Монгол Улс шийдээ гаргаж чадахгүй гүлдийсээр байтал хоёр хөрш мундагдаж эхлэх нь дээ. ОХУ-ын элчин сайд мөн ч шулуухан тулгажээ асуудлыг. Төмөр замаа Оросоор л шинэчлүүл, за гэвэл Орос Хятадын газрын тосны хоолойг монголын баруун нутгаар дайруулж болж байна, үгүй гэвэл Казахстан гэж нэг сайхан сонголт бас бий шүү, өөрсдөө л мэд ухааны зүйлийг хэлжээ. Харин хоолойн асуудлаар Хятадууд нь ямар байр суурьтай байдаг юм байгаан. Монголчууд төмөр замаа Оросуудтай 50:50-р эзэмшихийг зөвшөөрлөө гэхэд Хятадууд хоолой тавих маршрутыг нь зөвшөөрөх юм болов уу даа. Лав арваад жилийн өмнө дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах асуудлыг Москвад ярилцаж байх үеэр хятадын төлөөлөгч “Нохой сүүлээ эргүүлдэг юм уу, сүүл нь нохойгоо эргүүлдэг юм уу” гэж хэлээд татгалзсан сураг байдаг.

Хоолойноос гадна Оросын санал болгож буй зүйл бол манай улсад алс дорнодын төмөр замаар дамжуулаад гуравдагч зах зээлд гарах боломжийг олгое гэжээ. Энэ бол арай бодитой санал.

Ер нь Монгол Улс эрдэс баялгийн тээврийн асуудлыг дангаараа шийдэхэд их хэцүү л дээ. Дотоодын төмөр замаа өөрсдөө мэдээд байгуулаад бараа тээвэрлэе гэхэд Орос, Хятадын нутгаар л дамжиж гуравдагч зах зээл рүү гарч таарна. Гуравдагч зах зээл рүү гарч чадахгүй бол зөвхөн Хятадад зарж таарна. Гэтэл Хятадын компаниуд авахгүй гэх, авлаа гэхэд хямдруул гэх, зовлон их бий.

Тээвэргүйгээр ямарч бараа бүтээгдэхүүн үнэ хүрч чаддаггүйн тод жишээ бол монголын нүүрс. Тээврээ дотооддоо шийдлээ ч гэсэн тээврийн асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй. Учир нь тэртэй тэргүй хоёр хөршөөр дайрч өнгөрч байж л бидний байнга саравчилж суудаг гурав дахь зах зээлийн үүд нээгдэнэ. Тэгэхээр төмөр замын асуудалд хоёр хөршийн оролцоог тэнцүү оруулаад хоёулантай нь чөлөөтэй транзит хийх тохироог хийж чадвал нэжгээд хэрэг бүтэж ч мэднэ. 

Бид оросын төмөр замын саналыг хүлээж авахдаа хариуд нь Япон, Солонгос руу гарах транзит тээврийг ямагт чөлөөтэй байлгахаар тохиролцох, Хятадтай болохоор Тавантолгойгоос нарийн царигтай төмөр зам хамтарч тавиад, оронд нь транзитын үүдийг сайтар нээхээр тохиролцох, харин хоёулантай нь газрын тосны хоолойг Монголоор дайруулахаар тохиролцож болохгүй гэх газаргүй. Мэдээж тэдгээр төмөр замын хувь эзэмшлийн нарийн асуудал тусдаа яригдах биз. Хятадын амласан хөнгөлөлттэй зээлийг ашиглаагүй байсаар л байгаа. Тэрнийг ашиглаад нүүрсний нарийн төмөр зам тавъя гэхэд хятадууд уухайн тас л байх байх. 

Нэгэнт л хил хүртэл төмөр замаа өөрсдөө тавиад ч тээврийн хараат байдал арилахгүйгээс хойш хоёр хөрштэйгээ хамтарсан шиг хамтарч ажиллавал хэн хэндээ ашигтай байж мэдэх. Харин дан дотоодын төмөр замаа бол өөрсдөө байгуулаад өөрсдөө бүтэн эзэмших учиртай.

Эдийн засгийн уртгаар оросоор дамжуулж бараа гаргавал үнэ нь талийгаад утгаа алдаж мэдэх ч энэ бол хятадын ганц гарцаас хараат манай зах зээлийн эмзэг талыг зөөлрүүлж, магадгүй хятадаар дамждаг транзит гацлаа гэхэд таг суухгүй байх, бүүр тэгж таг суухгүй ч байж болгох ихээ том хөшүүрэг болох юм. Хоёр транзит хоёулаа нээлттэй бол нэг муухан өрсөлдөөн ч үүсэх боломжтой гэх мэтээр ач холбогдол нь яриангүй их. Гэхдээ мэдээж иймэрхүү зүйлийн эрсдлийг сайтар судлах ёстой. Судал судал бас дахин судал.

За даа асар том асуудлаар өчүүхэн маний мунхаглал нэг иймэрхүү, манай “бурхад” тэгээд дээгүүр нарийн тунгааж байгаа байлгүй дээ, найдая. Ер нь болбаас жийрхээд байлгүй, хоёр хөрштэйгөө яг тэнцүү нээлттэй, аль алиных нь эрх ашгийг адил хэмжээнд барьж, хажуугаар нь “гуравдагч хөрш”-өө багтааж байх л даяаршлын үеийн гол зарчим маань биз дээ уг нь.