Хөгжил гэрлийн хурдаар, гэхдээ 50 жилийн зөрүүтэй
Манай улс хэдэд вэ, аль зиндаанд яваа вэ, хэддүгээрт вэ гэдэгт өмнөх нийгэм хариулт өгч болоод байлаа. Социализмын материал-техникийн бааз гэдэг онолоор нийгмийн формацаа олоод тогтоочихдог байсан тул ихээхэн хялбар байсан хэрэг. Ялангуяа ЭЗХТЗ-ийн хүрээнд бид хэн бэ гэдэгт тун түвэггүй хариулж болж байв.
Монгол Улс хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон гэдэг хаягтайгаа 1990 онтой золгосон ба одоо яг тийм гээд хэлээд тавьчих формацгүй, гэхдээ уул уурхайн баялгаар толгой цохиж яваа гэх шатандаа байна. Харин одоо СЭВ-ийн нөгөө хэд маань хаа явна вэ? Финландын Kauppalehti гэдэг сонинд финийн эдийн засагчдын 2050 он хүртлэх прогноз нийтлэгдсэнийг олж үзээд би нөгөө хэдээ “Хэн нь хэн бэ?” гэдгийг танихтайгаа болж авлаа. Хуучин СЭВ-д байснаа эдүгээ Европын Холбоонд элссэн манай хуучин андууд суга үсэрч, гэрлийн хурлаар хөгжиж байгаа гэнэ. СССР-аас тасарсан лав Балтийн гурав 2050 он хүрч байж ЕХ-ны хууччуултай зуузай холбох тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл 37 жилийн дараа эстон, латви, литвачууд нь англи, франц, немцүүдтэй адил тэгш аж төрөх аж. Дэндүү удаан, урт хугацаа юм биш үү?
Гэхдээ муугүй үр дүн бас байна. Словен, Чех, Эстон нь хөгжлийн түвшин, хангалуун аж байдлаараа Португалыг гүйцэж иржээ. Данийн Danske Capital хэмээх фирмээс захиалж хийлгэсэн финланд эрдэмтдийн эл судалгаагаар бол Дорнод Европын энэ хэсэг улсын ДНБ-ий өсөлт ойрын 10 хүртэл жилд гэрлийн хурдаар явна гэнэ. Өрнөд Европын орнуудын жилийн дундаж өсөлт буурч харин Дорнод Европынх өсч, Финландын эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгийн тооцоолсноор эдэн дотроо Балтийн орнуудынх бүр илүү хурдтай өсч байгаа аж. 2050 он гэхэд Эстон, Литвагийн хүн ам тутамдаа ногдуулсан ДНБ нь тэр үеийн Европын Холбооны хөгжингүй орнуудын түвшингийн 95 орчим хувьд хүрсэн байх гэнэ. Ингээд 2050 он гэхэд Дорнд Европын хамгийн баян орнуудад Эстон, Латви, Литва, ОХУ, Унгар, Словен бичигдэх болох нь.
Европын орнуудын хөгжлийг шууд өөрийнх рүүгээ татаж авчран харьцуулах санаа энд байхгүй. Гэхдээ бид нэг саванд явсан шүү гэдгийг бас мартаж болохгүй. Хүн амын тоо, эдийн засгийн багтаамж зэргээрээ бол Монгол Улсаа Эстон, Латви, Литва, Словентай харьцуулахад бас ч буруугүй л дээ. СЭВ дотроо зэрэгцэн туслуулж явсан Вьетнамыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү гарч золигтох гээд байдаг. Дайнд нэрвэгдсэн тэр улсад манай улс тусалж, хүмүүнлэгийн хандив өгч байсан цаг бий. “Муусайн төлөгүүд” гэж манайхны өгсөн хоч нэр бол цаанаа тэр улсын ядуу буурайн илэрхийлэл болж байлаа. Гэтэл одоо яасан бэ? Дайнд сүйдсэн энэ 90 сая хүнийг өлсгөлөн гуйланчлалаас эгнэгт салгаж дөнгөсөн төдийгүй, хүн ам тутамд ногдох ДНБ нь огцом өсч, хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаараа Зүүн өмнөд Азидаа хошуучилж, АСЕАН, АПЕК, Зүүн Азийн саммитын бүрэн эрхт гишүүн хүчирхэг Вьетнам болон босч ирж чаджээ.
Баялаг амьдрал, бодит орлого, худалдан авах чадвар ба үндэсний нийт орлого гэхчлэн хэмжүүрээр авч үзвэл, орлого нь тэргүүнд тавигддаг байна. Энэ хэмжүүрээр дэлхийн улс орнуудыг гурав ангилдаг.
1. Жилдээ нэг хүнд нь 1000 ам.долларын орлого ордоггүй бол ядуугийн туйл
2. 2000 ам.доллар болоод ирвэл хангалуун руугаа
3. 3000 ба түүнээс дээш ам.долларын орлоготой бол боломжийн хангалуун гэсэн гурван шатлалтай.
Дээшээ тогтоосон хязгаар байхгүй. Энэ хэмжүүрээр бол дээшээ ба доошоо 15:1 гэсэн харьцаагаар дэлхийн хамгийн баян, ядуу улсуудыг жишиж болох хэмжүүрийг Дэлхийн Банк тавьдаг. Энэ хэмжүүрээр бол манай улс ядуугийн туйлаас дээгүүр, Вьетнам хангалуунаас дээгүүрхэн гэж бүтэн нэг үе манайхаас тасарсан байна. Дэлхийн Банкны жил бүрийн судалгаанд манай улс: Үндэсний нийт орлогоор дэлхийд эзлэх байр, Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр, Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр дэлхийд эзлэх байр, мөн дэлхийд аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индекст гэхчлэн ямагт 100-аас цааш бичигддэг бол олон үзүүлэлтээр Вьетнам нь 100-ын дотор орж ирсэн ба АСЕАН- дундаж хөгжилтэй орон гэж явна.
Гэхдээ манай үзүүлэлтээс доогуурт тооцогдох манайхаас дор улс дэлхийд бас олон байна. Тэнд олон улс бичигдсэн нь манайд бас гэгээ байна гэсэн үг. Дэлхийн Банк, ОУВС-гаас Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манай үзүүлэлтэд сэтгэл дүүрэн ханддаггүй ба Хар Африкийнхнаас биднийг сайндаа илүү байна гэж магтдаггүй, Монгол Улс муу байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна хэмээцгээдэг. Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад Африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй, харин ч Вьетнамын дэргэд далай шиг их газартай, дэргэдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй байж яагаад гэдэг асуултыг бидэнд эргүүлэн тавьж, муу байгаагийн шалтгаан өөрсдөд чинь байна шүү хэмээн анхааруулах бөлгөө.
Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшжээ. Хэвших ч юу байхав, Ази маань яг тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсч байна. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна. Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мъянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй нь мэдээж боловч юуны өмнө энд хөгжлийн нэн их ялгааг арилгахад эдийн засаг, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, гол нь дотооддоо түүнд бэлтгэх, мөн өөр олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй болж байна. Манай улсын хувьд Вьетнамаар баримжаа хийхгүй нь мэдээж боловч хуучин СЭВ-ийн анд тэр улсаас суралцах нь юуны буруу аж. Тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлийн төлөөх эрчимтэй хамтын нийгэмлэгийг байгуулахуй гэсэн уриатай Вьетнамын жишгээр бий болж буй Зүүн Азийн чөлөөт худалдааны бүс, араас нь залган гарч ирэх Зүүн Ази дахь иж бүрэн эдийн засгийн түншлэлд Монгол Улсыг нэгтгэж, улмаар эцэст нь бүрэн төлөвших Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн Монголын эдийн засаг ба Монгол Улсыг төсөөлж болохгүй гэж үү?