Иргэншлээр харах өнцөг

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйлдэж, даарахаараа арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэгээхэн буланд дулаан байшинд буйдан дээр бохь зажлангаа зурагт үздэг “соёлжсон” хүн болно гэдэг ... гайхалтай хэрэг.

Английн түүхч Арнольд Тойнбигийн “Түүх судлал”-д хүн төрөлхтний түүхийг иргэншлийн үүднээс дүгнэсэн нь сонирхолтой.

Эрт балрын зэрлэг хүмүүс байгаль, орчны нөлөөллийн улмаас зарим нь нүүж зарим нь сууж амьдарцгаан, нэг хэсэг нь малчин болж, бас нэг хэсэг нь тариачин болсон ажээ. Эртний иргэншлүүд голдуу том гол мөрний ай савуудаар үүссэн гэх, Инд мөрний дагуу Энэтхэгийн, Тигр, Ефрат дагуу Шүмерийн, Нил мөрний дагуу Египетийн, Хөх мөрөнд Хятадын иргэншил гээд. Өөрөөр хэлбэл байгалийн таатай нөхцөл хүмүүсийг иргэншил үүсгэхэд нөлөөлжээ гэж батлах ... Гэтэл голын ай савгүй, бусад хахир хөтүү орчинд ч иргэншил үүсч байсан аж. Ингэхээр байгалийн таатай, таагүй хүчин зүйлс иргэншил үүсгэх цор ганц хүчин зүйл биш болж таарав.

Тэгвэл нөгөө талаас нь байгальд үзүүлэх хүний хүчин зүйлийг анзааръя. Хүмүүс байгалийн хатуу ширүүн янз бүрийн өдөлтөд үхэж үрэгдээд дуусах биш даван туулж, бүтээлч хандаж чадсан нөхцөлд сая соёл иргэншил үүсч байжээ. Байгалийг давснаар иргэншиж байсны нотолгоо нь мөнөөх бүтээлч байдал (оюуны ба эдийн талаар). Суурин соёл иргэншлийн хувьд юу л байна бүтээлч хандлагын нотолгоо бий, ярих юмгүй. Нүүдэлчдийн хувьд нотолгоо нь суурин хүмүүсийнхээс цөөхөн...

Бүтээлч чанарыг ярьвал малчин хүн мал адгуулж, малаас гаргасан сүү цагаагаа боловсруулах, арьс ширийг хувцас болгон өөрчлөх гэх мэтээр үйлдвэрлэгч байсан уг нь. Гэхдээ байгалийн нөлөөллийг даван туулах нүүдэлчдийн арга нь сөрж гарах гэхээсээ илүү дасан зохицож, орчны хахир ширүүнээс нүүдэллэн холдох замаар байгальтай зохирдог байсан онцлогтой бөгөөд нүүдлийн энэ хэв маяг нь хээр талын нүүдэлчдээс эрэмгий, шалмаг, маневрлаг, идэвхтэй чанарыг шаарддаг байж. Байгалийн ямарваа өдөлт учирахад хамаг юмаа аваад нүүчихдэг тэд суурин хүмүүсийг бодвол ингэж байгальтай зоримог атлаа эвтэйхэн зохицож сурчээ. Гэвч энэ л шалтгаанаар нүүдэлчдийн бүтээлч байдал, залгамж чанар суурин хүмүүсийнхээс дутмаг байсан аж. Эрэмгий, шалмаг, шинэ нөхцөлд зохицомтгой нүүдэлчид уухайлан очиж, царцанги болсон суурин иргэншилд үе үе гадны өдөлт болон хүрч цочроон, өлхөн байлдан эзэлж байсан хэдий ч өнөөх байлдан дагууллаа хадгалан бататгах залгамж чанар дутмаг байсны улмаас эцэстээ өөрсдөө задран бутрах юмуу уусан шингэх маягаар л эзлэлт нь төгсдөг байжээ...

А.Тойнбийгийн иргэншлийн өнцгөөс харсан тайлбар ийм.

Үнэхээр байгальд үзүүлэх хүний хариу үйлдлээс иргэншил үүсэж, аж төрөх хэв маяг тогтдог юм байж. Тэгвэл хүний хариу үйлдэл өөрчлөгдвөл амьдралын хэв маяг болоод бусад зүйлс нь дагаад өөрчлөгдөж таарна. Нүүдлийн ба суурин хэв маяг өнө удаанаар хүмүүсийн соёл, зан байдалд нөлөөлж ирсэн юм бол одоо ч ялгаагүй ... монголчууд зуун зууны нүүдлийн амьдралаа орхиж суурьшмал байдалруу ид шилжиж байна.

Монголчуудын энэ шилжилт одоо дэлхий даяар өрнөж байгаа хотжилтоос ялгаатай, угаасаа суурин байдаг тосгоноос хот руу нүүн ирж харъятаа солиулах төдий хэрэг биш. Бүх хэв маяг ул сууриараа өөрчлөгдөж байна, магад зан суртахуун, сэтгэхүй, үзэл төлөвшил орвонгоороо өөр болох нь. Судлаач Д.Ганхуягийн хэлснээр яг одоо монголын нийгэмд суурин ба нүүдлийн хосолмол шинж зэрэгцэн оршиж байна, цаашид суурин хэв маяг зонхилно. Энийг нийгмийн хүчин зүйлийн өдөөлт гэвэл бид ямар хариу үйлдэл хийж даван туулж яваа бол?

Нүүдэлчид ба суурин иргэдийн харах өнцөг

Сэдвээ тодорхой харахын тулд иргэншлийн өнцгөөс буюу нүүдэлчин монгол, суурин хятад хүмүүсийн түүхийн хандлагыг харъя. Эндээс хятадууд яагаад монголчуудын түүхийг үгүйсгэдгийг олж харж болно.

Шууд хэлэхэд хятад энгийн иргэд төдийгүй эдэмтэн судлаачид ч Монголыг түүхэндээ Хятадын нэг хэсэг байсан гэж үздэг, геостратегийн байршлаасаа болж Хятад Орос хоёрын харилцаанаас гарсан түүхийн бүтээгдэхүүн гэдэг. Харин Монголчууд өөрсдийгөө түүхийн нугачаан дунд нэгэн үе мандан сэргэж, нэгэн үе бууран доройтож явсан дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн өөрсдийн гэсэн агуу их түүхтэй ард түмэн гэж үздэг.

Мэдээж үндэстэн бүрт үндэстний талаарх онд ондоо ойлголттой, зарим орон үндэстний тухай ойлголтыг нэг улсад амьдарч, нэг улсын төлөө хүчин зүтгэж байгаа ард түмнийг хэлнэ гэдэг. Энэ бол харьцангуй орчин үеийн ойлголт. Харин Хятадын түүхч Яао Далигийн үзлийг энд зориуд иш татъя. Тэрээр “Монгол Хятадын түүхэн дэх хандлагын ялгааг “соёлоор ихэрхэх үзэл”-ээр тайлбарлаж болно гэжээ. Тодруулбал Хуа ся буюу хожмын хань үндэстэн эртнээс нааш үзэхдээ Хуа ся соёл бол даяар нийтлэг соёл гэж байв. Хуа ся болон эргэн тойрны ард түмнүүдийн соёлын ялгаа нь өөр өөр соёлуудын хоорондох ялгаа биш, харин даяар нийтлэг иргэншлийн хөгжлийн өөр өөр үе шатны л ялгаа буюу иргэншилтэй, хагас иргэншилтэй, бүр иргэншилгүй байдлын ялгаа зөрүү юм гэдэг. Тэгвэл хань үндэстэн голлосон нийгэм яагаад түүхийн явцад олон удаа хойд зүгийн үндэстнүүдийн байгуулсан династийн ноёрхолд байсан бэ гэдэгт хариулахад соёлоор ихэрхэх үзлээр тайлбарладаг ажээ. “Тэнгэрийн доорх хятад” хэмээх үзэл нь өөрөө олон улсаар хэмжих тогтолцоо төрөн гарахыг хязгаарлаж байсан юм. Түүхэнд бутрал хагарлын үед нэг улс нөгөөгөө байлдан дагуулах, ноёрхох харилцааг, өөрөөр хэлбэл улс хоорондын харилцааг “Хятад”-ын дотоод нэгдлийн төлөөх байлдан дагуулал хийгээд ноёрхлыг л гүйцэлдүүлж байна хэмээн хувиргаж ойлгож байв. Хань үндэстэн бусад улсыг байлдан дагуулах, ноёрхох түүхийг Хятадын дотоод нэгдлийн үйл явц хэмээх нь түүхийн ч өнөөгийн ч хань үндэстний хувьд хүлээж авахад харьцангуй хялбар ойлголт юм. Юань гүрэн Хятадыг ноёрхож байсан тул хятадын нэг династи гэгддэг. Гэхдээ Монголын эзэнт гүрний түүхийг Хятадын түүх хэмээн дүйцүүлж үзэх боломжгүй, Монголын эзэнт гүрэн бол өргөжин тэлсэн Хятад биш билээ”. Энэхүү түүхийн асуудлаар Хятадын эрдэмтэд мөн өөр өөр байр суурьтай, үзэл бодлын зөрүүтэй байдаг, бүхэлдээ асар ээдрээтэй асуудал. Өнөөг хүртэл Хятадад “Тэнгэрийн доорх Хятад” хэмээх үзлээр түүхийг тайлбарладаг нь нэлээдгүй Монголчуудыг Хятадын талаар эргэлзэхэд хүргэж болгоомжлол төрүүлдэг юм.

Харин монголчууд өөрсдийгөө хятадуудаас, тэрбүү хэл азийн бусад орныхоос ч өөр гэж үздэг нь суурь соёлын ялгаатай холбоотой. Азийн бусад оронтой (Япон, Хойд Өмнөд Солонгос, Вьетнам) харьцуулахад Монголд Кунзын соёлын нөлөө асар бага. Хятад хүний философи газартай салшгүй холбоотой учир мянга мянган жилээр нэг газраа тогтвортой сууршин амьдарч, газартайгаа л байхад хэн ирж эзэгнэх, захирах нь хамаагүй гэх хүртлээ нягт холбогдсон суурин соёл иргэншлийг бүтээжээ. Харин Монголчууд эх газрын эрс тэс уур амьсгалын зөрүүг гаргахын тулд дөрвөн улирал нэг газраас нөгөөд нүүдэллэн амьдарсаар аажимдаа нүүдлийн соёлыг бүрдүүлж, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй амьдралыг үзэх үзэлтэй болсон хэмээн судлаач Баабар өгүүлсэн нь бий.

Ийнхүү суурин болоод нүүдлийн соёл ертөнцийг үзэх үзлийн тус бүрийн дэвсгэр дээр өөр өөр үнэт зүйлийн үзлийг нэрж боловсруулсан нь аажимдаа суурь соёлын ялгаа үүсгэж, энэ суурь ялгаанаас болоод соёлоор уусан нэгдэх явц гүнзгий байгаагүй бололтой. Энэ бол Монгол кунзийн соёлын нөлөөнд бага орсны үндсэн шалтгаан биз ээ. Мөнөөх А.Тойнбигийн үзсэнээр нүүдлийн хийгээд суурин соёлын ялгаа бол суурин иргэд байгалийн хүчийг сөрж, нөхцөл байдлыг өөрчилж ирсэн бол нүүдэлчин иргэд байгалийг даган, байгальтай зохицож ирсэн юм. Үнэхээр ч кунзын үзэл бол нийгэмд чиглэсэн философи юм, “дундажийг барих”, “эв найрсаг байх” зэрэг нь Кунзийн сурталтнуудын эрхэм дээд үнэт зүйл нь бөгөөд Хятад, Япон, Солонгосын соёлын үзлийн нийтлэг зарчмын нэг билээ. Харин эрт дээр үеэс Монгол үндэстний сэтгэлгээний үндэс нь эх байгаль бөгөөд “тэнгэрт” шүтсэн бөө мөргөлтэй байлаа. Монголчууд байгаль дэлхийд шүтэн сүсэглэж ирсэн ба хүн хоорондох нийгмийг тэгтлээ чухалчилж байгаагүй юм. Ерөнхийдөө монгол, хятад хоёр ард түмний байгальд хандах хариу үйлдэл бүүр анхнаасаа хоёр өөр байснаас үүдэн бүрэлдсэн соёл сэтгэхүйн ялгаа нь соёлын ижилсэлд хүргээгүй юм.

***
Тэгвэл даяаршлын эрин үед яах вэ? Хятад Орос хоёр том гүрний дунд орших Монголын хувьд Оросын ойрх үеийн түүхэнд бүрдсэн “эзэнт гүрний уламжлал” болон Хятадын феодалын үеэс бүрэлдэн тогтсон “Хятадын дэг журам” нь Монгол хийгээд бүс нутгийн бусад улсад Оросын сэргэлт, Хятадын өсөлт цаанаа сэтгэл түгшээдэг. Ялангуяа АНУ-ын эрдэмтэн С.Ханитингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” номонд өгүүлсэнчлэн “Түүхэндээ хэд хэдэн бүс нутаг тойрог хүрээг хамарч ирсэн гэж Хятад өөрийгөө үздэг. Үүнд эхний хүрээнд Солонгос, Вьетнам, Лию Цю арлууд, зарим тохиолдолд Японыг багтаасан “Хятадын бүс”; дараагийн тойрогт аюулгүй байдлын шалтгаанаар заавал захирах ёстой манж нар, монголчууд, уйгар, түрэг, түвд зэрэг хятад биш угсаатныг багтаадаг ... ... Орчин үеийн Хятадын иргэншил мөн иймэрхүү бүтэцтэй болж ирж байна” гэж дүгнэсэн нь анхаарал татна.

Нэг талаас хятадын иргэншлийн нөлөө даяаршлын эринд ийнхүү улам тэлж байна. Тэгвэл нөгөө талд монголчуудын соёлоор уусахгүй байх дархлаа болж байсан нүүдлийн хэв маяг аажим халагдаж суурьшмал нийгмийг бүтээж явна. Дэлхий даяар эрчимтэй хотжиж байгаа энэ зуунд монгол ганцаараа нүүдэллэсээр үлдэхгүйгээс хойш амьдрах хэв маягаа хүссэн хүсээгүй өөрчилж, нүүдлийнхээс суурин руу сэтгэлгээний том шилжилтийг туулж явна. Гэвч бид суурин хэв маяг дотроо яг ямар сэтгэлгээг бүрэлдүүлж, ямар зан суртахууныг төлөвшүүлэхээр зорьж яваа ард түмэн билээ?