Ойрноос Хойд Солонгос гэж улс дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байнга байгаа. Манай телевизүүд ч ам хамхихгүй үзүүлж, мэдээлж, үнэлэж дүгнэж байх шиг. Гэхдээ цаана нь нийгмийн байгууллын угшил гэдэг рүү орж ярьж бичиж байгаа нь алга. Нэг л “бөөн дайнч улс үндэстэн” байгаа мэт сэтгэглэл төрүүлэхээр. Тэгвэл тэгж дайны хэнээрхэлд автаад буй нь шал ондоо уг сурвалжаас үүдэлтэй хэмээн оросын солонгос судлаач эрдэмтэн А.Н.Ланьков “Неформальная история Северной Кореи” номдоо бичсэнийг үг үсэггүй хөрвүүлж уншигчиддаа хүргүүлье – Хөрвүүлэгч

1957 онд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооноос “Хувьсгалын эсэргүү элементүүдтэй хийх тэмцлийг бүх ард түмний, бүх намын хөдөлгөөн болгож өөрчлөх тухай” тогтоол баталснаар Хойд Солонгосын бүх хүн амыг хамарсан цэвэрлэгээ, шалгалт, хяналтын сүлжээг буй болгож, сталинч дэглэмээ хуульчилжээ. Эл тогтоолын дагуу тэд 22 сая хүн амаа гурван бүлэгт хуваав. “Дайсагнагч хүчин”, “Төвийг сахигч”, “Найрсаг хүчин” гэх  энэ ангилалаар бол эхний хүчнийг устгах ёстой ба энэ бүлэгт 1) Өмнөд Солонгос руу дүрвэсэн хүмүүсийн гэр бүл,  2) Газрын эзэн, худалдаачин, лам явагсад, тэдний гэр бүл, 3) Дайны үед өмнөд солонгосын цэрэгт олзлогдогсод, тэдний гэр бүл, 4) Японы эзэгнэлийн жилүүдийн төрийн албан хаагчид, тэдний гэр бүл, 5) Шоронгийн ялтан, тэдний гэр бүл, 6) СХН дахь фракцынхан, тэдний гэр бүл гэж 6 ангилан цэвэрлэгээний шүүлтүүрээр оруулжээ. Харин найрсаг хүчин гэдгээ 1) Амь эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл, 2) Амь эрсэдсэн цэргийнхний гэр бүл, 3) Кадр ажилтан, тэдний гэр бүл хэмээн гурав ангилан их жолоодогчийн халамж үзүүлэх жишээтэй.



СХН-ын Төв Хорооны дээрхи тогтоолыг дэмжиж Засгийн газраас нь № 149 тогтоол баталж, дайсагнагч хүчнийг хэрхэх тухай нарийвчлан зааж өгсөн ба 1961 он гэхэд тэднийг нийгмээсээ шахаж дуусчээ. 1964 онд СХН-ын Төв Хорооны бүгд хурлаас “Хүн амын янз бүрийн давхарга, бүлгүүдтэй зохиох ажлыг цаашид  эрчимжүүлэх тухай” тогтоол баталж, нөгөөх  “Дайсагнагч хүчин”, “Төвийг сахигч”, “Найрсаг хүчин” гэх гурван бүлгээ задалж 51 бүлэг болгожээ.  Найрсаг гэдэг нь “Үндсэн” гэсэн нэртэй дотроо 12, төвийг сахигч гэдэг нь “Тээнэгэлзэгчид” гэсэн нэртэй дотроо 9, дайсагнагч нь 30 бүлэг болж задраад энэ шүүлтүүрийн цаана үлдэх нэг ч иргэнийг БНАСАУ-д үлдээгээгүй байна.

“Үндсэн” – 12 

1)    Ажилчин, түүний гэр бүл
2)    Барлаг тариачин асан, түүний гэр бүл
3)    Ядуу тариачин асан, түүний гэр бүл
4)    Төрийн албан хаагч
5)    СХН-ын гишүүн
6)    Хувьсгалт тэмцлийн тулалдаанд ам эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл
7)    Хувьсгал, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ам эрсэдсэн хувьсгалчдын гэр бүл
8)    Хувьсгалт сэхээтнүүд (зөвхөн чөлөөлөгдсөнөөс хойш боловсрол эзэмшсэн байх ёстой)
9)    Дайны үед алагдсан энгийн иргэдийн гэр бүл
10)    Солонгосын эх орны дайнд алагдсан дайчдын гэр бүл
11)    Цэргийн албан хаагчдын гэр бүл
12)    Дайны баатрууд  



“Тээнэгэлзэгчид” – 9

13)    Жижиг худалдаачин асан
14)    Дунд худалдаачин асан
15)    Жижиг гар урчууд асан
16)    Жижиг үйлдвэрийн эзэн асан
17)    Үйлчилгээний салбарт жижиг үйлдвэрийн эзэн асан
18)    Үйлчилгээний салбарт дунд үйлдвэрийн эзэн асан
19)    Солонгосын дайны үед Өмнөд рүү гарсан иргэдийн гэр бүл, гэхдээ Хойд Солонгосын улс төр, төрийн байгууллын эсрэг ямар нэг хэрэг хийгээгүй байх ёстой
20)    Дунд тариачин асан
21)    Өмнөд Солонгосоос ирээд фракцын тэмцэлд оролцож явсан этгээд
“Дайсагнагч” – 30
22)    Нийгмийн гарал нь сэжиг бүхий ажилчин
23)    Нударган баян асан
24)    Жижиг дунд капиталын  төлөөлөл – худалдаачин асан
25)    1946 онд газрын реформ хийх хүртэл 0.99 га талбай эзэмшиж байсан нударган
26)    Япон, Америкийн төлөө үйл ажиллагаа явуулж байсан этгээд
27)    Японы эзэгнэлийн үед Японы засаг захиргаанд ажиллаж асан харгис түшмэд
28)    Нийгмийн гарал нь сайн, гэвч гэмт хэрэг үйлдсэн, эсвэл Өмнөд рүү зугтсан этгээд
29)    Дайны үед Өмнөд рүү дүрвэсэн, нийгмийн гарал нь сэжиг бүхий этгээд
30)    1950-иад онд Хятадаас ирсэн хятадын солонгос
31)    1960-аад онд Японоос ирсэн японы солонгос
32)    Өмнөдөөс дүрвэн ирэгсэд, гэвч 21-р ангилалд багтах ёсгүй
33)    Чөлөөлөгдөхөөс өмнө боловсрол эзэмшсэн сэхээтнүүд
34)    Протестант шашинтан, шүтлэгтэн
35)    Буддист шашинтан, шүтлэгтэн
36)    Католик шашинтан, шүтлэгтэн
37)    Орон нутгийн күнзийн шашинтан, шүтлэгтэн
38)    СХН-аас хөөгдсөн этгээд
39)    Албан тушаалаасаа хөөгдсөн кадр ажилтан
40)    Дайны үед нутагтаа Америк, Өмнөд Солонгосын цэрэг, цагдаа, төрийн аппаратад ажиллаж асан
41)    Шоронгийн ялтан, түүний гэр бүл
42)    Тагнуулын байгууллагатай холбоотой этгээд, түүний гэр бүл
43)    Намын эсрэг, хувьсгалын эсэргүү, фракцын элемент
44)    Улс төрийн хэрэгт шийтгэгсдийн гэг бүл
45)    Улс төрийн хэрэгт шийтгэгдээд хугацаанаас өмнө суллагсад
46)    Хулиган танхай этгээд
47)    Сэжиг бүхий эмс – удган явсан, хормойн донтон, биеэ үнэлэгч
48)    Хулгай, шамшигдуулалт, эдийн засгийн бусад гэмт хэрэгт шийтгэгдэж байгсад
49)    Тэнгэрийн замын залуу нөхөд намын гишүүн асан
50)    Ардчилсан Намын гишүүн асан
51)    1946 онд хөрөнгөө хураалгасан хөрөнгөтнүүд         

Нийт хүн амыг хамарсан цэвэрлэгээ, шалгалт, хяналтын сүлжээний сонгогдог загварыг энд жишээллээ. Загвар нь загвар л юм. Хэрэв Хойд солонгосчуудын цэрэг–эх оронч, ажилсаг хөдөлмөрч, сахилга, зохион байгуулалттайг гайхаж байгаа бол тэдний сайн талыг ийм 51 категор нь хөгжүүлж өгчээ.