Манай клубын бичлэг, сэдэв дотор төдийлөн харагдаад байдаггүй нэгэн төрлийг би сэдэж байж болох юм. Ерөөсөө миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе гэсэн саналтай байна. Ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг гэсэн үүднээс тэр л дээ. Иймэрхүү төрлийн цуглуулга надад нэлээдгүй байхаас гадна түүхэн гэрэл зургууд хангалттай байгаа тул хааяа нэг ингэж үзүүлж байхаар шийдлээ.

Жич: Зургийг томоор үзэх бол зураг дээр дарна уу.



http://baabar.mn/files/old_images/2013/3/55a979f7735f1189.jpg1960 онд БНМАУ-ын 4 дэх удаагийн Ардын Их Хурлын (АИХ) анхдугаар чуулганаар байгуулагдсан манай төр, засаг бүхэлдээ харагдаж байна. АИХ-ын дарга нь хожмоо хэлмэгдэж цөлөгддөг Л.Цэнд байж, тэрээр чуулганы хуралдааныг даргалжээ. Энэ бол албан бус түр Төрийн тэргүүнтэй адилтгах тушаал. Өмнөх АИХ хугацаагаа өндөрлөж, шинэ АИХ сонгуулиар байгуулагдаж, анхдугаар чуулган эхлэх үед сонгогджээ. Ингээд шинэ АИХ-ын бүрэн эрхийн хугацаанд АИХ-ын дарга нь чуулганы үеэр чуулган даргалах үүрэгтэй. Л.Цэндийн гарын үсэг бүхий тогтоолоор АИХ-ын Тэргүүлэгчдийг сонгожээ. АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь Ж.Самбуу (одоогийнхоор бол Ерөнхийлөгч), орлогч нь Д.Балжинням, нарийн бичгийн дарга нь Н.Лувсанчүлтэм, Тэргүүлэгч гишүүдэд Сүхбаатар жанжны гэргий С.Янжмаа, үндэстний цөөнхийн төлөөлөгч нэг хасаг, Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга, МҮЭ-ийн дарга, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга, Зохиолчдын хорооны дарга нарыг сонгожээ. Сайд нарын Зөвлөл буюу Засгийн газар нь Ерөнхий сайд, Ерөнхий сайдын 4 орлогчтой, Засгийн газрын гишүүн нийт 25 сайд, Хөдөө аж ахуйн сайд, Барилгын комиссын дарга нь Шадар сайдыг хавсрах,  яам, түүнтэй дүйцэх төрийн төв байгууллага 21 ажиллаж байхаар зохион байгуулагджээ.


http://baabar.mn/files/old_images/2013/3/9d055062d4521a2e.jpgЭнэ бол 26 жилийн дараахи буюу 1986 оны АИХ-ын Тэргүүлэгчид ба АИХ-ын дарга, орлогчид.  Ихэнхи нь таньдаг, зарим нь одоо амьд сэрүүн байгаа эрхмүүд харагдаж байна. Тэргүүлэгчдийн дарга буюу Ерөнхийлөгч нь Ж.Батмөнх, орлогч нь Н.Жагварал, нарийн бичгийн дарга нь Ц.Готов, дээр нь эрх баригч ганц намаас хоёр, эмэгтэйчүүд (ажилчин бүсгүй), МҮЭ, МХЗЭ-ийн төлөөлөл оржээ. Зохиолчдын төлөөлөл алга. Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргыг сонгоогүй байна. Харин АИХ нь дарга буюу албан бус түр Төрийн тэргүүнийг (Б.Алтангэрэл) 4 орлогчтой байхаар сонгогджээ. Зэвсэгт хүчнийг сансрын баатар генерал, ажилчин ангийг ажилчин бүсгүй, үндэстний цөөнхийг хасаг малчин, сэхээтнийг ШУА-ийн Ерөнхийлөгч нь төлөөлж байхаар зохион байгуулжээ.


http://baabar.mn/files/old_images/2013/3/48d795d75d992115.jpgЭнэ бол ёстой нүсэр гэж хэлж болохоор Засгийн газрын бүтэц. 1986 онд байгуулагдаад энэ бүтцээрээ 1990 он хүртэл ажиллажээ. Одоогийн арван хэдийг олдлоо нүсэрдлээ гээд байгаатай харьцуулахад 41-үүлээ Засгийн газрын бүрдүүлж байжээ гээд төсөөл дөө. Ихэнхи нь таньдаг, амьд сэрүүн байгаа эрхмүүдийг зураг ярайж байна. Ерөнхий сайд Д.Содном, түүний орлогч буюу Шадар сайд 6, яам, улсын хороо нийт  36 байсан гэдэг хэдхэн тоо л төрийн нүсэр том хүнд суртлын машин ажиллаж байсныг илтгэх мэт.


http://baabar.mn/files/old_images/2013/3/0f35e79cb0df87b1.jpgЭнэ бол Монцамэ агентлагаас хятад хэлээр гаргадаг 1986 оны “Мэнгу сяосибао” сонины зураг. Тэр үедээ хэвлэлийн чанар нь ганц гайгүй гэгддэг япон технологиор үйлдвэрлэж байсан фото офсет хэвлэл тул энд орууллаа. МАХН-ын XIX их хурлаас сонгогдсон Төв Хорооны Улс төрийн товчоо, нарийн бичгийн дарга нар байна. Төрийн тэргүүн ба намын тэргүүн нь Ж.Батмөнх, нам талаасаа түүний шууд орлогч нь Д.Моломжамц, төр талаасаа ганц орлогч нь Н.Жагварал. Намын Төв Хорооны 5 нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд нь хоёр орлогчтойгоо тэр үед сонгогдож байжээ.  


http://baabar.mn/files/old_images/2013/3/a7b7db73236e3ab9.jpgЭнэ бол зөвлөлтийн “Правда” сонины 1957 оны шарласан зураг байна. 1957 оны 5 дугаар сарын 10-15-нд БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Зөвлөлт Холбоот Улсад айлчилсан тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж байгаа ёслолын ажиллагааны зураг. Хоёр орны Засгийн газрын тэргүүн Ю.Цэдэнбал, Н.А.Булганин нар газрын үсэг зурж байна. Монголын төлөөлөгчдөд хэн хэн орсон нь сонин байж болно. Ерөнхий сайд Ю.Цэдэнбал төлөөлөгчдөө тэргүүлж, эрх баригч МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Д.Дамба нь дагалдаж, гишүүдэд Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч (Тэргүүн шадар сайд гэсэн үг) Б.Ширэндэв, Шадар сайд бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга Л.Цэнд, Гадаад хэргийн сайд Д.Адилбиш, Мал аж ахуйн сайд Д.Балжинням, Аж үйлдвэрийн сайд О.Бат-Очир, Сангийн сайд Д.Моломжамц, Элчин сайд С.Батаа нар оржээ. СССР-т коммунист намын дарга нь 30 гаруй жил ганцаараа (И.В.Сталин) дарангуйлж байснаас сургамж авч намын даргын тушаалыг хоёрдугаарт тавьж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг эхэнд нь гаргаж ирсэн түүхэн төр мөчид Цэдэнбалаа Дамба нь дагалдаад, Булганинаа Хрущев нь дагалдаад албан ёсны, ёслолын арга хэмжээнд оролцдог байсан жишиг тогтоод байсан юм билээ.