Үргэлжлэл.

Зав цаг багатай, өдөр бүр цагтай уралдаж гүйдэг сэт­гүүлчийн ажлаа түрхэн зуур орхиод АНУ-д нэг сарын хугацаатай ч гэсэн оюутан болохоор очсон маань сур­гуу­лийн ширээнээс босоод даруй арав гаруй жил болсон бидэнд соньхон байлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийг маань англи хэлэнд сүрхий болгож, бас мэргэжлийн хувьд нь багагүй зүйлс дуулгаж, сонс­гоод ирүүлээрэй хэмээн ярьж тохирч, гэрээ хэлцэл хийсэн газар нь "American counsils for international education" хэмээх ашгийн бус олон улсын бай­гууллага байв. Тэднийхэн бидний сурах сургууль, амьд­рах оюутны байр, мэргэж­лийн чиглэлээр уулзуулах хүмүүс гээд ер бүгдийг зохион байгуулсан байлаа. Тус бай­гууллагын ерөнхийлөгч нь Дан Дэвидсон хэмээх өндөр том биетэй, хүнгэнэсэн дуу­тай нэгэн аж. Эхний өдөр биднийг хүлээн авч уулзах­даа Америкийн нийгмийн онцлогийн талаар ярьж, бас бидэнд яг л багш шиг асуулт тавьж байв. Тэр нь ч аргагүй байжээ. Дэвидсон гуай на­саа­раа багш профессорын албыг хашиж ирсэн бөгөөд амьдралынхаа дөчөөд жилийг судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэх салбар, олон улсын боловсрол, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, хуучны социалист боловс­ролын тогтолцоотой улсууд шинэчлэлийг хэрхэн хийх тал дээр бичиж зөвлөж ирсэн нэгэн юм билээ. Нийтдээ 44 ном бичиж редакторлосон гэхээр олныг нурших ч хэрэг­гүй биз дээ. Түүний үүсгэн байгуулсан "American counsils" хэмээх энэ байгуул­лагын орос хэлний салбарын­хан биднийг өнгөрсөн хуга­цаанд даан авч, сарын турш биднийг "малласан" даа. Ка­захстан, Тажикстан, Украин гээд хуучин стан орнуудаас ирж, АНУ-д суурьшсан олон хүн энэ байгууллагад ажил­ладаг аж. Бидэнтэй гэхэд л Андрей, Роза гээд л дандаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орноос АНУ-д ирж иргэн нь болсон хүмүүс ажиллаж байв. Ер нь дэлхийн олон газраас ямар нэг байд­лаар сургалтанд хамрагдаж, номын дуу сонсох гэсэн хү­мүүст энэ байгууллага сонир­холтой сургалтын хөтөлбөр санал болгож, буян өгөөжөө өгсөөр иржээ. АНУ-аас иргэ­дээ гадагшаа, гаднаас хүмүү­сийг АНУ-д аваачиж сургадаг. Ер нь дэлхийг холбосон боловсролын гүүр гэж хэлж болно доо. Яг энэ нийтлэлийг тэрлэж байх өдрүүдэд энэ байгууллагын төлөөллийн­хөн Монголд ирцгээж, бас дараагийн ээлжинд сургал­тад хамрагдах сэтгүүлчдийг шалгаруулан авч байсан нь сонирхолтой хэрэг юм.

2011 онд гэхэд л "Ameri­can counsils"-ийн шугамаар дэлхийн 67 орноос 5260 хүн АНУ-д очиж салбар салба­рын­хаа хүрээнд суралцсан байгаа юм. Ашгийн бус энэ байгууллагатай Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбоо тогтоон сэт­гүүлч­дээ сургахаар болсон нь нүдээ олсон хэрэг болжээ. Ер нь сэтгүүлчдийн дунд "Сэт­гүүлч мэргэжилтэй Ерөнхий­лөгч­тэй байх нь амар юм, зовлон жаргал ойлгодог" гэ­сэн яриа их сонстдог. Үнэн­дээ ч бусад хүмүүс бол ойл­гохгүй, сэтгүүлч хүн л зовлонг нь мэдрэх мэргэжлийн онц­логууд бий л дээ.

Албан ёсны айлчлалын үеэр сэтгүүлчдийн унаа хам­гийн хойно сүүл мушгиж явах нь элбэг. Гэтэл дарга нар сүнгэнэтэл очоод л мань хэдийг очих гэсээр байтал бүх зүйл өнгөрчихдөг. Харин мэр­гэжлийн маань зовлонг мэд­дэг Ерөнхийлөгчтэй болсон биш энэ мэт бэрхшээл арил­сан билээ. Бас цаанаас нь тоо заасан арга хэмжээнүүд байвал манай Ерөнхийлөгч өөрийнхөө албан ажилтнууд, яамдын хурган дарга нарыг үлдээгээд сэтгүүлчдийг л оруу­лаарай гэдэг. Хоёр жи­лийн өмнө Ватиканы нууц архивт цөөн тооны хүмүүс орохоор болоход аль болох сэтгүүлчдээ оруулаарай, тэд нараар дамжуулж олон хүн үүнийг үзэх боломжтой болно шүү гэсээр сэтгүүлчдээ тэнд багтааж байсныг санаж бай­на. Үүнтэй адилаар манай мэргэжлийнхний хувьд хэл­ний мэдлэг ажил үүргээ гүй­цэт­гэхэд нь гол бэрхшээл болоод байдгийг мэддэг уч­раас Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өөрөө санаачлан сэт­гүүлчдийг баг болгон сургал­тад хамруулах санаачилгыг анх гаргасан юм билээ. Ха­рин АНУ-д уг хөтөлбөрийг гардан гүйцэтгэх байгууллага нь "American counsils" бай­сан. Тэд биднийг "Trinity college"-ийн дотуур байранд суулгаж, "International language institute"-д хэлний сургуульд сургахаар төлөв­лөжээ.

"Trinity college" маань Вашингтоны зүүн хойдод байдаг сургууль л даа. Эрт­ний түүхтэй энэ сургууль анхандаа охидын сургууль байсан гэх бөгөөд эрчүүдэд үүдээ нээсэн он цаг нь залуу­хан. Дэргэд нь Америкийн Католик шашны их сургууль гээд улсдаа том сургууль бий. Манай байрнаас метрогоор хоёр буудлын зайд "Галлау­дет их сургууль"  гэж бас бий. Энэ сургууль нь хэлгүй, сонс­голгүй хүмүүст зориулсан дэлхийн цорын ганц их сур­гууль. 1800-гаад оны дундуур Томас Хопкинс Галлаудет  хэмээх нэгэн хөршийнхөө есөн настай дүлий охины ганцаараа тоглохыг үргэлж харж, бас яаж түүнийг боловсролтой болгох вэ гэж боддог байжээ. Тэгээд Европ руу явж энэ талаар судалгаа хийсэн бөгөөд хэлгүй, сонс­голгүй хүмүүсийн төлөө боди­той ажлыг хийж чадсан нэгэн юм. Тиймдээ ч энэ сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Дэлхийд цорын ганц гэгдэх хэлгүй сонсголгүй хүмүүст зориулсан цогцолборт ийм хүүхдүүд болон насанд хү­рэгч­дэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор бай­даг гэж дуулсан.  Тус их сур­гуульд Б.Намираа  гэдэг монгол бүсгүй суралцсан юм билээ. Бодвол тэр бүсгүй тэнд сурсан олон сайхан зүйлээ зовлон нэгтэй хүүхэд бага­чуудын төлөө зориулж ажиллах биз ээ.

Дотуур байр маань байх томоохон цэцэрлэгт гудмаар нь өглөө үдэшгүй гүйхэд тун тохиромжтой. Бидний хэдэн нөхөд гүйлтийн баг байгуу­лаад гүйхээр болсон ч ганц нэгээрээ сугарч үлдээд явах дөхөхөд гүйдэг хүн ч цөөхөн болсон л доо. Гэхдээ заавал сургуулийнхаа кампус дотор гүйнэ гээд байхгүй Вашинг­тоны гудмаар хөндлөн гулд­гүй гүйдэг болсон болохоор баг тамирчид маань тийн цөөрсөн биз ээ. Бас бидний амьдарч байсан сургуулийн усан сан гэж манай төв бас­сейнтай хэмжээгээрээ адил сайхан газар байх. Урт нь 25 метр, өргөн нь арай багавтар зургаа биш таван замтай. Тус сургуулийн оюутнууд бас­сейндаа үнэгүй сэлж болдог бол бид тэнд байрлаж байгаа учраас багахан төлбөр тө­лөөд сэлдэг байлаа. Долоо хоногт 10 ам.доллар төлж байгаа нь Улаанбаатарт усанд сэлэх үнээс хэд дахин бага өртөг л дөө. Ер нь тэнд орон сууцны байр болгон дороо усан сан, зочид ирвэл хүлээн авах өрөө, уулзалт хурлын өрөө гээд оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангасан байдаг юм билээ. Бас спортын дасгалын бүрэн тоноглогдсон газраас эхлээд байшингаасаа гарах­гүйгээр бүгдийг амжуулах боломжтой. Хамгийн гол нь үнэгүй. Вашингтон далайн эргийнх биш учраас бүх хү­мүүсээ усанд сэлж сурах боломжийг нь хангаад усан сангууд нь тэр дүүргийн ор­шин суугчдадаа үнэгүй бай­даг гэж хэн нэгэн нь ярьж байсныг санаж байна. Ма­най­хан "Монгол хүн усанд шидсэн чулуу шиг сэлж чад­даггүй" гээд байдаг ч нөхцөл бололцоо нь байхгүйгээс хойш яаж ч усанд шумбах загас болохов, чулуу гэгдэх нь арга ч үгүй юм даа.

Бидний амьдардаг байр­наас метроны буудал хүртэл алхахад 15 минут орчим юм уу даа. Гэхдээ хорин минут тутам сургуулийн автобус метроны буудал руу хө­дөл­дөг учраас автобусандаа амжиж суух гэсэн богино зайн гүйлтээр сэтгүүлч бидний АНУ дахь оюутны шинэ өглөө эхэл­­дэг байлаа. Вашингтоны нэгдүгээр сар гэж ааш нь олдохгүй авгай шиг үнэнхүү амаргүй. Тэндхийнхний хэлс­нээр хамгийн хүйтэн улирал нь гэж байгаа. Манай -30 градусыг тэнд төсөөлөхгүй ч, таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр гэгчээр манай хүйтэн тэдний хажууд амар санагд­сан шүү.

Тэнд нэг өдөр цас лавсч ороод, маргааш нь бороо шивэрчихнэ. Эсвэл нар га­раад хаврын налгар өдөр шиг. Тэгэнгүүт нь хүүхнүүд зуны нимгэн улавч өмсч, фут­болик шорттой залуу гүйгээд эхэлнэ. Зарим нь хонины нэхий UGG гутлаа өмссөн хэвээрээ. Тэнд  хэн юугаа өмсөнө, хэнд ч хамаагүй. Өөрөө л даарахгүй бол, өөрөө л хүссэн бол нэг нь ноосон өмдтэй явж байхад, нөгөө нь нүцгэн шилбээ гаргачихсан тууж л явна. Бид хэтэрхий нэгнийхээ хэрэгт орж, өөрийн хүслээр бус хү­ний нүдэнд тааруулж амьд­рах гээд байдаг ч юм уу даа.

АНУ-д цаг агаарын нөх­цөл байдлыг жигтэйхэн ач холбогдол болгон авч үзнэ. Хэрэв таагүй байна гэж үзвэл сургууль, ажлыг бүтэн, хагас өдрөөр хааж, сургуулийн автобус явахгүй. Нэг өглөө сургуулийн автобусаа хүлээ­гээд цагтаа ирсэнгүй. Хэзээ ч ийм тохиолдол гардаггүй уч­раас эрэл сурал болсон чинь урд шөнө орсон бороо, өг­лөөний сэрүүнд цантаж, мөстөөд зам халтиргаатай болж. Иймээс "Trinity college" үд болтол хаагдах болсон гэнэ. Вашингтоны зүүн хойдод байх энэ сургууль хаагдаж байхад баруун хой­но нь байх бидний хичээл­лэдэг "International language institute" бол хэвийн байдлаар ажиллана гэнэ шүү. Тэгэхээр алхаад ч болов сургуульдаа очихгүй бол ирцний тухайтад тэд тун хатуу.

Уг нь тэндхийн халтиргаа гэдэг манайхаар бол нохойн наадам даа. Өвлийн цагт үргэлж мөсөн гулгуур дээр тэшиж явдаг бидэн шиг хүмүүст америкчуудын энэ байдал эрхлээд ч байгаа юм шиг, ажлаа хийдүүлэхийн мөн болсон улсууд ч юм шиг. Гэвч ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нэг иймэрхүү шийдвэр гаргадаг хүмүүс аж. Тэр өдөр Ар­линг­тон дахь сургууль, офиссууд хаагдаад мөс хайлж, өдөр болоход онгойсон талаар тэнд байдаг эгч маань сонин болгож ярьсан байсан билээ. Бас сүүлийн өдрүүдэд Ва­шинг­тонд жигтэйхэн хүйтэрч, цас орж байгаа сурагтай. Хэр барагтайд хаадаггүй "Inter­national language institute" сургууль маань хаасан сурагтай байна лээ.