Мөнөөхөн Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд Нобелийн энх тайваны шагналт, йеменийн бүсгүй Таваккол Карман үг хэлсэн билээ. Тэрээр:

-    Бид бүхэн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож чадна. Арабын залуучуудын хийсэн хувьсгалыг төлөөлж Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна. Арабын залуусын ардчиллын төлөөх тэмцэлд Та бүхнийг уриалан дуудаж байна.

-    Арабт засгийн эрхнээс хөөгдөж буусан улс төрчдийн хөрөнгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй байна. Тэд олон тэрбум долларыг гадаадын банкинд байршуулаад байна. Тэдний хөрөнгийг ил болгосноор авилга, хээл хахуулийн эсрэг тэмцэж чадна. Бид амжилтад хүрч чадна. Авилгын эсрэг тэмцэж, авилга хээл хахуулийг зогсоож чадсан цагт ард түмний төлөө бүхий л боломжит үйл ажиллагаа явуулж чадах болно.

-    Египетийн ард түмэн шударга ёсны төлөө тэмцэж байна. Сирийн ард түмний эсрэг харгислал үйлдэж байна. Энэ харгислал ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүдийг хамарч, олон мянган хүний амь насыг авч одож байна. Ойролцоогоор 70 гаруй мянган хүн өртсөн. НҮБ-ын сүүлийн илтгэлд 5 сая гаруй сири иргэд дүрвэгсдийн хуаранд байрлаж байна гэж мэдээлж байна. Би хэд хэдэн хуаранд  очсон. Нүд хальтрам зүйлийг би үзсэн. Энэ хуарангаас дор муу нөхцөлд байгаа хүмүүс ч олон байна. Ардчиллын төлөө, шударга ёсны төлөө өөрт байх хамгийн үнэ цэнэтэй бүхнээ алдаж байна. Иймээс Сирид явагдаж байгаа харгислалыг зогсоох шаардлага бидний өмнө тулгарч байна гэв.

Нобелийн энх тайваны шагналт энэ бүсгүй яриандаа халаад Мъянмарын лал шашинтнуудад тохиолдож буй аюулын тухай ярьсан ба тэндхийн лалын шашинтнуудад анхаарал хандуулахыг хүссэн юм.



Түүний үзэж буйгаар өнөөгийн ертөнцөд ийм харгислал, аллага байж болохгүй аж. Тэрээр  Бирмийн мусульманчуудад тохиолдож буй “гай гамшгийг” хүн төрөлхтөний нэг гутамшиг хэмээн тодорхойлоод:

-    Дэлхий биднээс их зүйлийг хүсч байна. Эмэгтэй удирдагчид, эхчүүдийн хувьд биднээс их зүйл хүсч байна. Ялангуяа Сири, Мъянмарт болж байгаа аллагуудыг зогсоох ёстой. Ардчиллын төлөө өдөр тутам олон мянган хүн амиа алдаж байна. Бид хоёр гараа өргөөд эдгээр улсуудад тохиолдож байгаа аллагуудыг зогсоохын төлөө хамтдаа ажиллах хэрэгтэй байна хэмээн уриалжээ.
Хатагтай Таваккол Карманы хэд хэдэн удаагийн үг, санал шүүмжлэлийг сонсож суухдаа би хэдэн зүйлийг ажигласан юм. Тэрээр юуны өмнө лалын шашиндаа хир халдаахыг огтоос хүсэхгүй нь харагдлаа. Эл шашны олон заалт, элемент, ёс жаяг нь ардчиллын зарчимтай харшилж, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, иргэний нийгэм, нээлттэй засаглалыг сөрөх буюу үгүйсгэж байгааг тэрээр дурдсангүй. Мусульман залуус буддист эмэгтэйг хүчирхийлчихснээс үүдэн лал–буддистууд хядалцаад эхэлсэн гэдэг шүүхийн дүгнэлт йемен хатагтай Карманд падгүй аж.  Бирмэд ардчилал хэвшиж эхэлмэгц лалын цөөнхи нь идэвхжиж, өөрийнхөө итгэл үнэмшлийг түгээхээр бусад шашин руу өнгөлзөж, нийгэмдээ  нөлөөлөхийг зорьж буй нь нууц биш. Тэгсэн байтал хаа хамаагүй хөндлөнгийн жишээ татаж, шашинтнаа хамгаалах чин хүслээ илэрхийлэн Сири, Мъянмарыг нэг самбар дээр зэрэгцүүлэн тавьсан нь мусульманчуудын шашны омогшлыг хатагтай Карман аядуу байдлаар илтгэв үү гэлтэй сонсдож байв.

Хэрэв тэр ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөхөөр ирсэн л бол Сирид исламист босогчид нь христианчуудыг хяхаж хавчин, хөөж туун дүрвүүлж, лам хуваргуудыг нь хөнөөн, сүмүүдийг нь нурааж, христианчууд нь амь гуйж асар их мөнгөн төлбөр исламистуудад төлж, ийм хувь тавилан католик, халкидон, үнэн алдартны бүх сүсэгтнүүдэд нүүрлээд байгааг шүүмжилмээрсэн.

Тэрээр Палестин–Израилийн мөргөлдөөний талаар бүр ч хөндлөнгийн байр сууриа илэрхийлэв. Бага хурлын гурав дахь өдөр ГХЯ-нд болсон сэдэвчилсэн салбар хуралдаан дээр Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн нүд рүү эгцлэн харж байгаад дараахи утга бүхий саналыг дэвшүүлэв. Үүнд:

-    Хаа хаанаа экстремизмээс татгалзаж, экстремизмийг энх тайвнаар орлуулъя. ХАМАС, Нетьянаху хоёрыг зэрэг зайлуулъя. Энх тайвныг эрхэмлэгч залуучуудаар Палестин–Израилийн одоогийн улс төрчдийг сольё гэв.



Араа шүдээ тултал зэвсэглэж пуужин агсчихаад Израилийн хот суурингууд руу харваж буй ХАМАС-ын хэт даврагчдыг йемен бүсгүй номхруулж ардчиллыг тэдэнд аваачиж наан, Палестиныг ардчилах нь хэр бодитой вэ хэмээн асуумаар санагдаж байв. Түүний хийсвэр энх тайванч дээрхи мэдэгдлүүдийг сөргүүлж “Араб эмэгтэйчүүдийн альяанс” ТББ-ын тэргүүн Сахар Талаат (Египет), мөн Иракийн иргэний нийгмийн төлөөлөгч шал өөр зүйл ярьсан юм.  

Засгийн эрх авсан исламистууд ардчилал, эрх чөлөөг огтхон ч дэмжихгүй байна хэмээн хатагтай Талаат египетийн жишээн дээр ярьсан бол Арабын хавар гэж огт байгаагүй, болоогүй, шал хоосон хийсвэр ойлголт, Иракийн 10 жилийн гамшиг зовлонг ажваас Арабт ардчиллын чиглэлд хувьсгал хийгдэх боломжгүй хэмээн ирак бүсгүй ярьж байв. Ирак ардчиллын замаар орж амжилгүй исламист–ваххабитуудын халдлагад өртөж, лалын шашны өвөр хоорондын дайн хөлд сүйрч байна. Иракийн шиитүүдийн эсрэг исламист–ваххабитуудын  террорист отрядууд тулалдаж, Багдад, Кербела, Нежеф, Диван зэрэг шиит бүс нутгуудад амиа золиослогчдыг тасралтгүй илгээн шиитийн онгон дагшин газруудыг үнсэн товрого болгохын наагуур байгаа тухай тэр бүсгүй надад цухалзуулаад авсан даа.