Хэвлэлийн хурал хийж, хэл ам таталж гоншигносон хүмүүс Монголоор нэг байна. Ялагдсан нам нь ялсан гэж гоншигноно. Унасан бөх нь давсан гэж гуншигнана. Хасагдсан морины эзэн миний морь түрүүлсэн  гэж агсамнана. Тээндэрт ялагдсан компани  авлига авчихлаа гэж гомдоллоно. Эрүүгийн хэрэгтэн  хэлмэгдүүлчихлээ гэж шоронгоос улс төр хийнэ. Энэ бүгд нийлээд  эх адаг нь мэдэгдэхгүй хэрүүл зарга, үнэн худал нь мэдэгдэхгүй улстөржсөн, гошигносон, гунгасан улс орон болчихлоо. Бүтэн зуундаа ялагдаж үзээгүй улс төрийн хүчин МАН ганцхан удаа ялагдаад энэ их гонгинооны загалмайлсан эцэг боллоо. МАН энэ төрийн ажлыг явуулахгүй эргэн хурган гонгинон зууралдана. Энэ их заргыг эцэс болгох гэж, нэг тийш нь болгох гэж хууль, дүрэм баталдаг. Мөнгө шиг бүх хүнд таалагдах хуулийн шийдвэр дүрмийн зохицуулалт хаа ч байдаггүй юм. Батлагдсан хууль дүрмүүд  эсэргүүцэлтэй тулсан ч эхнээсээ үйлчилж байнаа. Харин хуульгүй дарга шийддэг үеийн, хулгай хийгээд сурчихсан гаршчихсан хүмүүст хэцүү байгаа бололтой. Сонгуулийн хууль зөрчсөн л бол хичнээн ялсан ч ялагдлын цагаан тугийг  өргүүлдэг болж байгаа нь юутай сайхан. Сонгуулийн шинэ хууль гараагүй байхад, УИХ-ын эрхэм гишүүд гэж ялж л байвал сонгогчдод мөнгө тараагаад гараад ирсэн ч хамаагүй эрхэм гишүүн болон эргүүлэн татагдана гэж байхгүй занхайгаад сууж байдаг байв. Харин шинэ хуулиар бол эрхэм гишүүн та өрсөлдөгчөөсөө хэдэн мянган саналаар илүү байсан ч хамаагүй хууль зөрчсөн нэг л үйлдэл хийсэн тогтоогдсон бол та эрхэм гишүүн байх гавяагүй эргүүлэн татагдана. Эрхэм гишүүн болоод хоёр жил хуралдаа суусан ч сонгуулийн үеийн луйвар чинь ил гарвал та төрийн ордноосоо толгой унжуулан гарна. Энэ бол сонгуулийн шинэ хуулийн гол онцлог. Үүнийг шүүгчийн шийдвэр мянган саналыг ялна гэж хэлдэг юм. Яг ийм хатуу хуулийг өнөөдөр гоншигноод байгаа МАН эрх барьж байхдаа хийж чадсан юм шүү. Одоо өөрсдийнхөө ухсан нүхэнд  өөрснөө ойччихоод хэнгэнэтэл уйлаад л байх шиг. Шинэ сонгуулийн хуулинд гишүүн болсон ч сонгуулийн явцад хууль зөрччихсөн л бол хасагдах эргүүлэн татагдах 15 төрлийн заалт байна. Өвөрхангайн хоёрыг санал хураалтаар МАН-ын С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр сонгогчийн саналаар бол илүүрхэж АН-ын Г.Батхүү, Д. Зоригт нарыг ялсан нь үнээн. Харин сонгуулийн явцад  хууль зөрчин “насанд хүрээгүй хүүхэд сонгуульд ашиглах” зэрэг бага ч гэсэн хууль зөрчин “допинг “ хэрэглсэн нь тогтоогдож эзэн нь татаж аз нь дутав. Бөхөөр ярих юм бол допингийн төрлийн эм хэрэглсэн нь гурван шатны шинжилгээгээр нотлогдов. Үүнийг л хулгайлж авсан 1000 саналыг хуульчийн нэг шийдвэр ялдаг гэж хэлдэг юм. Монголчуудын сайн мэдэхээр нь бөх, морины дүрмээр тайлбарлая. Бөх Мөнхбаатар арслан долоогийн даваанд Т.Санчирыг  давсан уу гэвэл давсан, ялсан ямар ч маргаангүй цэвэр давсан. Гэтэл Мөнхбаатар арслан допингийн төрлийн эм хэрэглсэн нь хоёр шатны шинжилгээгээр тогтоогджээ. Ингээд Мөнхбаатар арга хэмжээ авагдаж давааг Т.Санчирт өгөн азтай Санчир сая заан цол хүртэв. Бас Сугар гэдэг бөх “допинг”  хэрэглэсэн нь илэрч мань эр барилдах эрхээ зохих хугацаагаар хасуулсантай адил л байхгүй юу. Морь ч гэсэн адилхан эрлийз морь уралдуулахгүй гэж дүрэм зохиожээ. Баярхуу морины хорхойтнууд хөрөнгөөрөө гайхуулж эрлийз адуу, монгол адуутай уралдуулаад түрүүлгээд л байна. Тэгээд баяр наадмын комисс түрүүлсэн морийг нь дүрмийн дагуу хасч дараагийн морийг түрүүлгэдэг дүрэмтэй. Улс төр УИХ-ын эрхэм гишүүд ч үүнтэй яг адилхан хэзээ л бол хэзээ эргүүлэн татагдаж мэдэх хуультай болсон.  Өөрсдөө  баталсан энэ  хуулиа өдөр бүр гоншигноод байгаа МАН-ынхан сайн мэдэж байгаа. Гэвч тэд албаар Монгол Улсын шүүх засаглал руу   дайрч тэдний нэр хүндийг зориуд унагадаг боллоо. Одоо УИХ-ын гишүүн байгаа Увсын хоёрын ”допинг” хэрэглэсэн нь тогтоогдсон.  Мөнгө авсан иргэд нь авсан 100 мянган төгрөгөө хүн бүр  нэг сая төгрөг болгон авчихлаа. Арван гурван хүн сонгуулийн үед 100 мянга, одоо тус бүр сая төгрөгтэй боллоо. Ялсан  эрхэм гишүүд эргүүлэн татахын ирмэг дээр дэнжигнэн явна. Өнгөрсөн сонгуулийн явцад “допинг хэрэглэсэн” гишүүд дээрх хэдээр зогсохүй олон бий гэдэг. Дорнодын Н.Номтойбаяр хонь авна гэж мөнгө цацсан. Дарханы Хаянхярваа Сангийн сайдын албан тушаалаа ашигласан гээд гарцаагүй нэг баримт гарч шүүгчийн алх цохивол гүлдийгээд явчих хүмүүс бий дээ. Миний үзэж байгаагаар бол Өвөрхангайнхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг парламентад оруулснаараа харин ч азтай сонгогчид. Батхүү, Зоригт хоёр бол нэг аймгийн төдий биш Монголдоо томоохон эдийн засагч улстөрчид. Энэ тайлбар өгүүллийг бичих болсон минь учиртай. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль ялаад гараад ирсэн ч шүүгчийн алх цохивол эргүүлэн татагдах өнөө айхтар хуулиар явна. Энэ хуулийг эхнээсээ л мөрдөөсэй билээ. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад хэвлэл мэдээллийн зарим  хэрэгслүүд нэр дэвшигчдийг доромжилж байна. Илт хууль зөрчиж байна. Нэр дэвшигчид одоо бол тоохгүй явна. Ялагдаад ирэхээрээ зэрэг тэр сонин, телевизээс болоод ялагдсан гээд шүүхэд өгвөл яанаа. Саяхан хөдөө яваад ирэхэд  манай сумын аймгийн  Нутгийн зөвлөл  сум, аймаг, улсын цолтой сумаасаа төрсөн арван бөхчүүдийг аймаг дээр цуглуулах юм гэнэ. Тэгээд хүн бүрт сая төгрөг өгөх юм гэх үг таржээ. Хөдөөгийн бөхчүүд бөөн баяр. Өнөө бөхчүүд нь архи уухаараа сайрхаж сая төгрөг  өгсөн гэж ам алдана. Тэгээд илчилж сая төгрөгөө арван сая болгож авахгүй ч гэсэн хууль зөрчинө шүү гэж анхааруулсандаа үүнийг бичив. Аль ч нам нь сайн анхаарахад Өвөрхангайн сургамж илүүдэхгүй. Хулгайлж авсан 1000 саналыг хуульчийн ганцхан шийдвэр дийлдэг чангахан хуультай сонголтын өмнө ирээд байгаа шүү.