Худалчаа баталсан хуумгай хуралдаан
Засгийн газраас өгсөн хариултад гурван “тодорхой хариу” дурайж байв.
УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн51 хувийг баталгаанд гаргаж, ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуултын хариуг Засгийн газрын зүгээс энэ сарын 26-нд хүргүүлснийг хэвлэлүүд мэдээллээ. Хамгийн их анхаарал татсан хариулт энд байгаа, албан ёсны ямар хариулт сонсох бол гэдгийг нийгмээрээ сонирхож байгаа болов уу гэтэл сонирхолтой нь тэгсэнгүй. Гэхдээ хариулт дотор “сонин” үгүй байв уу гэвэл тийм биш. Засгийн газраас өгсөн хариултад гурван “тодорхой хариу” дурайж байв.
Юуны өмнө “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг баталгаанд тавьсан байжээ гэдгийг Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Энэ асуудал Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчийн 51 хувьтай шууд холбогдохгүй. Энэ асуудалд буруутай эзэн байвал тэр хүмүүсээр нөхөн төлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Гуравдугаарт, энэ хэмжээ ямар нэг байдлаар 51 сая ам.доллар төлөгдлөө гэхэд Эрдэнэтийн 51 хувьд нөлөөлөхгүй. Эрдэнэтийн жилийн ашиг 150 сая орчим ам.доллар. Хамгийн муугаар бодлоо гэхэд ашиг буурна” гэж цочтол хэлсэн юм. Харин одоо “Эрдэнэт”-ийн 51 хувьд нөлөөлнө гэдгийг Засгийн газрын хариу бичиг баталлаа.
Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэдгийг уг бичигт дурдсан нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилсэн үү” гэдэг асуултад няцаасан хариулт өгсөөр ирсэн сайд нар болон Засгийн газар анх удаа үнэнтэй нүүр тулж, нууцлаад зугтаад байсан хариултаа хүлээн зөвшөөрсөн явдал болов.
Хоёрдугаарт, “Гарын үсгүүд хуурамч биш байжээ” гэдгийг тодорхой хэллээ. Үүнд, ялангуяа тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нь тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсныг дурдаад гарын үсэг нь үнэн байсныг хариу бичигт өгүүлсэн. Үүний дараа Ч.Ганзоригийг яллагдагчаар татсаныг АТГ-аас мэдээллээ. Энэ хоёр мэдээлэл 2018 оны хоёрдугаар сарын 26-нд зэрэгцэв.
Гуравдугаарт, дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр яриагүй гэж мэлзэж байсан нь Засгийн газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгад өгсөн хариултаар няцаагдлаа. Тухайлбал, энэ асуудлаар 2018 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоёрын асуудал. Үүнд нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж Ардчилсан намынхан улстөржүүлээд байгаа юм билээ” гэж хэлсэн. “Шударга үнэний билэг тэмдэг” болсон сайдынхаа үгэнд итгэж “хөмсөг нүдний гадуур” гэгчээр төрийн өмчийн 51 хувийг агуулсан энэ үйлдвэрийг битүүмжлэх тухай шийдвэр гарчихаад байхад Засгийн газарт хамаагүй л юм байх даа гэж бодож суув. Гэтэл Г.Занданшатар сайд “Ашигтай ажиллаж байгаа юм чинь төлсөн ч айхавтар нөлөөгүй” гэсэн аархал бүр ч гайхшруулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн л 2018 оны хоёрдугаар сарын нэгний өдөр буюу УИХ-ын чуулган дээр О.Баасанхүү гишүүний асуултад хариулахдаа “Надад нарийн мэдээлэл алга” гээд сууж байв. Засгийн газар дээр уг асуудлыг хэлэлцсэний маргааш нь ингэж хэлсэн юм шүү.
Гэтэл Засгийн газрын хариу бичигт “Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна”, “Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн” гэсэн байх юм. Тэгэхээр “Засгийн газар дээр яриагүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй гэдэг нь няцаагдаж хэлэлцэх нь байтугай тодорхой чиглэл өгөгдөөд, энэ тухайгаа олон нийтээс нуучихсан болж таарлаа.
Дашрамд, Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нэхэн харахад “НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх”, “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг батлах”, “Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулах”, “Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно”, “Импортын автомашины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т хийдэг болох” талаар л хэлэлцэж шийдвэрлэсэн тухай мэдээлсэн байна.
Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар болон “Стандарт” банктай хэлцэл хийх замаар төлбөр, хүүг зогсоох, төлбөрийг барагдуулах саналыг хэлэлцсэн зэргээ нууцлан хэлэлцжээ. Энэ тухай Сангийн сайдыг яаж тойруулж, “оролцуулалгүй” ярьсан байх вэ. Хуульзүй, дотоод хэргийн сайдаас “нууцлаад” бусад сайд нь хэлэлцэнэ гэж байх уу. Яагаад тэд Засгийн газар дээр яриагүй. Засгийн газарт хамаагүй гээд байсан юм бол. Ийнхүү нэг удаа асуулгын хариу өгөхдөө л нэр бүхий сайд нарынхаа хэлсэн худлыг няцааж, үнэнийг задлаад байгаа Засгийн газрын үйл ажиллагаа, байр сууринаас харсан ч ойрын үед дэлгэгдээд байгаа “Стандарт” банкинд төлөх өрийг тойрсон баримт, ярилцлагуудыг уншихад ч “Мордохын хазгай” гэгч болоод байгаа нь тодорхой боллоо.