1980-аад оны сүүл гэхэд монголчууд үндсэндээ цагаан сар хийх дургүй болчихсон байлаа. Ялангуяа тэр үеийн залуу гэр бүлүүдэд энэ талаарх ёс заншлыг  эцэг өвгөд нь хэлж өгөөгүй. Зөвлөлт засаг ба манай нам засгийн ч цагаан сар гэх нэгэн уламжлалыг устгах зорилго үнэндээ биелснээр хараа хяналтаа сулруулсан юм.

Хаа нэгтээ сагсуудуухан нөхөр “Малчдын өдрөөр” дээл өмсөж, өвөр дүүрэн бэлэг өвөртөлж, халам­­цуухан явах агаад бусад нь түүнийг шоолцгоодогсон.

Саяхан болтол зүг чиг гаргах, ямар жил ороод гарч байгаа, засал ном хийлгэх, идээ шүүс бэлтгэх ёс жаягийн тухай мэддэг хүн байхгүй, мухар сүсэг гээд тоодог ч  үгүй явжээ. Ийн сар шинийн баярыг уландаа гишгэснээр хожим муу юм болох биш.

Гэвч Монгол цустай хэнбугай ч  битүүн, шинийн нэгнээ зүв зүгээр өнгөрөөж чаддаг байсан юм уу. Юуны чинь ажлын хариуцлага, намч зарчимч байх.  Хамгийн архаг коммунист ч тэр өглөө ярвайж байгаад гэрийнхэнтэйгээ гар барьж “товарищалсан” дуулддаг. Энэхүү баяр нь бусад баяраас өөр, эхлэл төгсгөлтэйгээ нийлээд дор хаяж сар гаран хугацаа ордог болохоор хичнээн дургүй байсан ч хаашаа ч бултах газаргүй. Тийм учраас ард түмний дунд хар аяндаа л “Цагаан сар” хөгжин цэцэглэсэн юм. Сум, аймаг, садан төрөл дор бүрнээ л эрт урьд дам сонссон ёс жаягуудыг багцаалдан өөр өөрсдийн дүрмийг зохиоцгоосон. Манайхны нэгэн залуу гэр бүл: “Хөөе таминь ээ. Авгай нөхөр болчихоороо хоорон­доо золгодоггүй юм гэнэ шүү” хэмээн бусдадаа анх дуулгаж байж билээ. Автомашины жолооны дүр­мийн заалтууд амьдралын гашуун туршлага дээрээс үүссэн гэдэг шиг орчин цагийн сар шинийн баярыг яг ард түмэн өөрсдөө зохиосон юм. Тийм болоод ч тэр үү хүмүүс гэр зуураа яаж баярлахаа хэн нэгнээр заалгах маш дургүй. Ялангуяа төр засгаар. Тэр тусмаа төрийн түшээ эмэгтэйчүүдээр хэрхэн “зүг чиг”-ээ гаргуулах талаар асуух нь юу л бол. Социализм, коммунизмыг сөрөн байж өөрсдөө  цагаан сарыг шинээр дэглэцгээсэн болохоор энэ баяртаа хотол олон дэндүү энхрий,  үүний эсрэг үг хэлүүлэх дургүй байдаг юм. Одоо цагт энэ өдөр “Монгол уламжлал, ёс заншлаа сэргээх...” гэх мэт нь илүүдсэн үг. Даага бяруу гэж юуг хэлдгийг  мэдэхгүй хотын жаал иймэрхүү ерөөлийг эвлэгхээн урсгах нь нэн бахтай. Цагаан сараар л Монгол хэмээх хэдэн “балай юм”-нууд дэлхийгээс тасарч, бүр ажлын газрын хэлтсийн даргаа ч жийж мянга түмэн жил уламж­лагдсан ахуйдаа ирцгээн сэтгэл, бие нь тавирахаас гадна тохирч, зохиж байгаа гэж юүхэв. Болдогсон бол тэр чигээрээ Монголоороо яваад эргэж ирэхгүй бултчихмаар.

Зах зээлийн нийгэм  бүх хориог чөлөөлөхтэй зэрэгцэн энд тэндээс Монголын цагаан сарыг их мэдэг­чид төрөн гарцгаасан. Мэдээллийн хэрэгслээр лам зурхайч нэртэй мулзан нөхдүүд үзэгдэн “Богд, Чингисийн үед намайг шинэлж байхад...” гээд авч өгдөг боллоо. Жинхэнэ цагаан сар чинь хөгшдөд мөнгө өгдөггүй байсийн л гэнэ. Хүүхдэд богтос шаант, ааруул атгаж өгөөд гаргадаг л гэнэ.  Мөн ууц тавьдаггүй, тавгийн боов өрдөг­гүй тухай яриа ч бий. Эрт урьд цагт мэдээж одооны биднийхээс огт өөр маягаар баярладаг л байсан байж таараа. Гэвч эдний үгийг хэн ч тоодоггүй ба өөрсдөө ч ярьсан шигээ байж чадаагүй. Харин жил ирэх бүр нэг нэгнээсээ илүү дэв­шилттэй санаа авцгаан “Хойтон ингэвэл зүгээр юм байна шүү” гэсэн дүрэм баяжигдсаар байна.

Ард түмэн дур дурандаа өмсөж зүүж идэж уух гэсэн энэ замба­раа­гүй явдлыг цэгцлэх сонирхол их олон хүнд төрдөг бололтой юм билээ. Үүнд гадаадынхны гар хөл бологсод ба хэт эх орончид их идэвхтэй ажиллаж байгаа харагд­даг. Гадаадыг шүтэн бишрэгчдийн хувьд ч ойлгомжтой. Үндэсний үзэлт­нүүд нь бүх л үйл явдлыг “Жинхэнэ Монгол” болгох гээд заримдаа хэтрүүлээд байх юм. Үнэндээ цагаан сар нь Монголынх нь монголынх. Гэхдээ хамгийн гол нь ард түмэн бидний мэдлийн өөр хүнд үзүүлээд баймааргүй дотуур хувцас, оймс, дотоож минь юм. Сар шинийг байгууллага хамт олныхоо төлөө ч юмуу, Монгол Улсынхаа тусгаар тогтнолд зориулж тэм­дэг­лэх гээгүй. Цаана чинь тиймэр­хүү баяраас их юм алга. Хэдэн ах дүү нар гэж байдаг бол тэдний­хээ хүрээнд, хэр зэрэг яваа юм бол гээд мэнд амрыг мэдэлцэх гэж л энэ өдрүүдэд өөр зуураа хэсэцгээдэг биз дээ. Одоо золголт илүү төгөл­дөржиж хамаатан биш айлаараа бараг орохоо больсон байна билээ. Баячууд сар шинээр аархаж бус­дыг хөлдөө чирлээ гэж мэдэм­хийрц­гээдэг. Ганцаараа хөлжчи­хөөд бусад ах дүү нараа тоодоггүй хүн тийм олон байдаг гэж үү. Ерөн­хийдөө садан төрлүүдийн амьд­ралын түвшин хоорондоо ойрол­цоо. Баячуул хоорондоо хамаар­хаж яаж аархах нь тэдний л асуу­дал. Борчуул бидэнд ямар хамаа­тай юм. Ер нь ч тэгээд энүү­хэн зуураа хүргэн бэр, худ ураг нөхдүү­дийн хөлд чирэгдэх, хөлдөө чирэх аль нь ч буруу биш шүү дээ. Дараа нь сар өнгөрсөн хойно өөрсдөдөө дүгнэлт хийнэ биз. Хойтонгоос хувийн амьдралдаа анхаарч ажил төрлөө сайжруулж, архи дарс уухаа багасгавал аан­даа цагаан сард тамирдахаа боли­но. Хүмүүж­лийн ач холбогдолтой гэж үзэж болно.

Сар шинийн өдрүүдээр хэн нэгнийд “Баяр дээр баяр нэмсэн” арга хэмжээнүүд болж байгаа нь шал дургүй хүргэдэг. Төр засгаас хот хөдөөгөөр нь ялгаад малчдыг бүр илүү онцгойлоод л, мал­чид дотор нь нэгийг нь сугалж “Улсын сайн малчин”, “Тэргүүний тариа­ланч” болгоод л. Мөн энэ өдөр төр засгийн одон тэмдэг хүртэж гай­хуулахад бусад нь дот­роо тийм ч дуртай байхгүй. Нийг­мийн бүх давхарга тэгш эрхтэй цэнгэж бай­хад иймэрхүү арга хэмжээ тогтсон уламжлалыг үймүүлж орхидог. Баян хоосны ялгаанаас илүү эдгээр ёслол чамирхал жирийн ард түмнийг хооронд нь жинхэнэ хагалж бутаргадаг. Заавал цагаан сараар юу ч вэ дээ. Цагаан сараар хэн нэгнээс илүү гэдгээ гайхуулах ганцхан зүйлийг л хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэр нь насны ялгаа. Энэ өдөр “Битүүнд түрүүлсэн бөх”, “Улсын сайн малчин” хоёроос илүү үнэ хүндтэй хүн бол ахмад настан, өтгөс буурлууд минь билээ.

Мөн зарим айл иргэд нарийн­даа хатаж, царай алдлаа гэгдэн шинийн өдрүүдээр далимдуулж хүүхдийнхээ даахийг үргээх, хуримаа хийгээд авдаг тал бий. Нэг сумаар хоёр туулай буудах нь сайн ч арай жудаггүй юм даа. Өөр ноцтой асуудал бол одооны зарим хүүхэд багачуул энэ баяраар орох байх газраа олж ядаж байна аа. Нөгөө баар сав нь бүгд хаагдсан, зурагтаар өвлийн морин урал­даан, ардын дуу хоёроос өөр юм гарахаа больчихсон, хичээл, ажил мөд эхлэхгүй, ядаж “Нарантуул” зах ч онгойхгүй. Бөөн уйтгарт автан сар шинийг зүхэн шанаагаа тулцгаана. Хот суурин газрынхан өглөө үүрээр гэрээсээ гарч үдшийн бор хоногтоо ирээд дасчихсан болохоор орон гэртээ тааваараа хэд хонохыг зовлон мэт төсөөлдөг болжээ. Энэ тал дээр аав ээж, ах эгч нар яавал дээр байдгийг харин туршлагаасаа хуваалцмаар байгаа юм. Хоорон­доо хурлархуу маягийн юм хийж хэд хоног гэртээ байгаа дээрээ цөмөөрөө тэгье ингэе, тийм ажлаа амжуулъя гэж тохирдог ч юм уу. Түүнээс цагаан сард дургүй улсуу­дыг эрхлүүлэх гэж нийтийг хамар­сан арга хэмжээ зохиогоод унавал энэ баяр дорхноо дампууран юу ч биш болно. Залуучууд тэртэй тэргүй цаг нь ирж насанд хүрэхээ­рээ эрхбиш ойлгох байлгүй гэдэгт найднам.

Сар шинийн өдрүүдийн хам­гийн сайхан мэдрэмж бол “Бид нар, манай голынхон, манайхан нэг  ийм л байдагсан даа” гэдэгт л амин сүнс нь оршдог. Хэдэн сар жилээр үзэгдэхээ байж зүс зүсээ мартагнах дөхсөн зарим нэгэн садан төрөл маань байр байрандаа буцан ирцгээж, олны газар нүүрэндээ зүүж явдаг элдэв баг, маягаа ганц удаа мулталж тайлна. Үнэн сэтгэ­лээсээ инээцгээлгүй, хөөрөлдөлгүй ямар их удаа вэ?. Цагаан сар бол зангиагаа зүүгээд, одонгоо санжиг­нуулаад хаа нэг газар очиж цугла­даг албан арга хэмжээ, хээнцэр хүлээн авалт биш. Би өөрөөрөө байж, хар гэртээ шивтэр хангина­сан хониныхоо бор махыг чанасан шигээ, хэдэн муусайн хүүхдээ үнсэж өхөөрдсөн амин хувийн минь өдөр өө. Хүний хувийн өмч­лөлийг хажуунаас зааж, эх оронжуулж, Монгол гэсэн малгайд чихэх гэнэ. Тэгээд үгэнд орохгүй болохоор нь ам дагуулаад цагаан сарыг нулимцгаадаг.