байсан баримтыг Болтон баримт болгож, тэр бол цаг хожих талаараа мастер гэж нэрлэв.

Ирантай хэлэлцээгээ нэн даруй эхлүүлье гэж Европын Холбооны гадаад бодлогыг хэрэгжүүлэгч комиссар Кэтрин Эштон уриалан дуудмагц Рухани айхтар ухаалаг, зальжин мэдэгдэл хийв. 1) Цөмийн хөтөлбөрөө хоёр дахин ил тод болгоё; 2) Иран болон олон улсын хамтын нийгэмлэгийн хоорондын итгэлцлийг бэхжүүлье гэв. Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар “Зургаа”-гийн (АНУ, Орос, Хятад, Британи, Франц, Герман) бүлгийнхэн Брюссельд хаалттай уулзалтаараа нэгдсэн шийдэлд хүрсэн бололтой. Хатуурхах, хавчих, хоригоо чангалах тал дээр зөөлрөе гэж шийдэцгээжээ. Хассан Рухани бол гадаад бодлого дээрээ ихээхэн уян хатан байж магадгүй гэсэн санаагаар ВВС ажиглалт хийжээ. Өөрийн тамхимын шинэ Гадаад хэргийн сайд Жавад Зарифыг танилцуулахдаа Рухани ярьсан хэлснийг эшлэжээ.

-    Ираны асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр нь гадаад бодлого. Гадаад бодлогын асуудлаар хурц содон лоозонгоосоо татгалзана. Ерөөсөө Ираны гадаад бодлогыг маш оновчтой болго хэмээн сонгогчид намайг сонгосон.
-    Өмнөх Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын арга барилаар явхгүй.
-    Гадаад бодлого дээр лоозонгоо давтаж ажиллахгүй.
-    Гэхдээ энэ бол бид манай зарчмаас татгалзаж, арга барилаа өөрчиллөө гэсэн үг биш.
-    Бид манай үндэсний эрх ашгийг хамгаалах болно. Гэхдээ ухаалаг арга хэрэгслээр, маш оновчтой байдлаар хамгаална. Ард түмэн гадаад бодлогын ямарваа алдааны төлөөсийг их өртгөөр төлдөг гэжээ.



Яг одоо таамаглаж байгаагаар бол юуны өмнө арабын орнуудтай тогтоосон харилцаанд их найдлага тээж болохоор харагдаж байна. Хатами Ахмадинежадад албаа өгч байсан 2005 он гэхэд  Египетээс  бусад орнуудтай нь өндөр дээд түвшний харилцаа арай чүү тогтоож амжаад байсан. Бүхэл бүтэн 16 жил чармайж байж тэр шүү дээ. Энд Иран–Иракийн дайнаар тасарсан, суларсан харилцааг эргэж сэргээхээр ажилласан 16 жилийг ярьж байна. Гэтэл Ахмадинежад төр барьмагцаа Ираны хүч чадлыг хэт үнэлээд Ливаны Хэзболла-г 2006 онд Израилийн эсрэг дайтуулсан. Тэр нь ч арабын орнуудын дэмжлэгийг хүлээсэн. Тэр нь сүүлдээ давраад бүс нутгийн шашин–угсаатны мөргөлдөөнд (ялангуяа Иракт) голлох үүрэгтэй оролцох эрхтэй болж хувирсан. Арабын хавар эхэлмэгц Сири, Бахрейнд онцгой давуу эрхтэй оролцох болсноор Араб түншүүдээ Иранаас холдуулж, нэр хүндээ барсан. Өрнийнхөн Ираны эсрэг хориг тавьсныг цаадуул нь “хохь чинь” гэхийн наагуур баярлан дэмжих нь Ираны хувьд дипломатын том алдаа байлаа. Бүс нутгийн бодлогыг үлэмж тодорхойлж байгаа Турк, Катар, Саудын Арабтай ил өрсөлдөж сөргөлдөх бус харилцан зохицсон гадаад бодлого үгүйлэгдэж байгааг засч залруулахаас Руханийн гадаад бодлого эхлэх болов уу.

Ахмадинежадын Засгийн газрын гадаад бодлогын балгаар өрнийнхөн Иранаас нүүр буруулчихаад байгаа. Тэр яах бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Шинэчлэгч аядуу Рухани төрийн эрхийг авснаараа Иранд өрнийнхөн ногоон гэрэл асааж өгөх юм биш байгаа! Шинээр хориг тавилгүйгээр хуучнаа тэгсгээд зогсоочихож тун мэднэ. Үүнийг Конгрессын 118 гишүүний захидал, “Зургаа”-гийн (АНУ, Орос, Хятад, Британи, Франц, Герман) бүлгийн Брюсселийн уулзалт харууллаа. Мэдээж ингэх шалтгаан бэлхнээ байна. Ардчиллыг гэдэггүй юм аа гэхэд шинэчлэлийг хүсэн хүлээсэн Ираны хүн амын олонхийн сонголтыг хүндэтгэж таарна. Ираны цөмийн хөтөлбөрийг хоёр дахин ил тод болгоё, “энхийн атом” хөгжүүлье гэсэн Руханийн саналыг судлан үзэж таарна. Гадаад бодлогын зөөлөн аядуу номлол номлогч Руханийг хуучин өнцгөөсөө хараад байхгүй нь лав.

Рухани багаа бүрдүүлэхдээ ч өрнийнхний анхаарал татахуйцаар ханджээ. Ихэнхи сайд нар нь баруунд ажиллаж, суралцаж, аж төрж байсан нөхөд байгаа нь өрнийнхөнд горьдлого төрөх нэг шижим болсон байхыг үгүйсгэхгүй. Өмнөх Засгийн газруудад 1979 оны лалын хувьсгалын дайчин байлдагчид олуулаа орж ирдэг байсан бол энэ удаа өөр арга барилаар сонголт хийжээ.

Хассан Рухани сонгогдсоноор Ойрхи Дорнодод ямар өөрчлөлт гарах, бүс нутгийн “хүйтэн дайн” өөрчлөгдөх эсэх дээр Брукингсын институт дахин тандалт хийжээ. Бүс нутагт нөлөөгөө тогтоохын төлөөх шашны сектант тэмцэл улам хурцдаж байгаа өнөөгийн нөхцөлд Иран–Саудын Араб хоёр ойртох оптимизмын гэрэл цохилоо гэх санаагаар судлаач Грегори Гос бичсэн байх юм. Эр-Риядтай харилцаагаа сайжруулъя хэмээн Рухани өөрөө хүч чармайлт гаргаж байсан нь Ираныг гутрангүй харж суудаг саудуудад урам өгчээ. Тэрээр Ерөнхийлөгч  Рафсанжанийн дээд зөвлөх байхдаа 1990-ээд онд Саудын Арабынхантай шууд хэлэлцээ хийж, Иран-Ирак хоёрыг эвлэрүүлэх ажлыг санаачилж байсныг ихээхэн олзуурхав. Ираны эсрэг дайнд Саддам Хусейныг дэмжиж байсан саудуудтай хэл үгээ ололцсоныг эдүгээ бүр ч ихээр олзуурхаж байна. Ерөнхийлөгч Хатамийн үед энэ чармайлт үргэлжилж, Саудын Арабын Дотоод хэргийн  сайд нь Тегеранд 2001 онд айлчилж, контрабанд ба хар тамхины зөөврийн эсрэг хоёр тал хэлэлцээр байгуулан, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж байв.

Саддам Хусейн, Хафез Асад нар Иран–Саудын Арабын харилцаанд ихээхэн тээг болж ирсэн Арабын хоёр гол лидер аж. Саддам Хусейн бол бүтэшгүй нөхөр гэж нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч чадсансан бол 1990-ээд оны сүүлчээр газрын тосны үнийг тэгтлээ доош нь унагахгүй байлаа гэх харуусал байдаг аж. Тэгж чадсан бол нефтийн хүчирхэг энэ хоёр түнш ОПЕК-ийн гишүүн улсууддаа нөлөөлөөд нефтийн үйлдвэрлэлээ багасгаад үнийг нь хөөргөчихөж болох байж. Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүд дотор нефть олборлолтоор Саудын Арабын дараа хоёрдугаарт,  нефть экспортоор 4 дүгээрт явж байгаа. Эдүгээ Сири, Ирак дахь дэглэмүүд нурсан, нурж буй нөхцөлд Иран–Саудын Арабын үүрэг нөлөө өсч байж болно.

Брукингсын институтын судалгааг сөргүүлж хэлэх хэдэн тайлбар надад байна. Учир нь Арабын хавар-ын хөлд энэ хоёр улсын харилцаа дахин хүйтэрсэн, хоёулаа Сири дэх иргэний дайны спонсорлогч, эчнээ оролцогч, доминогийн гишүүд. Булангийн орнууд дахь шиит хүн амд Ираны үзүүлэх дэмжлэг нөлөө Саудын Арабын хоолой дээр тавьсан хутга болж хувирсан. Шиитүүд олноороо оршдог жижиг Ливан, Йемен хоёр Ирангүй цааш явахгүйгээ бүр илүүтэй ойлгож мэдрэх болсон. Бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт оролцож, тэгэнгээ бүс нутгийн олон улсын шинэ дэг журам тогтоохыг санаархагч, эсвэл тийм үүрэг ногдох бүс нутгийн хоёр том гүрэн – Иран, Саудын Араб хоёр зэрэгцэх боллоо гэсэн санааг би хэлж буй хэрэг л дээ. Реалист гадаад бодлого явуулж мэдэх Рухани хөрш Иракт нь ялалт хангаад, шиитүүдийг үргэлжлүүлэн засгийн эрхэнд байлгаад суннитуудыг нь хад мөргүүлээд байхыг Саудын Араб сэтгэл түвдэн хараад сууж байхгүй нь лав.  

Ямар ч л гэсэн сектант шашны мөргөлдөөнд хэн хэн нь байр сууриа тийм амархан тавьж өгөхгүй. Ирак, Сири бол тэдний нүүр тулж ажиллах гол фронт нэг хэсэгтээ (дунд хугацаанд) байх болно. Сектантчлал бол дунд болон урт хугацаанд Иран, Саудын Араб хоёрын стратеги хэвээрээ байх болно. Харин Египетийн даварсан генералуудыг Саудын Араб үг дуугүй дэмжээд, мөнгө босгоод байгаа нь шашны зорилго, эсвэл хүмүүнлэгийн алхам биш, энэ бол ердөө Ойрхи Дорнодын хүчний шинэ харьцаанд Ирантай баланс барих гэсэн геополитикийн тоглолт. Тийм учраас Руханийн өнгөн дээр  Иран, Саудын Араб хоёр ойртох магадлал өндөр биш гэж үзэж болно.